Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0060/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Хохирогч Э.А-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч Б.М- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 2018000000044 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,   Б.М- , 1989 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, уул уурхайн оператор мэргэжилтэй, “Түм эх эрхэт” ХХК-д оператор ажилтай, ам бүл 3,  урьд:1 ял шийтгэлтэй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн Тээвэрчдийн 5-1 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.А-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, зүүн, баруун бугалга, баруун тохой, баруун эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт, хүзүүний баруун хэсэг, нуруунд зулгаралт, умдагт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.

-мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.А-ийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд эрх чөлөөнд нь халдаж, гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч  Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би үдээс хойш 4 цагийн орчим 2 найзтайгаа уулзах гэж эхнэрээрээ Толгойтод хүргүүлсэн. Тэндээ найзуудтайгаа уулзаж “паб жи” тоглонгоо 2, 3 пиво уусан. Тоглож байгаад шөнийн 01 цаг өнгөрчихсөн, пиво уусан учраас архи үнэртүүлж очихоосоо эмээгээд зам дагуу манай эгчийнх байдаг учраас эгчийндээ орж унтсан. Өглөө 11 цагийн үед гэртээ очиход эхнэр юм бичээд цаашаа хараад сууж байснаа “...хаагуур яваад ирж байгаа юм бэ?” гэхээр нь би “аниагийнд хоноод ирлээ, хайраа итгэхгүй бол аниагаас асуу” гэсэн. Манай хүн уурлаад скоч над руу шидээд намайг давраад байгаарай гэсэн. Би уучлаарай гэхэд цаад өрөөнөөс аав хүүхэд хоёр юу болоод байгаа юм гээд орж ирсэн. Манай хүн намайг алгадсан, тэгэхээр нь би түлхсэн, манай хүн дахиад хүрээд ирэхээр нь би алгадсан. Аав хүүхдийг маань тэврээд дундуур орж салгасан, тэгээд хүүхэд уйлаад байхаар нь “...би миний хайр одоо боль хүүхэд айчихлаа, ингэж маргаж байхаар хоёулаа аниагийнд очоод асуучихъя” гэж хэлсэн. Тэгээд манай хүн аавын цаанаас өшиглөхөөр нь би уурлаад цохисон, манай хүн уурлаад намайг сандлаар цохисон. Тэгээд бид хэсэг чимээгүй өөр өөр өрөөнд байж байгаад орой болж унтахаар болоод орондоо орсон. Миний буруу байсан учраас эхнэрээ аргадаад хайраа уучлаарай гээд тэвэртэл цаашаа бол гээд уурласан. Тэгээд бид ойлголцохгүй, манай хүн хувцсаа өмсөхөөр нь хувцсыг нь тайлахад нөгөө өрөөнөөс  аав ээж хоёр орж ирээд “...та хоёр яагаад байгаа юм бэ?, болиоч бид нарыг хүндэлдэггүй юм уу?. Бид хоёр бие бие рүүгээ тоглоомоор шидэлцсэн, би одоо болъё гээд цаад өрөөндөө орсон.

...Эхнэр бид хоёр үл ойлголцлоос болж ийм маргаан болсон. Энэ маргаанд ямар нэгэн гэр бүлийн дарамт байхгүй, бид нэг нэгнийхээ үгийг даахгүй ийм байдалд хүрсэндээ харамсаж байна. Би сая 7 хоног хоригдохдоо 3 зүйлийг сайн ойлгосон. Энэ нь хоорондоо эвтэй байх, тэвчээртэй, хүлээцтэй байх, ямар ч үед гар хүрч болохгүй юм байна гэдгийг ойлгосон. Ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү гэж хүсэж байна. Би одоо ингээд хоригдоод явбал хүүхэд маань дөнгөж 1 ой гаруйтай харах хүнгүй учраас эхнэр маань ажил төрөл хийх боломжгүй болно. Би дахиж хэзээ ч шүүхийн хаалга татахгүй гэдэгтээ итгэлтэй байна. Гэм буруугийн асуудал дээр маргаан байхгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Э.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Бид сүүлд 2021 оны 01 дүгээр сард маргалдсан. Тухайн үед Б.М- гадуур хонож ирсэн асуудлаас болж маргаан болсон нь үнэн. Би нөхрийгөө шүүхээр оруулж, ийм хүнд нөхцөл байдалд оруулъя гэж бодоогүй. Үнэхээр шүүхээр явуулъя гэж бодсон бол би юм аа аваад орхиод явах байсан. Энэ хүнийг жаахан ухааруулъя гэж бодож цагдаад мэдэгдсэн.

... Б.М- надаас уучлал гуйсан. Намайг уучлаарай гэхээс илүү миний буруу юм байна, бүгдийг ойлгосон гэж хэлсэн. Энэ хүн өөрөө гэмшиж буруугаа хүлээж байгааг хараад, яг одоо энэ хүнээс салъя гэж баттай зогсож чадахгүй байна. Энэ хүн үнэхээр өөрчлөгдөөд гэр бүлдээ халамжтай байвал би хамт амьдарна.

