Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, хуралдааны танхимд нээлттэй явуулж,

нэхэмжлэгч- ******* нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1977 оноос 1989 оны 121 дугаар сарыг дуустал Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянбуурал бригадад малчнаар ажиллаж байсан. Ажилласан жил тогтоолгох шаардлагатай байгаа тул энэхүү хүсэлтийг гаргаж байна. Одоо өндөр насны тэтгэврийн нас хүрч тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу мөн архивын лавлагаатай зөрүүтэй учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болж байна. Би 4 жил мал тууварт явж байсан. Хавар малаа тууж гараад намар хотод тушаагаад буцаж ирээд малаа малладаг байсан. Мал тууварт явсан талаарх тушаалууд нь архивт шилжиж ирээгүй гэсэн тиймээс цалингийн лавлагааг үндэслэн 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Бадрал нэгдлийн Баянбуурал бригадад малчнаар ажилласан болохыг тогтоож өгнө үү гэв. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянбуурал бригадад малчнаар ажилласан байдлаа тогтоолгохоор шаарджээ /хх-1, шүүх хуралдааны тэмдэглэл 2-4/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 174 дугаартай цалингийн лавлагаа /хх-3-4/,

1978 оны 07 сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлээс нээсэн 916 дугаартай хөдөлмөрийн дэвтэр эх хувь /хх-6-25/,

1982 оны 01 сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлээс нээсэн хөдөлмөрийн дэвтэр эх хувь /хх-26-43/,

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 180 дугаартай “...Дэлгэр сумын Бадрал нэгдлийн даргын тушаалууд шилжиж ирээгүй” тухай тодорхойлолт /хх-44/,

498/000865 дугаартай ******* төрсөн тухай төрсний бүртгэлийн лавлагаа /хх-52/,

Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 223 дугаартай “...Дэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн ангийн баримт шилжиж ирээгүй” тухай тодорхойлолт /хх-53/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргажээ.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан цалингийн лавлагаанд зарим сарууд дутуу, 1978 оны 07 сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлээс нээсэн 916 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт ******* гэж,  дэвтрийн 8-9 дүгээр хуудсны нэгдүгээрт 1977 оны 03 дугаар сарын 10 гээд Бадрал нэгдлийн даргын 1977 оны 03 сарын 01-ний өдрийн 8 тоот тушаалаар Баянбуурал бригадад хончиноор томилов гэсэн бичилт хийгдэж Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэл гэсэн тамга дарагдсан,

хоёрдугаарт 1978 оны 04 дүгээр сарын 30 гээд Бадрал нэгдлийн даргын 1978 оны 14 тоот тушаалаар Баянбуурал бригадын хончиноос чөлөөлж улсын бэлтгэлийн мал туугчаар томилов гэсэн бичилт хийгдэж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэл гэсэн тамга дарагдсан,

гуравдугаарт 1979 оны 05 дугаар сарын 15 гээд сумын худалдаа бэлтгэлийн ангийн гэрээгээр гээд улсын бэлтгэлийн мал тууварт явсан гэсэн бичилт хийгдэж Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн анги гэсэн тамга дарагдсан,

дөрөвдүгээрт 1979 оны 05 дугаар сарын 10 гээд сумын худалдаа бэлтгэлийн ангийн тоот гэрээгээр улсын бэлтгэлийн мал тууварт тууварчинаар гэсэн бичилт хийгдэж Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Худалдаа бэлтгэлийн анги гэсэн тамга дарагдсан /хх-11-12/,

18-20 дугаар хуудсанд 1978 оны 3, 6 дугаар сард, 1979 оны 1-5 дугаар сард, 1980 оны 6-11 дүгээр саруудад цалин авсан тухай бичилт хийгдэж, гарын үсэг зурагдсан байх боловч 1980 оны цалин авсан саруудад олгов-385 гэсэн тэмдэг дарагдаж бусад онуудад тэмдэг дарагдаж баталгаажуулалт хийгдээгүй байна /хх-18-20/.

Мөн 1982 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлээс нээсэн хөдөлмөрийн дэвтэрт ******* гэж, дэвтрийн 2-3 дугаар хуудсанд 1979 оны 05 дугаар сарын 10 гээд сумын худалдаа бэлтгэлийн ангийн тоот гэрээгээр улсын бэлтгэлийн мал тууварт тууварчинаар гэсэн бичилт хийгдэж Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэл гэсэн тамга дарагдсан /хх-26-28/,

6 дугаар хуудсанд 1981 оны 5-11 дүгээр сард цалин авсан тухай бичилт хийгдэж, гарын үсэг зурагдаж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдэл гэсэн тамга дарагдсан,

7-13 дугаар хуудсанд 1982 оны 1-12 дугаар саруудад, 1983 оны 1-3 дугаар саруудад, 1984 оны 3-12 дугаар саруудад, 1985 оны 1-12 дугаар саруудад, 1986 оны 1-12 дугаар саруудад, 1987 оны 1-12 дугаар саруудад, 1988 оны 1-12 дугаар саруудад цалин авсан тухай бичилт хийгдэж, гарын үсэг зурагдаж, олгов-0246, 386 гэсэн тэмдэгүүд дарагдсан байх бөгөөд эдгээр хөдөлмөрийн дэвтрүүдэд 2006 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нийгмийн даатгалын байцаагч үзлэг хийж ажилласан хугацааг тооцсон талаар бичилт хийгдсэн байх боловч тэмдэг дарж баталгаажуулаагүй байна /хх-21, 28/.

Түүнчлэн архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянбуурал бригадын 1989 оны цалингийн баримтыг шүүж үзэхэд ******* холбогдох баримт байхгүй, Дэлгэр сумын Бадрал нэгдлийн даргын тушаалууд, Дэлгэр сумын худалдаа бэлтгэлийн ангийн баримтууд шилжиж ирээгүй болохыг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасаг 174, 180, 223 дугаартай албан бичгээр тодорхойлсон байна /хх-3, 44, 53/.

Нэхэмжлэгч ******* нь 1981 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* төрүүлсэн болох нь 498/000865 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна /хх-52/.

Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн ******* 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1978 оны 6 дугаар сард, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянбуурал бригадад малчин, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын худалдаа бэлтгэлийн ангид мал тууварчинаар тус тус ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэргийг буюу 1978 оны 4, 5 дугаар сар, 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1979 оны 6 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1980 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустлах хугацаа, 12 дугаар сар, 1981 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сарыг дуусталх хугацаа, 12 дугаар сар, 1983 оны 5 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацаа, 1984 оны 01, 2 дугаар сар, 1989 онуудад ажилласан болох нь нотлогдоогүй тул эдгээр хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна /хх-3-4, 6-43/.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* нь 1977 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1978 оны 03 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1978 оны 6 дугаар сард, 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1981 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарыг дуусталх хугацаанд, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарыг дуусталх хугацаанд, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Бадрал нэгдлийн Баянбуурал бригадад малчин, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын худалдаа бэлтгэлийн ангид мал тууварчинаар тус тус ажилласан байдлыг тогтоож, нотлогдоогүй бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                      Д.ЯНЖИНДУЛАМ