Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/215

 

 

 

 

    20 21       03          26                                      2021/ШЦТ/215

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: Г.Түвшинбаяр;

орчуулагч, хэлмэрч: О.Баярхүү;

шүүгдэгч: Х.М түүний өмгөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.М-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Багзанг хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, Вьетнам засварын газар засварчин ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагч Б.Баасанжаргалын хамт түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.М.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Х.М нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч, хохирогч Б.Баасанжаргалтай эр, эмийн хардалтын улмаас маргалдаж, улмаар алгадах, өшиглөх зэргээр эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, бүсэлхийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 6-7/, хохирогч Б.Баасанжаргалын мэдүүлэг /хх-ийн 8-10, 11, 14-15, 50-52/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13148 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22/, гэрч С.Адъяа /хх-ийн 53/, гэрч Д.Сэр-Од /хх-ийн 55/, гэрч Б.Нямгарав /хх-ийн 16/ нарын мэдүүлэг, Х.М-н яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 29-30, 59-60/, Х.М-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 69-70/ болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.М нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Б.Баасанжаргалын бие махбодод халдан зодож эрүүл мэндэд  нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

   хохирогч Б.Баасанжаргалын /хх-ийн 14-15, 50-52/: “...Би Х.М-тэй  2018 оны зун танилцаж, 2018 оны 09 дүгээр сараас хойш өдийг хүртэл амьдарч байна. 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Х.М намайг хүнтэй хардаж, үүнээс болж бид хоёр маргалдсан. Намайг сууж байхад хацар руу нэг удаа алгадаж бас түлхсэн. Би унахдаа бүсэлхий хэсгээрээ паар мөргөж унасан. Тэгтэл миний эрүү рүү өшиглөсөн. 2020 оны 11 дүгээр сарын 11-13-ны өдрийн хавьцаа дахин маргалдаж миний дух руу гар утас шидэж духны гэмтлийг учруулсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөс хойш түүнтэй дахин уулзаагүй. ...2020 оны 01 дүгээр сард 1 удаа, 03 дугаар сард 1 удаа, 10 дугаар сард 1 удаа тус тус цохиж зодсон асуудлыг харсан хүн байхгүй. ...би цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй, миний биед гэмтэл учирч байгаагүй тул эмнэлэгт зүүлж байгаагүй...” гэх мэдүүлгээр,

 

  Б.Баасанжаргалын биед “духанд зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, бүсэлхийд цус хуралт“ бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13148 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /xx-ийн 21-22/,

 

   гэрч Б.Нямгаравын /хх-ийн 16/: “...Х.М нь 2015 онд хөдөлмөрийн гэрээ буюу НG зөвшөөрлөөр Монгол Улсад орж ирсэн. Тэрээр манай засварын газар хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Тэрээр Б.Баасанжаргалтай 2019 оноос хамтран амьдарч эхэлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хамтран амьдрагч Б.Баасанжаргалтайгаа муудалцсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээр,

 

     Х.М-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 59-60/: “...бид хоёр маргалдаад намайг явуулахгүй байхаар нь Б.Баасанжаргалын эрүү хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

  Дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Баасанжаргалыг зодсоныг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв,  Х.М нь Б.Баасанжаргалыг  зодож хөнгөн гэмтээснийг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.

 

     Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие махбодод хүч хэрэглэн халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Х.М-н гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

     Мөн шүүгдэгч  Х.М дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээж, прокуророос танилцуулсан ялын төрөл, хэмжээг зөвшөөрснийг дурдаж байна.

 

     Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

     Хохирогч Б.Баасанжаргалын “...Х.М-д ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...надаас уучлалт гуйгаад бид 2 эвлэрсэн...” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 51 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

     Харин шүүгдэгч Х.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон учир түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон орчуулагч, хэлмэрчийн зардалд холбогдох баримтыг үндэслэн нийт 650.000 төгрөгийг гаргуулж, үүнээс 550.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт (мөрдөн байцаалтын явцад орчуулагч, хэлмэрчид төлөх зардал), 100.000 төгрөгийг (эрүүгийн хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэхэд  орчуулагч, хэлмэрчид төлөх зардал) орчуулагч, хэлмэрч О.Баярхүүд олгох нь зүйтэй.

 

     Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

     Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Х.М-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

     Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Х.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.5 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М-ээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 650.000 төгрөгийг гаргуулж, үүнээс 550.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн прокурорын газарт, 100.000 төгрөгийг орчуулагч, хэлмэрч О.Баярхүүд тус тус олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХ-ЭРДЭНЭ