| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2021/0191/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/187 |
| Огноо | 2021-03-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 10.1.2.1., 10.1.2.6., |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/187
2021 03 17 2021/ШЦТ/187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Идэр, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй,
нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;
улсын яллагч: Ц.Амгаланбаатар;
иргэдийн төлөөлөгч: Х.Мөнгөнзориг;
хохирогч О.Баттөгсийн хууль ёсны төлөөлөгч: О.Оюунтөгс;
хохирогч Д.Тунгалагийн хууль ёсны төлөөлөгч: Т.Анхзаяа;
шүүгдэгч: Т.Э, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эгч, дүү нарын хамт урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 865 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаар шүүгчийн захирамжаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэгдээгүй үлдсэн 128 цагийг 16 хоног хорих ялаар сольж уг ялаа эдэлж дууссан, Т.Э.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Т.Э нь 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ... Д.Тунгалаг, О.Баттөгс нарын толгой руу 72 см урттай, 5 см диаметрийн өргөнтэй труба төмрөөр удаа дараа цохиж хоёр түүнээс дээш хүнийг онц харгис хэрцгийгээр алсан,
мөн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр .....талийгч Д.Тунгалагийн “Самсунг эс-6” маркийн гар утас, алтан бөгж, 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дунд гарын мөнгөн аяга, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “ХААН” банкны картаас 915.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан 2.590.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Баттөгсийн хууль ёсны төлөөлөгч О.Оюунтөгс мэдүүлэхдээ: “...Би амь хохирогч О.Баттөгсийн төрсөн эгч. Энэ хэрэг болсныг тухайн цаг мөчид мэдээгүй. Цагдаагийн байгууллагаас манай дүү рүү утасдаж хэлсэн байсан. Тэгээд манай дүү тухайн зүйлийн талаар хэлсэн. Миний хувьд хэрэг болсон гэдгийг мэдээд нэлээн айж сандарсан байдалтай байсан. Би дүүтэйгээ хамт цагдаагийн байгууллага дээр очиж уулзсан. Тэр үед “хэд хоногоос таныг дуудаж мэдүүлэг авна” гэж хэлсэн. Энэ хэрэгт миний хувьд хохирогчоор мэдүүлэг өгсөн байгаа. Гэр бүлийн хувьд эхээс 13-уулаа, дээрээ 2 ахтай, 3 эгчтэй, доороо 7 дүүтэй. О.Баттөгсийн хувьд миний удаах дүү байсан. Энэ хэргийг анх сонсоод аймшигтай сонсогдож байсан. Сэтгэл санааны хувьд хэцүү байдалтай байсан. 2 амь хохирогчийн хувьд цаашид амьдраад явах боломжтой байсан. Шүүгдэгч Т.Эг энэ хэргийг үйлдсэн гэж хэлэхэд миний хувьд итгээгүй. Энэ хэргийг үйлдсэн хүн нь амь хохирогчийн төрсөн хүүхэд нь байсан. Энэ хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. Бидний хувьд ойрхон харилцаатай байгаагүй. Гэхдээ хэд хэдэн удаа уулзаж байсан. Миний дүү архины хамаарал байсан. Архи уучхаад хүнтэй маргалдаж, зодолдож байгаагүй. Үлдсэн эд хөрөнгийг хууль ёсны дагуу охинд нь өгөөсэй гэж хүсэж байна. Миний хувьд нэхэмжлэх зүйлгүй. ...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Тунгалагийн хуулийн ёсны төлөөлөгч Т.Анхзаяа мэдүүлэхдээ: “...Миний хувьд шүүгдэгчийн төрсөн эгч. Би Япон Улсад амьдардаг. 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр манай аавын дүү анх над руу залгаж энэ хэргийн талаар хэлсэн. Ковид-19 цар тахалтай байсан учир Япон Улсаас ирэх шууд нислэг байхгүй байсан. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн нислэгээр Монгол Улсад ирээд 21 хоног тусгаарлалтад байж байгаад 10 дугаар сарын 31-ний өдөр тусгаарлалтаас гарсан. Ээжийн хамтран амьдрагчийн талаар сонсож байсан. Амь хохирогч О.Баттөгс нь Т.Эг зодож тархи толгойг нь хагалж мөн гарын нь хугалж, гартаа 6-7 оёдол тавиулж байсан гэдгийг сонсож байсан. Миний хувьд хамт амьдарч байгаагүй учраас амь хохирогч О.Баттөгсийн талаар тийм сайн мэдэхгүй. 1998 онд аав нас барснаас хойш ээж Тунгалаг архины хамааралтай болсон. Олон жил архи ууссанаас болоод ааш зан нь өөрчлөгдөж их ширүүн зантай болсон. Шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-14/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-22/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 24-28/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 29-55/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 56-60/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 65/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 67, 86-88, 2хх-ийн 69, 144/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 70-85/, хохирогч О.Баттөгсийн хууль ёсны төлөөлөгч О.Оюунтөгс /1хх-ийн 91-93, 95-96/, хохирогч Д.Тунгалагийн хууль ёсны төлөөлөгч Т.Анхзаяа /1хх-ийн 98-99, 100, 2хх-ийн 70-71/, гэрч Ц.Батзаяа /1хх-ийн 101-103/, гэрч Г.Билгүүн /1хх-ийн 104-108/, гэрч Г.Хишигбат /1хх-ийн 109-111/, гэрч А.Даваахүү /1хх-ийн 112-114/, гэрч Д.Болормаа /1хх-ийн 115-117/, гэрч О.Пүрэвсүрэн /1хх-ийн 117/, гэрч Ц.Одчимэг /1хх-ийн 118-120, 121-123/, гэрч Ж.Наранчимэг /1хх-ийн 124-125/, гэрч А.Нандинцэцэг /1хх-ийн 126-128/, гэрч Э.Мөнхчимэг /1хх-ийн 129-130/, гэрч Д.Наранцэцэг /1хх-ийн 131-132/, гэрч Б.Цэцэнбаатар /1хх-ийн 137-140/, гэрч Ц.Батболд /1хх-ийн 141-142/, гэрч Б.Пүрэвдорж /1хх-ийн 143-144/, гэрч Ц.Батзаяа /1хх-ийн 145-146/, гэрч Б.Эрхбаяр /1хх-ийн 147/, гэрч Ц.Мөнхцэцэг /1хх-ийн 148-149/ нарын мэдүүлэг, Т.Эгийн сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1хх-ийн 151-152/, цогцост үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 154-172/, эд зүйлд үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 173-177, 178-184, 185-192, 194-195, 197-199, 208-211, 213-218, 219-220, 2хх-ийн 92-93, 94-95, 97-98/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 224-228, 2хх-ийн 103-106/, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2хх-ийн 8-9, 139-140/, зочид буудлын өрөөний бүртгэл /2хх-ийн 35/, “GOOD”, “КОКО” ломбардны баримт /2хх-ийн 36, 37/, хэргийн харьяаллыг өөрчлөн тогтоох тухай прокурорын тогтоол /2хх-ийн 53-54/, гэрч Б.Энхбаяр /2хх-ийн 72-73/, гэрч Э.Энхгоо /2хх-ийн 74-75/, гэрч Б.Батмөнх /2хх-ийн 76/, гэрч Н.Цэцэгдарь /2хх-ийн 77-78/, гэрч Н.Амаржаргал /2хх-ийн 79-80/, гэрч З.Ганзориг /2хх-ийн 81-82/, гэрч Б.Цолмон /2хх-ийн 83-84/, гэрч Э.Хишигсүрэн /2хх-ийн 145-146/ нарын мэдүүлэг, гарын хээнд үзлэг хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4374 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 86-91/, Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс ирүүлсэн Т.Э-гийн өвчний түүх /2хх-ийн 112-119/, “GOOD” ломбардын хохирол барагдсан гэх баримт /2хх-ийн 147/, Т.Эгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /2хх-ийн 19, 23, 33-34, 143/, Т.Э-гийн өмнөх ялаа эдэлж дууссан гэх баримт /2хх-ийн 21/, Т.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 1-3, 4-5, 6-7, 10-11, 141-142/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Э нь “өөртэй нь дээрэнгүй харьцаж, дарамталлаа” гэх шалтгааны улмаас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр .... өөрийн төрсөн эх Д.Тунгалаг, түүний хамтран амьдрагч О.Баттөгс нарын толгой руу труба төмрөөр удаа дараа цохиж гавлын орой болон суурь яс, нүүрний яснуудын олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал гэмтэл учруулж алсан,
мөн тухайн өдрөө өөрийн төрсөн эх Д.Тунгалагийг алсны дараа түүний “Самсунг эс-6” маркийн гар утас, алтан бөгжийг, 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр дунд гарын мөнгөн аяга, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “ХААН” банкны виза картаас нь 915.000 төгрөгийг хууль бусаар авч 2.590.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч О.Баттөгсийн хууль ёсны төлөөлөгч О.Оюунтөгсийн /1хх-ийн 95-96/: “...миний дүү болон Тунгалаг нарт эд хөрөнгө байгаа бол Тунгалагийн охин Анхзаяад бүрэн бүтнээр нь хүлээлгэн өгөх ёстой гэж бодож байна. ...Би Тунгалагийн хүү Т.Эг танихгүй. Надад Т.Эгийн талаар Тунгалаг, Баттөгс нарын хэн нь ч ярьж байгаагүй. Би анх Тунгалаг, Баттөгс нарыг хоёулаа байдаг гэж боддог байсан. Нэг охин нь Японд байдаг гэж сонсож байсан. Дүү маань ямар нэг байдлаар Т.Этэй маргалдсан, таарч тохирохгүй байгаа талаар хэлж байгаагүй. ...Надад нэхэмжпэх зүйл байхгүй, гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлгээр,
хохирогч Д.Тунгалагийн хууль ёсны төлөөлөгч Т.Анхзаяагийн /1хх-ийн 98-99/: “...ээж Тунгалаг аавыг нас барснаас хойш архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэх болсон. Архи ууж эхлээд тодорхой хугацааны дараа ааш зан нь маш их эвдэрч эхэлсэн. Ээжийг согтуу үед гэрт байж суухын аргагүй болдог байсан. ...намайг явснаас хойш ээж бүр их архи хэрэглэдэг болсон гэсэн. Зан байдлын хувьд их эвдэрсэн. ...Т.Э найз охиноо авчраад ээжтэй цуг амьдарч эхэлсэн. Т.Э 2 охинтой. Тэгээд сүүлд эхнэр нь салаад хүүхдүүдээ аваад өөрийнхөө аав, ээж дээр очсон гэж байсан. Т.Э над руу олон удаа залгаж “ээж тэглээ ингэлээ, эхнэр хүүхдүүдтэйгээ хөөгдлөө, агсам согтуу тавьсан” талаар хэлдэг байсан. Би ч сүүлдээ уурлаад “яах гэж хамт байгаад байгаа юм, тусдаа амьдар” гэж хэлдэг байсан. Ээж Баттөгс гэх хүнтэй тогтвортой 3-4 жилийн хугацаанд амьдарч байсан. Баттөгс нь Т.Эг зодож гарыг нь хугалж байсан. Мөн толгойг нь хагалж байсан гэсэн. Баттөгс сүүлийн 2 жилийн хугацаанд Т.Эд их агсам тавьдаг, хэл амаар доромжилж зоддог байсан гэсэн. Т.Э надад олон удаа Баттөгсийн талаар хэлж, ярьдаг байсан. Баттөгс хүний гэрт ирчхээд Т.Эг хөөж туудаг, гэрт нь оруулдаггүй байсан. ...Т.Эд гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,
гэрч Ц.Батзаяагийн /1хх-ийн 101-103/: “...2020 оны 09 дүгээр сарын 15-ны өглөө ... эргүүлийн үүрэг гүйцэтгэх үүрэг чиглэл авч 10 цаг 30 минутаас эхлэн хорооны цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Эрхбаярын хамт Ойчдын 1 дүгээр гудамжид явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. ...өглөөний 10 цаг 45 минутанд цагдаа хараад сандарсан байдалтай сэжиг бүхий 30 орчим насны цайвар ноолууран цамцтай, цайвар цэнхэр жинсэн өмдтэй, улаан цагаан өнгө хосолсон таавчигтай эрэгтэй хүн алхаж явахыг хараад АСАП сангаас шүүх гэж регистрийн дугаарыг нь асуухад аман дотроо “аав, ээж” гээд үглээд сандраад байхаар нь “юу болсон юм бэ” гээд асуутал “хойд аав болон төрсөн ээжийг алчихсан” гэж хэлсэн. Тэгээд хороон цагдаагийн хамт дайчлан баривчилж Бэлх 10-т мэдэгдэн 11 цагт жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ч.Золбоод хүлээлгэн өгөх үед овог, нэрийг нь асуухад “Т.Э” гэж хэлсэн. ...Тухайн хүн “хойд аав, төрсөн ээжийг 10 хоногийн өмнө трубагаар цохиод алчихсан” гэж хэлсэн. Мөн тухайн хүнээс өмхий үнэртээд байсан. “...тэр хүмүүс хаана байгаа вэ” гэж асуутал “манай гэрт байгаа” гэж хэлсэн. “...гэр чинь хаана вэ” гэхэд “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Гүнжийн булаг, худалдааны төвийн замын эсрэг талд байх тоосгон дэлгүүрийн гудамжаар уул руугаа өгсөөд байдаг” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Эрхбаярын /1хх-ийн 147/: “...Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Ойчдын нэгдүгээр гудамжинд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. ...09 цаг өнгөрч байхад гудамжид тавчик өмссөн жинсэн өмдтэй 30 орчим насны сэжиг бүхий эрэгтэй хүн явж байхад нь шалгахад уг этгээд маш их сандарсан байсан. Би “хаана, юу хулгайлсан бэ” гэж асуухад “аав, ээж” гэж хэлчхээд чимээгүй зогсоод байсан. “...аав, ээж хоёр чинь яасан юм бэ” гэж асуухад дахин “аав, ээж” гэж дуугараад өөр зүйл хэлэхгүй байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Г.Билгүүний /1хх-ийн 104-108/: “...2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээсээ гарах гэж байтал Т.Э залгаад “уулзъя, ярих юм байна” гэсэн. Намайг байрнаасаа гарахад орцны үүдэнд Т.Э хүлээгээд зогсож байсан. “Яасан бэ” гэхэд “мөнгөний хэрэг гарлаа, хүнд 250.000 төгрөг өгөх өртэй юм, тэр хүн мөнгөө нэхээд хамт яваад байгаа, машинд сууж байна” гэсэн. Би “ямар учиртай юм бэ” гэхэд “биеэ үнэлдэг хүүхэн хоногоор авсан, мөнгийг нь өгч чадаагүй, одоо дагуулаад явж байна” гэсэн. Тэгэхэд нь би мөнгө өгөөгүй, байрны доод талын дэлгүүрээс жижиг савтай ...ундаа авч өгөөд явуулсан. Т.Эгийн ээжийн ... хөх өнгийн “Приус 10” маркийн машины урд жолоочийн хажуугийн суудал дээр үсээ задгай тавьсан хүүхэн сууж байхыг хойноос нь хараад өнгөрсөн. 2020 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 10 дугаар хороололд найз Монломын гэрт архи ууж байгаад 11-12 цагийн орчим Т.Эгийн утас руу залгахад хүрээд ирсэн. Би “мөнгө байна уу, ганц юм аваад өгчхөөч’’ гэхэд Т.Э “мөнгө байхгүй, харин ээж, хойд аав хоёр Налайх руу чацаргана түүнэ гээд явсан, ээж машинаа “ХААН” банкныхаа карттайгаа үлдээгээд “чи амьдралаа бод” гээд хөөсөн” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “яагаад чамайг хөөсөн юм бэ” гэхэд Т.Э “би зурагтыг нь барьцаанд тавьчихсан” гэж хэлсэн. “Налайх явж байгаа хүмүүс яагаад чамд машинаа өгдөг юм, хэзээ ирэх юм бэ” гэхэд “хойд эцгийн ахынх нь машинтай явсан, бараг тэр чигээрээ Ховд аймаг руу зугаалгаар явсан байх, утас нь холбогдохгүй байна” гэсэн. Тэгээд Т.Э “даанч ээжийн картын нууц дугаарыг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Тухайн үед надтай хамт байсан Монлом өмнө нь Төрийн банканд эдийн засагчаар ажиллаж байсан банкны талаар мэдлэгтэй учир “ээжийнхээ регистрийн дугаарыг мэдэх юм уу, тэгвэл банк руу яриад пин кодыг нь асуугаач” гэж хэлсэн. ...банк руу ярихад карт эзэмшигчийн бүртгэлтэй дугаар хэрэгтэй гэхэд Т.Э ээжийн дугаар гээд сим карт гаргаад ирсэн. ...уг сим картыг утсанд хийгээд Монломын байрны орцны жижүүр эгчээр банк руу “нууц дугаараа мартлаа” гэж яриулсан. Тэгээд ...шинэ нууц дугаар авахаар болсон. Монломын байрны 1 давхарт байрлах “Цоглог” супер маркетын АТМ-д шинэ нууц дугаар хийгээд Т.Э 915.000 төгрөг авсан. ...би “чи нэгэнт гэрээсээ хөөгдсөн юм бол чамд мөнгө хэрэгтэй, бүгдийг нь авч яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд 700.000 төгрөгийг нь буцаагаад карт руу хийлгэсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч А.Даваахүүгийн /1хх-ийн 112-114/: “...Монлом ирээд “таниар нэг хүнтэй яриулна шүү” гээд байхаар нь “юу яриад байгаа юм” гээд уурлаж байгаад яриагүй. Сүүлдээ бүр ирээд гуйгаад байхаар нь Монломын утсыг аваад “ХААН” банкны оператортай ярьтал “бүртгэлтэй дугаараас холбогдоорой” гээд бүтээгүй. Тэгтэл дахиад хүрч ирээд “энэ бүртгэлтэй дугаар нь, та яриад өг” гээд цаасан дээр нэг хүний овог нэр, регистрийн дугаар, гэрийн хаяг бичсэн цаас өгөхөөр нь “ХААН” банкны лавлахтай яриад дуустал Монлом бөөн баяр болоод “окей” гэж хэлээд яваад өгсөн. Монломын хажууд нэг махлаг өндөр, нөгөө нь туранхай жижиг залуу байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ц.Одчимэгийн /1хх-ийн 120/: “...манай хадам ээж архи их уудаг. Тэгээд уухаараа их агсам. ...хадам ээж намайг хоёр охинтой минь хөөснөөс хойш тусдаа амьдрах болсон. Манай нөхөр энэ бүгдээс болоод ээжтэйгээ таарамж муутай байдаг. “ээж хамтран амьдрагчтайгаа нийлээд намайг хөөгөөд байна” гэж 2-3 удаа утсаар ярьж байсан. ...манай нөхөр “ээжийг хамтран амьдрагч нь зодоод салгах гээд дундуур нь ортол толгой руугаа цохиулсан” гээд шарх болсон ирж байсан. Мөн 5 дугаар сарын сүүлд ээжийн хамтран амьдрагчид нь зодуулаад зүүн гараа хугалуулаад 06 дугаар сарын 02-ны өдөр хагалгаанд орж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Ц.Батболдын /1хх-ийн 141-142/: “...Т.Э бид хоёр байрны найзууд юм. ...Тунгалаг эгч архи уухаараа л агсам согтуу тавиад Одчимэг, Т.Э хоёрыг хөөж туугаад байдаг байсан. Сүүлийн жилүүдэд Тунгалаг эгч архи уух нь нилээн их болсон. Хааяа би Т.Эгийн гэрт ороход Тунгалаг эгч согтуу байдалтай надад “энэ найзыгаа аваад зайл” гэх зэргээр хашгираад байдаг байсан. Тэр үед Т.Э бид хоёр чимээгүй гараад явчихдаг байсан. ...Тунгалаг эгч бол ер нь согтуудаа хүн тэвчихийн аргагүй хашгирч элдэвээр хэлж агсам тавьдаг байсан. Т.Э ээжтэйгээ аль болохоор л эвийг нь олж сайхан харилцах гэж хичээдэг байсан. ...2020 оны 06 дугаар сард Т.Э лагер дээрээ байж байхад нь Тунгалаг эгчийн хамтран амьдрагч эрэгтэй нь Т.Эгийн тохойг нь модоор цохиж хугалж байсан. Тэгээд Гэмтлийн эмнэлэг дээр очиж хагалгаанд орж байсан. Би тэр үед нь эмнэлэг дээр эргэж очиж байсан. ...би Т.Эгийн эхнэр Одчимэгийг хүүхдүүдтэй нь 10 гаран удаа Тунгалаг эгчийнхээс хөөгдчихлөө гээд ярихад нь Яармагт гэрт нь хүргэж өгч байсан. Энэ бүх зүйлээс болж Т.Э сэтгэлээр их унадаг байсан. ...Т.Э их аймхай, уур уцаар багатай хүн. Би найзыгаа олон жилийн хүчирхийллээс болж тэсэхээ байгаад л тэсэрсэн байх гэж бодож байна. Өөрийг нь болон эхнэр, хүүхдүүдийг нь байнга хэл амаар доромжилж, хөөж туудаг байсан. Мөн өөрийг нь байнга цохиж зоддог байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Пүрэвдоржийн /1хх-ийн 143-144/: “...2004 онд Тунгалаг манай гэрт архи уучихсан халамцуу байдалтай ирсэн. ...тухайн үед Тунгалагт “архи ууж болохгүй, хүүхдүүдийнхээ хажууд архи уугаад байдаг юм биш биз дээ” гэхэд надаас дахиад архи нэхээд байсан. ...би дараа нь Т.Эгээс “ээж чинь та нарын хажууд архи уугаад байдаг юм уу” гэж асуухад “ээж өдөр болгон шахуу архи уугаад байна, намайг архи олж ир гээд хөөж гаргадаг” гэж хэлж байсан. ...Тунгалаг маш их архи уудаг, согтсон үедээ гэртээ агсам согтуу тавьдаг, хүүхдүүдээ гэрээсээ хөөдөг, архи олж ир гээд явуулчихдаг, Т.Э нь орцондоо хонох хүртэл тохиолдол гарч байсан юм шиг байна лээ. Тунгалаг бол хүмүүжлийн маш доголдолтой хүн байсан. ...Тунгалагтай хамт амьдарч байсан залуу Т.Эг зодоод гарыг нь хугалж байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Энхбаярын /2хх-ийн 72-73/: “...