Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 68

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг 

хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч О.Ганцогтод холбогдох 31.252.480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад    

    

                                                                                               Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “О.Ганцогт нь сум хөгжүүлэх сангаас 2013 оны 09 дүгээр сарын 11-нд жишиг сүүний фермер байгуулах зорилгоор 28.672.000 төгрөгийг авсан. Гэрээ ёсоор 2016 оны 09 дүгээр сарын 10-ны дотор төлөхөөр гэрээ хийсэн боловч О.Ганцогт нь одоог хүртэл зээлээ төлөөгүй байна. Иймд О.Ганцогтоос зээлийн төлбөр 31.252.480 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын 3 дугаар баг Хэрлэнгийн 6-02 тоотод оршин суух СГ84022814 регистрийн дугаартай Ямаан хачит овогт Оюунбилэгийн Ганцогт шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 11-нд жишиг сүүний үнээний фермер байгуулах зорилгоор 28.672.000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөр 31.252.480 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өсөхжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О.Ганцогтын шүүхэд өгсөн тайлбартай танилцлаа. Маргах зүйлгүй. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.

 

                                                                                                 Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газар нь хариуцагч О.Ганцогтоос үндсэн зээл 28.672.000 төгрөг, хүү 2.580.480 төгрөг, нийт 31.252.480 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч О.Ганцогт нь үндсэн зээл, хүүгийн хамт нийт 31.252.480 төгрөгийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газарт төлөх үүрэгтэй болох нь 2013 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Хариуцагч О.Ганцогт нь нэхэмжлэлийн шаардлага 31.252.480 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.   

 Иймд хариуцагч О.Ганцогт нь нэхэмжлэлийн шаардлага 31.252.480 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь Иргэний хуульд нийцэж, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1.Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжилсэн зээлийн төлбөр 31.252.480  /гучин нэгэн сая хоёр зуун тавин хоёр мянга дөрвөн зуун наян/ төгрөгийг хариуцагч О.Ганцогт нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Баянмөнх сумын Засаг даргын тамгын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг  дурдсугай. 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 31.252.480 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 314.212 төгрөгний тавин хувь 157.106 төгрөгийг хариуцагч О.Ганцогтоос гаргуулж төрийн сангийн нэгдсэн дансанд оруулж, улсын орлого болгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.Ганцогт нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Р.БАТБАЯР