| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Болормаа |
| Хэргийн индекс | 157/2016/00261/И |
| Дугаар | 20 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа даргалж тус шүүхийн иргэний шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1956-05-10-ны өдөр төрсөн, 60 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, тэтгэвэрт, Бор-Өндөр сум 1-р баг 41-р байрны 21 тоотод оршин суух, РД: СЩ56051003, Бухтайж овогт Навааны Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төв, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох 4649213 гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11-р сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн, хариуцагч Цэгцүүлэн Дом ӨЭМТөвийн дарга Д.Энхмөнх, хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Цэмбэлмаа, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар, гэрч Б.Баярчимэг, Б.Гантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нарыг оролцуулав.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Өндөр бумбат БГБХ нөхөрлөл буюу ӨЭМТөвийг анх үүсгэн байгуулж, өрхийн эмчээр ажилласан. 2016 оны 1-р сараас 4-р сарыг хүртэлхи хугацааны цалингаа авч чадаагүй, 2016 оны 4-р сард Цэгцүүлэн дом ӨЭМТөв байгуулагдаж манай төвийн 1-р улирлын төсвийг энэ байгууллагад шилжүүлсэн. Бусад ажилтны цалинг 4-р сард Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төв олгосон атлаа миний цалин, хөлсийг олгоогүй. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар нь гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй төсвийг Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төвд 2016 оны санхүүжилтийг шилжүүлсэн буруутай учир 2016 оны 1-3-р сарын цалин 2849415 төгрөг, 2016 оны ээжлийн амралтын мөнгө 1799798 төгрөг, нийт 4649213 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, Цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч: Хэнтий аймгийн Баямөнх суманд 1984-07-12-ны өдөр төрсөн, 33 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Бор-Өндөр сумын Цэгцүүлэн дом ӨЭМТөвийн дарга, их эмч ажилтай, РД: СЕ84071216 Бүлтгээ овогт Дашзэвэгийн Энхмөнхөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр бумбат БГБХН-ийн өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Н.Цэндсүрэнг хууль бусаар даргын албан тушаалд томилсон болон их эмч Г.Анхбаяр нь цалингүй байсан хугацааны мөнгө нэхэмжлэх тухай шүүхийн маргаан нь анхан шат болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд Г.Анхбаярын талд шийдэж их эмч Н.Цэндсүрэнг хууль бусаар даргын албан тушаалд томилогдсон гэж шийдвэрлэсэн юм. Д.Энхмөнх миний бие 2016-4-12-ны өдөр Хэнтий аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргатай гурвалсан гэрээ байгуулж Цэгцүүлэн Дом ЗГБХН-ийн ӨЭМТөвийг байгуулсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016-06-08-ны өдрийн 151-р тоот шийдвэрийг үндэслэн Г.Анхбаярын нэхэмжилсэн цалин 4693106 төгрөгийг Цэгцүүлэн Дом ӨЭМТөвөөс өгсөн. Иймд Н.Цэндсүрэн бүх шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хууль бусаар ажиллаж байсан нь тогтоогдож байгаа тул 2016 оны 01-3-р сарын цалин 2849415 төгрөг, ээлжийн амралтын 1799798 төгрөг, нийт 4649798 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул манай байгууллагаас төлөх боломжгүй юм. Н.Цэндсүрэн 2015-10-01-ний өдрөөс ажлаас халагдах 50 дугаар тушаал гаргасан байдаг. Өндөр бумбат ӨЭМТөвийн 2016 оны 1-3-р сарын цалинг манай байгууллагад шилжүүлээд, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Энхмандах эмч ажилтан нарт цалинг олго гэж утсаар шийдвэр хэлсэн тул цалинг олгосон. Цэгцүүлэн дом ӨЭМТөв 2016-4-12-ны өдөр шинээр байгуулагдаж үйл ажиллагаа нь шинээр эхэлсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага энэ нэхэмжлэлд хариуцагчаар татагдахгүй байх үндэслэлээ хэлье. “Өндөр Бумбат” өрхийн эрүүл мэндийн төв нь манай байгууллагатай 2015 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, баг хамт болон ажиллаж чадаагүй. Энэ юугаар нотлогдсон юм бэ гэвэл 2015 онд 3 удаа өрхийн эрүүл мэндийн дарга солигдсон. Ингээд хууль бусаар дарга болсон гэж хоорондоо маргалдаж Захиргааны хэргийн шүүх дээр маргаантай байсан шалтгаанаар “Өндөр Бумбат” өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээг байгуулахгүй гэж ажлын хэсэг шийдвэр гаргасан. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээгээр аймгийн засаг даргын үүргийг заасан байдаг. Аймгийн засаг даргын хувьд өрхийн эрүүл мэндийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу тогтмол хугацаанд олгох үүрэгтэй байдаг. Харийн Эрүүл мэндийн газрын даргад ийм үүрэг байдаггүй. Мөн гэрээний биелэлтийн 7 дугаар зүйлд тайланг хагас, бүтэн жилээр Эрүүл мэндийн газарт ирүүлэх ёстой гэж заасан байдаг. Өндөр Бумбат өрхийн эрүүл мэндийн төв заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй. Гэрээний биелэлтийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт гэрээг дүгнүүлэх тайлангаа 12 дугаар сарын 15-ны дотор Эрүүл мэндийн газарт хүргэсэн байх ёстой байдаг. Гэтэл энэ тайлангууд ирээгүй учраас гэрээг дүгнээгүй юм. Ийм учраас Н.Цэндсүрэн эмчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн нь хариуцагч “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төв, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас 2016 оны 01-р сараас 3-р сарыг дуусталхи хугацааны цалин, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 4649213 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлага 2016 оны 1-3-р сарын цалингийн талаар: Нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн Өндөр бумбат ӨЭМТөв, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 2016 оны 1-р сараас 3-р сарыг дуусталхи хугацаанд эмчээр ажиллаж байсан хугацааны цалин 2849415 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: Нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн Өндөр бумбат ӨЭМТөв, бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлд 2016 оны 1-р сараас 3-р сарыг дуусталхи хугацаанд эмч буюу даргын ажил үүргийг гүйцэтгэж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан харилцагч байгууллагуудтай хийсэн гэрээ, гэрч Б.Гантуул, Б.Баярчимэг нарын Өндөр бумбат өрхийн эмэнлэгт үзүүлэх гэж очоод Н.Цэндсүрэн эмчид үзүүлсэн байсан..., гэрч Г.Алтанзул, Э.Азжаргал, Ц.Батцэцэг, О.Чимэгбаяр 1-р багийг хариуцсан эмчээр ажиллаж байсан, мөн даргын ажил хамт хийдэг байсан, өөрөө байгаа мөртлөө өвчтөнүүдээ үздэггүй бусад эмч нарт ачаалал үүсгэдэг байсан... бичгийн нотлох баримтуудаар Өндөр бумбат ӨЭМТөвийн дарга, эмчийн ажил үүргийн гүйцэтгэж байсан болох нь нотлогдож байна. Хэнтий аймгийн засаг дарга, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар нь 2015-1-20-ны өдөр хийгдсэн гэрээнд заасны дагуу сар бүрийн 10-ны дотор санхүүжилтийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйгээс Өндөр бумбат ӨЭМТөв, БГБХнөхөрлөлийн эмч ажилтан нар 2016 оны 1-р улиралын цалингаа хөдөлмөрийн хуулинд заасны дагуу авч чадаагүй байна. 2015-1-20-ны өдөр хийгдсэн гэрээ нь 1 жилийн хугацаатай хийгдсэн атал гэрээ дүгнэх хугацаа болоогүй байхад төрийн эрх бүхий байгууллага санхүүжилтийг олгоогүй буруутай байна.
Цэгцүүлэн дом ӨЭМТөв, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь 2016-4-4-ний өдөр шинээр байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлж үйл ажиллагаа нь эхэлсэн байхад 2016-4-12-ны өдөр Өндөр бумбат ӨЭМТөв, БГБХНөхөрлөлийн санхүүжилтийг шилжүүлсэн үйлдэл нь хууль болон гэрээг Хэнтий аймгийн төрийн сан, Хэнтий аймгийн эрүүл мэндийн газар зөрчсөн байна. Өндөр бумбат ӨЭМТөв, БГБХНөхөрлөлийн бусад гишүүдэд Цэгцүүлэн дом ӨЭМтөв, ЗГБХнөхөрлөл нь олгосон атлаа нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн цалинг хууль бус дарга болсон гэсэн үндэслэлээр шалтгаалан өгөөгүй нь хууль зөрчиж байх тул цалин 2849415 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.
2016 оны ээлжийн амралтын мөнгө 1799798 төгрөгийн талаар: Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000-6-14-ний өдрийн 166-р тушаалд заасны дагуу 2016 оны 1-3 сар буюу 1-р улиралд ажилласан хугацаанд ноогдох ээлжийн амралтын мөнгийг хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох хангалтгүй байх тул ээлжийн амралтын мөнгө 1799798 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн ниймгийн даатгалын дэвтэрийн 2015 оны хуулбараас өөр бусад бичгийн нотлох баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлээгүй, энэ нэхэмлэлийн шаардлагаа нотлож чадаагүй болно.
Нэхэмжлэгчээс шүүхэд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 89337 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч нараас 2849415 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 60541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р
зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг
удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 346-р зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Цэгцүүлэн дом ӨЭМТөв, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас 2849415 төгрөгийг гаргуулж Н.Цэндсүрэнд олгож, 1799798 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, ИХШХШТ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 89337 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч Цэгцүүлэн дом ӨЭМТөв, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас 60541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цэндсүрэнд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА