Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 54

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх   хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, “Үрийн од” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг 47 дугаар байрны 64 тоотод оршин суух, /РД:ХЖ71050706/, Боржигон овогт Лхагважавын Насанбатад холбогдох 2.794.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батцэцэг, хариуцагч Л.Насанбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

                                                                                   Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч “Үрийн од” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Насанбат нь 2015 оны 03 дугаар сарын 18-нд нөхрийн хамт ирж нөхөр Х.Баярхүүгийн иргэний үнэмлэхээр 1.000.000 төгрөгийг зээлж, 04 дүгээр сарын 06-нд дахин 100.000 төгрөгийн нэмэлт зээл авч хүүг төлж сунгаад 7 сараас эхлэн сунгалт хийж чадахгүй нь бөөн төлье гэсэн тайлбар тавьсаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр барьцааг хадгалж байхаар тохиролцож, 594.000 төгрөг нэмж төлөх тодорхойлолт бичиж хуучин гэрээг үргэлжлүүлэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сунгаснаас хойш барьцааг хадгалуулсаар байгаа билээ. Иймд үндсэн зээл 1.100.000 төгрөгийн хүү /10 сарын хүү/ болон 594.000 төгрөгийн хамт бүгд 2.794.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.Насанбат шүүхэд гаргасан тайлбартаа: “Үрийн од” ломбарднаас 1.100.000 төгрөг зээлсэн. Энэ хугацаанд хүү болон үндсэн мөнгийг нь төлж дийлэхгүй байгаа тул барьцаанд байгаа манан хөөрөг, 2 ширхэг мөнгөн аягыг ломбардны орлого болгон ломбардыг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Үрийн од” ХХК-ийн захирал Ц.Норжмаа шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Л.Насанбатын тайлбарын дагуу “Үрийн од” ХХК нь барьцаанд тавьсан эд зүйлийг борлуулан хохирлоо барагдуулах гэсэн боловч барьцаанд тавьсан хөөрөг нь хятад хөөрөг байна гэсэн учир барьцаанд тавьсан эд зүйлийг борлуулж хохирлоо барагдуулах боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Л.Насанбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үрийн од” ХХК-ийн ломбарднаас үнэт зүйлээ барьцаалан 1.100.000 төгрөг зээлж, үндсэн зээл болон хүү 2.794.000 төгрөг нэхэмжилснээс энэ үнийн дүнг төлж чадахгүй байгаа тул үндсэн зээл 1.100.000 төгрөг болон 594.000 төгрөгийн хүү нийт 1.694.00 төгрөг төлж хохиролгүй болгоно” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Л.Насанбат нь 2.794.000 төлж чадахгүй байгаа учир 1.694.000 төлж барьцаагаа авъя гэснийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад             

                 Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч “Үрийн од” ХХК нь хариуцагч Л.Насанбатад холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.794.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Үрийн од” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х.Батцэцэгийг томилж, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан эрх, үүргийг эдлэх итгэмжлэл олгожээ. /хх-н 21 хуу/

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь 2.794.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1.100.000 төгрөгнөөс татгалзаж үлдэх 1.694.000 төгрөгийг хариуцагч Л.Насанбат нь төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байна. Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон З А Х И Р А М Ж Л А Х нь:

1. Нэхэмжлэгч “Үрийн од” ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Л.Насанбатад холбогдох 2.794.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч “Үрийн од” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 2.794.000 /хоёр сая долоон зуун ерэн дөрөв мянга/ төгрөгийн 1.100.000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөс татгалзаж, хариуцагч Л.Насанбат нь үлдэх 1.694.000 /нэг сая зургаан зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59.654 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 1.694.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 42.054 төгрөгийг хариуцагч Л.Насанбатаас гаргуулан нэхэмжлэгч “Үрийн од” ХХК-нд  олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

         

                          ДАРГАЛАГЧ                                  Р.БАТБАЯР