| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/40 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/40
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч К.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б ургийн овогт К-ийн А-д холбогдох эрүүгийн 2135000260029 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт К-гийн А, 1965 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 4-6 тоотод оршин суудаг, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, регистрийн дугаар:........
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч К.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хохирогч М.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000260029 дугаартай хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч М.О-ийн “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 10-12 тоот өөрийн хашаанд байрлах хадам дүү К.Х гэгчийн гэрт цагаан сарын баярын өдрүүдэд хэрэглэх буузаа чимхэхээр нөхөр К.Г-ийн хамтаар бэлтгэл ажил хийгээд махаа амтлаад сууж байхад хадам ах К.А уйлчихсан согтуу орж ирсэн. ...Нөхөр К.Г дуугүй байж байгаад “цай уу ямар их юм хэлдэг юм бэ?” гэхэд хадам ах К.А “чи гуйлгачин, чамайг үхэхээр толгойг чинь тэвэрдэг эрэгтэй хүүхэд байхгүй, би чамайг бодоход 4 сайхан залуутай, 4 залуугаараа чамайг алуулна. 3 охиныг чинь ямар хүн гэдэг юм” гэхэд нь К.Г “тэр миний охиноос төрсөн эрэгтэй хүүхэд байна” гээд гараараа заахад “тэрийг ямар хүн гэдэг юм. Тэрийг ямар хүүхэд гэдэг юм” гэж хэлээд хэл амаар доромжлоод байхаар нь нөхөр К.Г зүгээр суулдаа гээд К.А-ийн нүүр лүү баруун гараараа цааш нь түлхчихсэн. Тэгтэл К.А босч ирээд их юм яриад салаавч өгөөд “түй май, чи хамаатан садангүй, ганцаараа би чамайг бодохын бол хоёр аавтай, нэг ээжтэй чи бол эзгүй бараг аавгүй” гэх мэтээр доромжлоод хэрүүл маргаан үүсгээд “чи ер нь эзэнгүй чамайг үхэхээр толгой чинь тэврэх хүн байхгүй” гэхээр нь би К.А-ийн хажууд очоод зүгээр суулдаа гээд гараараа чичлээд “та болилдоо хөгшин төгцөг минь” гэхэд над руу К.А түй май гэж хэлээд миний хамар луу гараараа нэг удаа цохичхоод хөл рүү өшиглөчхөөд эргээд явахаар нь араас нь майкнаас нь та яаж байгаа юм бэ? гээд араас нь татахад К.А гараад явсан. ...Түүний дараагаар би гэрт ороод буузаа боогоод байж байхдаа одоо болъё Дошоо /К.А/ ахаа гэхэд битгий хуц гээд миний дээд уруулын зүүн талын хэсэгт гараараа нэг удаа цохисон... ” гэх мэдүүлэг[1],
2. Гэрч К.Г-ийн “...Охин хүнийг хүн гэж үзэхгүй бараг чамд эрэгтэй хүүхэд байхгүй. Би эрэгтэй хүүхэдтэй баян гэх утгатай зүйл ярихаар нь би “миний охиноос гарсан хүү байна эр хүн” гэхэд “үхсэн баас наадахыг чинь хүн гэдэг юм уу, би баян хүн, хөрөнгөтэй чам шиг зээлтэй гуйлгачин биш, босоо хөрөнгөтэй хүн” гэж хэлсэн, тэгтэл манай эхнэр явж явж миний зээг доромжиллоо гэж уурлаад “юу гээд байгаа хөгшин төгцөг вэ?” гээд босоод К.А-ийн хажууд очиход К.А ах орон дээр сууж байсан. Гэтэл тэр зуур К.А эхнэр М.О-ийн хамар луу цохиод хөл рүү нь өшиглөсөн. М.О-ийн хамраас цус гарсан бөгөөд гэрээс гараад цасан дээр хамраа угаасан. ...Манай ах К.А гэр лүү орсон араас нь М.О орсон бөгөөд би машинд юм хийхээр явж байхад дахиад орилоон болохоор нь гэрт ороход М.О нь цусаа гоожуулчихсан байсан...” гэх мэдүүлэг[2],
3. Гэрч О.Н-ын “...Би хоёр том хадам ах нар хоорондоо маргалдаад байхаар айгаад үг хэлж чадаагүй орж гараад гүйгээд байсан. К.Г, К.А нар хоорондоо барьцалдаж байхад К.А-ийг гэрийн баруун талын орон дээр түлхэж унагаасан. Би тухайн үед зодооноос буузны мах, гурил бусад зүйлийг холдуулах гээд сайн анзаарч хараагүй. ...Түүний дараа К.Г ах К.А гэгчтэй хэрүүл маргаан хийж байхад гэнэт М.О нь хадам ах К.А-ийг газарт сууж байхад өшиглөсөн хаашаа нь өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Тэгтэл К.А ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учраас буцаагаад М.О-ийн хамар луу цохичихсон...” гэх мэдүүлэг[3],
4. Гэрч К.Х-ын “...М.О-ийн хамар луу цохисон гэсэн хамраас нь цус гарч байсан. М.О-ийг цохих үед би гадаа машин засаж байсан бөгөөд гэрт ороход М.О эгчийн хамарнаас цус гараад хамраа алчуураар дараад зөрөөд гэрээс гараад явсан. Цагдаа руу явж ирсний дараа М.О-ийн нүүр хамрыг харахад хөхөрсөн зүйл байхгүй, толгой өвдөж байна, шүд хөдөлчих шиг боллоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг[4],
5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай “...М.О-н биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамар, дух, дээд уруул, зүүн бугалга, баруун өвдөг, баруун гуяанд цус хуралт, дээд урууланд зулгаралт гэмтлүүд учирсан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах ба Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Хамар, дух, дээд уруул, зүүн бугалга, баруун өвдөг, баруун гуяны цус хуралт, дээд уруулын зулгаралт гэмтлүүд нь алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 1 хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно..” гэх дүгнэлт[5],
6. Шүүгдэгч К.А-ийн яллагдагчаар өгсөн “...М.О нь намайг нөхрийн хамтаар дарж байгаад цохиж байхад нүүрний хэсэгт нь цохичихсон. Түүнээс биш М.О-ийг зүгээр зогсож байхад нь цохисон зүйл байхгүй. Намайг зүгээр сууж байхад миний цээжний хэсэг рүү өшиглөсөн. ...Би газар дээр дарагдаад босох гэж байхдаа М.О-ийн нүүрний хэсэгт гараараа нэг удаа цохисон, санамсаргүй байдлаар цохигдсон...” гэх мэдүүлэг[6] зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч К.А, хохирогч М.О нар нь Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар шүүгдэгч К.А нь хохирогч М.О-ийн хамар, уруулын хэсэгт тус бүр нэг удаа гараараа цохисон, хөл рүү өшиглөсөн болох нь хохирогч М.О, гэрч К.Г, О.Н, К.Х, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай “...Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт, хамар, дух, дээд уруул, зүүн бугалга, баруун өвдөг, баруун гуяанд цус хуралт, дээд урууланд зулгаралт гэмтлүүд учирсан байна.
Хохирогчийн биед учирсан “тархи доргилт” нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 65 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Шүүгдэгч К.А нь өөрийн үйлдлийг хууль бус, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч К.А-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч М.О нь “...Миний зүрх өвдөөд байгаа, эрүү, шүд янгинаж өвдөж байгаа, К.А гэгч нь надаас уучлалт гуйгаагүй, би тухайн хүнээс дор хаяж 2-3 сая төгрөг нэхэмжилж байна. ...Би хохирлын баримтуудыг бүрдүүлж байгаа, цаашид прокурор, шүүхийн шатанд нэхэмжлэн”[7] гэж мэдүүлсэн, хохирлын талаар баримтаа гаргаж өгөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.О-ийн эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч К.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч А.Т-ын “...Төрсөн аав К.А нь төлөв даруухан зантай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, хааяа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, шударга зантай уурлаж уцаарладаггүй, сайхан сэтгэлтэй, хүний үгэнд ордог, хүмүүжил маш сайн, ямар нэг муу зуршилгүй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш, авир байдаггүй, хэлэх гэсэн үгээ шулуухан хэлчихдэг, шударга зантай юм...” гэх мэдүүлэг[8], гэрч А.Т-ын мэдүүлэг[9], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10], Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт[11], Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[12] зэрэг нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн байна.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч К.А нь мал аж ахуй эрхэлдэг, эхнэр, гурван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн 4-6 тоотод амьдардаг, урьд Сум дундын 24 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Увс аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн хошууч Н.Түвшинбаяр хохирогч М.О-ийг уг хэрэг гарах үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүгдэгч К.А-ийн биед хохирол учруулахгүйгээр халдсан гэж дүгнэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100’000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан болох нь 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 0768320 дугаартай шийтгэлийн хуудсаар[13] тогтоогдож байна. Иймд шүүгдэгч К.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгчид ял оногдуулахдаа энэхүү эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.А-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээнд тохирон гэж дүгнэв.
Шүүгдэгч К.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт К-гийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.А-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч К.А нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.О-ийн хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч К.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 35-36 дугаар хуудас
[2] хх-ийн 40-41 дүгээр хуудас
[3] хх-ийн 43-44 дүгээр хуудас
[4] хх-ийн 46-47 дугаар хуудас
[5] хх-ийн 12-14 дүгээр хуудас
[6] хх-ийн 71-73 дугаар хуудас
[7] хх-ийн 38 дугаар хуудас
[8] хх-ийн 53-54 дүгээр хуудас
[9] хх-ийн 56-57 дугаар хуудас
[10] хх-ийн 86 дугаар хуудас
[11] хх-ийн 103 дугаар хуудас
[12] хх-ийн 89-91 дүгээр хуудас
[13] хх-ийн 119 дүгээр хуудас