Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         Хүсэлт гаргагч:  Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багт   оршин суух, РД: СГ62122502 регистрийн дугаартай Цоохор овогт Жалбаагийн Туяагийн хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Ж.Туяа нар оролцов.

Т О ДО Р Х О Й Л О Х нь:

Хүсэлт гаргагч Ж.Туяа нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Ж.Туяа нь 1984 оны 04-р сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд малчнаар ажилд орсон. 1989 оны 10 дугаар сард сумын архив шатаж холбогдох бичиг баримт шатсан. Мөн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн болно. Иймд 1984 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус сумын “Мөнх-Оргил” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байснаа тогтоолгох хүсэлттэй байна” гэжээ.

Хүсэлт гаргагч Ж.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийг би бичээгүй хүүхдээрээ бичүүлсэн юм. Нэхэмжлэлээ буруу бичсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ байна” гэв.                        

Ү Н Д Э С Л Э Х нь:

Хүсэлт гаргагч Ж.Туяа нь 1984 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ж.Туяа нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа  1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан болгож нэмэгдүүлжээ.  

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Ж.Туяа нь Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд 1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан байдал нь түүний шүүхэд ирүүлсэн 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдөр, 1991 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус тус нээж, 1981 оны 04 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал, 1991 оны 01 дүгээр сараас 1993 оны 01 дүгээр сарыг дуустал  “Мөнх-Оргил” нэгдлээс цалин хөлс авч байсныг тодорхойлж бөглөсөн хөдөлмөрийн дэвтэрүүдийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-н 11-16 хуу/, Хэнтий аймгийн Архивын тасгийн 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 287 дугаартай лавлагаанд Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдлийн даргын 1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 28 дугаар тушаалаар Ж.Туяаг Дулаан бригадад малчнаар томилон ажиллуулсан талаарх баримт /хх-н 6 хуу/, тус нэгдлийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 66 дугаартай тушаал, тушаалын хавсралтаар Ж.Туяад ээлжийн амралт олгосон талаарх баримт, /хх-н 7-8 хуу/, Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” хувьцаат компанийн ерөнхий захирлын 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн тушаал, тушаалын хавсралтаар Ж.Туяаг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаарх баримт /хх-н 9-10 хуу/, гэрч Г.Ганбаатарын “...Туяа нь миний мэдэхээр 1980 оны хавраас эхэлж Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Туяа сургууль төгсөөд илгээлтээр хөдөө гарч малчин болсон. Эхэндээ малчин хийж байгаад сүүлдээ саальчин болсон...” гэх мэдүүлэг /хх-н 25 хуу/, гэрч Ц.Батмөнхийн “...1981 оноос 1993 он хүртэл Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдлийн 3-р бргигадад малчин хийж байсан. Туяаг би хүүхэд байхын л мэднэ. Эцэг, эхтэй нь болон Туяатай өөртэй нэг нутаг усанд насаараа хамт амьдралаа...” гэх мэдүүлэг /хх-н 27 хуу/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

          Иймд Ж.Туяагийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж түүнийг Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд 1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон Т О Г ТО О Х нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цоохор овогт Жалбаагийн Туяаг Хэнтий аймгийн Баянмөнх сумын “Мөнх-Оргил” нэгдэлд 1981 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ж.Туяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                                                      ДАРГАЛАГЧ                                Р.БАТБАЯР