...Хохирол төлбөр нэхэмжлээгүй, харин “Саран” эмнэлэгт томографын зураг авхуулсны мөнгө 180.000 төгрөгийг гаргуулна.

...Анх бид хоёр суухдаа тал талаасаа хоосон суусан. Харин одоо бидэнд дундаасаа төрүүлсэн хүүхэд байна. Амьдрах гэж орон байртай болж байгаа учраас нөхрийг маань нийгмээс тусгаарлахгүй талаас нь арга хэмжээ авч өгөөч гэж хүсэх байна. Бид хоёрын харилцан ойлголцоогүй гэр бүлийн асуудлаас болж гэр бүлд маань ийм том ан цав гарсанд харамсаж байна. Би ч мөн энэ хугацаанд тунгааж үзсэн. Цаашид үр хүүхэдтэйгээ гэр бүлээрээ гэрэл гэгээтэй амьдрах боломж олгож өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5/,

 

-Э.А-ээс Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 6/,

 

-Гэрч Б.Б2-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цагийг нь сайн санахгүй байна Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 5-1 тоот гэртээ бэр Алтанцэцэг, ач Итгэлт нарын хамт байж байхад гаднаас манай хүү болох Б.М- орж ирсэн. Би тухайн үед орон дээр зурагт үзэх гээд нөгөө өрөөндөө ороод хэвтсэн. Тэгээд байж байтал нөгөө өрөөнд чанга дуу гарахаар нь би өрөөнөөсөө гараад хартал Алтанцэцэг уурласан байдалтай, Б.М- “уучлаарай, би эгчийнд хоночхоод ирлээ.” гээд зогсож байсан. Тэр 2 маргалдаж байгаад Алтанцэцэг нөхрийнхөө бие рүү сандлаар цохисон. Би “та 2 больцгоо” гэж хэлээд хажууд нь байсан юм. Алтанцэцэг тайвшрахгүй Б.М- рүү зайл гээд л дайраад байсан. Б.М- Алтанцэцэгийг нэг удаа алгадаж, түлхэж унагаасан юм. Тэр 2 тайвшраад чимээгүй болсон. Тэгээд хэсэг чимээгүй байж байгаад би өрөөндөө орсны дараа дахиад чимээ гарахаар нь гараад хартал Алтанцэцэгийн дээр Б.М- гараад байж байсан бөгөөд алгадсан юм. Тэгээд би салгаад тэр 2 тайвширсан юм. Орой нь 00:00 цагийн үед байх дахиад маргалдаад тоглоом бие бие рүүгээ шидэж байхаар нь салгаад 2 талд суулгасан. Тэгээд унтацгаасан юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21/,

 

-Гэрч Л.Б- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Э.А- гэх эмэгтэй толгой өвдсөн гэх шалтгаанаар манай эмнэлэгт ирж толгойгоо надаар бариулсан, ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дахин ирээд “өвдөлт нь намдахгүй байна” гэсэн. Тэр эмэгтэйн нүд, хацар хэсэгт улайсан байсан бөгөөд түүнээс ямар учраас толгой нь өвдсөн талаар асуухад “нэг юманд цохичихсон юм” гэж хариулсан. Тэгээд дараа нь 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүрч ирээд дахин толгойгоо бариулахад нүдний улайсан хэсэг нь тодорсон байсан. Тэрнээс хойш дахиж ирээгүй юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26/,

 

-“Цээнэ” эмнэлгийн эмчилгээний баримт /хавтаст хэргийн 27/,

 

-Гэрч Ж.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 16-ны 20:40 минутад манай түр хамгаалах байрны ээлжийн нийгмийн ажилтан Ж.Эрдэнэчимэгт утсаар Э.А- гэх хүн “нөхөр гэртээ оруулахгүй гэж миний утсыг хураагаад авсан. Би Сэлэнгэ рүү аав, ээж рүүгээ явмаар байна, туслалцаа дэмжлэг үзүүлээч.” гэж хэлсэн байдаг. Би 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өмнөх хоногийн нөхцөл байдалтай танилцаж энэ мэдээллийн талаар олж мэдсэн юм. Тухайн үед Эрдэнэчимэгт зохих зөвлөгөөг өгч ажилласан байна. Тэгээд эргэж холбоо барих гэхэд утас нь холбогдохгүй байдаг байсан. Мөн хатуу хөл хорионы үеэр Алтанцэцэг Эрдэнэчимэг рүү уйлж байгаа дүрс бүхий зүйлийг явуулсан байдаг. Тэгээд тухайн Дархан сумын 6 дугаар багийн засаг даргад Э.А-ийн бодит байдалтай танилцаж, мэдээлэл өг гэж хэлсэн. Тэгээд сүүлд 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 20:45 цагт түр хамгаалах байранд гэрээсээ зугтааж машин унасан байдалтай ирсэн байдаг. Өмнө нь 2019 онд манай байгууллагаас нөхөртөө зодуулсан гэж 18 хоногийн үйлчилгээ авч байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,

