Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/56

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,

улсын яллагч Д.Аянагүл /томилолтоор/,

шүүгдэгч Л.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Л.Нд холбогдох 2007003920047 эрүүгийн дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, 52 настай, бүрэн бус дунд боловсролтой, *******, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................................................ тоотод оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овгийн Л.Н /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Л.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Шүрэн” зоогийн газрын урд талын засмал зам дээр .............. улсын дугаартай Хьюндай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт зааснаар “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас .............. маркийн номер, дугааргүй мотоциклтой мөргөлдөж мотоциклын жолооч Б.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 09 дүгээр сард Нарантуул захын замын урд талд байрлах Эко малчин дэлгүүрээс ................ маркийн мотоцикл худалдан авсан. Уг мотоциклыг Дорнод аймаг руу явах машинд дайж явуулах гэсэн боловч авч явах машин олдоогүй. Тэгээд би шууд өөрөө жолоодоод Дорнод аймаг руу явсан бөгөөд Налайх дүүргээр дайран өнгөрч байх үед замын баруун гар талаас төв зам руу орж ирсэн хөх өнгийн бардактай портер маркийн авто машины зүүн талаас нь мөргөөд унасан. ...Осол болохын өмнө 45-50 км/цагийн хурдтай явж байсан. ...Тухайн мотоциклыг би өөрөө 3.550.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Миний биеийн байдал гайгүй хэвийн байгаа. Би Л.Наас мотоциклын үнэлгээний мөнгө 1.530.000 төгрөг, эмчилгээний зардалд 1.420.000 төгрөг зэргийг нэхэмжилнэ. Надад 100 хувь барагдуулахаар бид хоёр сайн дураараа тохиролцсон байгаа ” гэх мэдүүлэг /хх-ийн 15, 17 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Л.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед би ............................................................................................ тоотод байх гэрийнхээ хашаанаас автомашинтайгаа гараад төв засмал зам руу орох гээд замын наад хэсэгт зогсоод байж байтал автомашинууд хурдаа сааруулахаар нь намайг оруулахаар хурдаа сааруулж байна гэж ойлгоод гялс орчихъё гэж бодоод тээврийн хэрэгслээ хөдөлгөөд зам руу орж байтал баруун талаас ирж байсан мотоцикл гүйцэж түрүүлээд гарч ирээд өөрийнхөө эгнээндээ ороод миний машины жолооч талын хойд хэсгийн банк орчимд мөргөөд гэмтсэн, ийм л асуудал болсон юм. Тухайн үед осол миний буруугаас болсон. Би тухайн автомашинуудын хөдөлгөөнийг тооцоолж чадаагүй дараад орчихсон юм. .............. улсын дугаартай Хьюндай Портер-2 машин миний эхнэрийн нэр дээр бүртгэлтэй байдаг боловч миний эзэмшлийн автомашин байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,

 

2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Мөрдөгчийн магадалгаа “................. улсын дугаартай Портер маркийн автомашины жолооч Лхаасүрэн овогтой Л.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт зааснаар “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. ” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн шинжээчийн шэ/№736 дугаар:

            “1. Б.Гын биед дух ясны хугарал, гавлын хөндийн хий хуралдалт, баруун нүдний ухархайн дээд ханын хугарал, баруун умдаг ясны доод салааны хугарал, баруун шуу ясны далд хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

 

            Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

            “.....................” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ..................... дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 24 дүгээр хуудас/,

            Хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 66 дугаар хуудас/, 

            .............. дугаартай Hyundai porter-2 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолооны үнэмлэх,

      Шүүгдэгч Б.Л.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа, Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Төрсний бүртгэлийн лавлагаа, Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, /хх-ийн 79-86 дугаар хуудас/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 87-90 дүгээр хуудас/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 58 дугаар хуудас/, хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх-ийн 97 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Н нь 2020 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 16 цагийн орчим Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Шүрэн” зоогийн газрын урд талын засмал зам дээр .............. улсын дугаартай Хьюндай Портер-2 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт зааснаар “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас .............. маркийн номер, дугааргүй мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Б.Гын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Үүнд: Шүүгдэгч Л.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргээр дайран өнгөрч байх үед замын баруун гар талаас төв зам руу орж ирсэн хөх өнгийн бардактай портер маркийн авто машины зүүн талаас нь мөргөөд унасан....Осол болохын өмнө 45-50 км/цагийн хурдтай явж байсан. ...Тухайн мотоциклыг би өөрөө 3.550.000 төгрөгөөр худалдаж авсан. ...Миний биеийн байдал гайгүй хэвийн байгаа. Би Л.Наас мотоциклын үнэлгээний мөнгө 1.530.000 төгрөг, эмчилгээний зардалд 1.420.000 төгрөг зэргийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Л.Н нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...гэрийнхээ хашаанаас автомашинтайгаа гараад төв засмал зам руу орох гээд замын наад хэсэгт зогсоод байж байтал автомашинууд хурдаа сааруулахаар нь намайг оруулахаар хурдаа сааруулж байна гэж ойлгоод гялс орчихъё гэж бодоод тээврийн хэрэгслээ хөдөлгөөд зам руу орж байтал баруун талаас ирж байсан мотоцикл гүйцэж түрүүлээд гарч ирээд өөрийнхөө эгнээндээ ороод миний машины жолооч талын хойд хэсгийн банк орчимд мөргөөд гэмтсэн. ...осол миний буруугаас болсон. Би тухайн автомашинуудын хөдөлгөөнийг тооцоолж чадаагүй дараад орчихсон юм” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ний өдрийн шинжээчийн шэ/№736 дугаар дүгнэлт, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зураг, Мөрдөгчийн магадлагаа, Гэмт хэргийн талаархи гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Л.Ныг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд буюу эрүүл мэндэд учирсан хохиролд 1.362.113 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 1.530.000 төгрөг, нийт 2.892.113 төгрөгийг баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч Л.Н нь 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хохирогчийн Хаан банкны дансруу шилжүүлсэн, шинжээчийн дүгнэлтэд хохирогчид учирсан гэмтэл цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй гэж заасан, хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “миний хохирлыг бүрэн барагдуулсан тул гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй, тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн, мөн гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /болгоомжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргасан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирол төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /52 настай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хөрөнгө орлоготой/-ыг тус тус харгалзан прокуророос гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Л.Ныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шүүгдэгчийн “В, С” ангиллын 468874 дугаартай жолоочийн үнэмлэх хураагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт Л.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Л.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Нд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6.Хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Л.Нын 468874 дугаартай “В,С” ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Л.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Э.ЭНХЖАРГАЛ