Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 858

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: БЗДЗДҮГ, 

Хариуцагч: НГАД,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалын Б.Б-д холбогдох хэсэг болон 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн дараах хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас нэхэмжлэл гаргав.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/58 дугаар захирамжаар дүүргийн Газрын албаны даргаар Н.Батсүхийг томилсон бөгөөд Газрын албаны дарга 2016 оны 08 дугаар сараас эхлэн албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон тул оронд нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/21 дүгээр захирамжаар Б.Уянгыг дүүргийн Өмч, газрын харилцааны албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

Б.Уянга нь гадаадад 3 сараас дээш хугацаагаар суралцахаар болсон тул дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн. Улмаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д заасны дагуу Ц.Батмандахыг дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо Нийслэлийн Газрын албанд хандаж 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1/587 дугаар албан бичгээр зөвшилцөх гэсэн боловч хариу ирүүлээгүй тул дүүргийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар томилсон юм.

Гэтэл НГАД Э.Болорчулуун нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалын хавсралтаар Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр иргэн Д.Бат-Ундрахыг томилж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалаар түүнийг дүүргийн Газрын албаны даргаар тус тус томилсон байна. Нийслэлийн Газрын албаны даргын дээрх тушаалууд дараах үндэслэлээр илт хууль бус болох нотлогдоно.

Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/08 дугаар тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт, Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын даргын 2016 оны А/224 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/626, А/635 дугаар захирамж, Нийслэлийн Газрын албаны дүрмийн 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэжээ.

Харин 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.2.2 дах хэсэг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь заалт, Засгийн газрын 2014 оны “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай” 332 дугаар тогтоол, Газрын албаны дүрмийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.

Газрын харилцаа, геодизи зураг зүйн газрын даргын 2016 оны А/224 дүгээр тушаал, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/626, А/635 дугаар захирамжаар НГАДд дүүргийн Газрын албаны даргыг томилох эрх олгосон заалт байхгүй бөгөөд Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хамтарсан 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/223-А/677 дугаар тушаал, захирамжаар батлагдсан Нийслэлийн Газрын албаны дүрмийн 2.3 дахь хэсэгт “... дүүргийн Газрын албаны даргыг томилж, чөлөөлөхдөө холбогдох дүүргийн Засаг даргатай тус тус зөвшилцөнө” гэж заасан нь Газрын тухай хууль зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д “Аймаг, нийслэлийн Газрын алба тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх эрх хэмжээтэй байна” гэж заасан байх боловч тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн Газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн Газрын албаны даргыг НГАДтай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх” гэсэн өөрчлөлт 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр орсон байна. Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.” гэж заасны дагуу дүүргийн Газрын албаны даргыг дүүргийн Засаг дарга томилох, чөлөөлөх эрхтэй юм. Тухайлбал хуулийн энэхүү өөрчлөлттэй холбогдуулан 2008 оноос хойш нийслэлийн дүүргүүдийн Газрын албаны даргыг дүүргүүдийн Засаг дарга томилж, чөлөөлж байгаа юм.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд 47.1.3-д тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан; 47.1.6.иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол захиргааны акт илт хууль бус болно гэж заасны дагуу илт хууль бус акт байна.

НГАД нь дээрх маргаан бүхий актуудаар Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг томилохдоо салбарын гол хууль тогтоомж болох Газрын тухай хуулийн газрын харилцааны талаар захиргааны байгууллага, албан тушаалтны хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбогдсон заалтуудыг огт баримтлаагүй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4, 14.5-д “... захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох ... нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй. 

Иймд Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалын хавсралтаар Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр гүйцэтгэгчээр Д.Бат-Ундрахыг томилсон хэсэг, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: “БЗДЗДҮГийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалын хавсралтаар Баянзүрх дүүргийн Газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Бат-Ундрахыг томилсон хэсэг, Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагад холбогдуулан тайлбар гаргаж байна.

Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд Нийслэл болон дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг, 23 дугаар зүйлд Нийслэлийн Газрын албаны бүрэн эрхийг тус тус зааж өгсөн. Тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “дүүргийн газрын албаны даргыг НГАДтай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх”, 23 дугаар зүйлийн 23.3.6-д “НГАД тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх” эрх хэмжээ одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд давхар хуульчлагдсан байна.

Манай албаны зүгээс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дээрх хуулийн 23.3.6 дахь заалтад нийцүүлэн төрийн албаны болзол журмын дагуу Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Д.Бат-Ундрахыг Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг түр орлон гүйцэтгэгчээр, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Газрын албаны даргаар томилсон. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д “тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх” гэсний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргад 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/1124 тоотоор саналыг хүргүүлсэн.

2002 онд батлагдаж 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон одоог хүртэл мөрдөгдөж буй Газрын тухай хуульд 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалт буюу дүүргийн газрын албаны даргыг томилох эрх анхнаасаа нийслэлийн газрын албаны эрх хэмжээнд байсан. Газрын тухай хуульд 2006 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтад нэмэлт өөрчлөлт оруулсан боловч 23.3.6 дах заалтыг хүчингүй болгосон заалт байхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурьдаж буйгаар Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж зааснаар дүүргийн газрын албаны даргыг НГАД томилох гэсэн заалт нь дүүргийн газрын албаны даргыг томилох асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан заалт юм.

Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга 2017 оны Б/32 дугаар захирамжаар давхар дүүргийн газрын албаны даргыг томилж, үл ойлголцол үүсгэн төрийн албыг тасралтгүй, хэвийн явуулах нөхцөл бололцоог алдагдуулж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна. Иймд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын саналыг авсны үндсэн дээр Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг томилсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын тухай хууль 2002 онд батлагдсан. 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.  Газрын тухай хууль 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь хэсэгт зааснаар дүүргийн засаг даргыг томилох, чөлөөлөх эрхийг нийслэлийн газрын албанд олгосон байдаг. Тухайн дүүргийн Засаг даргын саналыг авсны үндсэн дээр дүүргийн газрын албаны даргыг томилох чөлөөлөх эрх хэмжээг анх олгосон. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6-д нийслэлийн газрын алба “...тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх” эрх хэмжээ олгогдсон. Газрын тухай хуулийн 3 дугаар бүлгээс эхлээд газрын харилцааны талаар төрийн болон нутгийн өөрөө удирдах газрын бүрэн эрхийг зааж өгсөн. Нийслэлийн Газрын алба нь Засгийн газрын агентлагийн эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг боловч тухайн шатны Засаг даргын зөвлөн туслах чиг үүрэгтэй босоо тогтолцоотой байгууллага. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6-д “...Засгийн газраас тогтоосон хязгаарт багтаан аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны бүтэц, орон тоог батлах” эрх хэмжээтэй гэж заасан. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар Нийслэлийн Засаг дарга 2016 оны 09 сарын 23-ний өдрийн хамтарсан тушаал захирамжаар Нийслэлийн Газрын албаны дүрмийг баталсан. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 09 сарын 23-ний өдрийн А/224 дүгээр тушаалаар бүтэц, орон тооны хязгаарыг баталсан.

Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 2006 оны өөрчлөлтөөр манайх томилох ёстой гэж маргаж байгаа боловч тус өөрчлөлтөөр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалт 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалтыг үгүйсгэж хүчингүй болгосон зүйлгүй. Тухайн асуудлаар өмнө нь Ц.Батмандахын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг дээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас ирүүлсэн албан бичигт Газрын тухай хуулийн дээрх 2 заалт хоорондоо давхцал үүсээгүй талаар тайлбар ирүүлсэн. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа Д.Бат-Ундрахыг томилсон захиргааны 2 актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Захиргааны ерөнхий хуульд захиргааны акт илт хууль бус болох 7 үндэслэл байдаг. Д.Бат-Ундрахыг томилсон 2 тушаал нь утга агуулгын илэрхий алдаагүй, захиргааны актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 “...Аймаг, нийслэл, дүүргийн газрын албаны даргыг газрын харилцааны зохих мэргэжилтэй иргэдээс Төрийн албаны тухай хуулийн 25, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонгон шалгаруулж томилно” гэж заасныг үндэслээд тушаал гаргасан. Өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж нэхэмжлэгч тал үзээд байгаа. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуульд аймаг, нийслэлийн газрын албаны эрх хэмжээнд дүүргийн газрын албаны даргыг томилохдоо дүүргийн засаг  даргын  саналыг  авч томилно гэж заасан байдаг. Нийслэлийн Газрын албанаас Баянзүрх дүүргийн Засаг даргад саналаа хүргүүлсэн боловч хариу ирүүлээгүй. Зөвшилцөх, санал авах гэдэг тусдаа ойлголт болохыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоол дээр тодорхойлсон байдаг учир хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу өөрт хамаарах  асуудлаар асуудлаар захиргааны акт гаргасан. 

Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг асуудал дээр гол маргаан байгаа гэж бодож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт “...Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэдэг асуудлыг нэхэмжлэгч ярьж байгаа. Гэтэл Газрын тухай хуульд хамгийн эхэнд Улсын Их Хурлын бүрэн эрх, Засгийн газрын бүрэн эрх, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх, Засаг даргын бүрэн эрх, аймаг, нийслэлийн Газрын албаны бүрэн эрх гээд нарийвчлаад дэс дарааллаар нь бүрэн эрхийг нь заагаад өгсөн байдаг. Аймаг, нийслэлийн газрын албаны даргын бүрэн эрхэд дүүргийн газрын албаны даргыг  томилох эрх байна гэдэг заалт өнөөдөр  хүчин төгөлдөр байна. Тэгэхээр Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалт орж ирснээр дээрх нарийвчлан зохицуулсан заалтууд алга болох үндэслэлгүй, харин илүү нарийвчлаад аймгийн болон НГАД эрх хэмжээнийхээ хүрээнд томилох нь зүйтэй гээд зааж өгсөн. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.2.8 дахь хэсгийг өөрчлөх болсон шалтгаан нь нийслэлийн Засаг даргад хамааруулж өөрчлөх гэж байгаад нэмээд дүүргийг оруулаад ирсэн байгаа юм. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь хэсэг сүүлд хүчин төгөлдөр болсон хэдий ч илүү нарийвчлан зохицуулсан заалтыг үгүйсгэж чадахгүй гэж үзэж байна. Нэг асуудлыг нэг хуулийн 2 заалтаар зохицуулаад  байгаа боловч Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь заалт нь илүү нарийвчлан зохицуулсан заалт гэж үзэж байна. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэл мөн тогтоогдохгүй. 

Д.Бат-Ундрахын хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлгийг хянуулж Авлигатай тэмцэх газраас 2016 оны 10 дугаар 27-ний өдрийн 017652 тоотоор ирүүлсэн, төрийн албаны удирдах албан тушаалтны шалгалт өгч тэнцсэн учир  Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлөөс 2017 оны 05 дугаар сарын 05-ний өдөр төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд нэр дэвшүүлэх тухай албан бичиг ирсний дагуу 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалаар  хуулийн дагуу томилсон. Д.Бат-Ундрах нь 1997 оноос хойш Нийслэлийн Газрын албанд  ажиллаж байгаа дадлага туршлагатай мэргэжилтэн. Д.Бат-Ундрах 2 жилийн хугацаанд газрын албаны үйл ажиллагааг  мэргэжлийн төвшинд удирдлага арга зүйгээр хангаж, удирдан чиглүүлж явж байгаа нөхцөл байдлууд тогтоогдож байгаа. 

