Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ШЦТ/420

 

 

 

 

 

 

 

 

 2021         03         29                                    2021/ШЦТ/420

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч М.Ариунцэцэг,

Хохирогч Б.Амарсайхан,  

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г.Б-т холбогдох эрүүгийн 2106 00000 0145 дугаартай хэргийг шүүх 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: 1995 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 25 нас, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хадам ээж, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгайд оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ХХ00000, Г.Б.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага Дарь-Эхийн 8 дугаар гудамжны 1341 тоотод оршин суух иргэн Б.Амарсайханг гэртээ унтаж байхад нь “гэрт согтуу орж ирж дарамталлаа” гэх шалтгааны улмаас гэрээс нь чирж гарган газарт унагааж нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж зодож “ тархи доргилт, баруун нүдний алимны дотор булангийн салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун талын дотор салстын цус хуралт ” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Б.Амарсайхан мэдүүлэхдээ: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр би архи уусан байсан нь үнэн. Би шүүгдэгч Г.Б-ийн гэрт орж агсам бол тавиагүй. Намайг хашаанаас хөөсөн гэдэг нь худлаа. Би шинжээчийн дүгнэлтээр гарсан хөнгөн гэмтлийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 108.000 төгрөгийн хохирлоос гадна. Гэмтэл авснаас болоод 3 хоног ажилдаа яваагүй. Миний нэг өдрийн цалин 50.000 төгрөг байдаг. Би учир 3 хоногийн цалин 150.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би харуул хамгаалалтын компанид ажилдаг байсан. Би хохирлоо барагдуулах юм бол өөр гомдол, саналгүй.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр хохирогч Б.Амарсайханы өгсөн мэдүүлэг /хх-07-10, 23/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн  742 дугаартай дүгнэлт /хх-14-15/,  шүүгдэгч Г.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/, хохирогчийн шинээр гаргаж өгсөн 1 хуудас хохирлын баримт, 1 хуудас “Хаангүрэн констракшн” ХХК-ийн тодорхойлолт 1 хуудас нийт 2 хуудас зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага Дарь-Эхийн 8 дугаар гудамжны 1341 тоотод оршин суух иргэн Б.Амарсайханг гэртээ унтаж байхад нь “гэрт согтуу орж ирж дарамталлаа” гэх шалтгааны улмаас гэрээс нь чирж гарган газарт унагааж нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр биед нь халдаж зодож “ тархи доргилт, баруун нүдний алимны дотор булангийн салстын цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун талын дотор салстын цус хуралт ” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Амарсайханы өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цагийн үед гэртээ ирээд жаахан хэвтэж байгаад Г.Б ийн гэр рүү нь хашааны түрээсийн төлбөрийнхөө талаар асуух гээд орсон. Би “түрээсийн мөнгөө авмаар байна хэзээ өгөх вэ” гэхэд эхнэр нь гэх эмэгтэй “та одоо гар” манайд орж ирлээ гээд байсан. 21 цагийн орчимд Г.Б ажлаасаа ирээд намайг гэртээ ганцаараа хэвтэж байхад миний 2 хөлнөөс чирээд гэрээс гаргаад гэрийн зүүн урд талд газарт унагааж байгаад миний баруун талын нүд рүү нэг удаа өшиглөөд толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл миний хамар нүднээс цус гарахаар нь “цагдаа дууд” гэхэд Г.Б цагдаа дуудсан байхаа. 103-ын эмч ирж үзээд надад өвчин намдаах эм өгөөд гэмтлийн эмнэлэг явж үзүүл гэсэн. Г.Б-т зодуулсны улмаас 100.000 төгрөгөөр толгойн зураг авахуулсан, 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн. Нийт 271.000 төгрөгийг Г.Б-өөс нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-7-10, 23/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 742 дугаартай дүгнэлтэд:

1. Б.Амарсайханы биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт, баруун нүдний алимны дотор булангийн салстын цус харвалт, баруун нүдний дээд зовхи, баруун хацрын зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, дээд уруулын баруун талын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-14-15/ гэх дүгнэлт,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Дарь-Эхийн 8-1340 тоотод Б.Амарсайханы хашаа түрээслэн амьдардаг байсан. 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 13 цагт Б.Амарсайхан нь намайг эзгүй хооронд манай гэрт ороод эхнэрээс түрээсийн мөнгө нэхээд, согтуу манай гэрт орсон болохоор нь би “эхнэрийг маань айлгалаа” гээд уурлаад Б.Амарсайханы гэрт ороод Б.Амарсайханыг гэрээс нь чирч гаргаад барьцалдаж аваад зүүн хөмсөг рүү нь 1 удаа гараараа цохьчихсон юм. Тэгээд хөмсөг нь хавдаад цус гарахаар нь би Гэмтэл согог судлалын үндэсний төвд Б.Амарсайханыг аваачаад үзүүлсэн юм.” гэх мэдүүлэг /хх-30/,

Шүүгдэгч Г.Б-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/ зэрэг болно.

 

Дээрхи нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаалтай учруулсан болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Б-ийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Бага Дарь-Эхийн 8 дугаар гудамжны 1341 тоотод оршин суух иргэн Б.Амарсайханг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

Дээрхи байдлаар шүүгдэгч Г.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 Хохирогч Г.Амарсайханы зүгээс эмчилгээний зардалд баримтаар 108.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гэж 150.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Б-ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар Г.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.Б нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Б-өөс 108.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Амарсайханд олгосугай.

 

6. Хохирогч Г.Амарсайхан нь бусад холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС