Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 456

 

                                                       

 

 

 

 

 

                                                        Б.Эад холбогдох эрүүгийн

          хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 164 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлоор Б.Эад холбогдох эрүүгийн 1705018120070 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Өндөр нар овогтой Батхуягийн Э, 1988 оны 3 дугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 336 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 111 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

 

Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 786 дугаар байрны 1 давхарт байрлах Их-Богд супермаркет дэлгүүрийн кассны лангуун дээр цэнэглэж байсан иргэн Ё.Бгийн “Iphone 6S” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Өндөр нар овогт Батхуягийн Эыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Б.Эад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.Э бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Э гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын нээлттэй хорих ялаар шийтгүүлсэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Эхнэр ажилгүй, бие муутай, эх маань группд байдаг бөгөөд 5 сартай хүү, 11 настай охинтой. Би үсчин мэргэжилтэй бөгөөд ажил хийж гэр бүлээ тэжээдэг.

 

Иймд миний ар гэрийн амьдралыг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Э нь хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны эхнээс, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад учируулсан 450.000 төгрөгийн хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн. Өөр байдлаар гэм хор учирсан тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна гэсэн байдал харагддаг. Миний үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан нөхцөл байдал авагдсан байгаа. Хэрэгт авагдсан баримтаар бага насны 2 хүүхэдтэй. Бага хүүхдийн бие эрүүл мэндийн байдал тааруу, эхнэр нь ажилгүй. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлын тухайд хэд хэдэн удаа ял шийтгүүлсэн гэх боловч шүүгдэгчийн гэр бүлийн байдал хамаарч байгаа. Тэгэхээр гэр бүлийн байдал, цагдан хоригдсон хоног зэрэг бусад байдлыг харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

 

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдал нь харагдаж байгаа боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 786 дугаар байрны 1 давхарт байрлах Их-Богд супермаркет дэлгүүрийн кассны лангуун дээр цэнэглэж байсан иргэн Ё.Бгийн “Iphone 6S” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Э /хх-ийн 15/, хохирогч Ё.Б /хх-ийн 6/ нарын мэдүүлгүүд, “Iphone 6S” маркийн гар утас “450.000 төгрөг” болохыг тогтоосон үнэлгээ  /хх-ийн 50/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Б.Эын “...ар гэрийн амьдралыг минь харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

 

 Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

 

Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгчийн хувьд  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанараас гадна хувийн байдлыг харгалзан шүүх тухайн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, эсхүл түүнээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор зохицуулан хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Э гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 450.000 төгрөгийг төлж барагдуулсан хэдий ч тэрээр урьд нь удаа дараа хулгайлах гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн атлаа түүндээ дүгнэлт хийлгүй дахин тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 22, 25-43, 86, 87/  

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хорих ялын доод хэмжээнд дүйцэхүйц буюу 8 сарын хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдалд тохирсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: