Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/205

 

 

 

 

 

2021          03         25                              2021/ШЦТ/205

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,

Улсын яллагч И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мд холбогдох эрүүгийн 2009017081143 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Төрийн тусгай хамгаалалтын газар хамгаалалтын ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 48а байр 02 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC-тэй автобусны буудлын орчимд хохирогч С.Анандтай “ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-ийн эмэгтэй доромжилсон “ гэх асуудлаас болж маргалдаж, улмаар хохирогч С.Анандыг зодож эрүүл мэндэд нь “доод уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009017081143 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Н.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 05-ны орой Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах төв номын сангийн урагш явдаг автобусны буудлын хажууд байрлах ТҮЦ-ний хүнтэй харилцаж байх үед Ананд гэх залуу дундуур орж ирэн намайг заамдаж зүүн хойд чихний ар хэсэгт 2 удаа цохисон. Би заамдсан гарыг нь тавиулах гээд зууралдах үед миний гарыг савах үед би гараа хажууд байсан багана төмрийг онож гэмтсэн. Ингээд би зугтахад миний араас хөөн өшиглөсөн, гэхдээ оноогүй. Тэр үед Анандтай хамт явж байсан залуу салгаад гараараа хашиж байхад нөгөө залуугийн гарыг доош нь буулгаад манай найз руу чиглээд гүйгээд ирсэн. Тэр үед би дахиж цаашаа холдон эргэж харахад газар уначихсан байсан. Би гайхаад гүйж очоод харах гэхэд найз нь “ухаан алдчихсан байна” гээд орилсон. Биед нь хүрсэн зүйл байхгүй. Би өөрийн хийсэн хэргээ ойлгож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53, 56-57, 108 дугаар хуудас/,

 

Хохирогч С.Ананд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Тухайн үйл явдал Баянгол зочид буудлын автобусны буудлын ертөнцийн зүгээр хамгийн хойд талын ТҮЦ-ийн гадаа болсон. Тэр үед хоёр залуу түргэн үйлчилгээний цэгийн эгчийг хэл амаар доромжлоод явахгүй байсан. Би хамт явж байсан ажлынхаа залуутай тайлбарлаж хэлсэн. Бид хоёрыг хэл амаар доромжлоод миний баруун нүд рүү цохисон. Манай ажлын залуу “боль, та хэд яв” гэж зөндөө хэлсэн. Намайг цохисны дараа би биеэ хамгаалж эргүүлээд цохих гээд хий цохиж газар унасан... Тэр үед тухайн залуу болох Мөнгөнхүү нь баруун нүд болон нүүр хэсэг рүү 2-3 удаа цохисон. Энэ үйлдлийг надтай хамт явж байсан Мөнхтүвшин харсан. Тэгээд намайг тухайн залуу “нааш ир” гээд дуудаад байхаар нь би нүүр хэсэг рүүгээ цохиулаад зодуулсан болохоор уур хүрээд барьж авах гээд араас нь гүйж цохих гэж байгаад чадалгүй газар унасан. Энэ үйл явдал камерын бичлэгэн дээр тод харагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 97, 105 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Мөнхтүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Баянгол зочид буудлын автобусны буудлын ТҮЦ-ээс тамхи авахаар очиход ТҮЦ хаалттай, ТҮЦ-ийн эгчийг хоёр залуу хэл амаар доромжлоод зогсож байсан. Бид 2 “боль”  гэж шаардлага тавихад бид хоёрыг “нааш ир, ийшээ явъя, хүрээд ир” гэж дуудаад намайг чирээд 180 см  өндөртэй, цайвар ногоон өнгийн костюм өмссөн 25-30 орчим насны залуу миний зүүн талын шанаа руу нэг удаа цохисон. Ананд хажуугаас ороод салгах гэж байхад нь нөгөө намайг цохисон залуу бас Анандыг цохиж, газарт унагааж нэг залуутайгаа нийлээд хэд хэдэнд удаа өшиглөсөн. Би “та нар болиоч, хүн аллаа” гэж хэлээд орилоод Ананд дээр очиход Ананд ухаан алдсан байсан. Анандын нүүр болон толгой руу цохиж харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, 106 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Баянбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Мөнгөнхүү бид хоёрыг очиход ТҮЦ дотроос хүмүүс гараад худалдагч нь хаалгаа хааж таарсан.  Худалдагч настай эгч юм зарахгүй” гэж хэлэхэд Мөнгөнхүү бид хоёр худалдагч эгчээс “та зарчхаач” гэж хэлээд гуйгаад хаалгыг нь хаалгахгүй зогсож байх үед хохирогч гээд байгаа залуу найзтайгаа Мөнгөнхүү бид хоёр дээр ирээд “наад ТҮЦ чинь хааж байгаа юм биш үү” гэж хэлээд маргаан болсон. Хохирогч гээд байгаа залуу нэлээд согтолттой байсан. Мөнгөнхүү хохирогч залуу хоёр хоорондоо маргалдаж байгаад нэгнийгээ заамдаж зууралдсан. Би хохирогч залуутай хамт явж байсан найзад нь хандаж “би найзыгаа аваад явъя, чи найзыгаа аваад явчих” гэж хэлсэн. Мөнгөнхүү бид хоёр автобусны буудлаас дөнгөж урагшаагаа явахад хохирогч миний араас миний хөл хэсэг рүү өшиглөсөн... Хохирогч найзынхаа хажуугаар гүйж ирээд намайг зохиж гэж байгаад өөрөө урагшаа шургаад унасан. Тэр үед хохирогчид хэн ч гар хүрээгүй.  Хохирогч өөрөө унасан. Хохирогч залуу яг нүүрээрээ газар руу хараад уначихсан байсан. Хохирогч залууг газар уначихсан байхад Мөнгөнхүү 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12, 14 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6683 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

