| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0223/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/204 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Сундуй |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/204
2021 03 25 2021/ШЦТ/204
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч Г.Сундуй,
Шүүгдэгч Г.Ө /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Өд холбогдох эрүүгийн 2109000000297 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 6 дугаар баг, Баянхангай, Дунд өлөнт гудамж, 78 тоотод оршин суух, урьд:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 102 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Сэлэнгэ аймгийн Мандал Сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаартай шүүгчийн захирамжаар 2 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллагдсан,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Ө нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Өвөрсогоот гэх газарт иргэн А.Тогмиддоржтой маргалдаж улмаар түүний эрүүн тус газар гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ө мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2109000000297 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Ө мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сард манай найзууд Эрдэнэбаатар, Жадамба, Тогмиддорж, Анхбаяр бид хэд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байшингийн гадна пасад хийж байсан. 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Бямбацэцэгийн төрсөн өдөр болсон. Төрсөн өдрийг тэмдэглэж байгаад ажиллаж байсан газартаа амрах гээд явж байхад Жадамба ухаан алдсан. Жадамбыг сэргээх гээд бөөнөөрөө байрлаж байсан газар руу өргөж аваад оруулаад Жадамбаад анхны тусламж үзүүлэх гэж байгаад би Тогмиддоржтой маргалдсан. Баруун талын хацар руу нь зүүн гараараа нэг удаа цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Хохирогч А.Тогмиддорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...манай нэг эмэгтэй найзын төрсөн өдөр болсон. Би найзуудын хамт төрсөн өдрийг нь тэмдэглээд орой бид нар унтах гээд байж байтал манай нэг найз Жаагий ухаан алдаад уначихсан. Би Эрдэнэбаатарыг “зай тавиад өг, агаар тавьж өг” гээд Эрдэнэбаатартай маргалдаж байтал Өсөхбаяр хажуу талаас орж ирээд миний баруунд шанаанд зүүн гараараа нэг удаа цохисон. Би эрүүгээ ангайж чадахаа байгаад маргааш нь Гэмтлийн эмнэлэгт очоод үзүүлэхэд “эрүү чинь хугарчихсан байна, томографт үзүүл, хагалгаанд орно” гэсэн. Би 2020 оны 06 дугаар сарын 10-нд хагалгаанд ороод Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч Л.Бямбацэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Сүхбаатар дүүргийн Өвөр-Согоотын тэнд Эрдэнэбаатар, Жадамба, Билгүүнээ, Цээгий, Өсөхбаяр, Тогмиддорж бид хэд байшингийн гадна талын пасадны ажил хийж байсан. Орой Жадамба ухаан алдаад татаж унаад Тогмиддорж “ингэж болохгүй” гээд байхаар нь Өсөхбаяр уурлаад тэр хоёр маргалдсан. Би Жадамбааг ухаан оруулах гээд хажуу талд нь байж байсан учир яг юу болоод байгааг сайн хараагүй. Тогмиддоржийн шүд нь ер нь өвддөг байсан. Өсөхбаяртай маргалдсаны дараа өглөө нь Тогмиддорж “шүд өвдөөд байна” гээд өдөр тийшээ хот руу орсон. Би маргалдаж байхыг харсан. Цохиж байхыг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1111 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч Г.Өын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №102 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-58 дугаар хуудас/, гэрч П.Цэнгэлийн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 47 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Ө нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Өвөрсогоот гэх газарт иргэн А.Тогмиддоржтой тодорхой шалтгаангүйгээр маргалдаж улмаар түүний эрүүн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “эрүү ясны хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Тогмиддоржийн мэдүүлэг, гэрч Л.Бямбацэцэгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1111 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Г.Ө нь хохирогч А.Тогмиддоржийн биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Өын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Тодруулбал Г.Ө хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас А.Тогмиддоржийн биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /эвлэрсэн/, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Өыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Тогмиддоржоос “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлтээ /хх-ийн 47 дугаар хуудас/ илэрхийлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Өыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүйг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломж, нөхцөлийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэхээр хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Хэрэгт хураагдан ирсэн хохирогч А.Тогмиддоржийн 20 хуудас эрүүл мэндийн дэвтрийг түүнд буцаан олгох нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Г.Өг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг дөрөв сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн хохирогч А.Тогмиддоржийн 20 хуудас эрүүл мэндийн дэвтрийг түүнд буцаан олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН