| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2021/0200/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/230 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/230
2021 04 05 2021/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Г.Ууганбаатар,
шүүгдэгч С.М /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Шарнууд овгийн С.М д холбогдох эрүүгийн 2111000000263 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шарнууд овгийн С.М , 1994 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, Улаанбаатар такси ХХК-д дуудлагын ажилтан ажилтай, ам бүл 4, эцэг, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо дэнжийн 40-8 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч С.М нь 2021 оны 1 дүгээр сарын 19-ний оройн 22-23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 40 дүгээр гудамжны 7 тоотын гадна хэрүүл, маргааныг нь таслан зогсоож, гэртээ орох шаардлага тавьсан хохирогч Б.Т ийг шатнаас түлхэж унагаан эрүүл мэндэд нь “баруун гарын шуу ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Т нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 1 дүгээр сарын 19-ний 22 цагийн үед намайг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 40-7 тоот гэртээ амарч байхад манай хөрш айлын залуу болох Мөрөн нь гэртээ архидаад хүмүүстэй маргалдаад амраахгүй болохоор нь би гэрээсээ гараад Мөрөнд та нар одоо маргалдахаа болиочээ бид нар амармаар байна гэж хэлтэл та хойшоо бай гэж хэлээд намайг шатан дээрээс түлхээд унагахаар нь “Чи эгчийнхээ гарыг хугалчихлаа шүү дээ” гэж хэлтэл эхлээд намайг тоохгүй маргалдаж байтал Мөрөнтэй хамт байсан нэг залуу намайг гэр лүү оруулж өгөхөөр нь нөхрийгөө сэрээгээд гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлтэл баруун гар хугарчихсан мөн бугуйн яс нь эргэчихсэн байсан юм. Тэгээд би гэмтэл согог судлалын үндэсний төвд 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм. Би тухайн үед С.М д хэлтэл би таны эмчилгээний зардлыг төлчихнө гэж хэлэхээр нь би түүнд итгээд цагдаад өргөдөл өгөхгүй байтал надтай нэг ч удаа холбогдохгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх 9/,
Гэрч Т.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цагийн үед ажлаа тараад найз Мөрөнгийн гэрт ирэхэд Мөрөн Түвшээ гэх миний танихгүй залуутай 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво ууж дуусгаад тамхилахаар гарсан юм. Тэгээд тамхи татчихаад эргээд гэртээ орж ирээд сууж байгаад найз нь гэрлүүгээ явахаар болж би найзыг нь автобусны буудал руу хүргэж өгөхөөр гэрээс нь гарч бид 3 хашаан дотор би Түвшээ гэх залуутай тамхи татаад Мөрөн тамхи татдаггүй болохоороо татаагүй ба Мөрөн шатан дээрээ зогссон харин бид 2 шатны доор зогсож байхад хөрш айлын Тунгалаг эгч гарч ирсэн ба тэр үед нь би Мөрөнг гэртээ орж бай гэж хэлэхэд Тунгалаг эгч мөн Мөрөнг гэртээ ор гэж хэлэхэд Мөрөн Тунгалаг эгчийг та байж бай гээд гараараа холдуулахад Тунгалаг эгч шатнаас буугаад шатны хажуу талд байрлах мөсөн дээр халтираад унасан юм. Тэгэхээр нь би Тунгалаг эгчийг босгоод гэрт нь оруулж өгсөн. Тэгэхэд баруун гараараа зүүн гараа барьчихсан зүүн гар эвгүй болчихлоо хугарчихлаа гэхээр нь гэрт оруулж өгөөд та гайгүй юу гэж асуухад гайгүй гэж байсан юм. Тэгэхэд нөхөр нь болон Тунгалаг эгч 2 хоёулаа согтуу байсан юм. Тэгээд би гараад Түвшээг хүргэж өгөөд Мөрөнгийн гэрт амарсан юм...” гэх мэдүүлэг /хх 13/,
Гэрч В.Ч нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа тараад найзтайгаа уулзаад 1 шил архи уугаад 20 цагийн үед гэртээ ирсэн юм. Гэртээ ирээд хоолоо идчихээд унтаж байтал хэсэг хугацааны дараа 00 цагийн үед санагдаж байна манай эхнэр Тунгалаг намайг сэрээгээд миний гар хугарчихлаа гэхээр нь гарыг нь хартал баруун гар нь эргэчихсэн юм шиг сонин болчихсон байхаар нь дагуулаад шууд гэмтэл согог судлалын үндэсний төв орсон юм. Орох замдаа юу болсон талаар асуухад хажуу айлын Мөрөн 2 залуутай маргалдаад байхаар нь болиулах гээд гартал Мөрөн намайг шатан дээрээс унагаачихсан гэж хэлсэн юм. Тэгээд гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж үзүүлэхэд эмч нар үзэж гарын зургийг нь аваад, гипс тавиад гар нь хугарчихсан байсан юм. Тэгээд гэртээ харих гэсээр байгаад 4, 5 цаг болсон ба гэртээ очоод хаалгыг нь тогшиход нилээн байж байгаад хаалгаа нээхээр нь хэлчхээд гэртээ ороод унтаж амарсан юм. Тэгээд маргааш өглөө нь эмнэлэг орж үзүүлэх гээд явж байтал Мөрөн араас гарч ирээд намайг уучлаарай гээд араас дагаад гүйгээд байхаар нь ажлаасаа чөлөө аваад өөрт байсан мөнгөөрөө архи авах гээд ортол араас орж ирээд надад 0.33 литрийн Хараа архи, 0.5 литрийн Сэнгүр зэрэг эд зүйлс авч өгөөд надаас уучлалт гуйгаад байсан юм...” гэх мэдүүлэг /хх 18/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн №1709 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Т ийн биед баруун гарын шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт /хх 21/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 34/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 43 дугаар тогтоол /хх 47/, шүүгдэгч С.М гийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 44/, хохирогч Б.Т ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 43/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч С.М нь 2021 оны 1 дүгээр сарын 19-ний оройн 22-23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 40 дүгээр гудамжны 7 тоотын гадна хэрүүл, маргааныг нь таслан зогсоож, гэртээ орох шаардлага тавьсан хохирогч Б.Т ийг шатнаас түлхэж унагаан эрүүл мэндэд нь “баруун гарын шуу ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Т ийн “...2021 оны 1 дүгээр сарын 19-ний 22 цагийн үед намайг Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо 40-7 тоот гэртээ амарч байхад манай хөрш айлын залуу болох Мөрөн нь гэртээ архидаад хүмүүстэй маргалдаад амраахгүй болохоор нь би гэрээсээ гараад Мөрөнд та нар одоо маргалдахаа болиочээ бид нар амармаар байна гэж хэлтэл та хойшоо бай гэж хэлээд намайг шатан дээрээс түлхээд унагахаар нь “Чи эгчийнхээ гарыг хугалчихлаа шүү дээ” гэж хэлтэл эхлээд намайг тоохгүй маргалдаж байтал Мөрөнтэй хамт байсан нэг залуу намайг гэр лүү оруулж өгөхөөр нь нөхрийгөө сэрээгээд гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлтэл баруун гар хугарчихсан мөн бугуйн яс нь эргэчихсэн байсан юм. Тэгээд би гэмтэл согог судлалын үндэсний төвд 7 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн юм. Би тухайн үед С.М д хэлтэл би таны эмчилгээний зардлыг төлчихнө гэж хэлэхээр нь би түүнд итгээд цагдаад өргөдөл өгөхгүй байтал надтай нэг ч удаа холбогдохгүй байгаа юм...” гэх мэдүүлэг /хх 9/, гэрч Т.Б ийн “...2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 21 цагийн үед ажлаа тараад найз Мөрөнгийн гэрт ирэхэд Мөрөн Түвшээ гэх миний танихгүй залуутай 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво ууж дуусгаад тамхилахаар гарсан юм. Тэгээд тамхи татчихаад эргээд гэртээ орж ирээд сууж байгаад найз нь гэрлүүгээ явахаар болж би найзыг нь автобусны буудал руу хүргэж өгөхөөр гэрээс нь гарч бид 3 хашаан дотор би Түвшээ гэх залуутай тамхи татаад Мөрөн тамхи татдаггүй болохоороо татаагүй ба Мөрөн шатан дээрээ зогссон харин бид 2 шатны доор зогсож байхад хөрш айлын Тунгалаг эгч гарч ирсэн ба тэр үед нь би Мөрөнг гэртээ орж бай гэж хэлэхэд Тунгалаг эгч мөн Мөрөнг гэртээ ор гэж хэлэхэд Мөрөн Тунгалаг эгчийг та байж бай гээд гараараа холдуулахад Тунгалаг эгч шатнаас буугаад шатны хажуу талд байрлах мөсөн дээр халтираад унасан юм. Тэгэхээр нь би Тунгалаг эгчийг босгоод гэрт нь оруулж өгсөн. Тэгэхэд баруун гараараа зүүн гараа барьчихсан зүүн гар эвгүй болчихлоо хугарчихлаа гэхээр нь гэрт оруулж өгөөд та гайгүй юу гэж асуухад гайгүй гэж байсан юм. Тэгэхэд нөхөр нь болон Тунгалаг эгч 2 хоёулаа согтуу байсан юм. Тэгээд би гараад Түвшээг хүргэж өгөөд Мөрөнгийн гэрт амарсан юм...” гэх мэдүүлэг /хх 13/, гэрч В.Ч ын “...2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр ажлаа тараад найзтайгаа уулзаад 1 шил архи уугаад 20 цагийн үед гэртээ ирсэн юм. Гэртээ ирээд хоолоо идчихээд унтаж байтал хэсэг хугацааны дараа 00 цагийн үед санагдаж байна манай эхнэр Тунгалаг намайг сэрээгээд миний гар хугарчихлаа гэхээр нь гарыг нь хартал баруун гар нь эргэчихсэн юм шиг сонин болчихсон байхаар нь дагуулаад шууд гэмтэл согог судлалын үндэсний төв орсон юм. Орох замдаа юу болсон талаар асуухад хажуу айлын Мөрөн 2 залуутай маргалдаад байхаар нь болиулах гээд гартал Мөрөн намайг шатан дээрээс унагаачихсан гэж хэлсэн юм. Тэгээд гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиж үзүүлэхэд эмч нар үзэж гарын зургийг нь аваад, гипс тавиад гар нь хугарчихсан байсан юм. Тэгээд гэртээ харих гэсээр байгаад 4, 5 цаг болсон ба гэртээ очоод хаалгыг нь тогшиход нилээн байж байгаад хаалгаа нээхээр нь хэлчхээд гэртээ ороод унтаж амарсан юм. Тэгээд маргааш өглөө нь эмнэлэг орж үзүүлэх гээд явж байтал Мөрөн араас гарч ирээд намайг уучлаарай гээд араас дагаад гүйгээд байхаар нь ажлаасаа чөлөө аваад өөрт байсан мөнгөөрөө архи авах гээд ортол араас орж ирээд надад 0.33 литрийн Хараа архи, 0.5 литрийн Сэнгүр зэрэг эд зүйлс авч өгөөд надаас уучлалт гуйгаад байсан юм...” гэх мэдүүлэг /хх 18/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн №1709 дугаар шинжээчийн “...Б.Т ийн биед баруун гарын шуу ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт /хх 21/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Т нь “...Миний бие өөрт учирсан хохирол болох 1.500.000 төгрөгийг хүлээн авсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч С.М г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүх шүүгдэгч С.М г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч С.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүгдэгч С.М д оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч С.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарнууд овгийн С.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч С.М нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХАЛИУН