Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2018/01416

 

Ц.М-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00542 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1109 дүгээр магадлалтай,

Ц.М-ийн нэхэмжлэлтэй,

“Г” ХХК, Б.Н-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаярын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М-, өмгөөлөгч Г.Ганцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: эхнэр Б.Н- нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 168 м.кв талбайтай орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийх эрхийн итгэмжлэлийг надаар олгуулсан мэтээр нотариатаар гэрчлүүлж, тухайн өдрөө Г ХХК-д зээлийн барьцаанд тавьсан байсан. Миний бие уг асуудлаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2016/00964 дүгээр шийдвэрээр Ц.М-оос Б.Н-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иймд эхнэр Б.Н-, Г ХХК-ийн хооронд хууль бус итгэмжлэлээр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “Г” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Н- нь Г ХХК-аас 100.000.000 төгрөгийн зээл авсан. Г барьцааны гэрээг байгуулахдаа Ц.М-оос Б.Н-д олгосон итгэмжлэлийг үндэслэл болгосон бөгөөд тухайн үед итгэмжлэл хүчин төгөлдөр байсан. Маргаан бүхий байрыг барьцаалж авсан зээл нь Б.Н-ын хамаарал бүхий компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан гэр бүлийн бизнес тул энэ нь бүхэлдээ санаатай бий болгож буй хуурмаг үйл ажиллагаа бөгөөд Б.Н- нь нөхрөөсөө салаад зээл төлж чадахгүй болохоороо гаргаж буй заль юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: Зээл болон барьцааны гэрээнд Ц.М- нь өөрийн биеэр гарын үсэг зурсан боловч бидний гэр бүл салах болсон шалтгаанаас болж итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан. Байрыг өмнө нь олон удаа компанийн зээлд барьцаанд тавихад зээлийн гэрээг Ц.М- өөрийн биеэр биш итгэмжлэлийн дагуу байгуулдаг байсан. Г ХХК-тай байгуулсан барьцааны гэрээг  хүчин төгөлдөр гэж үзэж байгаа тул намайг оролцуулалгүй хурлыг хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00542 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10-д заасныг баримтлан Б.Н-, Г ХХК нарын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ББГ3305103717 тоот барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан орон сууцны 000329729 тоот гэрчилгээг Гнаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч Г ХХК, Б.Н- нараас хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Ц.М-ид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1109 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00542 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Г ХХК-аас төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1109 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах хэлцэлд талууд хүсвэл нотариатаар гэрчлүүлэх талаар заасан байх бөгөөд заавал нотариатаар гэрчлүүлнэ гэсэн хэлбэрийн шаардлага тавигдаагүй байна. Иймд үл хөдлөх хөрөнгийг барьцаалах хэлцлийг хийхдээ заавал нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэлээр барьцааны гэрээ хийх шаардлагагүй. Харин хамтран өмчлөгчийн зөвшөөрлөөр буюу Ц.М-ийн гарын үсгээ зурж Б.Н-д олгосон зөвшөөрлөөр байгуулсан хэлцэл буюу Гтай байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн 2016 оны 02 сарын 18-ны өдөр Ц.М-. түүний эхнэр Б.Н- нар нь Г ХХК-д маргаан бүхий орон сууцаа БГЗ305103717 тоот ипотекийн гэрээгээр барьцаалсан, энэ нь Б.Н-ын 100 хувь хувьцаа эзэмшдэг “Назупроперти” ХХК-ийн Гтай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой бөгөөд Б.Н- нь 2016 оны 02 сарын 17-ны өдрийн огноотой хуулийн шаардлага, зохих этгээдийн зөвшөөрлөөр баталгаажсан хуулийн хүчин төгөлдөр итгэмжлэлээр Ц.М-ийг төлөөлж маргааны зүйл болж буй ипотекийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд барьцаалагч буюу Г ХХК нь барьцааны, эрхийг хууль бусаар олж аваагүй. Иймд Ц.М- нь Б.Н-д олгосон итгэмжлэлд гарын үсэг зурсан атлаа уг итгэмжлэлд заагдсан хэлцлийг хийх ёсгүй байсан гэж Г ХХК-гай байгуулагдсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн, үр дагаврыг нь арилгуулахаар шаардах эрхгүй. Учир нь Г ХХК уг барьцааны гэрээг байгуулах үед нэхэмжлэгч Ц.М-оос олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдэл, итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцсон шүүхийн шийдвэр гараагүй байсан бөгөөд уг хэлцлийг хийхэд итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэдгийг Г мэдэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар түүний итгэмжлэлээр олгосон бүрэн эрхийн хүрээнд хийсэн хэлцлийн үр дагавар төлөөлүүлэгч буюу Ц.М-ид үүснэ. Тухайн үед хүчин төгөлдөр итгэмжлэлээр төлөөлсөн Б.Н-ын Г ХХК-гай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 1109 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ц.М- нь хариуцагч “Г” ХХК болон Б.Н- нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа “...нотариатын үйлдэл болон итгэмжлэл хүчингүй болсон” гэжээ. Нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө хариуцагч Г “...барьцааны гэрээ хүчин төгөлдөр” гэж, Б.Н- “...итгэмжлэлд гарын үсэг зурсан” гэсэн тайлбарыг тус тус гаргаж, маргажээ.

Ц.М-, Б.Н- нар нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 61/5 байрны 1 тоотын 168 м.кв талбай бүхий орон сууцны хамтран өмчлөгч байна.

Г болон Б.Н- нарын хооронд 2016 оны 2 дугаар сарын 18-ний өдөр ипотекийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “Назупроперти” ХХК-ийн Гтай байгуулсан 100.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор дээрх орон сууцыг барьцаалсан байх ба гэрээнд барьцаалуулагч Ц.М-ийг төлөөлж Б.Н- гарын үсэг зурсан, гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Б.Н- нь орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалахдаа хамтран өмчлөгч Ц.М-оос зөвшөөрөл авсан эсэх, итгэмжлэл хүчинтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 964 дүгээр шийдвэрээр 2016 оны 2 дугаар сарын 17-ний өдөр Ц.М-оос Б.Н-д олгосон итгэмжлэлийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгохдоо “...орон сууцыг Ц.М-оос Б.Н-д зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангах бүрэн эрх олгосон итгэмжлэл олгосон, тэрээр итгэмжлэл олгох тухайн цаг мөчид нотариатчийн дэргэд биечлэн байгаагүй, үйлчлүүлэгчид эрх үүргийг тайлбарлан өгөөгүй” гэсэн үндэслэл дурджээ.  

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.-т “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2.-т “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж заасан ба дээрх шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар мөн зүйлийн 156.3-т зохицуулжээ.

Б.Н- болон Гны хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдсэн, энэ тохиолдолд гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.М- нь  нотариатч Д.Дашцэдэнд холбогдуулан дээрх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 2-ний өдрийн 425 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ /хэргийн 191 дүгээр тал/.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг  баталсан шийдвэр гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасан.

Дээрх маргаанд итгэмжлэлийн 1 тал болох Б.Н- оролцоогүй, тэрээр итгэмжлэлтэй холбоотой тайлбар гаргаагүй байгааг шүүх анхаараагүйгээс   итгэмжлэл хүчин төгөлдөр бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэж үзсэн нь учир дутагдалтай болжээ.

Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.-т зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авах ба мөн зүйлийн 128.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэжээ.

Итгэмжлэлд гарын үсэг зурснаа нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна энэ талаар ямар нэг хүсэлт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн орон сууцыг барьцаалах хүсэл зорилгоо илэрхийлж улмаар итгэмжлэлд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-т зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ.

Түүнчлэн Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр олгосон бүрэн эрх, зааврын дагуу хэлцэл хийсэн бол төлөөлүүлэгч өөрөө сайн мэдэж байсан буюу мэдэх ёстой байсан нөхцөл байдлын талаар төлөөлөгч мэдээгүй гэх үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхгүй.

Барьцааны эрх нь үндсэн үүрэгтэй буюу зээлийн гэрээтэй салшгүй холбоотой, Г нь Б.Н-тай барьцааны гэрээ байгуулахдаа нэхэмжлэгч Ц.М-ийн итгэмжлэлийг үндэслэсэн бөгөөд банк хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэх байдал тогтоогдоогүй байна.

Итгэмжлэлийг гэрчилсэн нотариатчийн үйлдэл шүүхийн шийдвэрээр хожим хүчингүй болсон нь барьцааны гэрээний талуудын үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдолгүй, тэдгээрийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг үгүйсгэхгүй тул гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн гэж үзэх, энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тогтоох боломжгүй.  

Харин нэхэмжлэгч нь өөрийн хууль ёсны ашиг сонирхол үл хөдлөх хөрөнгийн барьцааны үр дүнд хохирсон гэж үзвэл Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.6-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангаж, барьцааны зүйлийг шилжүүлэн авах эрхтэй.

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00542 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1109 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г ХХК болон Б.Н- нарын хооронд 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан БГ3305103717 дугаар ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Ц.М-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Г ХХК хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