Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 25

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч С.Золжаргалд холбогдох 370.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017  оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

                                                                                            Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Золжаргал нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “ВишнФанд” ББСБ-ын Хэнтий аймгийн салбараас 10605917 тоот зээлийн гэрээ байгуулан 2.000.000 төгрөгийн зээлийг тоног төхөөрөмжийн зориулалтаар 12 сарын хугацаатай сарын 2.4 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог. 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. 2017 оны 02 дугаар сарын 08-ны байдлаар нийт 370.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Сүүлийн 4 сар төлөлт хийгээгүй, утсаа авдаггүй, санаатайгаар эргэн төлөлтөө хийлгүй манай байгууллагад хүндрэл учруулж байна. Иймд зээл, зээлийн хүүгийн төлбөр 370.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Өлзийтийн 2-1 тоотод оршин суух СЩ71091802 регистрийн дугаартай, Боржигин овогт Сүхээгийн Золжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие “Вишнфанд” ББСБ-д төлөх 370.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөгийг, үлдэгдэл 170.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сард төлж барагдуулна” гэжээ.

 

                                                                                                            Ү Н Д Э С Л Э Х нь:

-2-

            Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь хариуцагч С.Золжаргалаас 370.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.Золжаргал нь 370.000 төгрөгийг “Вишнфанд” ББСБ-д төлөх үүрэгтэй болох нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10605917 тоот зээл олгох гэрээ, зээлийн барьцааны гэрээ, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч С.Золжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 370.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.    

 Иймд хариуцагч С.Золжаргал нь нэхэмжлэлийн шаардлага 370.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар    зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

1. Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага 370.000 /гурван зуун далан мянган/ төгрөгийг хариуцагч Боржигин овогт Сүхээгийн Золжаргал нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11750 төгрөгний тавин хувь 5875 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, 5875 төгрөгийг хариуцагч С.Золжаргалаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д олгосугай.

3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                               Р.БАТБАЯР