 

-Э.А-ийн “Цээнэ” эмнэлэгт үзүүлсэн гэх баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 30/,

 

-Э.А-т тусламж үзүүлсэн тухай Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хавтаст хэргийн 40-41/,

 

-Э.А-ийн биед тархи доргилт, баруун зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, зүүн бугалга, баруун бугалга, баруун тохой, баруун эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт. Хүзүүний баруун хэсэг, нуруунд зулгаралт. Умдагт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 -т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 42-43/,

 

-“Аюулын зэрэг 5 буюу дунд гарсан” гэх аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтас хэргийн 53-54/,

 

-Б.М-, Э.А- нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /Хавтаст хэргийн 58/,

 

-Түр хамгаалах байрны үйлчилгээг дуусгах, бусад байгууллагад үйлчлүүлэгчийг хүлээлгэн өгөх маягт /хавтаст хэргийн 68/,

 

-Хохирол төлбөр төлсөн баримтууд /хавтаст хэргийн 114-115/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсагийн зүгээс “...гэм буруу бол байна, үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ зүйлчлэл дээр санал нийлэхгүй асуудал байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлийг би тохирч байна гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар байнга зодсон гэж зүйлчилснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь гэмт хэрэг болсон шалтгааныг харахад энэ хоёр хүн хоёулаа айлын ганц хүүхдүүд, хоёр өөр орчинд өссөн хүмүүс гэр бүлийн харилцаанд орохоороо таарамжгүй нөхцөл байдал үүсдэг. Үүнээсээ гарч чадахгүй бие биетэйгээ эвлэрч чадахгүй, маргалдаж, бие биедээ гар хүрдэг, хохирогчийн мэдүүлэг дээр “...намайг боож унагасан, тэгэхээр нь би босож ирээд сандлаар цохисон” гэдэг, шүүгдэгчийн ээж аавынх нь мэдүүлгээс харахад “...бие бие рүүгээ тоглоомоор шидэлцээд байсан” гэдэг. Гэхдээ сая энэ хоёрын мэдүүлгээс харахад хэн хэн нь өөрт байгаа алдаа дутагдлаа ойлгосон юм шиг харагдаж байна. Хохирогч удаа дараа зодсон гэж мэдүүлэг өгсөн байсан, ямар ч хүн мэдүүлэхдээ өөрийгөө зөвтгөж мэдүүлэх шинжтэй байдаг, ялангуяа өөрийгөө хохирсон гэж үзэж байгаа хүнд ажиглагддаг. Дээрээс нь энэ нь ингэсэн тэр нь тэгсэн гэхээсээ илүү гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгааныг ойлгож гэмт хэргийн зүйлчлэл дээр энэрэнгүй зарчмаа барьж, аль болох шударга ёсны зарчмаар зүйлчилж, энэ хүнийг нийгмээс тусгаарлаж сайн сайхан хүн болгоно гэхээсээ илүү өөр аргаар хүмүүжүүлээд үзвэл зүгээр гэж бодож байна. Мөн ганцхан хохирогчийн мэдүүлгийг үндэслэж буруутгах нь учир дутагдалтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал нь өөрөө гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон байгаа учраас энэ зүйлчлэлээр нь зүйлчлэх, байнгын шинжтэй гэж нотлогдоогүй. Мөн нэг хүний үйлдлийг нэг л удаа яллахаас хоёр удаа яллах нь зохимжгүй байна. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгөөч гэж хүсэж байна.” гэж мэтгэлцэж байна.

 

Шүүгдэгч Б.М- нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг Тээвэрчдийн 5-01 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.А-ийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эрүү, зүүн, баруун бугалга, баруун тохой, баруун эрхий хуруу, зүүн гуянд цус хуралт, хүзүүний баруун хэсэг, нуруунд зулгаралт, умдагт зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 71 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 42-43/ нотлогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 58/-гаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

 

Мөн шүүгдэгч Б.М- нь 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрүүдэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Э.А-ийн эрх чөлөөнд халдсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдэл нь олон удаагийн давтамжтай буюу хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн бие даасан шинжийг хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч  Б.М-ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Э.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...хохирол төлбөр нэхэмжлээгүй, харин “Саран” эмнэлэгт томографын зураг авхуулсны мөнгө 180.000 төгрөгийг гаргуулна.” гэх мэдүүлэг өгч байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсны дагуу хохирогч Э.А-ийн “Саран элит” эмнэлэгт толгойн компьютер томографын зураг авхуулсан 185000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Б.М- нь завсарлага авсан хугацаанд төлж барагдуулсан байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.М- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.М- нь энэ хэрэгт 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 7 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч   Б.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Шүүгдэгч   Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч  Б.М-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг 15.000 төгрөгөөр тооцож, нийт 105.000 төгрөгийг хасаж, торгох ялын хэмжээг 645.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 645000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 129,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Б.М-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Б.М-д анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг шүүгдэгч Б.М-д үүрэг болгож, тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.М-д анхааруулсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М- нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