Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 00109

 

 

 

 

 

 

 

 

                                    “Бодь Тэнгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00408 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Бодь Тэнгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Орхон аймгийн ШШГА, “Далай ван аудит” ХХК нарт холбогдох

“Үнэлгээг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нармандах, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч “Бодь Тэнгэр” ХХК-ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 551 дугаар шийдвэрээр Бодь тэнгэр ХХК-иас 395.604,885 төгрөг гаргуулж, МТЛЦ ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд Бодь тэнгэр ХХК-иас 200.000.000 төгрөгийг төлж барагдуулаад байна. Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Бодь тэнгэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн хаягаар шуудан явуулсан байх бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 14-ний өглөө 09 цагт Монгол шуудан, Улаанбаатар хотын 20 дугаар салбарт иржээ, уг ирсэн шууданг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 10 минутанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дугтуйтай шууданг хүлээн авсан болно. Уг шууданг задлан үзэхэд Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас Бодь тэнгэр ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м2 талбайтай объект, газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу Далай ван аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарыг шинжээчээр томилон үнэлгээ хийлгэхэд 2.740.169.800 төгрөгөөр үнэлсэн байна гэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдэх хуудас эх хувиар, үнэлгээний тайлан хуулбарласан хувиар хийсэн байсан. Уг шуудангаар 2016 оны 5 дугаар сар 16-ны өдөр Бодь тэнгэр ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м2 талбайтай объект, газрын хамт 2.740.169.800 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдлээ. “Бодь тэнгэр” ХХК-ийн зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй бөгөөд Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м2 талбайтай объект, газрын хамт 2.740.169.800 төгрөгнөөс өндөр зах зээл үнэлгээтэй байхад зах зээлийн үнэлгээнээс хямд үнэлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан дагуу “Бодь тэнгэр” ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулга бүхий 7082,4 м2 талбайтай объект, газрын хамт 2.740.169.800 төгрөгөөр үнэлсэн 2016 оны 04 дүгээр сарын 30- ны өдрийн Далай ван аудит ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд ирүүлсэн тайлбартаа:Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 551 дугаартай шийдвэрвээр “Бодьтэнгэр” ХХК-иас 397688,9 мянган төгрөг гаргуулж “МТЛЦ” олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч дээрх төлбөрөөс 2013 онд 200000,0 мянган төгрөг төлж гүйцэтгэх баримт бичиг нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас тус албанд шилжиж ирсэн бөгөөд Бодьтэнгэр ХХК-ий өмчлөлийн Орхон аймаг Баян-Өндөр сум Говил баг хуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах ажлын байр, агуулахын зориулалттай обьектыг битүүмжлэх, хураах, үнийн санал авах, шинжээч томилж үнэлгээ тогтоолгох ажиллагаануудыг явуулсан. Шинжээчээр “Далай ван аудит” ХХК-ийг томилж үнэлгээ хийлгэсэн ба 2740169,8 мянган төгрөгөөр үнэлсэн. Тус алба мэргэжлийн шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд үнэлгээндхөндлөнгөөс оролцох боломжгүй тул төлбөр төлөгчийн гаргасан гомдлын шаардлагыг манай алба хариуцахгүй болно. Энэ асуудлаар төлбөр төлөгч нь 2016 оны 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хурлыг удаа дараа хойшлуулж, шүүх хурлын товын талаар мэдэгдсээр байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралд ирээгүйн улмаас нэхэмжлэлийг нэхэмжлэгчид буцааж шийдвэрлэж байсан билээ. Төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зориуд удаашруулах, хугацаа сунгах зорилготой тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Далай ван аудит” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас ирүүлсэн 2016 оны 03 сарын 01 -ны өдрийн 16/57/01 тоот шинжээч томилсон тогтоолын дагуу Орхон аймгийн Говил багт байрлах хуучнаар материал хангамжийн баазын объектын хөрөнгүүдийг үнэлсэн болно.

Үүнтэй холбоотой “Бодь тэнгэр” ХХК-ийн зүгээс гомдол гарган шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлдээ хөрөнгийг зах зээлинн үнэлгээнээс хямд үнэлсэн, үнэлгээ хийх ажиллагаа хууль зөрчиж нэхэмжлэгч талаас үнийн санал авсан учир үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.  Үнэлгээ нь ҮОУС-ын дагуу зохих заавар журамд заагдсан норм нормативыг баримталж хийгдсэн төдийгүй бид үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн заалтын дагуу хийж байгаа тул шинжээч томилсон тогтоолын дагуу хөрөнгийг үнэлсэн болно. Уг объектын  гол гол барилгууд нь ашиглалтгүй удсан дахин ашиглахын тулд шинээр н босгохоос биш засварлагдаж ашиглах боломжгүй болсон ч манай үнэлсэн үнэлгээ нь орон нутгийн зах зээлийн үнэлгээнээс өндөр байх тул бид үнэлгээг зах зээлээс хямд үнэлсэн гэж үзэхгүй байна.

ШШГА-аас ирүүлсэн шинжээч томилсон тогтоолын дагуу үнэлгээг хийхэд шүүхийн гүйцэтгэлийн тухай хуулийн 37,3 заалтын дагуу гомдол гаргах эрхтэй боловч гомдол гаргах зорилго нь хугацаа хожих, шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааг удаашируулах зорилготой байна. Шийдвэр гүйцэтгэлийн үил ажиллагааг хурдан хугацаанд үргэлжлүүлэхийн тулд томилсон тогтоолыг хүчингүй болгож дахин шинжээч томилох байдлаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/2017/ШШ00408 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар 37.3-д заасныг баримтлан “Бодь Тэнгэр” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Далай ван Аудит ХХК-д холбогдох үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бодь Тэнгэр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа давж заалдсан гомдолдоо: Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 551 дүгээр шийдвэрээр Бодь тэнгэр ХХК-иас 395 604 885 төгрөг гаргуулж, МТЛЦ ХХК-д олгуулхаар шийдвэрлэсэн бөгөөд Бодь тэнгэх ХХК-тас 200 000 000 төгрөгийг төлж барагдуулаад байна.

Орхон аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Бодь тэнгэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн хаягаар шуудан явуулсан байх бөгөөд 2016 оны 05 дугаар сарын 14-ны өглөө 09 цагт Монгол Шуудан, Улаанбаатар хотын 20 дугаар салбарт иржээ. Уг ирсэн шууданг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 10 минутанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны дугтуйтай шууданг хүлээн авсан болно.

Уг шуудангаар 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Бодь тэнгэр ХХК-ийн өмчлөлийн Орхон аймаг Баян Өндөр сум, Говил баг хуучнаар материал хангамжийн эаазын хашаанд байрлах, ажпын байр, агуулах бүхий 7082,4 м2 талбайтай обьект, газрын хамт 2 740 169 800 төгрөгөөр үнэлсэн болохыг мэдлээ. Бодь тэнгэр ХХК-ийн зүгээс 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 551 дүгээр шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Орхон аймаг Баян Өндөр сум, Говил багхуучнаар материал хангамжийн баазын хашаанд байрлах, ажлын байр, агуулах бүхий 7082,4 м2 талбайтай обьект, газрын хамт 2 740 169 800 төгрөгөөс өндөр зах зээлийн үнэлгээтэй байхад зах зээлийн үнэлгээнээс хямд үнэлсэн, мөн тус обьектийн үнэлсэн үнэлгээ хийх ажиллагаа нь хууль зөрчиж буюу Иргэний хуулийн 177 дугаар зүйл 177.1-т зааснаар нэхэмжлэгч талаас үнийн санал аваагүй мөн 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 551 дүгээр шийдвэрийн дагуу хийгдсэн бусад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж байна.

Шүүхээс хариуцагч буюу Шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн гэх Далай ван аудитийн хуулбар баримт ирүүлсэн, шинжээч томилоход байлцаагүй, үнэлгээ тогтоож мөн оролцуулаагүй зэргийг харгалзалгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйл 34.3-т заасныг баримтлан нэхэмжлэлийг хангаагүй нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байх тул Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142\ШШ2017\00408 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Бодь тэнгэр ХХКомпани нь хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Далай ван аудит ХХКомпанид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй маргажээ.

Шүүх хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь нэхэмжлэгч Бодь тэнгэр ХХКомпаний эзэмшлийн  “...7082.4 м/кв талбай бүхий обьект, газрын үнийн талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нарын саналыг авсны үндсэн дээр Далай ван аудит ХХКомпанийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнэлгээ хийлгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Бодь тэнгэр ХХКомпани нь “...өөрийн эзэмшлийн 7082.4 м/кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, 98243 м/кв газрын зах зээлийн үнийг 3.000.000.000 /гурван тэрбум/ төгрөгөөр үнэлсэн...” тухай саналыг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02/48 дугаартай албан бичгээр ирүүлсэн байх ба хариуцагч Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны  03 дугаар сарын 01-ний өдрийн №16/57/01 тогтоолоор Далай ван аудит ХХКомпанийг шинжээчээр томилсоны дагуу хариуцагч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багт байрлалтай Материал хангамжийн баазын хашаанд байрлах 7082.4 м/кв талбайтай ажлын байр, агуулах бүхий обьект, 98243 м/кв газрыг нийт 2.740.169.800 төгрөгөөр үнэлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тухай  шинжээчийн дүгнэлт гаргажээ./хх-ийн 68-85 дугаар тал/

Хариуцагч Далай ван ХХКомпани нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг үнэлэхдээ эдийн засгийн өнөөгийн бодит нөхцөл байдлыг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн чанар, ашиглалттай уялдуулж, олон улсын үнэлгээний зардлын болон орлого капиталжуулалтын хандлагын аргыг хэрэглэсэн талаараа дүгнэлтэндээ тодорхой зааж тусгасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 –д заасан зохицуулалттай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Бодь тэнгэр ХХКомпаний  гаргасан “...7082.4 м/кв талбай бүхий обьект, газрыг Далай ван аудит ХХКомпани үнэлсэн шинжээчийн хуулбар баримтыг ирүүлсэн, шинжээч томилоход байлцаагүй, үнэлгээ тогтооход оролцуулаагүй зэргийг шүүх харгалзаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Бодь тэнгэр ХХКомпани нь үл хөдлөх эд хөрөнгө, газрын үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд 2 удаа гаргасан ба шүүх нэхэмжлэгч ирээгүй гэсэн шалтгаанаар 2016 оны 09 дүгээрсарын 28-ны өдрийн № 142/Ш32016/05143 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаасан, нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн № 142/Ш32016/00011 дүгээр захирамжаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох үнэлгээ хүчингүй болгохыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч шүүх өмнөх нэхэмжлэлийг хүлээн авсан огноо тодорхой бичээгүй орхигдуулснаас нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “...үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан хугацааны дотор гомдол гаргасан эсэх талаар дүгнэлт хийх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШШ2017/00408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаагийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Бодь Тэнгэр” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                                Б.БАТТӨР

                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