Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0741

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Ж...ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0658 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч,

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч Т.Ж...,

Хариуцагч Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга,

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Д... 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгуулах”  

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0658 дугаар,

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Ж...

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э...,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б..,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б..,

 

Хэргийн индекс: 128/2022/0605/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0658 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Дотоодын цэргийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.5, 16.5.5 дахь заалтад заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Т.Ж...аас Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Д... 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгуулахнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э... дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн шийдвэр хариуцагч нь Дотоодын цэргийн штабын Захиргаааны удирдлагын хэлтсийн дарга Д.Д... биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”,  37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж заасны дагуу Т.Ж...ын маргаж буй захиргааны акт бол дээрх хууль бус татгалзал юм.  

Тус хууль бус татгалзлыг гаргасан албан тушаалтан нь Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Д... тул маргаан бүхий захиргааны актыг гаргасан албан тушаалтантай холбогдуулж нэхэмжлэл гаргаж байна.

Гэтэл шүүхийн шийдвэрт тус татгалзлыг гаргасан албан тушаалтан Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч биш байх тул мөнгөн тэтгэлэг олгох талаар шийдвэрлэх эрх хэмжээтэй этгээд биш байна гэж дүгнэсэн. Гэтэл мөнгөн тэтгэлэг олгох талаар эрх хэмжээгүй  этгээд юм бол мөнгөн олгохоос татгалзсан шийдвэрийг нь хууль ёсны хүчин төгөлдөр хэвээр үлдээж байгаа нь логикийн алдаатай байна.

Нэхэмжлэгчид Дотоодын цэргийн штабын хэн ямар албан тушаалтан нь эрх хэмжээтэй вэ? гэдэг хамааралгүй бөгөөд тус байгууллагыг тухайн асуудалд төлөөлөн хариу өгч шийдвэрлэсэн этгээдийг эрх бүхий этгээд гэж түүний гаргасан татгалзсан шийдвэртэй холбогдуулж маргаж байна.

Харин тус албан тушаалтан тухайн шийдвэрийг гаргах эрхгүй этгээд болох талаар маргаагүй болно. Гэтэл шүүхээс актыг гаргаагүй хэн нэгэн албан тушаалтныг хариуцагч байх ёстой гэж үзэж буй нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.

...Шүүгч захиргааны актыг хууль бус гэдгийг үндэслэх хэсэгтээ дүгнэсэн атлаа бичгээр гаргасан захиргааны актыг гаргасан албан тушаалтан хариуцагч биш гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь бодит болон хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Т.Ж... нь Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргад холбогдуулан “Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Д... 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 тоот албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт буюу Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасан Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгох шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2. Нэхэмжлэгч Т.Ж...аас Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газраар уламжлуулан 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Р.Ч-...т хандан “...цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг хуулийн дагуу олгож өгнө үү” гэх хүсэлтэд Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргаас 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2-02/722 дугаар албан бичгээр “...Дотоодын цэргийн тухай хуульд мөнгөн урамшуулал олгох тухай тусгаагүй ба алба хаагчдын эрх зүйн байдлыг сайжруулах үүднээс уг урамшууллыг олгуулахаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хууль батлагдсан тохиолдолд таны хүсэлтийг шийдвэрлэх боломжтой болохыг үүгээр мэдэгдье” гэж хариу өгчээ.

3. Анхан шатны шүүх хариуцагчийг зөв тодорхойлохтой холбоотой зарим баримтыг цуглуулаагүй, хэрэв жинхэнэ хариуцагч биш гэж үзвэл хариуцагчийг солих ажиллагааг хуульд заасан журмын дагуу гүйцэтгэх боломжтой атал хийлгүй, “... нэхэмжлэлд Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга тус асуудлыг шийдвэрлэх албан тушаалтан мөн хэмээн хариуцагчийг ... тодорхойлж байгаа болохоо илэрхийлсэн бөгөөд ...нэхэмжлэгчийн тодорхойлсон хариуцагч болох Дотоодын цэргийн штабын Захиргааны удирдлагын хэлтсийн даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг ханган даалгаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэхээр байх тул эл үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байна.

4. Тодруулбал, нэхэмжлэгчийн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн дээрх албан бичгийг Дотоодын цэргийн штабын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Д... гарын үсэг зурж өгсөн нь ямар бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд хамаарч байгаа, тухайн асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй этгээдийн өмнөөс хариу өгөх чиг үүрэг албан тушаалын ажил, үүргийн хуваарийн хувьд олгогдсон эсэх талаар тайлбар, холбогдох баримтыг гаргуулсны үндсэн дээр тухайн захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн хариуцагчийг зөв тодорхойлох, үүний дараа шаардлагатай гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино”, 25.2-т “Нэхэмжлэгч хариуцагчийг солихыг зөвшөөрөөгүй бол шүүгч тухайн этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулна” гэсний аль тохирох ажиллагааг хийж хэргийг шийдвэрлэх боломжтой байжээ.

5. Гэтэл анхан шатны шүүх уг үүргээ биелүүлэлгүй, зөвхөн хариуцагчтай холбоотой дээрх үндэслэлийг заан, шийдвэрээ гаргаж, хуулийн дээрх заалтыг зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн, энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн” гэх гомдол үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь гомдолдоо “шүүх Захиргааны ерөнхий хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ... маргаж буй татгалзал бол захиргааны акт мөн” гэх мэтээр маргасан боловч шүүхийн шийдвэрт энэ талаар тусгагдаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0658 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