Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 19

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэрийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                     

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Т.Болортунгалагийн нэхэмжлэлтэй А.Мөнхбат, Б.Бямбаасүрэн нарт холбогдох 555.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01-р сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад,

                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Т.Болортунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: А.Мөнхбат нь эхнэр Б.Бямбаасүрэнгийн хамт 2015 оны 02-р сард цалин буухаар өгнө гэж Т.Болортунгалаг надаас 948.900 төгрөгний цагаан сарын барааг зээлж авсан. Гэвч хэлсэн хугацаандаа өгөөгүй, бага багаар цувуулж өгдөг байсан ба зарим сардаа бүр өгдөггүй байсан. Одоо 555.000 төгрөг үлдсэн тул гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч А.Бямбаасүрэн, А.Мөнхбат нар нь харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч нар нь 2017 оны 2 сарын хүүхдийн мөнгөн дээр 80000 төгрөг, 3 сарын уурхайн цалин дээр 250.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг нь 5 сар хүртэл сар бүрийн хүүхдийн мөнгөнөөс төлнө гэснийг зөвшөөрч байна гэв.  

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Геологийн 10-р гудамж 01 тоотод оршин суух, РД:СЩ81122914, Бух овогт Адьяагийн Мөнхбат шүүхэд гаргасан тайлбартаа: Би Болортунгалагаас бараа зээлээр авсан нь үнэн. Би 2017 оны 2 сарын хүүхдийн мөнгөн дээр 80000 төгрөг, 3 сарын уурхайн цалин дээр 250.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг нь 5 сар хүртэл сар бүрийн хүүхдийн мөнгөнөөс төлөхөөр тохиролцсон гэв.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Геологийн 10-р гудамжны 01 тоотод оршин суух, РД: СФ82041700, Харуул овогт Баярцогтын Бямбаасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Болортунгалагийн 555.000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Мөнхбат бид хоёр 2016 оны 2-р сард Болортунгалагаас өмнө байсан зээлэн дээрээ нэмж бараа авсан нь үнэн. Гэвч 2 сарын цалин буухад нөхрийн маань цалин хүний зээлэнд дээр гарын үсэг зурсан учраас суутгагдаад цалин аваагүй. Нийт 948.900 төгрөг өгч чадаагүй болохоор хүүхдийн мөнгө авдаг виза картаа өгсөн. Бид хоёр 2017 оны 2 сарын хүүхдийн мөнгөн дээр 80000 төгрөг, 3 сарын уурхайн цалин дээр 250.000 төгрөг, үлдэгдэл мөнгийг нь 5 сар хүртэл сар бүрийн хүүхдийн мөнгөнөөс төлнө гэжээ.

 Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Т.Болортунгалаг нь хариуцагч А.Мөнхбат, Б.Бямбаасүрэн нараас 555.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Т.Болортунгалаг, хариуцагч А.Мөнхбат, Б.Бямбаасүрэн нар нь нэхэмжлэлийн шаардлага 555.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаангүй болно. Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 555.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 17300 төгрөгний тал хувь 8650 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч А.Мөнхбат, Б.Бямбаасүрэн нараас 8650 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т.Болотунгалагт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

 зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 74.6, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

          1. Т.Болортунгалаг нэхэмжлэлийн шаардлага 555.000 төгрөгийг хариуцагч А.Мөнхбат, Б.Бямбаасүрэн нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17300 төгрөгнөөс 8650 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч А.Мөнхбат, Б.Бямбаасүрэн нараас 8650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Болортунгалагт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Т.БОЛОРМАА