Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 43

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх   хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Өлзийтийн 2-13 тоотод оршин суух, /РД:СО71010801/, Мээрэн овогт Лувсандоржийн Оргодолын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар баг Уурхайчин 7-1 тоотод оршин суух, /РД:СГ82110801/, Хардал овогт Хүрэлбаатарын Шижир-Эрдэнэд холбогдох 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Оргодол, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа нар оролцов.

                                                                                   Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Л.Оргодол шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Х.Шижир-Эрдэнэд 1.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлүүлсэн. 2016 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зээлсэн мөнгөө хүүтэй нь хамт төлөх байсан боловч төлөөгүй. Одоо 8 сарын хугацааанд ямар ч мөнгө өгөөгүй, өөрийн төрсөн охин Идэрбаатарын Хэрлэн-Ундрахын Хас банкин дахь хадгаламжийн мөнгөнөөс авч өгсөн байсан. Иймд Х.Шижир-Эрдэнээс анх зээлүүлсэн 1.000.000 төгрөг, 8 сарын хугацаанд төлөөгүй 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х.Шижир-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2016 оны 5 сард Л.Оргодолоос 1.000.000 төгрөгийг 20 хувийн хүүтэй авсан нь үнэн. Манайх одоогоор ямар ч өрхийн орлогогүй байна. 3 дугаар сард нөхөр бид хоёр ажилдаа орж 03 дугаар сарын 30-наас эхлэн сар бүр 400.000 төгрөгөөр төлж барагдуулна” гэжээ.

Нэхэмжлэгч Л.Оргодол шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Шижир-Эрдэнэ нь 2.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

                 Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Л.Оргодол нь хариуцагч Х.Шижир-Эрдэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Х.Шижир-Эрдэнэ нь 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Л.Оргодолоос 1.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлсэн ба үндсэн зээл, зээлийн хүүг тохиролцсон хугацаанд төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Х.Шижир-Эрдэнийн “...би 2016 оны 10 сарын 7-нд 1 саяыг нь өгнө, үлдэгдлийг 1 сарын дараа өгнө, 11 сарын 7-нд өгнө, бүрэн төлж дуусгана...”  гэх нотариатаар гэрчлүүлсэн бичиг зэргээр тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Шижир-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлага болох 2.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбар ирүүлж, маргасангүй. Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Х.Шижир-Эрдэнэд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар түүний нөхөр Мөнгөнсүхэд шүүхийн мэдэгдэх хуудсаар 2017 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон З А Х И Р А М Ж Л А Х нь:

1. Нэхэмжлэгч Л.Оргодолын нэхэмжлэлийн шаардлага 2.000.000  /хоёр сая/ төгрөгийг хариуцагч Х.Шижир-Эрдэнэ нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Шижир-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Оргодолд олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ                                  Р.БАТБАЯР