сүүлийн хоёр жилийн хугацаанд талийгаач Тунгалаг нь хүү Т.Этэй маш муухайгаар харьцах болсон. Надад нэг удаа “Т.Эг шоронд явуулчиж чадна шүү” гэж хэлж байсан. Мөн Т.Эг ад үзэх, гэрээсээ хөөх зэргээр зовоодог байсан. Тунгалагийн явалддаг хүн нь Т.Эг зодоод гарыг нь хугалсан байсан. Тунгалаг олон жил архи уусан. ...Т.Э нь “гэрт оруулахгүй байна, түлхүүр булаагаад авчихсан, гудамжид явж байна, хоол унд байхгүй, ээж дарамтлаад байна” гээд байнга л ярьдаг байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Батмөнхийн /2хх-ийн 76/: “...О.Баттөгс бид хоёр 30 гаран жил найз нөхдийн харилцаатай байсан. ...О.Баттөгс Д.Тунгалаг гэж хүүхэнтэй хамт амьдарч байсан. О.Баттөгс найз маань архи уудаг байсан. ...Тунгалаг гэх хүүнхэнтэй хамт амьдраад маш их архи уудаг болсон байсан. Архи ууж чадахаа ч больсон байсан. ...Их амархан согтдог болчихсон байсан. ” гэх мэдүүлгээр,
О.Баттөгсийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “...гавлын орой болон суурь яс, нүүрний яснуудын олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал, зүүн чамархайд няцарсан шарх, хуйханд цус хуралт” бүхий гэмтэл нь олон удаагийн цохих хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн байна. Талийгаач нь гавлын орой болон суурь яс, нүүрний яснуудын олон тооны сэлтэрхий үүссэн хугарал гэмтлийн улмаас нас барсныг...” тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1935 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 154-157/,
Д.Тунгалагийн цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “...орой болон суурь яс, нүүрний яснуудын олон тооны сэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал” бүхий гэмтэл нь олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гавал тархины гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн байна. Талийгаач нь гавлын орой болон суурь яс, нүүрний яснуудын олон тооны сэлтэрхий үүсгэсэн хугарал гэмтлийн улмаас нас барсныг...” тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1936 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1хх-ийн 164- 168/,
“...Т.Э нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Т.Э нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Э нь хэрэг хариуцах чадвартай байна. Т.Э нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна” гэх Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1020 дугаартай дүгнэлтээр /1хх-ийн 151-152/,
Т.Эгийн яллагдагчаар мэдүүлсэн /2хх-ийн 4-5/: “...гэрт байж байхад Баттөгс, ээж хоёр гадаа ...махаа шулангаа архи уугаад гэрт ээлжилж орж ирэх болгондоо намайг “гөлөг, пизда” гэх зэргээр хэлээд хөөгөөд байсан. ...тэгээд байхаар нь миний уур хүрээд гэрээс гараад байшингийн хажуу талд байдаг пошкон дотор нуусан байсан нэг шил 0,5 литрийн хэмжээтэй “Хараа” архийг ганцаараа ууж дуусгасан. Тэгээд буцаад гэртээ ортол тэр хоёр унтаж байх шиг байсан. Би “за ашгүй дээ, одоо унтчихсан юм чинь үглэж загнахгүй байх” гэж бодоод зурагт үзээд хэвтэж байхдаа сувгаа сольсон чинь чанга дуу гараад талийгаач Баттөгс сэрчихсэн. Тэгээд намайг “хоол хийж өг гөлөг минь, чамд юу ч байхгүй шүү, ээжийн чинь дансанд байгаа мөнгөөр би машин авна, чи хувцсаа өмсөөд удахгүй зайлна” гэж хэлээд зодох гээд дайраад байсан. Баттөгс газраас ус хийдэг шилийг аваад намайг цохих гээд дайрахаар нь гэрээс гарч зугтаагаад байшингийн хажууд байсан труба төмөрнүүдээс нэгийг нь аваад буцаж гэртээ ороод Баттөгсийг эхлээд толгой руу нь цохисон. Түүнийг цохих үед Баттөгс гартаа шилээ бариад сууж байсан. Би Баттөгсийг труба төмрөөр нэг удаа цохиход ээж сэрсэн. Баттөгс газар ээжийн хажуугаар унасан. Би Баттөгсийг дахиж цохих үед ээж дундуур орж ирээд цохиулах шиг болсон. Цааш нь юу болсон талаар сайн санахгүй байна. Ухаан ортол ээж болон Баттөгс нил цус болчихсон хэвтэж байсан. Би хааш нь хэдэн удаа цохисноо санахгүй байна. Би ээжийгээ нил цус болчихсон хэвтэж байхыг хараад уусан архи гараад эрүүл болчихсон юм шиг санагдсан. Хоромхон хугацаанд ухаан санаагаа бүрэн алдчихсан байсан. ...ээж, Баттөгс нарыг алах ямар ч санаа зорилго байгаагүй. Би гэртээ байж суухын аргагүй дарамтад орсон. Тэгээд нуусан байсан архиа ганцаараа уугаад маш их согтчихсон байсан. ...хүний аминд хүрсэндээ маш их харамсаж байна. Тухайн үед ...ухаан ороод маш их айж сандарч шоконд орсон. ...тухайн үед цагдаагийн байгууллага дээр очиход сэтгэл зүй бэлэн биш байсан. ...ямар ч байсан мөнгө хэрэгтэй гэж болоод ээжийн бөгж, гар утас, зурагт, ээжийн машины түлхүүрийг авч гэрээс явсан. ...би эхнэр, хүүхдээ дагуулаад ээжийг ганцааранг нь үлдээгээд явж үзсэн. Хэсэг хугацааны дараа ээж над руу залгаад “хүрээд ир” гэдэг байсан. ...ээжид надаас өөр хань болчих хүн байдаггүй байсан. Ээж маань архи уучихаараа манай эхнэр, хүүхдийг байнга хөөж туудаг, миний нүүр, биеийг маажиж гэмтээдэг, хэлэх хэлэхгүй үгээр дайрч доромжилдог байсан. Ийм учраас эхнэр маань тэсэхээ байгаад надаас салж тусдаа амьдрах болсон. Би ээжийг асарч хамт амьдрах болсон. ...Баттөгсийн хувьд ээжтэй амьдраад 4 жил болж байсан. ...миний гарыг модоор цохиж хугалж байсан. Тухайн үед хагалгаанд орж хадуулж байсан. ...би 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн биеэр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж гадаа нь нэг шил архи уугаад цагдаагийн газрын үүдээр орж байсан хоёр цагдаад болсон хэргийн талаар өөрөө хэлж бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 3-14/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-22/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 24-28/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 29-55/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 56-60/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх-ийн 67, 86-88, 2хх-ийн 69, 144/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 70-85/, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 224-228, 2хх-ийн 103-106/, зочид буудлын өрөөний бүртгэл /2хх-ийн 35/, “GOOD”, “КОКО” ломбардны баримт /2хх-ийн 36, 37/, “GOOD” ломбардын хохирол барагдсан гэх баримт /2хх-ийн 147/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь “шүүгдэгч болон хохирогч нарын хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, шүүгдэгч нь амь хохирогч нарыг труба төмрөөр цохисноо мэдүүлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогч нар гавлын орой болон суурь яс, нүүрний яснуудын олон тооны сэлтэрхий үүссэн хугарал гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон, уг гэмтлүүд талийгаач нарыг амьд ахуйд нь үүссэн, мөн шүүгдэгч нь төрсөн эхийнхээ амийг хохироосны дараа эд хөрөнгүүдийг нь хууль бусаар авч явсан, уг эд зүйлсээ ломбардад тавьсан, виза картаас нь мөнгө авсан болохыг шүүгдэгч, гэрч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн, амь хохирогчийн эд зүйлийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв, шүүгдэгч Т.Э нь амь хохирогч О.Баттөгс, Д.Тунгалаг нарыг алсан, мөн амь хохирогч Д.Тунгалагийн эд хөрөнгийг хууль бусаар авсныг итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар бодитой тогтоосон гэж шүүх үзсэн болно.
