Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх   хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 3 дугаар хороо, Баянбүрдийн 2-1 тоотод оршин суух, /РД:ЕВ86071513/, Боржигон овогт Сосорбурамын Одбаярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Өлзийтийн 03-15 тоотод оршин суух, /РД:СЩ86050534/, Боржигин овогт Чинзүрхийн Ууганбаярт холбогдох 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэгмаа, хариуцагч Ч.Ууганбаяр, гэрч Т.Жанчивбат, Л.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

                                                                                   Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэгмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Одбаяр нь 2015 оны 07 дугаар сарын 27-нд өөрийн найз болох Ч.Ууганбаярт Тоёото приус-20 маркын гаалийн бичигтэй саарал өнгийн авто машиныг зээлээр зарж, аман гэрээ хийж өөрийн нэр дээр УБП 49-45 дугаарыг авч зээлээр зарсан. Машиныг нийт 8.800.000 төгрөгөөр зарж урьдчилгаанд нь 1.000.000 төгрөг бэлнээр авсан. Үлдэгдэл 7.800.000 төгрөгийг цувуулан 2015 оны 10 дугаар сарын 01-нээс өмнө өгөхөөр тохиролцсон боловч зээлийн дүнгээс 3.500.000 төгрөгийг цувуулан өгч, үлдэгдэл 5.000.000 төгрөгийг өгөхгүй утсаа авахгүй залилан зугтаж байна. Иймд Ч.Ууганбаяраас 5.000.000 төгрөгийг бусад холбогдох зардлын хамт гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ч.Ууганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 07 дугаар сарын 27-нд найз С.Одбаяраас Тоёота приус 20 маркийн автомашиныг зээлээр 8.800.000 төгрөгөөр худалдаж авсан. Анх авахдаа бэлнээр 1.000.000 төгрөг өгсөн. Дараа нь 2015 оны 10 дугаар сард 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн 2016 оны 3 сард 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 500.000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 5.000.000 төгрөгийг өгсөн. Одоо анх тохирсон үнээс 3.800.000 төгрөг үлдээд байгаа. Прокурор дээр шалгагдаж байх үед 1.000.000 төгрөгийг нааш цааш явсан унааны зардал гэж нэхэмжилснийг тохиролцсоны үндсэн дээр зөвшөөрч өгөхөөр болсон. 5.000.000 төгрөг нэхэмжилснээс 4.800.000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Машины үлдэгдэл 3.800.000 төгрөг дээр замын зардал 1.000.000 төгрөг нийт 4.800.000 төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Анх машинаа 8.800.000 төгрөгөөр зарахаар тохиролцож Ч.Ууганбаярт өгсөн. Ингээд худалдаж авсныхаа дараа Ч.Ууганбаяр 1.000.000 төгрөг өгсөн. Дараа нь цувуулаад 3.500.000 төгрөг өгсөн. 2016 оны 10 дугаар сард 500.000 төгрөг өгөөд үлдэгдэл 3.800.000 төгрөг үлдэж байгаа юм. Энэ 3.800.000 төгрөг дээр энэ хүний араас удаа дараа явж байсан зардал 1.000.000 төгрөгийг би төлнө гэж Ч.Ууганбаяр нь тодорхойлолт бичиж өгсөн. Ингээд 4.800.000 төгрөг дээр Эстимо маркийн машинтай Улаанбаатараас Бор-Өндөрт ирээд эмээг нь аваад хөдөө явсан зардал 200.000 төгрөг нийт 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Шүүхийн шатанд гарсан зардал болон өмгөөлөгчийн зардал 923.400 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжаа төлсний дараа дахин нэхэмжилнэ” гэв.

Хариуцагч Ч.Ууганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би анх С.Одбаяртай очиж уулзаад ярьж тохироод аман гэрээ хийсэн. Приус 20 автомашин авсан. Ингээд 1.000.000 төгрөгийг бэлнээр өгөөд  10 дугаар сард үлдэгдэл мөнгийг нь өгнө гээд авч явсан юм. Тэгээд боломж бололцоогүй байж байгаад нилээд удаасан. Дараа нь 2015 оны 11 дүгээр сард 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Өмнөговь аймгаас хүнээр мобайл банкаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь 2016 онд 500.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт 5.000.000 төгрөгийг төлчихөөд байгаа” гэв.