Дүүргийн Засаг даргаас хууль зөрчиж томилгоо хийсэн. Ц.Батмандах нь газрын харилцаатай холбоотой мэргэжилгүй, Төрийн албаны сонгон шалгаруулалтад орж байгаагүй санхүүгийн мэргэжилтэй хүн. Тухайн салбарын үндсэн мэргэжилгүй, ажилласан туршлагагүй хүнийг улс төрийн шалтгаанаар ажилд авч тухайн байгууллагын үйл ажиллагааг явуулах боломжгүй нөхцөл  байдалд оруулж байсан. 

Газрын тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалт нэмэлтээр орсноос хойш хэрэглэгдээгүй. НГАД тухайн дүүргийн Засаг даргын саналыг авсны үндсэн дээр дүүргийн газрын албаны дарга нарыг томилоод явж байгаа. Зөвхөн Баянзүрх дүүрэг дээр ийм асуудал гарч байгаа нь улс төрийн ямар нэг шалтгаантай. 

Баянзүрх дүүргийн Засаг дарга н.Батсүхийг томилсон гэдэг ч 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Өмчийн харилцааны газрын Б/26 дугаар тушаалаар томилсон. Авлигатай тэмцэх газраас н.Батсүхийн албан үүргийг нь түдгэлзүүл гэж мэдэгдсэний дагуу НГАД 09 дүгээр сарын 05-ний өдрийн Б/01 дугаар тушаалаар албан үүргээс нь түр түдгэлзүүлсэн. Хэрэв дүүргийн Засаг дарга томилох эрхтэй байсан бол Авлигатай тэмцэх газраас дүүрэг рүү тус түдгэлзүүлэх мэдэгдлийг  явуулах байсан. 

Б.Уянга Нийслэлийн газрын албанаас чөлөө хүсээд 2016 оны 9,10 сард гадагшаа явсан. Үүнээс хагас жилийн дараа түүнийг чөлөөлсөн мэт харагдуулж дүүргийн Засаг дарга захирамж гарган дараагийн хүнийг томилж маргаан үүсгэсэн.  Б.Уянга хүүхэд төрүүлж хүүхэд асрах чөлөөтэй хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нийслэлийн Газрын албанаас одоог хүртэл төлж байгаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д заасны дагуу Газрын тухай хуулийн 23.3.6 дахь аймаг, нийслэлийн газрын албаны даргын эрх хэмжээ илүү нарийвчилсан зохицуулалт тул сүүлд хүчин төгөлдөр болсон 20 дугаар зүйлийн 20.2.8 дахь заалтыг хэрэглэх үндэслэл болохгүй. Нийслэлийн Газрын албаны даргын 2 тушаал хуульд нийцсэн, босоо удирдлага бүхий төрийн захиргааны төв байгууллагын баталсан дүрэмд заасан эрх хэмжээ болон одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудын дагуу дүүргийн Газрын албаны даргыг томилсон байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан 7 үндэслэлийн алинд ч хамаарахгүй. 

Илт хууль бус гэж тооцогдсон акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна. Хэрэв дүүргийн Засаг даргыг  томилсон шийдвэрийг илт хууль бус гэж үзвэл дүүргийн Газрын албаны дарга газар эзэмшүүлэх захирамжийн дагуу маш олон гэрээ байгуулдаг, гэрчилгээ олгодог, газар албадан чөлөөлөх зэрэгтэй холбоотой актууд гаргасан байгаа учир эдгээр актууд нь дагаад эрх зүйн үйлчлэлгүй болох нөхцөл үүсэхийг анхаарч үзнэ үү.” гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо “...тушаал нь нэхэмжлэгчийн дараах хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа учир нэхэмжлэл гаргав” гэж бичсэн атлаа зөрчигдөөд байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар огт дурдаагүй, тодорхойлоогүй байна.

Гуравдагч этгээдийн зүгээс Нийслэлийн Газрын албаны маргаан бүхий 2 тушаал нь БЗДЗДҮГийн ямар ч эрхийг хөндөөгүй гэж үзэж байна. Удирдлагын босоо тогтолцоотой НГАД нь дүүргийн Газрын албаны даргыг томилсон нь нэхэмжлэгчид огт хамааралгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Тухайн маргаан нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдэх маргаан биш. Маргаан бүхий 2 захиргааны акт нь нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг,  тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7  дахь хэсэгт заасан заалтуудыг дүгнэхээр  эрх нь зөрчигдсөн субъект шүүхэд нэхэмжлэл гаргах тухай заасан үндэслэлээр тус маргаан нь захиргааны шүүхийн харьяалан шийдэх маргаан биш тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.

Хэрэв тус маргааныг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл рүү орно. Нэхэмжлэгчийн зүгээс 3 хуудас нэхэмжлэл гаргахдаа болсон процесс болон маргаан бүхий актууд нь ямар хууль журмыг үндэслэж гарсныг дурдсан байсан. Нэхэмжлэлийн шаардлага үндсэн 2 асуудлын хүрээнд харагдаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дахь заалтын хүрээнд тус акт нь илт хууль бус гэж үзжээ. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “...тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж байдаг. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь хэсэгт “...тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх” бүрэн эрх нь НГАДд байна гэж үзэн өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд тус актыг гаргасан байна. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаалаар нийслэлийн Газрын албаны дүрмийг 2016 онд баталсан байдаг. Нийслэлийн Газрын албаны дүрмийн 2 дугаар зүйлийн  2.3 дахь хэсэгт “...Газрын албаны дарга нийслэлийн болон дүүргийн Газрын албаны албан хаагчдыг томилж, чөлөөлөх бөгөөд орлогч дарга, хэлтэс, албадын дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана. Газрын албаны дарга нь орлогч даргыг томилж, чөлөөлөхдөө Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга болон Нийслэлийн Засаг даргатай, дүүргийн Газрын албаны даргыг томилж, чөлөөлөхдөө холбогдох дүүргийн Засаг даргатай тус тус зөвшилцөнө” гэж заасан үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт “...иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж заасан тус актын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн эрх зөрчигдөөгүй учир Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл нь байж боломгүй үндэслэл байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “....Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасан. Хэрэв шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд  2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойших дүүргийн Газрын албаны даргын гаргасан бүх захиргааны үйл ажиллагаа, шийдвэр хүчингүй болох үр дагавар үүснэ. 

Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг баримтлах ёстой гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийг энэ тохиолдолд хэрэглэх боломж байхгүй. Нийслэлийн 9 дүүргээс зөвхөн Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхээр маргаан гаргаж би томилох ёстой гэж үзэж байгаа нь улс төрийн шинжтэй. Бусад бүх агентлаг босоо тогтолцоотой байдаг. Нийслэлийн Боловсролын газрын дарга дүүргийн Боловсролын хэлтсийн даргыг томилдог гэх мэт. Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, удирдлагын систем 1 зарчмаар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчимтай.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч БЗДЗДҮГ нь “Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэл гаргаж, энэ шаардлагын хүрээнд шүүх “захиргааны байгууллага нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн эсэх, дээрх захиргааны актууд илт хууль бус гэж үзэх үндэслэл байгаа эсэх”-д дүгнэлт хийн талуудын тайлбарыг үндэслэн хуулийн зохицуулалтыг дараах байдлаар тайлбарлан шийдвэрлэв.

Газрын тухай хууль 2002 онд батлагдсан бөгөөд энэ хуулийн 23 дугаар зүйлд Аймаг, нийслэлийн Газрын албаны эрх хэмжээг тодорхойлж, үүний дотор 23.3.6-д “тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх” эрх хэмжээтэй байна хэмээн заасан, энэ дагуу дүүргийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг НГАД хэрэгжүүлж байна. 

Энэ хуулийн төслийн танилцуулга, холбогдох байнгын хорооны болон чуулганы хуралдааны тэмдэглэлээс үзэхэд орон нутгийн газрын албыг босоо удирдлагын тогтолцоотой байлгахаар хэлэлцэн ийнхүү зохицуулсан байна.   

Гэтэл орон нутгийн боловсон хүчний босоо тогтолцоог зохицуулсан хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэн зарим хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсан, үүний дотор Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8-д “аймаг, нийслэлийн Газрын албаны даргыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн Газрын албаны даргыг НГАДтай зөвшилцөж дүүргийн Засаг дарга тус тус томилох, чөлөөлөх” гэсэн өөрчлөлт 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар орсон байна. Ингэхдээ мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.6 дахь заалтын “тухайн шатны Засаг даргын саналыг авсны үндсэн дээр аймаг, нийслэлийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх” гэсэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийн зохицуулалтыг хассан, харин сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргын томилгоог аймаг, нийслэлийн газрын алба хийх дээрх зохицуулалтыг хэвээр үлдээсэн байна.

Өөрөөр хэлбэл орон нутгийн боловсон хүчний босоо тогтолцоог өөрчилж, орон нутгийн эрх хэмжээнд шилжүүлэхээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн газрын албаны томилгоог аймаг, нийслэлийн Засаг дарга хийх бүрэн эрхийг олгож, харин сумын газрын даамал, дүүргийн газрын албаны даргын томилгоог хийх эрх аймаг, нийслэлийн газрын алба болон сум, дүүргийн Засаг даргад хэн алинд нь олгогджээ.  

Хуулийн энэ давхардуулсан зохицуулалтаас нийслэлийн Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг томилохтой холбоотой энэхүү маргаан үүсчээ. 

Тухайлбал, НГАД Баянзүрх дүүргийн Засаг даргад 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1/1124 тоотоор санал хүргүүлэн, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг түр орлон гүйцэтгэгчээр Д.Бат-Ундрахыг томилж, улмаар 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалаар түүнийг дүүргийн Газрын албаны даргаар томилсон байна. 

Үүнтэй зэрэгцэн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Б/21 дүгээр тушаалаар дүүргийн газрын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Уянгыг томилж, түүнийг гадаад улсад удаан хугацаагаар суралцах болсон үндэслэлээр 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б/31 дүгээр тушаалаар чөлөөлөн, НГАДд 6 дугаар сарын 15-нд 1/587 тоотоор Ц.Батмандахыг дүүргийн Газрын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохоор зөвшилцөх санал хүргүүлж, 7 дугаар сарын 27-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар түүнийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байдаг. Өөрөөр хэлбэл хуулийн дээрх давхардлаар нэг албан тушаалд хэн аль нь давхаруулан томилгоо хийжээ. 

Дээр дурдсанчлан дүүргийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх асуудал дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд мөн хамааралтай байх тул нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч нь “захиргааны байгууллага нийтийн эрх зүйн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүйд хүрсэн” үндэслэлээр энэ талаар маргах, нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзлээ. 

Гэвч нэхэмжлэлийн энэ шаардлагаар Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг томилсон Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. 

Захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийг Захиргааны ерөнхий хуульд тодорхой заасан. Үүнээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6 “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг томилсон Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалд тогтоогдохгүй байна. 

Хэдийгээр Газрын тухай хуульд дүүргийн Газрын албаны даргыг томилох, чөлөөлөх эрх хэмжээ дүүргийн Засаг даргад болон Нийслэлийн Газрын албанд хэн алинд нь олгогдсон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар “Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухай харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ” гэж Газрын тухай хуулийн дээрх 2 заалтын алиныг хэрэглэхийг “илүү нарийвчилсан зохицуулалт”, эсхүл “сүүлд хүчин төгөлдөр болсон” гэж тайлбарлаж болох ч хэрхэн тайлбарласнаас хамаарч хэн нэгнийг нь “хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлсэн”, “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж дүгнэх, захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэл болгох боломжгүй.

Учир нь хуулиар огт эрх олгогдоогүй биш, хэн алинд нь эрх олгогдсон, харин хуулийн зохицуулалтыг хэрхэн ойлгож хэрэглэх нь маргаантай байхад “хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлсэн”, “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж тухайн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар гарсан цагаас нь эрх зүйн үйлчлэлгүй болгох үндэслэлгүй байна.

Түүнчлэн хуульд огт үндэслээгүй, эсхүл хуульд байхгүй үндэслэлийг баримталсан байвал тухайн захиргааны акт илт хууль бус болох бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг томилсон Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалд холбогдох хуулийн заалтуудыг тухайлбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5 “Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах” заалт, Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйл “төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх” заалт, 17 дугаар зүйлийн 17.1 “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас уг орон тоог нөхөх” заалт,  28 дугаар зүйлийн 28.2.2 “төрийн жинхэнэ албан хаагчид албан тушаалын цалин, нэмэгдэл олгох” заалт, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 “төсвийн шууд захирагч батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан орон тоо, цалин хөлсийг тогтоох” заалтыг тус тус баримталсан байх тул захиргааны акт гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхгүй. 

Маргаан бүхий захиргааны актууд нь иргэн, хуулийн этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь халдсан акт биш тул зөвхөн захиргааны акт гаргах хуульд заасан үндэслэл байсан эсэхэд дүгнэлт хийлээ. 

Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах тушаалуудад дүүргийн газрын албаны даргыг томилох, чөлөөлөх эрх олгосон давхардсан зохицуулалт бүхий заалтыг баримтлаагүй ч энэ нь мөн л “захиргааны акт гаргах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж илт хууль бус актад тооцох, гарсан цагаас нь эрх зүйн үйлчлэлгүй болгох үндэслэл болохгүй. 

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Газрын албаны даргыг томилсон Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоох шаардлагыг хангах үндэслэлгүй байна. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ц.Батмандахын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Газрын албанд холбогдох 128/2017/0770/3 индекстэй захиргааны хэргээс хуулбарлаж хэрэгт хавсаргасан зарим баримтуудыг тухайлбал, Б.Уянгаас Нийслэлийн Газрын албаны Захиргаа удирдлагын хэлтэст гаргасан “Австрали улсад суралцахаар чөлөө хүссэн” гараар бичсэн өргөдөл, уг өргөдлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсан бүртгэл хяналтын карт, Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/32 дугаар “Б.Уянгыг төрийн албанаас түр чөлөөлөх тухай” тушаал, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 05/5070 тоот “Ц.Батмандахын хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянасан” албан бичиг, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 1/587 тоот албан бичиг /нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн, хэрэгт өмнө авагдсан/, фото зургаар авсан Б.Уянгыг ажлаас чөлөөлөх тухай Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн төсөл, 2017 оны 6 дугаар сард уг захирамжийн төсөлд санал авсан хуудас, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн хүний нөөцийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Н.Золжаргалын гэрчээр өгсөн мэдүүлэг, түүнд Эрүүгийн хууль сануулсан баримт,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 139 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн  252 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 292 дугаар тогтоолыг Ц.Батмандахад хамааралтай хөдөлмөрийн маргаантай хэрэгт холбоотой баримт, нэхэмжлэлийн шаардлага, үйл баримтын хувьд өөр учир энэхүү хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д зааснаар нотлох баримтаас хасаж, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны тэмдэглэл, Төрийн мэдээлэл сэтгүүлийн хуулбарыг хэрэгт хамааралтай гэж үзэн нотлох баримтаас хасуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Энхзаяа, Я.Болортуяа нар томилогдсон, шүүх хуралдааны товыг мэдсэн, тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зурсан хэдий ч шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах талаарх хүсэлт, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх баримт ирүүлээгүй, хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт зааснаар шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн болно. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.8, 23 дугаар зүйлийн 23.3.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Б/18, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/100 дугаар тушаалыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай БЗДЗДҮГийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Д.ХАЛИУНА