| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2021/0046/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0052 |
| Огноо | 2021-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0052
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0046/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,
Шүүгдэгч С.Н /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-д холбогдох эрүүгийн 2018002970033 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, С.Н, 1977 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, кранист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн 12 дугаар байрны 01 дүгээр орцонд Ц.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар эрх чөлөөнд нь халдаж, “хүзүү хоолойны зүүн ар хэсгийн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч С.Н-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын 01-нд Хонгор сумын Салхит 3 дугаар багийн 12 дугаар байрны 04 тоотод өөрийн найз болох Ц.Ц-тэй өглөө 09 цагийн үед уулзаад дэлгүүрээс архи авсан. Тухайн үед Ц.Ц- архи худалдан авсан, би архи аваагүй. Тэгээд авсан Хараа” нэртэй 0.75 граммын 1 шил архийг Ц.Ц-ийн гэрт бид 2 хувааж уусан. Ингээд бид 2-ын уусан архи дуусаад Ц.Ц- намайг архи ав гэж хэлсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан болохоор архи авч чадахгүй гэж хэлсэн. Ингээд бид 2 архинаас болж муудалцсан. Тэгээд намайг архи авч өгсөнгүй гэж гэрээсээ хөөсөн. Би гэрээс нь гараад гадаа орцонд нь зогсож байхад араас Ц.Ц- гарч ирээд тухайн үед миний авч явсан сүүн дээр гишгээд байхаар нь бид 2 дахиж маргалдаад тэдний орцны үүдэнд “Хараа” нэртэй архины шил байхаар нь би аваад хананд цохиж хагалаад гартаа барьж үлдсэн хэсгээр нь зүүн талын хүзүү хэсэгт зүссэн. Ингээд зүссэний дараа гараараа цусыг нь дарж байгаад эмч, цагдаа дуудахаар явсан. Эмч дуудчихаад буцаж найз дээрээ очилгүй зугтаасан.
...Миний буруу, хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 16/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 17-19/,
-Хохиролтой холбоотой баримтууд /хавтас хэргийн 22-23/,
-Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Насанжаргал бид хоёр “Анд” дэлгүүрээс 09 цаг 20 минутын үед 2 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авсан. Тухайн архиа нэгийг нь уугаад дууссан байхад манай гэрт Ганбат, Ганболд гээд хоёр хөгшин ах орж ирсэн. Мөн дараа нь Эрхэмбаяр орж ирсэн. Түүнийг орж ирээд удаагүй байхад нь би Ганбат, Ганболд нарыг “одоо яв яв” гэхэд гараад явсан. Ингээд хэсэг хугацааны дараа бид гурав гарахаар болоод би орцоор гарахад нэг ууттай зүйл байхаар нь дээгүүр нь алхаад гарсан чинь Насанжаргал уурлаад “чи миний сүүн дээгүүр алхаж явлаа” гээд байхаар нь би яаж мэдэхэв дээ гээд жаахан маргаад орцны үүдэнд гарахад Насанжаргал гартаа нэг архины шил авч хагалаад миний хүзүүний зүүн хэсэг рүү хатгачихсан. Тэгсэн миний хүзүүнээс цус гараад эхэлсэн. Тэгэхэд Эрхэмбаяр хүрч ирээд цусыг минь тогтоож өгсөн.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 25-27/,
-Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ ... Намайг Ц.Ц-ийн гэрт ороход 2 Ганбаа, Насанжаргал, Ц.Ц- нар байсан. Намайг орж суухад Ц.Ц- 2 Ганбааг “одоо яв яв” гээд хөөгөөд байсан. Тэгсэн 2 Ганбаа тэдний гэрээс гараад явсан. Ингээд бид гурав байхад Ц.Ц-, Насанжаргал нар юунаас болсныг мэдэхгүй хоорондоо үг сөрөөд маргалдаад байсан. Тэгж байснаа “та хоёр ч яв яв” гэхээр нь Насанжаргал бид хоёр гараад 1 давхрын шатан дээр суусан. Тухайн үед Насанжаргал сүү, ундаа зэрэг зүйл хийсэн уутаа хажуудаа тавиад суухад араас Ц.Ц- хаалгаа хаагаад гараад ирсэн. Тэгээд бид хоёрын хажуугаар явахдаа нөгөө ууттай сүүн дээгүүр нь алхаад гарсан чинь Насанжаргал уурлаад “чи муу ер нь яахаараа миний сүүн дээр давж гишгээд гардаг юм” гэж уурлаж хэлэхэд Ц.Ц- орцноос гарах гээд явахад Насанжаргал орцонд байсан архины шилийг хаалганд цохиод хүзүү рүү нь хатгасан. Тэгэхэд нь би гүйж очоод хойш нь Насанжаргалыг салгахад Ц.Ц-ийн хүзүүнээс цус гараад байхаар нь түүнийг дагуулаад Салхитын эмнэлэг дээр очсон.” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 30-31/,
-“Ц.Ц-ийн биед хүзүү хоолойны зүүн ар хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Ц.Ц-эд учирсан гэмтэл нь цаашдын байнгын хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд нөлөөлөхгүй” гэх Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 43-44/,
-Хохирогч Ц.Ц-эд эмнэлгийн тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хавтас хэргийн 45-46/,
-Хохирогч Ц.Ц-ийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн өвчний түүх /хавтас хэргийн 60-66/,
-Хохирол төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 123/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч С.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багийн 12 дугаар байрны 01 дүгээр орцонд Ц.Ц-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар эрх чөлөөнд нь халдаж, хүзүү хоолойны зүүн ар хэсгийн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтас хэргийн 43-44/ нотлогдож байна.
Иймд шүүгдэгч С.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Ц.Ц-эд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...С.Н нь хохирол төлбөр төлсөн. С.Н нь миний найз юмаа, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, түүнд хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсье.” гэж мэдэгдэж байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Ныг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 500000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.Нд анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ шүүх хуралдаанд гаргасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Н-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.Нд үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Нд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