Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2017/00048/и |
Дугаар | 1172 |
Огноо | 2017-05-17 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 1172
П.Гэрэлтсансарын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00483 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч П.Гэрэлтсансарын нэхэмжлэлтэй
Хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Э.Уянга
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Гэрэлтсансар 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Эрсдлийн удирдлага, даатгалын хэсгийн ахлагч, Дотоод хяналтын хэсгийн ахлагч, 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Гадаад харилцаа, орон нутаг, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, 2016 оны 3 дугаар сараас Дотоодын байгууллага хариуцсан менежер зэрэг ажил үүргийг гүйцэтгэж байсан. Тус компанид ажиллах хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлж алдаа дутагдал, зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл албан ёсны чөлөөтэй суралцаж байгаад эргэн ажилдаа ортол 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэл өгч ажилтны орон тоо цөөрүүлэх шийдвэр гарч хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар мэдэгдснийг зөвшөөрөөгүй тул бичгээр гомдол гаргасан боловч хариу өгөхгүй байсаар гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/466 дугаар тушаалыг 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан бөгөөд орон тоо хасагдсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан. Миний ажиллаж байсан чиглэл улам өргөжин орон тоо нэмэгдэн хэлтэс болон Дотоодын байгууллага хариуцсан менежерийн адил чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалын нэр солигдсон ч чиг үүрэг бүхий албан тушаал нь байгаа болно. Дотоодын байгууллага хариуцсан менежерийн албан тушаалын ажлын байр байхгүй болоогүй бөгөөд Орон нутаг, хамтын ажиллагааны хэлтэс болон орон тоо нэмэгдэж миний ажлын байрны тодорхойлолтод байгаа орон нутаг хариуцах чиглэлд шинээр ажилтан авсан. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Эрдэнэс таван толгой” ХК-ийн урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, ажилтнуудын чиг үүргийн давхардлыг арилгах үүднээс компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.3.3-т заасныг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 20 тоот тогтоолоор компанийн бүтэц зохион байгуулалт, орон тооны хязгаарыг баталсан бөгөөд тус тогтоолын 2 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгэх захирал 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр А/170 дугаар тушаалаар ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн баталсан. Нэхэмжлэгч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын Дотоодын байгууллага хариуцсан менежерээр ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлын А/170 тоот тушаалаар баталсан компанийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр тус орон тоо хасагдсан. Дотоодын байгууллага хариуцсан менежерийн орон тоо хасагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж П.Гэрэлтсансар 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр танилцаж гарын үсэг зурсан. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлахаар мэдэгдсэний үндсэн дээр 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гүйцэтгэх захирлын Б/466 дугаар тушаалаар П.Гэрэлтсансарыг ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дүгээр зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 2 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон. П.Гэрэлтсансарт Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдэл өгч, ажлаас чөлөөлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасны дагуу “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн П.Гэрэлтсансарыг ажлаас чөлөөлөх тухай Б/466 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй болохыг тогтоолгох, Гадаад харилцаа, орон нутаг, олон нийттэй харилцах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх гомдлын шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу гомдлоор үүсэх маргаанд нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож шийдвэр гаргасанд гомдолтой байна.
1. Шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...дахиад бий болсон Орон нутаг хамтын ажиллагааны хэлтсийн албан тушаалд томилуулахаар тодруулсан. Ийнхүү мэтгэлцээний явцад П.Гэрэлтсансарын ажлын байр цомхотголд ороогүй, Ж.Ганзоригийн одоо эрхэлж буй албан тушаал нь П.Гэрэлтсансарын ажлын чиг үүрэгтэй давхцалтай гэж маргасан нь үндэслэлтэй бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга хэсэгтээ энэ талаар тодорхой бичсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг буруу гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
2. "Эрдэнэс таван толгой" ХК орон тоо, бүтцийн өөрчлөлт хийх болсон шалтгаанаа урсгал зардлыг хэмнэлтийн горимд шилжүүлэх, ажилтнуудын чиг үүргийн давхардлыг арилгах үүднээс бүтэц зохион байгуулалт, орон тооны хязгаарыг баталсан гэх боловч 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гүйцэтгэх захирал өөрчлөгдөж, улмаар шинээр томилогдсон гүйцэтгэх захирал нь намайг албан ёсны чөлөөгөөр гадаадад суралцаж байх хооронд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн бөгөөд "Эрдэнэс таван толгой" ХК-д орон тооны цомхотгол болсон гэдэг үндэслэлгүй. Дотоодын байгууллага хариуцсан менежерийн адил чиг үүргийг хэрэгжүүлдэг албан тушаалын нэр солигдсон ч чиг үүрэг нь байгаа. Өөрөөр хэлбэл, Дотоодын байгууллага хариуцсан менежерийн албан тушаалын ажлын байр байхгүй болоогүй бөгөөд Орон нутаг, хамтын ажиллагааны хэлтэс болон орон тоо нэмэгдэж шинээр ажилтан авсан болох нь "Эрдэнэс таван толгой" ХК-ийн ТУЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 07 тоот тогтоолын 2 дугаар хавсралт, ТУЗ-ийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолын 02 дугаар хавсралт мөн ТУЗ-ийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийи 07 тоот тогтоолын 02 дугаар хавсралт, 2016 оны 20 дугаар тогтоол зэрэг баримтуудаар тогтоогддог. Ийнхүү 6 албан тушаалтантай байсныг 8 болгон нэмэгдүүлж, Орон нутаг хамтын ажиллагааны хэлтэс болон орон тоо нэмэгдэж орон нутаг хамтын ажиллагааны хэлтсийн даргаар Ж.Ганзориг, ахлах мэргэжилтэнээр П.Ганболд нарыг шинээр ажилд авч, П.Ганболдтой 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №2016/539 тоот "Туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ", Ж.Ганзоригтой байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн "Хөдөлмөрийн гэрээ", гэрээний 1.1.1-т албан тушаал "Орон нутаг, хамтын ажиллагааны хэлтсийн дарга /түр/", 1.1.5-т үндсэн цалин 3 895 000 төгрөг буюу гэрээ байгуулсан хугацаа, түр томилсон, цалин хөлсийн хэмжээгээр тогтоогдож байна. Мөн энэ тушаалын төслийг баталснаар дээрх компанийн бүтцээс хасч цөөрүүлэх саналтай 8 ажилтны 6 нь өндөр цалинтай удирдах албан тушаалтан байгаа бөгөөд тэдгээрийн цалингийн сан жилийн 249 840 000 төгрөг болж, 8 ажилтны 2 нь удирдах албан тушаалтны цалингийн сан жилийн 86 340 000 төгрөг байна. Цалингийн сан жилийн 86 340 000 төгрөг гэдэг нь зөвхөн шинээр нэмэгдэж буй 8 ажилтны 2 удирдах албан тушаалтны цалин бөгөөд үлдсэн шинэ 6 ажилтны цалин багтаагүй тул 163 500 000 төгрөгийн хэмнэлт гэдэг нь үндэслэлгүй. Энэ нь цалин хөлсийг бууруулах замаар орон тооны хязгаарыг бууруулахгүйгээр цомхотгол хийж буй мэт ойлгогдож байна. Гэвч цалин хөлсийг бууруулах нь цомхотгол хийх үндэслэл болохгүй.
3. Захиргаа, хүний нөөцийн газрын Дотоодын байгууллага хариуцсан менежерийн албан тушаал нь Орон нутаг хамтын ажшлагааны хэлтсийн даргын албан тушаалтай ижил болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Дотоодын баигууллага хариуцсан менежерийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод шууд харьяалагдах албан тушаал гэдэгт "Захиргаа хүний нөөцийн газрын захирал" гэж байгаа. Шинээр ажилд орсон Орон нутаг хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Ганзоригийн ажлын байрны тодорхойлолтод мөн ингэж бичсэн. Миний бие Гадаад харилцаа орон нутаг олон нийттэй харилцах хэлтсийн дарга байхдаа сард 3 600 000 төгрөг, Дотоодын байгууллага хариуцсан менежер байхдаа мөн хэлтсийн даргын статусаар 3 600 000 төгрөгийн цалин авч байсан. Орон нутаг хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Ганзориг 3 800 000 гаруй төгрөгийн цалин авдаг. Мөн ажлын байрны тодорхойлолтын зорилго хэсэгт "байгууллага болон хамтын ажиллагааны асуудлыг хариуцан ажиллаж, нэгжийн үйл ажшлагааг удирдан зохион байгуулах" гэсэн ижил агуулгатай. Гэтэл Орон нутаг хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Ганзоригийн ажлын байранд орон нутгийн асуудал, орон нутгийн байгууллагатай харилцах хамтын ажиллагааны асуудал ажлын байрны гол үйл ажиллагаа байх ёстой атал санаатайгаар орон нутагтай харилцах чиглэлийг огт дурдаагүй, шүүхэд нотлох баримт гаргаж өгөхдөө хасч бичсэн байгааг шүүх анхаарна уу.
4. Миний бие 2016 оны 10 дугаар сарын 26-нд үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсч өргөдөл гаргасан нь "Эрдэнэс таван толгой" ХК-ийн бүртгэлийн дэвтрийн №585 дугаарт бүртгэгдсэн боловч хариу өгөөгүй. Үнэндээ орон тоо хасагдсан үед ажил олгогч ажилтныг заавал халах эрхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасны дагуу "адил чанарын өөр ажил, албан тушаалд ажилуулах" үүрэгтэй. Гэтэл ажил олгогч хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч П.Гэрэлтсансар хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-д холбогдуулан орон нутаг хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч П.Гэрэлтсансар 2016 оны 3 дугаар сараас “Эрдэнэс таван толгой” ХК-д Дотоодын байгууллага хариуцсан менежерийн ажил үүргийг гүйцэтгэсэн бөгөөд энэ хугацаанд 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл АНУ-д тус байгууллагын шугамаар албан ёсны чөлөөтэй суралцаж байгаад эргэн ажилдаа ороход нь ажилтны орон тоог цөөрүүлэх шийдвэр гарсныг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр мэдэгдэн, мэдэгдэл өгч, компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/466 дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хх-ийн 32/
Уг тушаалд П.Гэрэлтсансартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2.10, 4.19, 4.22, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар тогтоолыг тус тус үндэслэл болгожээ.
Хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийгдсэн талаарх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Захиргаа, хүний нөөцийн газар нь Зохион байгуулалтын хэлтэс, Захиргаа хүний нөөцийн хэлтэстэй байсан бөгөөд уг газар нь 6 орон тоотой байсан. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар “Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай” тогтоолоор Орон нутгийн хамтын ажиллагааны хэлтэс нь 8 орон тоотой болсноос харахад бүтэц өөрчлөгдөж, орон тоо хасагдсан гэж үзэх үндэслэлгүй, орон тооны цомхотгол бодитой хийгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөө талаар Орон нутаг хамтын ажиллагааны хэлтсийн дарга болон, Дотоодын байгууллага хариуцсан менежерийн ажлын байрны тодорхойлолтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны чиг үүргүүд Орон нутгийн хамтын ажиллагааны хэлтсийн даргын чиг үүрэгтэй давхцсан, мөн дээрх 2 албан тушаалын шууд харьяалах дээд удирдлага нь Захираа, хүний нөөцийн газрын захирал болох нь тогтоогдож байна.
Ийм учраас Дотоод байгууллага хариуцсан менежерийн орон тоо хасагдаж, тухайн байгууллагад байхгүй болсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ.
Мөн Орон нутаг хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан “хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа хамтын ажиллагаа, нийгмийн хариуцлагын хүрээнд шийдвэр гаргах, түүний хэрэгжүүлэх” гэсэн чиг үүргүүд мөн нэхэмжлэгчийн гүйцэтгэж байсан “компанийн зүгээс орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах үүднээс нийгмийн асуудлыг судалсан, санал зөвлөмж боловсруулах, дотоод арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, гадаадын байгууллагуудтай уулзалт зохион байгуулах” гэсэн ийм чиг үүргүүдтэй давхцаж байгааг дүгнэн, нэхэмжлэгчийн өмнө нь хийж гүйцэтгэж байсан ажил үүрэг, ажлын байрны нэршил өөрчлөгдсөн боловч албан тушаал нь хэвээр байна гэж үзэх үндэстэй.
Дотоодын байгууллага хариуцсан менежерийн албан тушаалын орон тоо цомхотгосон гэх үндэслэлийг тушаалд дурдсан боловч орон нутаг хамтын ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалыг шинээр бий болгон уг албан тушаалтантай 2 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулснаас үзэхэд орон тооны цомхотгол бодитойгоор хийгдсэн гэх боломжгүй.
Түүнчлэн хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн б/267 дугаар тушаалаар нэхэмжлэгч П.Гэрэлтсансарыг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан захиргааны чөлөөтэй байх хугацаанд бүтцийн өөрчлөлт хийж, түүний ажил, албан тушаалыг хэвээр хадгалах заалтыг ажил олгогч зөрчсөн болох нь “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 20 тоот тогтоолыг үндэслэн, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн баталсан тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А/170 дугаар тушаалаар тогтоогджээ. /Хх 7/
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, П.Гэрэлтсансарыг хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн Орон нутаг хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, түүний нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн ажилгүй байсан 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх 143 хоногийн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 788 275 төгрөг /5 317 091:3=1 772 363.67:21.5=82 435.49*143/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2017/00483 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Гэрэлтсансарыг “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Орон нутаг хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 11 788 275 төгрөгийг хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-иас гаргуулж нэхэмжлэгч П.Гэрэлсансарт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай” гэж,
2 дахь заалтад “дурдсугай” гэснийг “дурдаж, хариуцагч “Эрдэнэс таван толгой” ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 203 562 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Д.БАЙГАЛМАА