1. С.Анандын биед баруун духны хөндийн гадна ялтас духны хөндий рүү цөмөрсөн, дух яснаас баруун нүдний ухархайн дээд ирмэг дотогш духны хөндий рүү цөмөрсөн баруун нүдний ухархайн дээд хана, баруун духны хөндийн дотор ялтас дээд хэсгээр гавлын хөндий рүү цөмөрсөн, мөн дотор ялтас духны хөндий рүү цөмөрсөн хугарал, доод уруулын дотор салстад шарх духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” гэжээ /хх-ийн 21-23 дугаар хуудас хуудас/,

 

Шинжээч эмч Б.Даваасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...дүгнэлтэн дээр тусгагдсан баруун духны хөндийн гадна ялтас духны хөндий рүү цөмөрсөн, дух яснаас баруун нүдний ухархайн дээд ирмэг дотогш хөндий рүү цөмөрсөн баруун нүдний ухархайн дээд хана баруун духны хөндийн дотор ялтас дээд хэсгээр гавлын хөндий рүү цөмөрсөн дотор ялтас духны хөндий рүү цөмөрсөн хугарал гэмтэл нь мөн Доод уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт гэмтэл нь тухайн хэрэг болсон бичлэгийг үзэхэд савж унах үед үүсэх боломжтой...” гэжээ /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №155 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. ШШҮХ-ийн ШЭШГ-ын шинжээч эмч Б.Даваасүрэнгийн С.Анандын биед шүүх эмнэлгийн үзлэг хийж гаргасан 2020.6.12-ны өдрийн 6683 дугаартай дүгнэлтэд тусгагдсан С.Анандын биед учирсан доод уруулын дотор салстын шарх гэмтэл нь хатуу цементэн гадаргуу дээр өөрийн инерцээр нүүрээрээ доош харж унах үед үүсэх боломжгүй, харин уруул орчимд гараар 1 удаа цохих үед үүсэх боломжтой.  Духны зулгаралт гэмтэл нь хатуу цементэн гадаргуу дээр өөрийн инерцээр нүүрээрээ доош харж унах үед мөн дух орчимд гараар 1 удаа цохих үед аль алинд нь үүсэх боломжтой.
  2. С.Анандын биед учирсан доод уруулын дотор салстын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны зулгаралт гэмтэл  нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэжээ /хх-ийн 116-119 дүгээр хуудас/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 93-96 дугаар хуудас/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 76-77 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...1 ширхэг цагаан өнгийн сидиг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 92 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Н.Мгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 60 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 61 дүгээр хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/, гэрч С.Цолмонгийн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.М нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 23 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах KFC-тэй автобусны буудлын орчимд хохирогч С.Анандыг “ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-т ажиллаж байсан эмэгтэйтэй зүй зохистой харьцлаа” гэж хэлснээс болж маргалдан, улмаар С.Анандыг зодож эрүүл мэндэд нь “доод уруулын дотор салстын шарх” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Анандын мэдүүлэг, гэрч Л.Мөнхтүвшин, Г.Баянбат нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №155 дугаартай дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Н.М нь хохирогч С.Анандын биед хүч хэрэглэсэн байдал, хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг хохирогч, гэрч нараас мэдүүлсэн, эд мөрийн баримтаар тооцсон камерын бичлэгт тусгагдсан, хохирогчийн бие махбодод нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас хэрэг болсон цаг хугацаанд эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал Н.М хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас С.Анандын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн /хохирогчоос гомдол саналгүй талаар илэрхийлсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Н.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Анандаас “...гомдол санал байхгүй....” хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Н.Мг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурав сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ДУЛАМСҮРЭН