Т.Эд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шаардлагатай гэрчүүдийг байцаасан, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгэсэн, чухал ач холбогдол бүхий баримт сэлт гаргуулсан, эд мөрийн баримтыг хураан авсан, шүүгдэгчийн болон хохирогчийн хувийн байдал, амьдралын нөхцөл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хоёр хүнийг труба төмрөөр олон удаа цохиж алах явцдаа амь хохирогч нарыг амьд ахуйд нь олон тооны гэмтэл үүсгэж, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон Т.Эгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6-д заасан “онц харгис хэрцгийгээр, хоёр хүнийг алсан” гэмт хэргийн, мөн амь хохирогч Д.Тунгалагийн амь насыг хохироосны дараа эд хөрөнгийг хууль бусаар авч, шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож буй Т.Эгийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Мөн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч хэргийн үйл баримтын талаар “шүүгдэгч Т.Э нь төрсөн эхээ хамтран амьдагчийнх нь хамтаар алсан, алахдаа хэрцгий арга хэрэглэсэн, бусдыг алсны дараа эд хөрөнгийг нь хууль бусаар авсан гэм буруутай, төрсөн эх, хойд эцгийнхээ дарамтад олон жил байснаас үүдэж гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэсэн бөгөөд шүүх уг дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч О.Оюунтөгс, Т.Анхзаяа нар “...шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд мөрдөн байцаалтаар нотлогдсон дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзэв.
Шүүгдэгч Т.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа эрт үед хүлээн зөвшөөрсөн, мөрдөн байцаалтын явцад хамтран ажилласан нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илэрүүлэхэд нөлөө үзүүлсэн;
Т.Э нь бага насандаа өнчирч үлдсэн, амь хохирогч Д.Тунгалаг архины хэт их хэрэглээтэй, энэ байдлаасаа үүдэн шүүгдэгчийн бага нас хүчирхийлэл дунд өнгөрсөн;
амь хохирогч О.Баттөгс урьд өмнө Т.Эгийн эрх чөлөөнд халдаж гэмтээж байсан;
амь хохирогч нар согтуурсан үедээ Т.Этэй таарамжгүй харьцдаг (гэрээсээ хөөх, үг хэлээр доромжлох зэргээр) байсан, гэмт хэрэг үйлдэгдэхэд энэ нөхцөл байдал нөлөөлсөн, тухайн үед амь хохирогч О.Баттөгсийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн;
шүүгдэгч Т.Э хоёр хүүхэдтэй, хамтран амьдрагч нь амь хохирогч Д.Тунгалагийн зан авираас шалтгаалж шүүгдэгчээс тусдаа амьдрах болсон;
шүүгдэгч Т.Э урьд өмнө ял шийтгүүлж байсан, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй;
шүүгдэгч Т.Эгийн үйлдэл нь хүнийг алах гэмт хэрэгт заасан хоёр хүндрүүлэх шинжүүдийг агуулсан, үйлдлийн арга нь жигшүүртэй, бусдыг санаатай алсны дараа өөрийнх нь үйлдлийг хориглох, эсэргүүцэх, илчлэх бололцоогүй нөхцөл байдлыг далимдуулан эд хөрөнгийг нь авсан;
амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид шүүгдэгчээс мөнгөн төлбөр нэхэмжлээгүй, Т.Анхзаяагийн хувьд энэрэнгүй байдлаар хандаж байсан зэрэг болно.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6-д зааснаар шүүгдэгч Т.Эд 17 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Т.Эд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Т.Эгийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох нь зүйтэй.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 72 см урттай, 5 см диаметрийн өргөнтэй труба төмөр 1 ширхэг болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан улаан хүрэн өнгийн дээж 3 ширхэг, матрасны хөх өнгийн углаа даавуу 1 ширхэг, 5 ширхэг үс, хохирогч Д.Тунгалагийн үс 1 уут, хохирогч О.Баттөгсийн үс 1 уут зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6-д заасан “онц харгис хэрцгийгээр хоёр хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Т.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6-д зааснаар шүүгдэгч Т.Эг 17 (арван долоо) жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эгийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6-д зааснаар оногдуулсан 17 (арван долоо) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 18 (арван найм) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эд оногдуулсан хугацаатай хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Эгийн цагдан хоригдсон 183 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Т.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй бөгөөд хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчид нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 72 см урттай, 5 см диаметрийн өргөнтэй труба төмөр 1 ширхэг болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан улаан хүрэн өнгийн дээж 3 ширхэг, матрасны хөх өнгийн углаа даавуу 1 ширхэг, 5 ширхэг үс, хохирогч Д.Тунгалагийн үс 1 уут, хохирогч О.Баттөгсийн үс 1 уут зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Х.ИДЭР
Д.АЗЖАРГАЛ