| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2021/085/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/94 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | М.Берикбол |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга С.Уянга,
Улсын яллагч М.Берикбол,
Шүүгдэгч **************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **************холбогдох эрүүгийн 2138000000062 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч **************нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн иргэн М.Хашболдыг “аавын бие муу байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1 сая төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч **************нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн иргэн М.Хашболдыг “аавын бие муу байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1 сая төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000062 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Өмнө нь мөнгө зээлж авсан хүн маань мөнгөө нэхээд байхаар нь тухайн үед аргаа бараад Хашаагаас 1 сая төгрөг зээлсэн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мессенжерээр надтай 10 жилд нэг ангид сурч байсан охин Азжаргал чат бичсэн. Чатаар ойр зуурын юм бичиж байхдаа найздаа мөнгө зээлээч, аавын бие муу байгаа, хотод гуравдугаар эмнэлэгт хагалгаанд орох гэж байгаа юм гэж бичсэн. Тэгэхээр нь ангийн группт тараагаад барагцаагаар зуу гаран мянган төгрөг цуглуулж өгсөн байсан. Надаас хувиараа 1 сая төгрөг зээлээч 3 хоногийн дараа ээж нь цалингийн зээл аваад 1.1 сая төгрөг болгоод өгье гэж хэлэхээр нь тэр өдрийн 17 цагт өөрийн хаан банкны 5098033140 тоот данснаас **************5890454497 тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд гурав хоногийн дараа мөнгөө авъя, юу болж байна гэж хэлсэн чинь оны сүүл гээд банк зээл гаргахгүй байна. Оны дараа өгье гэж хэлсэн. Тэгээд үүнээс хойш зээл бүтэхгүй байна гэж явсаар өдийг хүрсэн. Би **************ээжийн 99048839 гэсэн дугаар луу залгаад болсон явдлын талаар хэлсэн. Тэгтэл ээж нь Азаа 2 жилийн өмнөөс худлаа хэлж олон хүнээс зээл авч бид нарыг өрөнд оруулсан. Одоо наадахыг нь төлөх боломж байхгүй. Та нар өөрсдөө учраа ол гэж хэлсэн. Ээжтэй нь ярьж байхад аав нь утсыг нь аваад би эмнэлэгт хэвтээгүй. Гурван жилийн өмнө хагалгаанд орж байсан. Одоо миний бие эрүүл саруул байгаа. Азаа л худлаа хэлж чамаас мөнгө авсан байна гэж хэлсэн...Би гомдолтой байна. 1,100,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16, 19-р хуудас),
Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны сүүлчээр он гарахаас өмнө шиг санагдаж байна. Манай эхнэр Оюунтөгсийн утас руу хүн залгаж ярьж байсан. Би хажууд нь байсан болохоор яриаг нь сонсож байтал манай аавын бие муу гэж хэлээд миний нэрийг барьж манай охин Азжаргал ангийнхаа хүүхдээс 1 сая төгрөг зээлж авсан гэж байсан. Юу болсон талаар тодруулж асуухад Азжаргал ангийнхаа хүүхдээ манай аав хагалгаанд орох гэж байгаа болохоор мөнгөний хэрэг болоод мөнгө зээлсэн гэж хэлсэн. Миний бие одоо зүгээр байгаа. Уг нь урьд өмнө нь ах нь хагалгаанд орж байсан. Би тийм хагалгаанд ороод хүнээс мөнгө зээлэхдээ болоогүй. Ар гэрээс нь асууж байгаад мөнгөө зээлэхгүй яасан юм гэж тэр залууд хэлсэн. Ангийнх нь хүүхдийн нэрийг Хашболд гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 хуудас),
Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай охин **************10 жилийн ангийнх нь хүүхэд Хашболд гэдэг хүн байна гээд хүн залгасан. Азжаргал надаас 1 сая төгрөг зээлж авсан. Аавын бие муу эмнэлгэд байгаа. Мөнгө яаралтай хэрэгтэй байна гэж хэлээд зээлсэн гэж хэлэхээр нь нөхөр бид хоёрын бие зүгээр байгаа. Бид хоёрын бие эрүүл байгаа. Хүнээс мөнгө авах ямар нэгэн шалтгаан байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Азжаргалыг Хашболд гэгчээс 1 сая төгрөг зээлснийг мэдсэн. Цээгий гэдэг 10 жилийн ангийн охиноос 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр над руу **************дансыг өгөөч гээд мессэж бичсэн. Ямар шаардлагаар дансыг нь авах гэж байгаа юм бэ гэж асуухад **************аавынх нь бие муудаад манай ангийнхан хандив цуглуулж өгч байгаа юм гэсэн. Би дансыг нь өгөөгүй. **************ээж рүү залгаад асуухад нөхөр бид хоёрын бие зүгээр байгаа тийм юм болоогүй гэсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 31-32-р хуудас),
Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 58-62-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9-р багийн Засаг даргын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсөний лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 43-50, 52-57-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2138000000062 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **************нь 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн иргэн М.Хашболдыг “аавын бие муу байна, яаралтай хагалгаанд орох шаардлагатай тул мөнгө зээлээч” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож 1 сая төгрөгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч **************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч **************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 15-16, 19-р хуудас), гэрч **************(хх-ийн 20-21 хуудас), гэрч **************(хх-ийн 23-24-р хуудас), гэрч **************(хх-ийн 31-32-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 58-62-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Залилах гэмт хэргийг шүүгдэгч **************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************нь хохирогч М.Хашболдоос 1 сая төгрөгийг залилаж авсан бөгөөд 700,000 төгрөгийн хохирлыг 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч **************300,000 төгрөгийг гаргуулж хохирогч **************олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 14,855 төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгчээс нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх...болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 14,855 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **************нь урьд 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 50, 52-57-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2138000000062 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **************500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч **************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч **************300,000 (гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч **************олгосугай.
5. Эрүүгийн 2138000000062 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР