| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2021/0170/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/207 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/207
2021 03 25 2021/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Дуламрагчаа,
Улсын яллагч Д.Даваадорж,
Шүүгдэгч Ч.М /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Мд холбогдох эрүүгийн 1909011420024 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр баг, Хэрх холбоо толгой 1 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, Горкийн 6 дугаар гудамжны 222 тоотод оршин суух, урьд:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 916 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ч.М нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гаме арина” гэх нэртэй цахим тоглоомын газраар үйлчлүүлж байсан иргэн Т.Сандуйжавын сандал дээр тохож тавьсан хүрэмний энгэрийн халааснаас түүний эзэмшлийн “Самсунг А6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 576.000 төгрөгийн хохирол,
2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лоф” гэх нэртэй цахим тоглоомын газраас PS-4 буюу “плейстешн-4” загварын компьютер тоглоомыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ц.Цэрэнжавд 745.070 төгрөгийн хохирол нийт 1.321.070 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1909011420024 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ч.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Монгол Улсын Их сургуулийн 2 дугаар байрны замын эсрэг талд байрлах “Лоф” гэх нэртэй цахим тоглоомын газар руу орсон. Намайг ороход тухайн газар ажиллаж байсан бөгөөд ажиллуулдаг хүн нь байсан. Мөн хүмүүс тоглож байсан. Би тус газраас РS-4 буюу “плейстешн-4” загварын тоглоомыг аваад гарсан. Тэндээс гараад РС тоглоомын газар ороод унтаж байгаад маргааш нь Нарантуул захын “Баялаг-Ундраа” төвийн 3 юм уу 4 давхарт байх нэг ахад “мөнгөний хэрэг болоод байна” гэж хэлээд 100.000 төгрөгөөр тухайн тоглоомыг зарсан. Тэр мөнгөөрөө 13 дугаар хороолол, Бөхийн өргөөний ард байрлах буудалд өрөө аваад архи авч уусан. Тэгээд байж байтал тоглоом авсан газрын эзэн намайг олоод өрөөнд ороод ирсэн ба би зарсан газраа зааж өгч, тус газраас тухайн тоглоомоо аваад явсан... 2019 оны 02 дугаар сарын 28-ны шөнө Баянгол дүүрэг 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гаме арина” нэртэй цахим тоглоомын газарт үйлчлүүлж байсан иргэний гадуур хүрэмний энгэрийн халааснаас “Самсунг А6” загварын гар утас авсан. Тухайн гар утсыг “Монетел” төвийн гадна зогсдог ченжид 100.000 төгрөгөөр зараад архи авч уусан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-50, 138-141, 147-148 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Цэрэнжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 13-ны орой 21 цаг 50 минутын орчимд манай интернет тоглоомын газрын 13 дугаартай өрөө рүү үл таних хүн орж тухайн өрөөнд байсан РS-4 буюу “плейстешн-4” тоглоомыг хулгайлаад аваад явсан байсан. Тухайн хүнийг камерын бичлэгээр шүүгээд царайг нь интернетэд тавьж байгаад 13 дугаар хороололд байрлах “Өлзий” гэх нэртэй зочид буудлаас олж авсан. Тухайн залуу манай байгууллагаас хулгайлсан тоглоомыг “Баялаг-Ундраа” гэх нэртэй төвийн тоглоом зардаг лангуун дээр очиж 100.000 төгрөгөөр зарсан байсан. Би худалдан авсан хүнтэй нь уулзаад өөрийн байгууллагын тоглоомыг эргүүлэн авсан. Тоглоом худалдаж авсан хүнийг Зоригоо гэдэг. ...Манайх хулгайд алдсан тоглоомоо маргааш нь худалдаж авсан хүнээс нь буцааж авсан тул нэхэмжлэх зүйлгүй болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Д.Зоригт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би Нарантуул олон улсын худалдааны төвд лангуу түрээслэн худалдаа эрхэлдэг. 2019 оны 03 дугаар сард нэг залуу над дээр ирээд “плейстешн-4 тоглоом авах уу” гэж хэлсэн. Тэрээр надад хэлэхдээ “мөнгөний хэрэг болоод байна, та энэ тоглоомыг аваач” гэсэн. Тэгэхээр би итгээд 100.000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл хэдэн цагийн дараа эрэгтэй, эмэгтэй хүмүүс ирээд “манай тоглоомыг хулгайлсан байна” гэж хэлсэн. Би “мөнгөө өгөөд ав” гэсэн боловч “хулгайн эд зүйлээ авна” гэсээр байгаад аваад явсан. Би 100.000 төгрөгөө гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
“CD”-нд үзлэг хийсэн тэмдэглэлд “...Ч.М нь тус зааланд орж ирээд тасалгааны хэсгээр тойрч үзэж явах ба 00:04:20 секунтэд дэлгэцний баруун доод буланд харагдах тоглоомын хэсэгт орж ирэн суух ба тухайн хэсэгт ямар нэгэн зүйлээр оролдож байгаа нь анзаарагдана. Ч.М нь 00:06:06 секунтэд тус тоглоомын хэсгээс дөрвөлжин хар өнгийн зүйл авч гадуур хувцасныхаа дотуур энгэртээ хийгээд гарч яваа нь хяналтын камерт бичигдсэн байна...” гэжээ /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “... “Лоф” цахим тоглоомын газраас гаргаж өгсөн хяналтын камерын бичлэгээс хуулбарлан авсан бичлэг бүхий CD-г эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 24 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь компьютерын тоглоом play station 4 болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 745.000 /долоон зуун дөчин таван мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Хохирогч Т.Сандуйжав мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “...Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед “Гаме арина” гэх нэртэй ПС тоглоомын газарт найз нартайгаа уулзахаар орсон. Тус газарт ороод 26 дугаар компьютер дээр суусан. Тухайн үед намайг тоглоод сууж байх үед хажуу талын 25 дугаартай компьютер дээр сууж байсан үл таних залуу миний эзэмшлийн “Самсунг А6” загварын гар утсыг сандал дээр өлгөж тавьсан куртикны халааснаас аваад гарсан байсан. Би тухайн үедээ мэдээгүй ба гарахдаа гар утсаа хулгайд алдсанаа мэдээд камер шүүж үзэхэд хажууд сууж байсан залуу авсан байсан. Би өөрийнхөө алдсан гар утсыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 105-106, 109 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung A6 маркийн гар утас болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 576.000 /таван зуун далан зургаан мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 114-115 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...хохирогч Т.Сандуйжав нь “3 дугаар барьсан залуу мөн байна, уг 1-4 хүртэл дугаартай зурган дээрх хүмүүсийг харахад 3 дугаар барьсан хүнийг би тухайн үед хажуудаа суух үедээ харсан, дараа нь цагдаагийн байгууллага дээр хүртэл таарч байсан учир энэ хүнийг таньж байна...” гэжээ /хх-ийн 142-145 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 73 дугаар хуудас/, гэрч Л.Гансүхийн мэдүүлэг /хх-ийн 112 дугаар хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 65-69 дүгээр хуудас/, хохирогч Т.Сандуйжавын хүсэлт /хх-ийн 146 дугаар хуудас/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.М нь үргэлжилсэн үйлдлээр 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 00 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гаме арина” гэх нэртэй цахим тоглоомын газраар үйлчлүүлж байсан иргэн Т.Сандуйжавын сандал дээр тохож тавьсан хүрэмний энгэрийн халааснаас түүний эзэмшлийн “Самсунг А6” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 576.000 төгрөгийн хохирол,
2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лоф” гэх нэртэй цахим тоглоомын газраас PS-4 буюу “плейстешн-4” загварын компьютер тоглоомыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ц.Цэрэнжавт 745.070 төгрөгийн хохирол нийт 1.321.070 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Сандуйжав, Ц.Цэрэнжав нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Д.Зоригтын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлангууд, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Ч.М нь эд хөрөнгө, мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж хохирогч Т.Сандуйжав, Ц.Цэрэнжав нарт мэдэгдэхгүйгээр сэм нууцаар эд хөрөнгийг нь авсны улмаас тэдгээрт эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгчээс амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгөтэй болж хүсэл хэрэгцээгээ хангахын тулд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа түүнийг хүсэж үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Ч.Мг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Сандуйжаваас “...хохирлоо бүрэн барагдуулж авсан...” гэсэн хүсэлт /хх-ийн 146/, хохирогч Ц.Цэрэнжаваас “...хохирол нэхэмжилж байгаа зүйл байхгүй, тоглоомыг буцаан авсан...” /хх-ийн 27/ гэсэн хүсэлтүүдээ тус илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгчээс гэмт хэргийн замаар олсон эд зүйлээ Д.Зоригтод 100.000 төгрөгөөр худалдсан төлбөрийг барагдуулаагүй байх тул шүүгдэгч Ч.Мгаас уг мөнгөн төлбөрийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Зоригтод олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ч.Мг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид Ч.Мд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогч нарт төлөх төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.М нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 30 хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2-т заасны дагуу түүний цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож /30*8=240/ 240 цагийг хасч /500-240=260/ 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биечилэн эдлэх хугацааг тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Мыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мгийн цагдан хоригдсон 30 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон /30*8=240/ 240 цагийн ажлыг эдлэх ялаас хасаж, /500-240=260/ 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч нарт төлөх төлбөргүй, шүүгдэгч Ч.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мгаас 100.000 төгрөгийн төлбөрийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Зоригтод олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мг шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН