Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0238/З |
Дугаар | 221/МА2022/0782 |
Огноо | 2022-12-08 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2022/0782
“Э” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Г, Б.Г, Э.У
Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, Х.Э
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын ахлах байцаагч П.Долгормаа, байцаагч Ч.С, С.Г, Б.Х нарын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000028 тоот Нөхөн ногдуулалтын актаас 27 879 403 381 45 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 16 дугаар тогтоолоор 2018-2019 оны алдангийн дүнг 3 451 144 411 11 төгрөгөөр нэмэгдүүлснийг тус тус хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 599 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Д.С
Хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын ахлах байцаагч П.Д, байцаагч Ч.С, С.Г, Б.Х, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т
Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа
Хэргийн индекс: 128/2022/0238/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Э” ХК-иас Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын ахлах байцаагч П.Д, байцаагч Ч.С, С.Г, Б.Х, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд тус тус холбогдуулан “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын Татварын улсын ахлах байцаагч П.Да, байцаагч Ч.С, С.Г, Б.Х нарын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000028 тоот Нөхөн ногдуулалтын актаас 27 879 403 381 45 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгох, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 16 дугаар тогтоолоор 2018-2019 оны алдангийн дүнг 3 451 144 411 11 төгрөгөөр нэмэгдүүлснийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 599 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 18 дугаар зүйлийн 18.1, 43 дугаар зүйлийн 43.5, 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 он/ 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.6, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.27, 12.8, 12.8.2, 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 13.9, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 Татварын ерөнхий хууль /2019 оны/ 47 дугаар зүйлийн. 47.2, 47.10, 47.11 дүгээр зүйлийн 47.11.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолын, нэхэмжлэгч компанийн 2018-2019 оны алдангийн дүнг 3 451 144 411 11 төгрөгөөр нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч П.Д, байцаагч Ч.С, С.Г, Б.Х нарын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000028 тоот Нөхөн ногдуулалтын актаас 27 879 403 381 45 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Хүлээн зөвшөөрч буй Нөхөн ногдуулалтын НА-21210000028 тоот актын зөрчлийн зүйлийн тухайд:
Нэг. НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1 дэх хэсэгт заасан зөрчил болох “2011-2012 онд “М” ХХК-аас тээврийн хэрэгслүүд худалдаж авахад урамшуулал хэлбэрээр дагалдаж ирсэн Nissan UD 20тн 56-22 УНТ, Nissan Patrol 67-85 УНН 2 автомашиныг 2017 онд балансаас гадуур бүртгэлтэй хөрөнгийг бусад орлогоор хүлээн зөвшөөрч бүртгээгүй, албан татвар ногдуулаагүй”,
Хоёр. НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 3 дахь хэсгийн 3.а-д заасан зөрчил болох “2017 онд “Ч” компаниас авсан 350.0 сая ам.долларын урт хугацаат зээлийн хүүг хугацаандаа төлөөгүйн улмаас 1,6 тэрбумын нэмэгдүүлсэн хүүг төлөхдөө зээлийн хүүгийн зардлаар бүртгэж, татвар ногдуулах орлогыг бууруулсан”,
Гурав. НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 6 дахь хэсэгт “Санхүүгийн тайланд бүртгэсэн Биет бус хөрөнгөөс ТЭЗҮ-гээр батлагдсан нөөцөд хамаарах биет бус хөрөнгийн дүн болон цаашид ашиглахаар тооцоолсон хугацаанд үндэслэн /Зүүн цанхи 27 жил, Баруун цанхи 25 жил/ биет бус хөрөнгийн хорогдуулгыг илүү тооцож албан татвар ногдох орлогыг бууруулсан”,
Дөрөв. НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 8 дахь хэсэгт “Нөхөн сэргээлтийн зардлыг 2018 онд жилийн эцсийн “ТТ-02” Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтын “СТ-30” Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүү зохицуулах тайлангийн “Байнгын зөрүү” хэсгийн бууруулах утга дээр тайлагнаж, албан татвар ногдох орлогыг бууруулсан”,
Тав. НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 14 дэх хэсэгт “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй” гэх зөрчлийн алданги болох 6 291 646.77 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. (торгууль болох 13 147 293.66 төгрөгийг хүлээн зөвшөөрөөгүй).
Хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдах гомдол гаргаж буй Нөхөн ногдуулалтын НА-21210000028 тоот актын зөрчлийн тухайд:
Нэг. НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 12 дахь хэсэгт Экспортод гаргасан нүүрсэнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцолгүй гэрээний үнээр тооцон, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан гэх зөрчлийн тухайд:
Татварын улсын байцаагч нар Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2.2-т заасан хугацааг баримтлан “Э” ХК-ийн 2019 оны 3 дугаар улирлын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталсан маягтын дагуу өссөн дүнгээр татварын албанд гаргахаар зохицуулсныг зөрчиж 2019 оны 7 ба 8 дугаар саруудад борлуулсан нүүрсний үнийг Ашигт малтмалын тухай хуулийн 47.14 дэх хэсэгт заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлон нөхөн төлбөр ногдуулсан гэж тайлбарласан.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 27 дугаар хуудсанд “...журмын дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч 2019 оны 3 дугаар улирлын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталсан маягтын дагуу өссөн дүнгээр гаргаж, журмын 2.2-т заасан хугацааг баримтлан татварын албанд гаргахаар зохицуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчээс гаргасан “...7, 8 сарын экспортолсон нүүрсний Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийг 2014 оны 220 дугаар тогтоолын дагуу, түүний тайлагналыг 2019 оны 342 дугаар тогтоолын дагуу тайлагнана” гэх тайлбарыг шүүх хүлээж авах үндэслэлгүй” гэж дүгнэсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр баталсан 342 дугаар тогтоолын 02 дугаар хавсралт “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2.2-т “Аж ахуйн нэгж нь тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд энэ журамд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайлан, мөн журамд заасан мэдээ, мэдээллийн хамт харьяалах Татварын албанд хүргүүлнэ. 2019 оны III улирлын тайланд энэ журмыг баримтална.” гэж зааснаас үзэхэд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталсан маягтын дагуу өссөн дүнгээр гаргах татварын тайлагналын харилцааг зохицуулаагүй бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг журмын нөхцөл, шаардлагын дагуу гэрээний үнээр тооцуулах тохиолдолд тус журамд заасан мэдээ, мэдээллийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангийн хамт татварын албанд хүргүүлэх харилцааг зохицуулсныг шүүх буруу хэрэглэсэн.
