Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 1273

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 13 өдөр

  Дугаар 101/ШШ2017/01273

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 40 дүгээр гудамж, 102 тоотод оршин суух Боржин овгийн Хандын Намжилын /ЖЮ50051511/,

Ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоолгох, баримт бичигт нэр зөрчсөнийг зөвтгүүлэх хүсэлттэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Н.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Намжил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч Н.Болортуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Намжил нь 1969 онд цэрэгт татагдан, 1972 онд цэргээс халагдаж ирээд 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын техник туслалцааны барилгын трестийн газарт өрлөгчнөөр ажилд орж, 1975 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.

1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ажилд орсон тушаалд “Ханд” овогтой гэж бичигдэх ёстой байсныг “Хандав” овогтой гэж ташаарч бичсэнийг залруулж өгнө үү. Намайг Ханд овогтой Намжил мөн болохыг тогтоож өгнө үү.

Мөн Дорнод аймгийн барилгын трестэд нормчноор ажиллаж байсныг тогтоож өгнө үүгэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Намжил нь БНМАУ-ын Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын техник туслалцааны барилгын трестийн даргын 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 131 тоот тушаалд “Хандавын Намжил” гэснийг “Хандын Намжил” гэж зөвтгүүлэх, 1972 оноос 1975 он хүртэл Дорнод аймгийн барилгын трестэд нормчноор ажиллаж байснаа тогтоолгохыг хүсч шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг харьцуулан судалж үзэхэд хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлыг шүүх тогтоох нь зүйтэй ба дараах үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт БНМАУ-ын Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын техник туслалцааны барилгын трестийн даргын 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 131 тоот тушаал нотлох баримтаар авагдсан бөгөөд тус тушаалд “Хандавын Намжилыг Бааст даргатай заслын бригадад нормчноор” ажиллуулахаар томилжээ. Тус тушаалаас хойших буюу тус трестийн даргын 1973 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 248 тоот, 1974 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 142 тоот, 1975 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 141 тоот тушаалуудад тус тус “Хандын Намжил” гэж бичигдсэн байх бөгөөд хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхэд Боржин овгийн Хандын Намжил гэж бичигджээ.

 

Эдгээрээс үзвэл хүсэлт гаргагч нь 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд БНМАУ-ын Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын техник туслалцааны барилгын трестийн даргын тушаалаар Дорнод аймгийн барилгын трестэд нормчноор ажиллаж байсан болох нь мөн тогтоогдож байна.

 

Иймд БНМАУ-ын Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын техник туслалцааны барилгын трестийн даргын 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 131 тоот тушаалын “Хандавын Намжил” гэж бичигдсэнийг “Хандын Намжил” гэж зөвтгөх үндэслэлтэй, Х.Намжил нь 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн барилгын трестэд нормчноор ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Боржин овгийн Хандын Намжил /ЖЮ50051511/ нь 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1975 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорнод аймгийн барилгын трестэд нормчноор ажиллаж байсан болохыг сэргээн тогтоож, БНМАУ-ын Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны Дорнодын техник туслалцааны барилгын трестийн даргын 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 131 тоот тушаалын “Хандавын Намжил” гэж бичигдсэнийг “Хандын Намжил” болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Удвалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЭНЭБИШ