Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0050

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0043/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч О.Ш-,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Т.М-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.М холбогдох эрүүгийн 2118000000016 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Т.М, 1985 оны 07 дугаар сарын 09-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин 3 дугаар баг, 5 дугаар гудамж 54 тоотонд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Т.М-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Ноён Хонгорын задгай тоот хашаанд О.Ш-той маргалдан, улмаар түүний зүүн гарын бугалга хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн бугалган дахь шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Т.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2 пиво уугаад Ууганаатай маргалдаад зодолдох гэтэл Шижирээ намайг хориод тэгээд би айлгаж байгаад Шижирээг хутгалчихсан.

...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. гэх мэдүүлэг,

 

-Хохирогч О.Ш-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Т.М-ыг тамхинд дэлгүүр рүү явахаар нь би цуг явсан. Тэгээд би дэлгүүр ороод иртэл Т.М-ыг зодолдоод байна гэхээр нь очоод салгасан юм. Тэгээд салгаад Т.М-ыг гэр рүү нь оруулсан. Тэгтэл Т.М-чамайг хутгална гэсэн. Тэгээд арай ч тэхгүй байх гэж бодоод хашаанаас нь гарч явсан чинь хойноос ирээд хутгалсан.

...Би Т.М-тай харилцан тохиролцсон. Одоо гомдолгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-8/,

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд \хавтас хэргийн 9-14\,

 

-Гэрч Н.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Мөнхбаатар, дүү Ганболд, Нямсүрэн нар 4 том пиво уусан. Ингээд бид 20 цагийн үед дүү Нямбаярын хамтаар дэлгүүр орж ундаа авахаар явсан. Ингээд дэлгүүр ороод буцаад ирэхэд гадаа хүмүүс маргалдаад бөөн юм болж байсан. Тэгтэл Шижирээ “танай нөхөр намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт орж ирээд хувцсыг нь тайлаад хартал зүүн гарын булчин зүсэгдсэн, цус гараад байхаар нь тогтоогоод “түргэн дуудсан уу?” гэсэн чинь “би цагдаа, эмнэлэг дуудсан” гэж Шижирээ надад хэлсэн. Ингээд удалгүй цагдаа, түргэн ирсэн.

...Би юу болсон талаар нөхөр Мөнхбаатараас асуухад “гэрээс орж ирээд хутга авч гараад Шижирээг хутгалсан” гэж хэлсэн. “Яагаад хутгалж байгаа юм бэ? гэхэд “Ууганаатай зодолдуулахгүй бариад байхаар нь би орж хутга авч гарч ирээд хутгалсан юм.” гэж манай нөхөр надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21/,

 

-Гэрч Ө.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 26-ны орой 20 цагийн үед манай урд талын айл Ганболдын гадаа хүмүүс шуугилдаад байхаар нь яваад очтол Ганболдын хашаанд Ууганаа ахыг Ганболдын хүргэн ах Зулаа гэж дууддаг залуу дарж аваад байж байтал Ууганаа ахын эхнэр гүйж очоод нөхрөө салгаж авч байсан. Ганболд тэнд мөн муудалцаад байхаар нь би барьж аваад хөдөлгөөгүй юм. Тэгсэн Зулаа Ганболдын гэр лүү “би орж ус уумаар байна” гээд орсон.Тэгэхээр нь би Ганболдыг тавиад Ууганаа эхнэртэйгээ Ганболдын хашааны жижиг хаалгаар гараад явсан. Тэгтэл Зулаа Ганболдын гэрээс хутга барьж гарч ирээд Шижирээ ахын зүүн гарын булчин хэсэгт хутгаараа хатгасан. Ингээд би “цагдаа дуудах уу?” гээд асуутал Шижирээ ах “дууд” гэхээр нь би гэр лүү гүйж орж 102 дугаарт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 22-23/,

-Гэрч Э.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2020 оны 12 дугаар сарын 26-ны 18 цагийн орчимд хөрш айл Ганболдын гэрт ороод ир гээд Мөнхбаатар, Ганболд нар дуудаад байхаар нь яваад ортол Мөнхбаатар, Ганболд, Эрдэнэтуяа нар 2.5 гр том савтай пиво 3 ширхгийг тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд би тэд нартай нийлж пиво ууцгааж байгаад би Мөнхбаатартай жаахан үл ойлголцоод маргалдсан. Тэгэхэд Шижир-Од гэх манай саахалт айлын залуу мөн бид нартай сууж байсан. Тэр Мөнхбаатарыг надтай битгий маргалд гээд бариад байж байсан. Бид нар гэрээс гараад байж байтал гэнэт “Шижир-Одыг Мөнхбаатар хутгалчихлаа” гээд хүмүүс орилолдоод явчихсан. Тэгэхэд манай эхнэр намайг дагуулаад гэртээ орж ирсэн.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 24-25/,

-Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 цагийн орчимд би дэлгүүрээс 2.5 гр том савтай 2 ширхэг пиво авч  ирээд өөрийнхөө гэрт өөрийн төрсөн ээж Эрдэнэтуяа, хүргэн ах Мөнхбаатар, Ууганбаяр нарын хамтаар пиво уусан. Тэгээд бид нарыг пиво уугаад сууж байхад манай саахалт айлын малчин Шижир-Од орж ирээд хүргэн ах Мөнхбаатартай үл ойлголцоод гэрээс гараад явсан. Тэгээд байж байхад Ууганбаяр, Мөнхбаатар хоёр мөн маргалдаад хоорондоо зодолдох гээд байхад Шижир-Од, Мөнхбаатар ахыг хориглоод тэврээд байсан. Тэгэхэд Мөнхбаатар ах Шижир-Одод хандан “намайг тавь” гээд орилоод байсан. Тэгээд удалгүй Шижир-Одын зүүн гарынхан булчин хэсэг рүү хутгалчихлаа гээд Ганболд ах яриад байсан. Тэгээд Шижир-Одыг манай эгч Ганчимэг гэрт оруулж ирээд зүүн гарыг нь харахад цус гараад хутганы ором орчихсон байсан” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 26-27/,

-О.Ш-од эмнэлгийн тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтас хэргийн 31-32/,

-“О.Ш-ын биед зүүн бугалган дахь шарх тогтоогдлоо. Дээрх шарх нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. О.Ш-ын биед илэрсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Хохирогчийн биед тогтоогдсон шарх нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд буюу 2020 оны 12 дугаар сарын 26-нд үүсгэгдсэн байх боломжтой. О.Ш-ын биед илэрсэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 33-34/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Т.М-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 12 дугаар сарын 26-ны орой Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг дэвсгэрт байрлах Ноён Хонгорын задгай тоот хашаанд О.Ш-той маргалдан, улмаар түүний зүүн гарын бугалга хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “зүүн бугалган дахь шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг нь түр сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дугаар сарын 04-ний өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтас хэргийн 33-34/ нотлогдож байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж нь хүний эрүүл мэндийг нь түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулсан санаатай үйлдлээр илрэх бөгөөд хохирогч О.Ш-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүгдэгч Т.М-учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Т.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Ш-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Т.М-нь “бяруу, 650000 төгрөг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор өгнө” /хавтаст хэргийн 104/ гэж харилцан тохиролцсон боловч хохирогч О.Ш- нь ямар эмчилгээ, хэдэн төгрөгөөр хийлгэсэн талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй байна.

Иймд хохирогч О.Ш-ын эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой гарсан зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.М-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч Т.М-т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 450000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Т.М-т анхааруулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Т.М-нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 см урттай шар алаг өнгийн бариултай, 2.5 см өргөн ажлын хэсэгтэй, нийт 26 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Т.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Т.М-т үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Т.М-т анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 36.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч О.Ш- нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой гарсан зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг тус тус дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 см урттай шар алаг өнгийн бариултай, 2.5 см өргөн ажлын хэсэгтэй, нийт 26 см урттай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