| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2016/00239/И |
| Дугаар | 26 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 26
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч М.Энхмандах, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг, 35 дугаар байрны 39 тоотод оршин суух, РД:ЕТ59091019, Бөөнүүд овогт Нацагийн Цээпэлийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга П.Чинбатад холбогдох гэм хорын хохирол 4.522.770 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Цээпэл, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ууганжаргал, прокурор П.Эрдэнэбаатар, иргэдийн төлөөлөгч Г.Туяа, нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Н.Цээпэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бор-Өндөр сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 143 тоот захирамжаар миний эзэмшлийн 221000818 нэгж талбарын дугаартай 1500 ам метр талбай бүхий газар эзэмших гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Засаг даргын энэхүү хууль бус шийдвэрт миний бие нэхэмжлэл гаргаж Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд 143 тоот захирамжийг хүчингүй болгосон. Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хууль зүйн зөвлөгөө авсан өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 4.000.000 төгрөг, Бор-Өндөрөөс Чингис хот явах, Чингис хотоос Бор-Өндөрт ирэх унааны шатахууны зардалд зарцуулсан 135.000 төгрөг, Улаанбаатараас Бор-Өндөрт ирсэн зардал 17.000 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 17.400 төгрөг, шуудангийн зардалд төлсөн 4870 төгрөг, буудлын ор хоногийн 190.000 төгрөг, хоолны зардал 158.500 төгрөг бүгд 4.522.770 төгрөгийг Бор-Өндөр сумын Засаг дарга Д.Энх-Эрдэнээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Н.Цээпэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хоолны үнэ болох 158.500 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 4.364.270 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ууганжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн 4.364.270 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Прокурор П.Эрдэнэбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурорын зүгээс өмгөөлөгчийн зардал болох 4.000.000 төгрөгийг бодит зардал биш байна гэж үзэж байна. Мөн хоолны зардал 158.500 төгрөгийг гаргах үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Н.Цээпэл нь хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга асан Д.Энх-Эрдэнэд холбогдуулан гэм хорын хохирол 4.522.770 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Д.Энх-Эрдэнийг шинээр томилогдсон Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга П.Чинбатаар солих хүсэлт гаргасны дагуу хариуцагчийг сольсон байна.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох хоолны зардал 158.500 төгрөгнөөс татгалзаж, үлдэх 4.364.270 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргасангүй. Шүүх хуралдаанд оролцсон прокурор нь өмгөөлөгчийн хөлс 4.000.000 төгрөг нь бодит зардал биш тул хариуцагчаас гаргуулах боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан боловч хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87.314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн дүн болох 4.364.270 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 84.778 төгрийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Нэхэмжлэгч Н.Цээпэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 4.522.770 /дөрвөн сая таван зуун хорин хоёр мянга долоон зуун дал/ төгрөгийн зарим хэсэг болох 158.500 /нэг зуун тавин найман мянга таван зуу/ төгрөгнөөс татгалзаж, үлдэх 4.364.270 /дөрвөн сая гурван зуун жаран дөрвөн мянга хоёр зуун дал/ төгрөгийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87.134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргаас 84.778 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Цээпэлд олгосугай.
3. Шүүхийн тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА
ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ
Р.БАТБАЯР