Гэрч Т.Жанчивбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх машины наймаа хийхдээ 2016 оны 07 дугаар сарын сүүлээр аваад 10 дугаар сарын 01-ний өдөр гэхэд үлдэгдэл төлбөрөө төлнө гэж авсан. Мөнгөө төлөхгүй болохоор нь араас нь 5,6 удаа ирж, цагаан сараар нэг ирээд 10 хоноод явсан. Ууганбаяр нь увуулан цувуулан хэдэн төгрөг өгсөн. Бид хоёроос нэлээд зардал гарч байна. Манай нөхөр Ууганбаярын араас явлаа гээд миний картыг авч яваад тэнд явж байна, тэгж байна, ингэж байна гээд бүгдийг нь уншуулаад яваад байсан. Ууганбаярын хойноос явж байхад гарсан зардал Т.Жанчивбатын данснаас гарч байсан гэдэг нь дансны хуулбараар нотлогдож байгаа. Миний данснаас 323.400 төгрөг гарсан. 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой яваад 10 дугаар сарын 31-нд шөнөдөө ирсэн. Бензин, замдаа идсэн хоол унд, буудлын мөнгөний зардлууд байгаа” гэв.

Гэрч Л.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 10 дугаар сарын сүүлээр ирсэн. Тухайн үед Одбаяр Ууганбаяраас машины мөнгө авах байсан. Өгөхгүй болохоор нь цагдаад бариад өгсөн чинь Ууганбаяр үлдсэн мөнгөндөө 80 хонь өгнө гээд итгэмжлэл гаргаад нотариатаар батлуулсан байсан. Тэрийгээ үзүүлээд энэ хонийг очиж авъя гэсний дагуу би автомашинтай наашаа ирсэн. Бор-Өндөрт ирээд 24 цаг болоод буцсан. Манай дүүгийн “Эстимо” маркийн автомашинтай, малаа газар дээр нь борлуулчихъя гэсний дагуу нэг ченж дагуулж  гурвуулаа ирсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                 Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч С.Одбаяр нь хариуцагч Ч.Ууганбаярт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 3.800.000 төгрөг, хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол 1.200.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг нэхэмжилжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.Одбаяр нь хариуцагч Ч.Ууганбаяртай 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг амаар харилцан тохиролцож байгуулжээ. Дээрх гэрээ нь гол нөхцөлийн хувьд худалдах, худалдан авах гэрээний гол шинжүүдийг агуулсан байна. Иймд нэхэмжлэгчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар шаардах эрх үүссэн байна.

Гэрээгээр нэхэмжлэгч С.Одбаяр нь Приус-20 маркийн автомашиныг хариуцагч Ч.Ууганбаярын өмчлөлд шилжүүлж, хариуцагч Ч.Ууганбаяр нь автомашины үнэ болох 8.800.000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.  

Зохигчдын тайлбараар автомашины үнэ болох 8.800.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөг төлөгдсөн бөгөөд үлдэгдэл 3.800.000 төгрөг дээр талууд маргаагүй болно. Нэхэмжлэгч С.Одбаяр нь хөрөнгийг шилжүүлснээр гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь нотлогдож байна. Харин хариуцагч Ч.Ууганбаяр буюу худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, харилцан тохиролцсон үнийг гүйцэд төлөөгүй байна.

Зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй ба үүнээс учирсан хохирол гэх 1.200.000 төгрөгнөөс 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шатахууны үнэ 110.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шатахууны үнэ 40.000 төгрөг, Бор-Өндөр сумын “Жинчин” зочид буудалд байрласан үнэ 70.000 төгрөг, нийтийн тээврийн хэрэгслээр хот хооронд буюу Улаанбаатараас Бор-Өндөр, Бор-Өндөрөөс Улаанбаатар хүртэл зорчсон үнэ 30.000 төгрөг нийт 250.000 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлогдож байна.

Харин хоол, пиво, тамхи болон зарим хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан гэх 94.500 төгрөгийн зардалыг хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж үзэх боломжгүй юм. Учир нь хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авсан зардал нь хүний өдөр тутмын хэрэглээ бөгөөд тамхи, пиво хэрэглэсэн нь маргаж буй асуудалтай холбоогүй болно. Мөн бусад нэхэмжилж буй хохирол нь ямар нотлох баримтаар хэрхэн нотлогдож байгаа нь тодорхойгүй тул 950.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ч.Ууганбаяраас нийт 4.050.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Одбаярт олгож  950.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

                 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч Ч.Ууганбаяраас 4.050.000 /дөрвөн сая тавин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Одбаярт олгож, 950.000 /есөн зуун тавин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

                 2. . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ууганбаяраас 4.050.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 79.750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Одбаярт олгосугай.

                 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

                 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                  Р.БАТБАЯР