2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Ашигт малтмалын тухай хуулийн 47.10-д “Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад энэ хуулийн 47.1-д заасан Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайлангаар хийсэн эцсийн тооцоогоо дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлнө”, Засгийн газрын 2014 оны 220 дугаарын тогтоолын 1 дүгээр хавсралт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 3.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн сард худалдсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараа сарын 10-ны дотор улсын төсөвт төлнө.”, мөн тогтоолын 2 дугаар хавсралт “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын 2.2-т “Аж ахуйн нэгж тухайн сард экспортолсон нүүрсний Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг нүүрс борлуулах гэрээний үнийг үндэслэн тооцуулах тохиолдолд энэ аргачлалд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, энэ аргачлалд заасан мэдээ, мэдээллийн хамт Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайланд хавсарган харьяалах татварын албанд хүргүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь 2019 оны 1-8 саруудад ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хууль, журмын дагуу ногдуулж, Цаг хугацаанд нь төлж байсан. Тодруулбал, хавтаст хэргийн 1 дүгээр ботийн 211-213 дугаар хуудаст 7-9 саруудын борлуулсан нүүрсний борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр тооцуулах тухай албан тоотууд, 221-222 хуудаст 1-8 саруудын борлуулсан нүүрсэнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “КТ” баганад ногдуулж, “ДТ” баганад төлж байсан дансны бүртгэл, 223 дугаар хуудаст ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлсөн дансны бүртгэл, 224-230 хуудаст байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн төлбөрийн даалгавар зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.
Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 130 дугаар хуудаст татварын улсын байцаагчдын хариу тайлбар болон шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 27 дахь хуудсанд “Э” ХК нь 2019 онд борлуулсан нүүрсэнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 02 дугаар хавсралт “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын 2.5-д “Аж ахуйн нэгж нь энэхүү аргачлалын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан нүүрс борлуулах гэрээ, 5 дугаар зүйлд заасан мэдээ, тайлан, тайлбарыг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасан хугацаанд үнэн зөв, иж бүрэн ирүүлсэн бол татварын алба уг аж ахуйн нэгжийн төсөвт төлөх Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тухайн аж ахуйн нэгжийн борлуулалтын гэрээнд үндэслэн эцсийн тооцоог хийж, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталгаажуулна.” гэж 2.7-д “Аж ахуйн нэгжийн тухайн сард экспортолсон нүүрсний энэ аргачлалын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь ижил ангилал, стандарт бүхий нүүрсийг хилийн ижил боомтоор тухайн сард экспортолж байгаа бусад аж ахуйн нэгжийн энэ аргачлалын 2.2-т заасны дагуу тодорхойлсон үнээс 10 ба түүнээс дээш хувиар зөрүүтэй байвал татвар ногдох борлуулалтын үнэлгээг энэ аргачлалын 2.1-д заасны дагуу тооцно.” гэж заасан ба нэхэмжлэгч нь энэ аргачлалын дагуу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж, төлсөн байна” гэж нэхэмжлэгчийн 2019 оны 1-8 сарын борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тус журмын дагуу ногдуулж, төлсөн талаар хүлээн зөвшөөрсөн тайлбар болон дүгнэлт хийсэн.
Гэвч 7 болон 8 сард борлуулсан нүүрсний борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын аргачлалын дагуу биш, 2019 оны 342 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын журмын дагуу тооцно гэж шүүх шийдвэрлэсэн нь маш ойлгомжгүй шийдвэр болсон байна. Тодруулбал, 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Засгийн газар 342 дугаар тогтоолыг хавсралтуудын хамт баталсан. Тус тогтоолын 4 дүгээр зүйлд Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон. Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7-т “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно.” гэж зааснаас үзэхэд 2019 оны 342 дугаар тогтоолд дагаж мөрдөх өөр хугацаа заагаагүй тул тус тогтоол гарсан өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хүчин төгөлдөр болох бөгөөд 2014 оны 220 дугаар тогтоол нь мөн сарын 03-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. Мөн хавтаст хэргийн 2 дугаар ботийн 24 дэх хуудаст Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн x/603 тоот албан бичгээр “2019 оны 342 дугаар тогтоол нь гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болох тухай” хариу нэхэмжлэгч компанид ирүүлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн 7 болон 8 сарын борлуулсан нүүрсний борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын аргачлалын дагуу тооцсон нь зөв болохыг нотолж байна.
Харин Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын 02 дугаар хавсралтаар баталсан журмын 2.2-д “...2019 оны III улирлын тайланд энэ журмыг баримтална.” гэдэг нь зөвхөн тус журмын 2.2-т хамааралтай буюу аж ахуйн нэгж нь тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг гэрээний үнээр тооцуулах тохиолдолд энэ журамд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайлан, мөн журамд заасан мэдээ, мэдээллийн хамт харьяалах Татварын албанд хүргүүлэхэд 2019 оны III улирлын тайланд баримтлах болохоос тус журмын бусад зохицуулалтад хамааралтай ойлголт биш юм. Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 4.6-д “Монгол банк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдээс бусад Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээ, төлбөрийн нийт хэмжээг мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус байгууллагад хүргүүлнэ. 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална.” гэж зохицуулснаас үзэхэд “2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална" гэдэг нь зөвхөн тус журмын 4.6-д заасан зохицуулалтад хамаарах болохоос тус журамд бүхэлд нь хамааралтай ойлголт биш болно. Хэрэв дээрх 2 зохицуулалтад орсон “2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална” агуулга бүхий зохицуулалт нь 1, 2 дугаар хавсралтуудаар баталсан журмуудад бүхэлд нь үйлчлэх зохицуулалт гэвэл эрх зүйн хувьд маш ойлгомжгүй байдлыг бий болгоно. Тодруулбал, Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоол 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүчин төгөлдөр болж, түүний хавсралтуудаар баталсан журмууд 2019 оны III улирал буюу 07 дугаар сарын 01-ний өдрөөс үйлчлэх шаардлагатай болж байна. Ингэснээр 2019 оны 7 болон 8 дугаар сард Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол, 2019 оны 342 дугаарын тогтоол 1, 2 дугаар хавсралтаар баталсан журмууд нэгэн цаг хугацаанд зэрэг үйлчлэх ойлгомжгүй байдал бий болгож байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бол бусад татвартай харьцуулахад маш өвөрмөц зохицуулалттай татвар юм. Тухайлбал олон нийтийн хамгийн их мэддэг Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар гэх мэт болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бусад бүх татварууд тайлагналын үед татварын ногдуулалт хийх зохицуулалттай байдаг. Өөрөөр хэлбэл, заавал тухайн татварын тайлан гарч байж, татварын ногдуулалтаар татварын өр үүсдэг. Харин ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бол Ашиг малтмалын тухай хуулийн 47.10-д зааснаар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн ашигт малтмалд ногдох тухайн сарын төлбөрийг дараагийн сарын 20-ны өдрийн дотор ногдуулж, төлөх тусгайлсан зохицуулалттай байна. Энд заавал Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн татварын тайлан гарч байж, татварын ногдуулалтаар татвараа төлдөггүй болох нь харагдаж байна.
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг Ашигт малтмалын тухай хуулийн 47.11-д зааснаар татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор тус тус ирүүлэхээр зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь сар бүрийн ногдуулалтыг дараагийн сарын 20-ны дотор хийж, татвараа төлдөг, харин тайланг өссөн дүнгээр буюу тухайлбал 2019 оны 3 дугаар улирлын тайлан нь 2019 оны 1-9 сарын сар бүрийн ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмсэн дүнгээр тайлагнах юм. 2019 оны 1-6 сарын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, мөн оны 7-8 сарын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 9 сарын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 18,3 тэрбум төгрөг, 2019 оны 1-9 сарын нийт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу 2019 оны 3 улирлын тайлагнагдах дүн 173.3+43.1+18.3=234.7 тэрбум төгрөг (2019 оны 3 дугаар улирлын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан 1 дүгээр хавтаст хэргийн 110 дугаар хуудасны ар талд 11: Боловсруулаагүй нүүрс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нийт дүн 234.695 тэрбум төгрөг) болно.
Энэ нь нэхэмжлэгч компани нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн борлуулалтын үнэлгээг 2019 оны 1-8 сард Засгийн газрын 2014 оны 220 дугаарын тогтоолын дагуу, 9 сард Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын дагуу тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж Ашигт малтмалын тухай хуулийн 47.11-д заасны дагуу өссөн дүнгээр тайлагнасан. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийн 47.10, Засгийн газрын 2014 оны 220 дугаарын тогтоолын 1 дүгээр хавсралт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлал”-ын 3.1-д тухайн сард ногдох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн төлбөрийг төлөх тухай зохицуулалт болон холбогдох ач холбогдол бүхий нотлох баримтуудыг харгалзан үзэхгүйгээр, зөвхөн мөн хуулийн 47.11-д заасныг үндэслэн нэхэмжлэгч компанийн 2019 оны 3 улирлын Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг өссөн дүнгээр гаргахдаа 2019 оны 7-8 сарын борлуулалтын үнэлгээнд Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор биш 2019 оны 342 дугаар тогтоолын дагуу тооцохоор болж байгаа нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг буцаан хэрэглэсэн тохиолдол болж байна.
Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, 2019 оны 7, 8 сард ногдох Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн нөхөн татвар 10 416 909 457.28 төгрөг, түүний торгууль 3 125 042 837.16 төгрөг, нийт 13 541 952 294.44 төгрөгийн төлбөрийг ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 12 дахь хэсгийн дүнгээс бууруулж өгнө үү.
Хоёр. НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 5 дахь хэсэгт Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь гаалийн хяналтын талбайн зориулалттай /460101062 дугаар бүхий 13.5 га, есөн жилийн хугацаатай/ газар эзэмших эрхэд хорогдуулга тооцож албан татвар ногдох орлогыг бууруулсан гэх зөрчлийн тухайд:
Татварын улсын байцаагчид Татварын тайлангийн зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй” гэж заасныг зөрчиж өөрийн эзэмшлийн газарт элэгдэл, хорогдлын шимтгэл байгуулсан гэж тайлбарласан.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 23 дахь хуудсанд “ ...Иймээс татвар төлөгч нь санхүүгийн тайлангийн зорилгоор НББОУС-ын 38-д заасны дагуу өөрийн эзэмшлийн газрыг “биет бус хөрөнгө”-өөр бүртгэж, хорогдуулга тооцох нь стандартын дагуу боловч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй” гэж зааснаар Татварын тайлангийн зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу өөрийн эзэмшлийн газарт элэгдэл. хорогдлын шимтгэл тооцохыг хулиар тусгайлан хориглосон байна” гэсэн боловч үргэлжлүүлэн “Иймд өөрийн эзэмшлийн газрыг Нягтлан бодох бүртгэлд “биет бус хөрөнгө” гэж бүртгэсэн эсэхээс үл хамаарч тухайн газарт элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохооргүй байх тул гомдол гаргагчийн “газар эзэмших эрхийн гэрчилгээ” буюу Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай
хуулийн 13.2 дахь заалтын хүснэгтийн 5-д хамаарах ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгийг “газар” гэсэн хуулийн заалтад хамааруулж, элэгдэл, хорогдол тооцохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй...” гэж эсрэг дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгчийн зүгээс Татварын улсын байцаагч нар “газар эзэмших эрх”-ийг “газар”-тай андуурч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.9 дэх заалт “Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй" гэсэн заалтыг “газрын эрх”-д хамааруулж, газрын эрхийг биет бус хөрөнгө гэж үздэг дэлхий нийтийн жишгийг буруугаар ойлгож, хэрэглэсэн гэж үзэхээр байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/- ийн 13.2 дахь заалтын хүснэгтийн 5-д хамаарах “ашиглах хугацаа нь тодорхой биет
бус хөрөнгө”-д “газар эзэмших эрх” орох тул манай компанийн зүгээс биет бус хөрөнгөд элэгдэл, хорогдол тооцох ёстой гэж гомдол гаргасныг шүүх ойлголтын зөрүүтэй дүгнэж, хуулийг буруу хэрэглэн алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “газар” гэж газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхаргыг гэж, газрын эрхийг тус хуулийн 3.1.2-3.1.4 хүртэл буюу газар өмчлөх, эзэмших, ашиглах гэсэн агуулгаар тодорхойлж тусгасан байдаг. Түүнчлэн Сангийн сайдын 2017 оны 361 дүгээр тушаалаар батлагдсан “Санхүүгийн тайлан, тодруулгыг бэлтгэх заавар”-т биет бус хөрөнгөд “газар эзэмших эрх”-ийг оруулахаар заасан. Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “биет бус хөрөнгө” гэж биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийнхөө эзэмшигчид эрх, давуу эрх, онцгой эрх олгож байгаа эдийн бус хөрөнгийг” гэж заасан. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн заалтууд нь газар ¹ газрын эрх, газрын эрх=биет бус хөрөнгө гэсэн томьёоллыг бий болгодог.
“Э” ХК-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрын алба 9 жилийн хугацаатайгаар, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр, 000302943 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 13.1-д “албан татвар төлөгчийн 1 жилээс дээших хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 12.1.5-д заасан элэгдэл, хорогдлын шимтгэл тооцно”, 13.2.5-д “ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө” гэж тус тус заасны дагуу газар эзэмших эрх нь түүний хүчин төгөлдөр байх хугацаа буюу 9 жилийн хугацаанд элэгдэл, хорогдол тооцох биет бус хөрөнгө юм.
Татварын улсын байцаагчид болон шүүх нь газар эзэмших эрхийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.9-т заасан “Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй” гэсэн заалтыг хэрэглэж газар эзэмших эрхэд элэгдэл, хорогдол тооцохгүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаатай байна. Өөрөөр хэлбэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хулийн 13.9-т заасан “газар” гэдэг нь Газрын тухай хуулийн 3.1.1-д заасан ойлголт буюу бодитоор, биетээр оршин байх газарт хамааралтай ойлголт бөгөөд газарт өөрт нь элэгдэл, хорогдол тооцдоггүй олон улсын жишгийг баримталсан заалт юм.
Газрын тухай хуулийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасны дагуу Аж ахуйн нэгжид газар өмчлүүлдэггүй тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.9 дэх заалтыг зөвхөн Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 18.1-д “Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.1-12.1.3, 12.1.5-12.1.14, 12.1.17, 12.1.19-12.1.26-д заасан зардлыг хасаж, 12.2, 12.3, 12.5-12.8-д заасан зарчмыг баримталж 13-15 дугаар зүйлийг дагаж мөрдөнө” гэж заасны дагуу иргэний өмчилсөн газарт хамааруулж ойлгодог. Өөрөөр хэлбэл хувь хуний аж ахуйн үйл ажиллагааны зорилгоор ашиглаж буй өмчилсөн газарт элэгдэл, хорогдол тооцохтой холбоотой асуудлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.9 дэх заалтаар зохицуулдаг юм.
Татварын улсын байцаагч нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 13 дугаар зүйлийн 13.2 дах заалтын хүснэгтийн 5 дугаар мөрөнд “Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө /Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна/” гэсэн заалтад газрын эрхийг хамааруулахгүй, энэ нь зөвхөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлд хамаарна гэж тайлбарлаж байгаа өрөөсгөл юм.
Энэ заалтад ашиглах хугацаа нь тодорхой байгаа бүх биет бус хөрөнгийг хамааруулж авч үзнэ. Хаалтад “Үүнд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хамаарна” гэсэн нь “лицензийг энэ заалтад бас хамааруулна” гэдгийг тодотгож өгсөн тайлбар юм. Хэрвэ зөвхөн хайгуулын болон ашиглалтын лицензэд энэ заалт үйлчилнэ гэж үзэх юм бол хаалтад бичих шаардлагагүй, шууд л хүснэгтдээ бичих ёстой. Монгол хэлний дүрмээрээ ч “Үүнд” гэсэн үг нь уг агуулгад багтах зүйлсээс тодруулж тайлбарлахыг хэлдэг. Монгол хэлний тайлбар тольд “хаалтад бичих” гэдгийг тайлбарлахдаа өгүүлбэрт ямар нэгэн зүйлийн утга санааг тодруулах, тодотгох үүднээс хэрэглэдэг тусгай тэмдэглэгээг хэлнэ гэсэн байна.
Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны 6 дугаар тэмдэглэлийн 16 дугаар хуудсанд тус маргаан таслах зөвлөлийн гишүүд газар, газрын эрхийн асуудалд харилцан өөр байр суурьтай оролцож байсныг шүүх анхаарч үзнэ үү.
Иймд дээрх зөрчилд тооцож буй үндэслэл нь хуулийг буруу хэрэглэсэн байх тул хүчингүй болгож өгнө үү.
Гурав. НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 7 дахь хэсэгт Уурхайн нөхөн сэргээлтийн хаалт, нөхөн сэргээлтийн буулгалт хөрөнгийн дансыг хорогдуулж, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал элэгдэл, зардлын нэгтгэл дансанд бүртгэж, албан татвар ногдох орлогыг бууруулсан гэх зөрчлийн тухайд:
Татварын улсын байцаагч нар “Э” ХК-ийн 2017 оны 5.6 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн зардлыг 2018 оны жилийн эцсийн “ТТ-02” Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн маягтын “СТ-30” Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүү зохицуулах тайлангийн “Байнгын зөрүү” хэсгийн бууруулах утга дээр тайлагнаж, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд төлбөр ногдуулсан гэж тайлбарласан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 25 дахь хуудсанд “...Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.27 “...Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8, 39.1.9-д заасны дагуу байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө, 13.1. Албан татвар төлөгчийн 1 жилээс дээших хугацаанд ашиглах хөрөнгөд энэ хуулийн 12.1.5-д заасан элэгдэл хорогдлын шимтгэл тооцно”, 13.2-т “Үндсэн хөрөнгийг дор дурдсан хугацаагаар ашиглахаар тооцож, түүний элэгдэл, хорогдлын шимтгэлийг шулуун шугамын аргаар дараах байдлаар байгуулна...” гэж зааснаар байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн хөрөнгийг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохоор байна...нийт 4,7 тэрбум төгрөгийн төлбөр ногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв” гэжээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль/2006/-ийн 12.1 “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: ...12.1.27. Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8, 39.1.9-т заасны дагуу байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө” гэж заасан байгаа нь татвар төлөгч нөхөн сэргээлтийн зориулалтаар төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн татвар ногдох орлогоос хасахыг хуульчлан тайлбарласан. Иймд бид татварын хяналт шалгалтаар уурхайн нөхөн сэргээлтийн хаалт, нөхөн сэргээлтийн буулгалт хөрөнгийг элэгдүүлсэн, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд бүртгэн, татвар ногдуулах орлогыг бууруулсан... зөрчилд төлбөр ногдуулсан” гэж тайлбарласан.
Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж журмын тухай хуулийн 3-д “2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ.” 4-д “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.” гэж зааснаас үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших татварын хяналт шалгалтыг 2019 оны Татварын ерөнхий хуулийн дагуу, 2020 оноос өмнөх татварын харилцаанд 2019 оны татварын шинэ хуулиар татвар төлөгчийн эрх зүйн байдал дордож байвал тухайн үеийн мөрдөж байсан хуулийн зохицуулалтыг хэрэглэхийг зааж өгсөн.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуль/ 2019/-ийн 13.4-д “Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч, гэрээлэгчийн байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын зардалд хуримтлуулах мөнгөн хөрөнгийг тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйл ажиллагааны зардалд оруулан хасаж тооцно.” гэж зааснаас үзэхэд 2006 оны хуульд орхигдсон байсан нөхөн сэргээлт, уурхайн хаалтын зардлын зохицуулалтыг шинээр оруулж, тусгай зориулалтын дансанд мөнгөн хөрөнгө төвлөрүүлсэн биш, тооцооллоор ирээдүйд гарах, хуримтлуулах мөнгөн хөрөнгийг хасаж тооцохоор зохицуулсан. Мөн тухайн заалтыг хэрхэн хэрэгжүүлэх талаар одоо болтол зохицуулсан журам гараагүй байна. Тухайлбал, мөнгөн хөрөнгийг тусгай дансанд байршуулах уу?, Эсхүл компанийн дансанд байршуулах уу?, компанийн дансанд байршуулдаг бол түүнийг барьцаалж болох эсэх гэсэн тодорхойгүй асуудлууд байсаар байна. Иймд уурхайн нөхөн сэргээлт, уурхайн хаалтын зардлыг татвар төлөгчийн татвар ногдуулах орлогоос хасаж тооцохоор зохицуулсан байх тул Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хулийн 4-д заасны дагуу татвар төлөгчийн эрх зүйн байдал дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой.
Хэрэв уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардлаар тооцож хасаагүй тохиолдолд хойшлогдсон татварын хөрөнгөөр бүртгэх шаардлага үүснэ. Гэвч хойшлогдсон татварын хөрөнгийг ирээдүйн татварын өрийг багасгах хангалттай орлоготой байхыг шаарддаг. ТЭ3Ү-д заасан хугацааны дараа уурхай орлого олохгүй тул дээрх зардлыг хойшлогдсон татварын хөрөнгөөр бүртгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл уурхай хаагдах хүртэл хугацаанд 589 тэрбум төгрөгийн нөхөн сэргээлтийн зардал хуримтлагдах бөгөөд уг зардлыг хойшлуулснаар 147 тэрбум төгрөгийн хойшлогдсон татварын хөрөнгө үүсэх ба үүнийг хаах татвар ногдох орлого олохгүй юм.
Иймд хууль тогтоомжид заасан татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, хууль хэрэглээний алдааг залруулж өгнө үү.
Дөрөв. НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 14 дэх хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар ногдуулсан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй гэх зөрчлөөр ногдуулсан торгууль болох 13 147 293.66 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тухайд:
2017 оны 348 233 515.81 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд нь төлөөгүй зөрчилд 13 147 293.66 төгрөгийн торгууль, 6 291 646.77 төгрөгийн алдангийг нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан.
Татварын ерөнхий хууль /2019/-ийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Татварын хяналт шалгалтыг хийх явцад Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил илэрсэн тохиолдолд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйл Шийтгэл оногдуулах, мөн
зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас хэлбэртэй байна.” гэж зааснаас үзэхэд татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол зөрчлийн тухай хуульд заасан зөрчил бөгөөд түүнд шийтгэл оногдуулах шийдвэр нь шийтгэлийн хуудас байна.
Татварын ерөнхий хууль /2019/-ийн 79 дүгээр зүйлийн 79.4.3-д зааснаар нөхөн ногдуулалтын акт үйлдэх үндэслэл нь татвар төлөгчид хууль тогтоомжийн дагуу татварыг нөхөн ногдуулж хариуцлага хүлээлгэх, алданги тооцох юм. Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актад гомдол гаргасан тохиолдолд Маргаан таслах зөвлөлд гаргана. Харин хугацаандаа төлөөгүй татварт холбогдох шийтгэлийн хуудаст гаргах гомдлоо Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргах хуулийн зохицуулалттай байна. Өөрөөр хэлбэл Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд шийтгэлийн хуудсаар биш, нөхөн ногдуулалтын актаар хариуцлага тооцох нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон Татварын ерөнхий хуулиудыг зэрэг зөрчихөд хүргэж байна.
Бид энэхүү зөрчилд хариуцлага хүлээлгэх эсэх талаар огтоос маргаагүй бөгөөд энэ зөрчилд хариуцлага хүлээлгэхдээ татварын улсын байцаагч нар холбогдох хуулиудыг зэрэг зөрчиж, шийтгэлийн хуудсаар оногдуулах шийтгэлийг нөхөн ногдуулалтын актаар хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Татварын улсын байцаагч захиргааны байгууллага бөгөөд гагцхүү хууль дээдлэх, хуульд үндэслэн аливаа шийдвэрийг гаргах учиртай. Гэтэл процессын хуулийг зөрчиж, хариуцлага хүлээлгэж байгаа үйлдлийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь маш ойлгомжгүй байна. Хугацаанд нь төлөөгүй татварт торгууль оногдуулахдаа татварын улсын байцаагч Татварын ерөнхий хуулийг хэрэглэх үү? Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг хэрэглэх үү? гэсэн маш тодорхой асуудалд шүүх маш бүрхэг дүгнэлт хийсэн.
Иймд татварын улсын байцаагч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул энэ зөрчилд холбогдох торгуулийг хүчингүй болгож өгнө үү.
Тав. НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актаар нөхөн ногдуулсан татварт алданги ногдуулсан тухайд:
1 дүгээр хавтаст хэргийн 132 дугаар хуудаст Татварын улсын байцаагч нарын хариу тайлбарт Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасныг удирдлага болгосон гэж тайлбарласан.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 29 дэх хуудсанд “... хуулийн дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компанийн 2017-2019 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн тул тухайн маргаанд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан Татварын ерөнхий хуулийн /2019 оны шинэчилсэн найруулга/ 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй, харин Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг баримтлан алдангийн хэмжээг тогтоосон нь зөв гэж шүүх үзлээ” гэж дүгнэсэн.
Монгол Улсад татвар ногдуулах 2 субъект байдаг. Нэг нь татвар төлөгч өөрөө татвараа тодорхойлон ногдуулдаг бол хоёр дахь нь татварын алба татвар төлөгчийн ногдуулсан татварыг бүрэн ногдуулалт хийсэн эсэхийг хянаж, дутуу ногдуулсан бол нөхөн ногдуулалт хийдэг. Энэ нь татвар төлөгчийн өөрөө тодорхойлон ногдуулсан татвараа тайлагнах замаар хэрэгждэг бол татварын албаны тодорхойлсон нөхөн ногдуулсан татвар нь нөхөн ногдуулалтын акт болон шийтгэлийн хуудсаар хэрэгждэг 2 тусдаа хуулийн зохицуулалттай үйлдэл юм. Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 73 дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох...” гэж зааснаас үзэхэд зөвхөн татвар төлөгчийн өөрөө тодорхойлон ногдуулсан татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор байна. Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй гэдэгт татварыг Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ 50 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй байхыг ойлгоно. Харин татварын албаны хяналт шалгалтаар тодорхойлсон нөхөн ногдуулсан татварт алданги тооцох тухай хуулийн зохицуулалт байхгүй болсон. Учир нь Монгол улсын Татварын ерөнхий хууль /1992/-ийн 13 дугаар зүйлийн 1.3-д “татвар ногдох зүйлийн тоо хэмжээг болгоомжгүйгээр бууруулсан бол ногдох татварыг нөхөн төлүүлж, саатуулсан хоног тутам нөхөн төлүүлсэн татварын дүнгээс бодож 1 хувийн хүү ногдуулах. Хүүгийн хэмжээ нь төлбөл зохих татварын 50 хувиас хэтэрч болохгүй”, Татварын ерөнхий хууль /2008/-ийн 74.1-д “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна.” 1992 оноос хойших 30 жилийн хугацаанд нөхөн ногдуулсан татварт хүү болон алданги тооцох хуулийн зохицуулалттай байсан.
Нөхөн ногдуулсан татварт алданги тооцно гэдэг нь татварын алба, татвар төлөгчид нэгэнт хэвшсэн, тогтсон ойлголт болсон байна. Энэ нь 1992-2020 он хүртэлх хугацаанд нөхөн ногдуулсан татварт алданги тооцохыг хуулиар маш тодорхой зааж өгсөнтэй холбоотой. Гэтэл 2019 оны Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-д нөхөн ногдуулсан татварт алданги тооцох зохицуулалт ороогүй.
Нөхөн ногдуулсан татварт алданги тооцох хуулийн зохицуулалтгүй болохоор Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай, хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар 2019 оны Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдал дээрдэж байна. Татварын нөхөн ногдуулалтын актаар илрүүлсэн зөрчилд ногдох нөхөн татварын 2017-2019 онуудын алдангийг татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан 2008 оны Татварын ерөнхий хуулиар биш, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2019 оны Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-иар шийдвэрлэх юм. Гэтэл шүүх татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 397 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад өөрчлөлт оруулж, НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актын тогтоох хэсгээс 13 956 753 746.15 төгрөгийн нөхөн татвар, 4 200 143 417.48 төгрөгийн торгууль, 1 156 011 674.96 төгрөгийн алданги нийт 19 312 908 838.59 төгрөгийн төлбөр ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
Анхан шатны шүүх “...нөхөн ногдуулалтын актад өөрчлөлт оруулж, актаар тогтоосон төлбөрийн дүнг шууд нэмж тооцон нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах эрх Маргаан таслах зөвлөлд хуулиар олгогдоогүй” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн Маргаан таслах зөвлөлд холбогдох заалтыг буруу тайлбарлаж, хэрэгт авагдсан болон маргааны үйл баримтыг буруу үнэлснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.
1. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын удирдамж, томилолтын дагуу “Э” ХК-д хийсэн татварын хяналт шалгалтыг хийсэн. Татварын хяналт шалгалтын явцад 318 453 310 143.42 төгрөгийн зөрчил илэрч, татварын улсын байцаагчдын 2021 оны НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актаар нийт 62 209 171 287.36 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.
2. “Э” ХК нь дээрх нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасныг Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.5.2 дахь хэсэгт зааснаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл хүлээн авч, хянаад 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, 16 дугаар тогтоолоор актаар тогтоосон нийт 62 209 171 287.36 төгрөгийн төлбөрөөс 27 636 061 701.16 төгрөгийг хасаж, 34 573 109 586.20 төгрөг төлүүлэхээр тогтоосон. Үндсэндээ Маргаан таслах зөвлөл актаар тогтоосон төлбөрийг нэмэх бус харин ч 27 тэрбум төгрөгөөр бууруулж шийдвэрлэсэн үйл баримтыг анхаарахгүйгээр “актаар тогтоосон төлбөр дээр 3,4 тэрбум төгрөгийн алдангийн дүнг нэмэгдүүлж, Маргаан таслах зөвлөл өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон бөгөөд энэ талаарх баримтыг буруу үнэлсэн. Үндсэн дүнгээс бууруулсан, актаар тогтоосон төлбөр дээр нэмэгдүүлээгүй асуудалд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.
3. 2018, 2019 оны алданги 3 451 144 411.11 төгрөгийн тооцооллын үндэслэл, Маргаан таслах зөвлөлд хуулиар олгогдсон эрх хэмжээний талаар, Маргаан таслах зөвлөл “Э” ХК-ийн гомдлын хүрээнд хянан магадлах явцад нэхэмжлэгчийн зүгээс “...алданги тооцох ёсгүй” гэж маргасантай холбоотойгоор магадлагч тооцооллын болон хууль зүйн дүгнэлт үүднээс хянан, магадлахад татварын улсын байцаагч зөрчлийг тогтоож, нөхөн ногдуулсан атлаа хариуцлага болох алдангийг тооцох /хариуцлага гарцаагүй байх зарчим болон хуулийг зөрчсөн зөрчил/ ёстой байтал Татварын хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн илэрхий алдааг актаар тогтоосон төлбөрийг бууруулж байгаа дүнгээс үлдээх байдлаар өөрчлөлт оруулан залруулсан.
Зөрчилд нөхөн ногдуулсан дүн тодорхой, алдангийн хувь хэмжээний тооцооллын хувьд маргаангүй, дахин буцаахад нөхцөл байдал өөрчлөгдөхгүй. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын удирдамж, томилолтоор хийсэн тул зохион байгуулалтын хувьд дээд шатны татварын алба гэж байхгүй тул Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.11, 47.11.1-д “...актыг дахин шалгуулахаар доод шатны татварын албанд буцааж” гэх гол нөхцөл хэрэгжих хууль зүйн боломжгүй байсан.
Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хэлэлцсэний үр дүнд Маргаан таслах зөвлөл нь Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.8-д “Маргаан таслах зөвлөл нь гомдлыг хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ”, 47.9-д “гомдлыг татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргана”, 47.10-д “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх .... шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна” гэж, мөн Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 6.7-д “Маргаан таслах зөвлөл нь гомдол, хүсэлтийг хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ”, 7.1-д “Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн акттай холбогдуулан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 7.1.1-д “татварын актыг өөрчлөх” гэж заасан хууль тогтоомжоор олгогдсон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн.
Энэ нь Маргаан таслах зөвлөл огт хуульд байхгүй эрхийг эдэлсэн гэж үзэх, дээрх тогтоол хуулийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
“Өөрчлөх” гэдэг нь үг зүйн үүднээс тайлбарласан бөгөөд зөвхөн бууруулах гэдэг агуулгаар дүгнэж байгаа нь хэт өрөөсгөл бөгөөд маргаан бүхий тохиолдолд үндсэн актаар тогтоосон төлбөл зохих төлбөрийн хэмжээн дээр нэмэгдүүлэхгүйгээр бууруулж буй дүнгээс 2018, 2019 онд хамаарах алдангийг үлдээх байдлаар шийдвэрлэснийг шууд буруутгах нь захиргааны эрх хэмжээнд халдсан дүгнэлт бөгөөд Маргаан таслах зөвлөл “актаар тогтоосон төлбөр дээр нэмж тогтоосон”, “актаар тогтоосон төлбөрийг бууруулахдаа нөхөн татварын тодорхой дүнгээс алдангийг үлдээсэн” 2 тусдаа үйл баримтыг ялгамжтай авч үзэлгүй хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэх дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй
4. Нөгөөтээгүүр анхан шатны шүүхээс маргаан бүхий татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын акт /зөрчил/ үндэслэлтэй гэж дүгнэн, татварын улсын байцаагч нарын актад холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Энэ тохиолдолд хуулийг зөрчсөн зөрчил, түүнд оногдуулах хариуцлага гарцаагүй байх зарчмын үүднээс алдангийг оруулсан өөрчлөлтийг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй.
Алдангийн асуудал маргааны зүйл болж байгаа энэ нөхцөлд шүүх нэг шийдвэрээр нөхөн татварыг зөвтгөж гэж үзсэн атлаа хуулиар тогтоосон алданги /хариуцлага/ тооцох зохицуулалтыг үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэ тохиолдолд тухайн зөрчлийн 2018, 2019 оны алданги /актын холбогдох хэсгийг/-тай холбоотой асуудлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтын дагуу актын холбогдох хэсгийг дахин шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэх боломжтой байсан гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 599 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч П.Д, байцаагч Ч.С, С.Г, Б.Х нар “Э” ХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалтыг явуулж маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000028 дугаар Нөхөн ногдуулалтын актаар 318 453 310 143 42 төгрөгийн зөрчилд 46 949 015 901 51 төгрөгийн нөхөн татвар, 14 097 852 064 12 төгрөгийн торгууль, 1 162 303 321 73 төгрөгийн алданги, нийт 62 209 171 287 36 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
2.2. Нэхэмжлэгч “Э” ХК-иас дээрх актыг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байх бөгөөд Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татварын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000028 дугаар нөхөн ногдуулалтын актад өөрчлөлт оруулж, 318 453 310 143 42 төгрөгийн зөрчилд 46 949 015 901 51 төгрөгийн нөхөн татвар, 14 097 852 064 12 төгрөгийн торгууль, 1 162 303 321 73 төгрөгийн алданги, нийт 62 209 171 287 36 төгрөгийн төлбөрөөс 158 577 060 170 52 төгрөгийн зөрчилд ногдох 23 913 235 470 98 төгрөгийн нөхөн татвар, 7 173 970 641 29 төгрөгийн торгууль, нийт 31 087 206 112 27 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 2018-2019 оны алдангийн дүнг 3 451 144 411 11 төгрөгөөр нэмэгдүүлж, 159 876 249 972 90 төгрөгийн зөрчилд ногдох 23 35 780 430 53 төгрөгийн нөхөн татвар, 6 923 881 422 83 төгрөгийн торгууль, 4 613 447 732 84 төгрөгийн алданги, нийт 34 573 109 856 20 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилжээ.
2.3. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолын нэхэмжлэгч компанийн 2018-2019 оны алдангийн дүнг 3 451 144 411 11 төгрөгөөр нэмэгдүүлсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч П.Д, байцаагч Ч.С, С.Г, Б.Х нарын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000028 тоот Нөхөн ногдуулалтын актаас 27 879 403 381 45 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс нөхөн ногдуулалтын актын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх 19 312 908 838 59 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байх тул хангахгүй орхив.
2.4. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 5-д заасан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь гаалийн хяналтын талбайн зориулалттай 1 108 871 630 99 төгрөгийн үнэлгээ бүхий, 460101062 дугаар бүхий 13.5 га газар эзэмших эрхэд 2017 онд 184 811 938 00 төгрөг, 2018 онд 184 811 98 00 төгрөг, 2019 онд 184 811 938 00 төгрөг, нийт 554 435 814 00 төгрөгийн хорогдуулга тооцож албан татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчлийн тухайд:
Анхан шатны шүүх “... татвар төлөгч санхүүгийн тайлангийн зорилгоор Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын 38-д заасны дагуу өөрийн эзэмшлийн газрыг “биет бус хөрөнгө”-өөр бүртгэж, хорогдуулга тооцсон нь стандартын дагуу боловч, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.9-д “газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй” гэж зааснаар татварын тайлангийн зорилгоор Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу өөрийн эзэмшлийн газарт элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохыг хуулиар тусгайлан хориглосон” гэж үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч компанийн тухайд дээрх нэгж талбарын дугаар бүхий гаалийн хяналтын талбайн зориулалт бүхий газрыг “Г” ХХК-иас авлагадаа 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлэн авч биет бус хөрөнгөд бүртгэсэн хэдий ч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д “Ашиглах хугацаа нь тодорхой биет бус хөрөнгө” гэж үзэж хорогдол тооцох боломжгүй юм.
Учир нь дээрх хуульд заасан элэгдэл, хорогдол тооцох зохицуулалт нь зөвхөн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хамаарахаар байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийн эзэмших эрх бүхий гаалийн хяналтын талбайн зориулалт бүхий газраас хорогдол тооцох үндэслэлгүй.
Үүнээс үзвэл, нэхэмжлэгч “Э” ХК нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Газар, бараа, материалын нөөцөд элэгдэл, хорогдлын шимтгэл тооцохгүй” гэж заасныг зөрчиж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчилд нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлтэй байх тул гомдлыг хангах боломжгүй.
2.5. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 7-д заасан Уурхайн нөхөн сэргээлтийн хаалт, нөхөн сэргээлтийн буулгалт хөрөнгийн дансыг хорогдуулж, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал элэгдэл зардлын нэгтгэл дансанд бүртгэж, татвар ногдох орлогыг бууруулсан зөрчлийн тухайд:
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа Ашигт малтмалын тухай хуульд зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулж, жил бүр биелэлтийг тайлагнах үүрэгтэй төдийгүй мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.8-д “байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх” үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч компанийн тухайд 2017-2019 онд нийт 14 033 341 341 17 төгрөгийг уурхайн нөхөн сэргээлтийн хаалт, нөхөн сэргээлтийн буулгалт хөрөнгийг элэгдүүлэн, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардалд бүртгэн татвар ногдох орлогыг бууруулсан болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч татварын улсын байцаагч нараас 2017-2019 онд төвлөрүүлсэн нийт 428 400 000 00 төгрөгийн мөнгөн хөрөнгийг хасч, үлдэх 13 604 941 341 47 төгрөгийн зөрчилд төлбөр ногдуулжээ.
Нэхэмжлэгчээс уурхайн нөхөн сэргээлтийн санг байгуулсан бөгөөд давж заалдах гомдолдоо “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийн 13 дугаар зүйлийн 13.4-д “Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хууль, Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч, гэрээлэгчийн байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтын зардалд хуримтлуулах мөнгөн хөрөнгийг тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйл ажиллагааны зардалд оруулан хасаж тооцно” гэж зааснаар уурхайн нөхөн сэргээлт, уурхайн хаалтын зардлыг татвар төлөгчийн татвар ногдох орлогоос хасаж тооцохоор зохицуулсан” тул Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх ёстой” гэжээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 он/-ийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд маргаан бүхий 2017-2019 оны татвар ногдох орлогыг бууруулсан зөрчлийн тухайд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй.
Мөн түүнчлэн Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж хуульчилсан хэдий ч энэ хуулийн зохицуулалт нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол өмнөх хуулийн заалтыг буцаан хэрэглэх зохицуулалт болохоос биш шинэчлэн найруулсан шинээр дагаж мөрдөж буй хуулийн зохицуулалтыг хэрэглэх зохицуулалт биш юм.
Өөрөөр хэлбэл, татварын улсын байцаагч нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн холбогдох заалтыг зөв тайлбарлан төлбөр ногдуулсан гэж үзэхээр байна.
2.6. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 12-т заасан 2019 оны 07-12 дугаар саруудад 104 128 429 133 39 төгрөгийн үнэлгээ бүхий экспортод гаргасан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцолгүй гэрээний үнээр тооцон, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дутуу ногдуулсан зөрчлийн тухайд:
Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг 2019 оны 03 дугаар сарын 26, 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд өөрчлөн найруулсан бөгөөд үүний дотор мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 47.3, 47.11 дэх заалтууд багтжээ.
Тодруулбал, дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” тооцохоор зохицуулсан бол төлбөрийн хэмжээг мөн хуулийн 47.3.3-д “энэ хуулийн 47.3.1, 47.3.2-т зааснаас бусад бүх төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь”-иар тооцох бөгөөд хуулийн 47.11-д зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор тус тус ирүүлэхээр хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 342 дугаар тогтоолын хавсралтаар “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ыг баталсан байна.
Уг журмын 2.7-д “Аж ахуйн нэгж тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын энэ журмын 2.3, 2.4-т заасны дагуу тодорхойлсон борлуулалтын үнэлгээ нь Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1 дахь заалт, мөн зүйлийн 47.14 дэх хэсэгт заасны дагуу олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан нийтэд зарласан үнээс 30 болон түүнээс дээш хувиар бага бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг энэ журмын 2.1-д заасны дагуу тодорхойлно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч компаниас 2019 оны 07-12 дугаар саруудад 104 128 429 133 29 төгрөгийн үнэлгээ бүхий экспортод гаргасан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг жишиг үнээр тооцолгүй, гэрээний үнээр тооцжээ.
Тодруулбал, 2019 онд экспортод гаргасан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дахь хавсралтаар баталсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсэнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох аргачлал”-ын 2.5, 2.7-д тус тус заасан аргачлалаар буюу гэрээний үнийг үндэслэн тооцсон байна.
Хэдийгээр Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох журам”-ын 2.2-т “Аж ахуй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн нь тухайн сард экспортолсон, экспортлохоор ачуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцуулах тохиолдолд энэ журамд заасан нөхцөл, шаардлагын дагуу борлуулалтын үнэлгээг тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн улирал, жилийн эцсийн тайлан, мөн журамд заасан мэдээ, мэдээллийн хамт харьяалан Татварын албанд хүргүүлнэ. 2019 оны III дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална” гэж заасан боловч нэхэмжлэгчээс дээрх журамд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэ үндэслэн тооцоолоогүй нь тогтоогдож байна.
Иймд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дундаж үнээр тооцож төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлтийг хийжээ.
2.7. Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 14-д заасан Нэмэгдсэн өртгийн албан татварын 2017 оны тайлангаар ногдуулсан 348 233 515 81 төгрөгийн албан татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй зөрчлийн тухайд:
Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 43 дугаар зүйлийн 43.5-д “Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж тус тус заажээ.
Татварын улсын байцаагч нарын хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч компаниас 2017 оны тайлангаар ногдуулсан 348 233 515 81 төгрөгийн албан татварыг дээрх хуульд заасан хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдсон байх бөгөөд татварын улсын байцаагч нараас татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасныг баримтлан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар 19 438 940 43 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.
2.8. Маргаан бүхий НА-21210000028 тоот нөхөн ногдуулалтын актаар нөхөн ногдуулсан татварт алданги ногдуулсан гэх гомдлын тухайд:
Татварын улсын байцаагч нар нь “Э” ХК-ийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалтыг явуулж маргаан бүхий 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн НА-21210000028 дугаар Нөхөн ногдуулалтын актаар 318 453 310 143 42 төгрөгийн зөрчилд 46 949 015 901 51 төгрөгийн нөхөн татвар, 14 097 852 064 12 төгрөгийн торгууль, 1 162 303 321 73 төгрөгийн алданги, нийт 62 209 171 287 36 төгрөгийн төлбөр ногдуулсан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 73 дугаар дугаар зүйлийн 73.1-д “Татвар төлөгчийн хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй татварт, эсхүл татварын албаны үндэслэлгүй илүү хураасан татварт тус тус алданги тооцох бөгөөд тухайн татварын жилд мөрдөх алдангийн хэмжээг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн татварын жилийн 1 дүгээр сард багтаан дараах зарчмыг үндэслэн тогтооно” гэж заасныг баримтлан хяналт шалгалтаар тодорхойлсон нөхөн ногдуулсан татварт алданги тооцох тухай хуулийн зохицуулалт байхгүй, ... 2017-2019 онуудын алдангийг татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан 2008 оны Татварын ерөнхий хуулиар биш, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2019 оны Татварын ерөнхий хуулиар шийдвэрлэх юм. Гэтэл шүүх татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэхгүй, хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч компанийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт үйлдсэн тул тухайн маргаанд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөхөөр заасан Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ шинэчилсэн найруулгын 73 дугаар зүйлийн 73.1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй, харин Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 зүйлд заасныг баримтлан алдангийн хэмжээг тогтоосон” талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
2.9. Харин Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж үзэв.
Хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс давж заалдах гомдолдоо “... Маргаан таслах зөвлөл ... “алданги тооцох ёсгүй” гэж маргасантай холбоотойгоор магадлахад татварын улсын байцаагч зөрчлийг тогтоож, нөхөн ногдуулсан атлаа хариуцлага болох алдангийг тооцох ёстой байтал татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хууль /2020.04.09-ний өдрийн/-ийн үйлчлэлд хамааруулан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн илэрхий алдааг актаар тогтоосон төлбөрийг бууруулж байгаа дүнгээс үлдэх байдлаар өөрчлөлт оруулан залруулсан” гэжээ.
Хэдийгээр Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.10-д “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна” гэж заасан байх боловч маргаан бүхий 2018-2019 оны алдангийн дүнг 3 451 144 411 11 төгрөгөөр нэмэгдүүлж шийдвэрлэснийг дээрх зохицуулалтад нийцсэн гэж үзэх боломжгүй байна.
Учир нь Татварын маргаан таслах зөвлөл нь татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага болохоос нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон төлбөр дээр нэмэгдүүлэн шинээр хариуцлага оногдуулах эрх хэмжээтэй байгууллага биш юм.
Маргаан таслах зөвлөлийн татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх шийдвэрийн хувьд тооцооллын алдааг залруулах, хууль хэрэглээний алдааг залруулах зэргийг хамааруулан үзэхээс бус татварын улсын байцаагчийн ногдуулаагүй хариуцлагыг нөхөн ногдуулах ойлголт хамаарахгүй юм.
Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.14, 6.1.26, 42 дугаар зүйлийн 42.1, 73 дугаар зүйлийн 73.1-д тус тус зааснаас үзвэл, татвар төлөгчид хариуцлага ногдуулах эрх бүхий этгээд нь зөвхөн татварын алба, татварын улсын байцаагч байхаар байна.
Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, зөрчил тус бүрд үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 599 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын болон хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН