Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Намжилцэрэн,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б.Бд холбогдох эрүүгийн 2007003390062 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот, Д.С дүүрэгт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, “................................” ХХК-д ...................................  ажилтай , ам бүл 3, эмээ, дүүгийн хамт ...................................................... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл үгүй,

******* овогт Б.Б /РД: ................................/.

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ................................ амралтын газарт иргэн Д.Стай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, бүсэлхий орчимд өшиглөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Тэрэлжид байдаг ................................ гэх амралтын газарт очиж амарсан. Нилээн орой болсон байсан өөрийнхөө байсан гэрийн гадна тамхи татаад байж байхад надтай хамт явсан найз Г.Нтай танихгүй эмэгтэй муудалцаад үсдээд доош нь дараад цохих шиг болсон. Би тэр үед болиоч гэж хэлээд салгах гээд очтол тэр эмэгтэйтэй хамт явсан залуучууд ирсэн. Нэг нь цээж нүцгэн цээжээрээ шивээстэй залуу миний толгойн тус газар 5-6 удаа цохисон. Би газар унаад нүүрээ хамгаалаад гараараа дараад хэвтсэн дээрээс өшиглөөд байсан. Тэр үед хамт явсан найз ирээд салгасан. Бид нар маргалдаж байгаад гэр гэртээ орж унтаж амарсан. Тухайн үед цагдаа дуудах гэсэн боловч сүлжээгүй газар байсан. Теннисний бөмбөгнөөс болж маргалдсан юм байна лээ. Цээж нүцгэн шивээстэй туранхай залуу миний нүүрлүү цохиж гэмтээсэн. Гомдол санал байхгүй тэр залуу надаас уучлал гуйгаад эмчилгээний зардлаа төлсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуудас/,

 

Гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Б орж ирээд “Э.Д гадаа нэг танихгүй хүнтэй муудалцаад байна” гэхээр нь би Б.Быг дагаж гараад тэр зодоон болоод байгаа газарт нь очсон. Тэнд очиход Э.Д нэг бүдүүн махлаг ахтай муудалцаад байж байсан тэр үед Б.Б Э.Дыг өмөөрч тэр бүдүүн ахтай зодолдоод толгой руу нь хэдэн удаа цохиод газар унагаасан яг энэ үед манай найз охин З.Нт бас нэг танихгүй эгчтэй хэрэлдээд байсан тэгээд намайг өөрийг нь өмөөрч тэр танихгүй эгчтэй нь хэрэлдсэнгүй гээд надад уурлаад “би эндээс чинь одоо явлаа” гээд гүйгээд явчихаар нь би найз охиноо аргадах гээд тэр хэдийн маргааныг орхиод араас нь яваад өгсөн. Тэгээд удалгүй найз охинтойгоо эвлэрээд буцаад нөгөө зодоон маргаан болсон газарлуу очиход бүгд тараад явцгаачихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

Гэрч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэтэл гаднаас Б.Б орж ирээд гадаа Э.Д танихгүй хүмүүстэй муудалцаад байна гэхээр нь бид хэд Б.Быг дагаад араас гарч Э.Дын байгаа газарлуу очсон. Энэ үед Б.Т гэр дотор унтаад үлдсэн, Л.Г гэрийн үүдэн дээр зогсчихоод бид нарыг холоос харж байсан. Харин Э.Т, Б.Б, Нэ, З.Нт бид хэдийг хэрүүл зодоон болсон газар очиход Э.Д нэг танихгүй махлаг бүдүүн ахтай зууралдчихсан байхаар нь Б.Б Э.Дыг өмөөрч тэр махлаг бүдүүн ахтай зууралдаад нүүрлүү хэдэн удаа цохьсон. Тэгэхэд миний гартаа зүүсэн байсан хар өнгийн шүрэн бугуйвч байхгүй байхаар нь би ирэх замдаа алга болгочихлоо гэж бодоод тэр хэдийг орхиод бугуйвчаа хайхаар явсан. Тэгээд бугуйвчаа олоод буцаж ирэхэд тэнд маргалдаж байсан хүмүүс хоорондоо учраа олсон бололтой салцгаагаад яваад өгсөн байсан. Удалгүй Л.Гын дүү нь ирэхээр нь явцгаая гэхээр нь бид нар зөвшөөрөөд тэр амралтын газраас шөнөдөө явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Гэрч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед хотод найзуудтайгаа уулзаад Тэрэлжрүү өмнө ярьж тохирсоны дагуу явсан. ................................ гэх амралтын газарт 19 цагийн үед очиж нэг гэр авсан. Зарим нь хонохгүй буцна гэж байсан. Биллиардны өрөөлүү нь Л.Г, О.Б, Б.Т, Г.З нарын хамт орсон. Тоглож дуусах үед хоол болсон гэж дуудсан бид нар авсан гэрлүүгээ орж банштай цайгаа уусан. Эмэгтэйчүүд гараад явсан гэрийнх нь гадна Б.Т, Л.Г нарын хамт би архи уусан, 0.75 литрийн эдэн нэртэй архийг дуусгаад биллиард тоглохоор би ганцаараа явсан. Биллиардны өрөөнд надаа зодуулсан гэж гомдол гаргасан ах, нэг хүүхний хамт байсан. Тэр ахтай яг юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Биллиардны үүдэнд муудалцаж байгаад тэр ахыг би гараараа цохиход хальт цохиод өнгөрсөн. Бид хоёр барьцалдаж аваад дээр доороо орж ноцолдсон. Тэр үед Тулгаа ирээд тэр ахын нүүрлүү цохиод намайг салгасан. Тухайн үед тэр ахтай хамт байсан хүмүүс болон манай найзууд хоорондоо муудалцаад маргалдаад байсан. Б.Б тэр ахтай хоорондоо зодолдоод хүмүүс голоор нь орж салгах гээд бие биенээ татаж чангаагаад хоорондоо зууралдаад байсан. Надруу тэр ахтай хамт явсан хүмүүс дайраад байсан. Миний зүүн мөрний орчим зүсэгдэж цус гарч байсан. Би дээр доороо ороод ноцолдож байх үед шилэнд юм уу ирмэгтэй зүйлд зүсэгдсэн надад хүн гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

 

Гэрч Л.Л.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хоол идэж байхад Б.Б гаднаас орж ирээд Э.Д хүнтэй муудалцаад байна гэж хэлж орж ирсэн. Бид нар гэрээс гарахад Э.Д нэг залуутай ноцолдоод байж байсан. Хамт байсан хүмүүс очоод салгаж байсан. Буцаж ороод Тамирааг сэрээх гэж татсан боловч сэрэхгүй байсан. Хажуугаар ороод хэвтэж байх үедээ хэсэг унтчихсан байсан. 23 цагийн үед дүү Л.Т ирээд Улаанбаатар хотруу машинаа бариулаад явсан. ...Намайг гэрээс гарахад Э.Д нэг залуутай муудалцаад ноцолдож байсан. Хүмүүс салгах гээд оролдож байсан. О.Б нэг залуутай зууралдаад газар өнхөрч байсан. Би боль гэж хэлсэн хүмүүс салгаад байсан учир би очоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр би найзуудын хамтаар Тэрэлжид байх ................................ гэх амралтын газарт 18 цагийн үед очиж нэг гэр авсан. Бид нар оройдоо буцахаар төлөвлөж салхинд гарсан. Хоол ундаа хийж идчихээд гэрийн гадна найзуудынхаа хамтаар архи уусан. Би урд шөнө жижүүрт хоносон учир их ядарч байсан 23 цагийн үед гэрт ороод унтаад өгсөн. Намайг Э.Т сэрээсэн машиндаа суугаад хотруу ирсэн. Ирэх замд муудалцсан гээд ярилцаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Д хүнтэй муудалцаад байна гэхээр нь бид нар гарсан. Тамираа унтаад үлдсэн. Тухайн газарт яваад очиход найзууд маань хүмүүстэй маргалдаад байсан. Би тэд нарыг салгаад боль гэдгийг хэлсэн. Муудалцаад хэрэлдээд байсан Б.Б нэг ахтай зууралдаад зодолдоод байсан. Бусдаар бол өөр зодоон болоогүй. Бид нар гэрлүү ороод хотоос ирсэн жолоочоор машинаа бариулаад явсан. Тэр үед Э.Дын мөрнөөс цус гарсан байсан. Тухайн газарт байгаагүй учир сайн мэдэхгүй байна. Найзуудын яриагаар теннисний бөмбөгнөөс болсон юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

Гэрч Л.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 18 билүү 19 цагийн үед Д.С ........................................ тоот гэртээ байж байхад миний утасруу миний таньдаг ах Л.Г залгаад “Ах нь Тэрэлжид ................................ гэдэг амралтанд байна чи ирээд машин бариад өгөөч” гэхээр би зөвшөөрөөд Улаанбаатар хотоос замын унаа хөлслөж 1 цаг орчмын дараа Тэрэлжийн ................................ гэдэг амралтанд ирсэн. Тэгээд Л.Г ахтай уулзахад надад зодоон цохион болсон талаар юу ч хэлээгүй зүгээр л надад машиныхаа түлхүүрийг өгөөд “ахын дүү чи машин бариад бид нарыг Улаанбаатар хотруу хүргээд өгчих” гэсэн. Тэгэхээр нь би машиных нь түлхүүрийг аваад 67-87 УБЗ улсын дугаартай хар өнгийн Mercedes Benz G500 маркийн тээврийн хэрэгслийг нь жолоодож явснаас өөр зүйл би мэдэхгүй. Тэр өдөр би Л.Г ахын машин болох 67-87 УБЗ улсын дугаартай хар өнгийн Mercedes Benz G500 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан тэр үед машины арын багаж хэсэгт суурилуулаагүй хайрцагтай шинээрээ шахуу байсан тусгай дуут дохио байхаар нь би ажиллуулж үзмээр санагдаад сонирхол хөдлөөд хайрцагнаас нь задалж гаргаад машиных нь урд тавьж асааж ажиллуулж үзсэн юм. Сүүлд нь энэ талаар Л.Г ахаас асуухад тэр тусгай дуут дохиог өөрт нь хүн бэлэглэж байсан болохоор машиндаа хийчихсэн явж байсан юм байлээ. Тэр тусгай дуут дохионд ямар ч тусгай зөвшөөрөл байгаагүй юм билээ. Энэ талаар надад Л.Г ах дараа нь хэлж би мэдсэн. Ажиллуулж ашигласны хувьд би тэр тусгай дуут дохиог ажиллуулж үзмээр санагдаад сонирхол хөдлөөд байсан болохоор л өөрөө дур мэдээд ажиллуулсан юм. Үүнд би зохих хуулийн хариуцлагыг нь хүлээхэд бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

 

Гэрч З.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр найзуудынхаа хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн ................................ гэх амралтанд амарч байсан. Би тухайн үед гэр дотор байсан ба гаднаас Б.Б ирээд гадаа Э.Д хүнтэй муудалцаад байна гэхээр нь гэр дотор байсан Э.Т, О.Б бид нар гарч очсон. Б.Бын заасан газар очиход тэнд Э.Д нэг танихгүй бүдүүн ахтай хоорондоо хэрэлдэж байсан энэ үед Э.Дын найз охин Нэ нөгөө танихгүй бүдүүн ахаас Э.Дыг өмөөрч хэрэлдэж байхад хажууд байсан бас нэг танихгүй эгч Нийг хөөш чи болиоч битгий дундуур ороод бай гээд Нэтэй хэрэлдсэн тэгэхээр нь би бас тэр эгчтэй Нийг өмөөрч хэрүүл маргаан болсон. Энэ үед манай найз залуу Э.Т намайг өмөөрч тэр эгчтэй хэрүүл хийхгүй байхаар нь би найз залуудаа чи намайг өмөөрсөнгүй гээд шууд тэндээс уурлаад явсан. Тэр танихгүй эгч Нэ бид хоёр муудалцаж хэрэлдсэн болохоос биш хоорондоо зодолдож нэг нэгнийхээ биед халдсан зүйл болоогүй. Э.Д, Нэ хоёр хоорондоо үерхдэг байсан юм. Тэр хоёр саяхан оны өмнөхөн байхаа яг хэдийгээр явсныг нь мэдэхгүй байна ямар ч байсан цуг Япон явсан. Нэ сүүлд надтай 1 cap орчмын өмнө видео калл хийж холбогдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

Гэрч Г.Нын мөрдөн шалгах ажилгаанд өгсөн: “...Тухайн үед 3-4 минут л хоорондоо хэрүүл маргаан хийгээд Б.Д.С нэг шивээстэй залуутай хальт зууралдаад л өнгөрөх шиг болсон би өөрөө ч тухайн үед жаахан согтуу байсан учир үйл явдлуудыг нь санахгүй байна. Тэр маргаан дунд нэг танихгүй эмэгтэйтэй муудалцаж хэрэлдсэн минь үнэн гэхдээ хоорондоо үсдэлцэж зодолдсон зүйл болоогүй. Тийм учир надад болон тэр эмэгтэйд бэртэл гэмтэл учраагүй. Зүгээр л хоорондоо хэрэлдээд өнгөрсөн хажууд байсан залуучууд л тэр эмэгтэй бид хоёроор далимдуулж бөөн хэрүүл болгоод байсан. Тухайн үед тэдгээр залуучууд болон Д.С бид хоёр жаахан уучихсан байсан учир маргалдаж хэрүүл хийсэн. ... А-10 гар утас миний гар утас байгаа юм би тухайн үед хэрүүл маргааны үеэр гар утсаараа бичлэг хийх гэж байгаад л бужигнаан дунд өөрийнхөө гар утсыг мартаад гээсэн байсан. Харин дараа нь 2 билүү 3 хоногийн дараа амралтын газраас өөрийнхөө самсунг галакси А-10 маркийн гар утсаа олж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжид ................................ гэх амралтын газар найзуудын хамт очиж амарсан. Тэнд манай найзууд болох Б.Т, Э.Т, Э.Д, Нэ, З.Н бид нар байсан. Тэгээд бид хэд сагсан бөмбөг тоглож хоол унд хийж идэцгээж байгаад зарим нь амралтын гэр дотор хоорондоо юм яриад сууцгааж байсан. Орой нь амралтын газрын теннисний өрөөний гадаа Э.Д нэг танихгүй бүдүүн махлаг ахтай муудалцаад хоорондоо хэрэлдээд байгаа бололтой чанга чанга дуугаар өөд өөдөөсөө хараалын үг хэлээд байхаар нь би Э.Дыг өмөөрч тэр ахтай зууралдаж авсан тэгсэн тэр ах бас намайг заамдаж авахаар нь миний уур хүрээд түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон тэгэхэд тэр ах надад цохиулснаасаа болоод газар унах үед нь 1 билүү 2 удаа бүсэлхий хавьцаа хөлөөрөө өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 92-93 хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн 8607 дугаар:

“1. Д.Сын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун, зүүн бугалга, бүсэлхийн зүүн хажуу хэсгүүдэд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 667 дугаар:

            “1. Э.Дын биед баруун доод зовхи, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 101-107 дугаар хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 94 дүгээр хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр ................................ амралтын газарт иргэн Д.Стай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газар нь цохиж, бүсэлхий орчимд өшиглөн зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун, зүүн бугалга, бүсэлхийн зүүн хажуу хэсгүүдэд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

            Үүнд: Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нэг нь цээж нүцгэн цээжээрээ шивээстэй залуу миний толгойн тус газар 5-6 удаа цохисон. Би газар унаад нүүрээ хамгаалаад гараараа дараад хэвтсэн дээрээс өшиглөөд байсан. Тэр үед хамт явсан найз ирээд салгасан. ...Цээж нүцгэн шивээстэй туранхай залуу миний нүүрлүү цохиж гэмтээсэн. Гомдол санал байхгүй тэр залуу надаас уучлалт гуйгаад эмчилгээний зардлаа төлсөн байгаа...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэнд очиход Э.Д нэг бүдүүн махлаг ахтай муудалцаад байж байсан тэр үед Б.Б Э.Дыг өмөөрч тэр бүдүүн ахтай зодолдоод толгой руу нь хэдэн удаа цохиод газар унагаасан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч О.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... хэрүүл зодоон болсон газар очиход Э.Д нэг танихгүй махлаг бүдүүн ахтай зууралдчихсан байхаар нь Б.Б Э.Дыг өмөөрч тэр махлаг бүдүүн ахтай зууралдаад нүүрлүү хэдэн удаа цохьсон...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр ахтай яг юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Биллиардны үүдэнд муудалцаж байгаад тэр ахыг би гараараа цохиход хальт цохиод өнгөрсөн. Бид хоёр барьцалдаж аваад дээр доороо орж ноцолдсон. Тэр үед Тулгаа ирээд тэр ахын нүүрлүү цохиод намайг салгасан. Тухайн үед тэр ахтай хамт байсан хүмүүс болон манай найзууд хоорондоо муудалцаад маргалдаад байсан. Б.Б тэр ахтай хоорондоо зодолдоод хүмүүс голоор нь орж салгах гээд бие биенээ татаж чангаагаад хоорондоо зууралдаад байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Л.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гэрээс гарахад Э.Д нэг залуутай муудалцаад ноцолдож байсан. Хүмүүс салгах гээд оролдож байсан. О.Б нэг залуутай зууралдаад газар өнхөрч байсан. Би боль гэж хэлсэн хүмүүс салгаад байсан учир би очоогүй...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг Э.Т сэрээсэн машиндаа суугаад хотруу ирсэн. Ирэх замд муудалцсан гээд ярилцаад байсан...” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Муудалцаад хэрэлдээд байсан Б.Б нэг ахтай зууралдаад зодолдоод байсан. Бусдаар бол өөр зодоон болоогүй. Бид нар гэрлүү ороод хотоос ирсэн жолоочоор машинаа бариулаад явсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Л.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Улаанбаатар хотоос замын унаа хөлслөж 1 цаг орчмын дараа Тэрэлжийн ................................ гэдэг амралтанд ирсэн. Тэгээд Л.Г ахтай уулзахад надад зодоон цохион болсон талаар юу ч хэлээгүй зүгээр л надад машиныхаа түлхүүрийг өгөөд “ахын дүү чи машин бариад бид нарыг Улаанбаатар хотруу хүргээд өгчих” гэсэн” гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Бын заасан газар очиход тэнд Э.Д нэг танихгүй бүдүүн ахтай хоорондоо хэрэлдэж байсан энэ үед Э.Дын найз охин Нэ нөгөө танихгүй бүдүүн ахаас Э.Дыг өмөөрч хэрэлдэж байхад хажууд байсан бас нэг танихгүй эгч Нийг хөөш чи болиоч битгий дундуур ороод бай гээд Нэтэй хэрэлдсэн тэгэхээр нь би бас тэр эгчтэй Нийг өмөөрч хэрүүл маргаан болсон....Тэр танихгүй эгч Нэ бид хоёр муудалцаж хэрэлдсэн болохоос биш хоорондоо зодолдож нэг нэгнийхээ биед халдсан зүйл болоогүй...”гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Нын мөрдөн шалгах ажилгаанд өгсөн: “...Тухайн үед 3-4 минут л хоорондоо хэрүүл маргаан хийгээд Б.Д.С нэг шивээстэй залуутай хальт зууралдаад л өнгөрөх шиг болсон би өөрөө ч тухайн үед жаахан согтуу байсан учир үйл явдлуудыг нь санахгүй байна. Тэр маргаан дунд нэг танихгүй эмэгтэйтэй муудалцаж хэрэлдсэн минь үнэн гэхдээ хоорондоо үсдэлцэж зодолдсон зүйл болоогүй. Тийм учир надад болон тэр эмэгтэйд бэртэл гэмтэл учраагүй. Зүгээр л хоорондоо хэрэлдээд өнгөрсөн хажууд байсан залуучууд л тэр эмэгтэй бид хоёроор далимдуулж бөөн хэрүүл болгоод байсан. Тухайн үед тэдгээр залуучууд болон Д.С бид хоёр жаахан уучихсан байсан учир маргалдаж хэрүүл хийсэн” гэх мэдүүлэг,

 

Яллагдагч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... би Э.Дыг өмөөрч тэр ахтай зууралдаж авсан тэгсэн тэр ах бас намайг заамдаж авахаар нь миний уур хүрээд түүний нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон тэгэхэд тэр ах надад цохиулснаасаа болоод газар унах үед нь 1 билүү 2 удаа бүсэлхий хавьцаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

           

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн 667 дугаартай дүгнэлт зэрэг болно.

 

Хохирогч Д.Сын эрүүл мэндэд учирсан “...зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, духны баруун хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун, зүүн бугалга, бүсэлхийн зүүн хажуу хэсгүүдийн цус хуралт” гэмтэл нь шүүгдэгч гараараа 2-3 удаа цохих, хөлөөрөө өшиглөсний улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Сын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ. Иймд шүүх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Быг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч   Б.Б  нь  хохирогч   Д.Сын  бие   махбодид   хөнгөн

хохирол учруулсан байх боловч хохирогч Д.С нь хохиролтой холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, мөн хохирогчоор “уучлал гуйгаад эмчилгээний зардал төлсөн” гэж мэдүүлсэн, шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг тогтоолд дурдав.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.С нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч хүлээн зөвшөөрч мэтгэлцээгүй ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэв.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /эмээ, дүүгийн хамт амьдардаг, бүтэн өнчин, эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой/-ыг тус тус харгалзан прокуророос гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Э.ЭНХЖАРГАЛ