Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 35

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                                                     

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би М.Солонгоогийн нэхэмжлэлтэй Цэгцүүлэн Дом өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох 18.049.536 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02-р сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

 

                                                                                    Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч М.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Миний төрсөн ээж Доржпалам нь Бор-Өндөр сумын өрхийн эмнэлэг болох Өндөр Бумбат одоогийн Цэгцүүлэн Дом өрхийн эмнэлэгт 1-р багийн сувилагчаар ажиллаж байсан. 2016-01-25-ны өдөр үүрэгт ажил болох нярай хүүхэд хуваарийн дагуу эргэж яваад ажлын байран дээрээ нас барсан юм. 2016-04-р сард Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын байцаагч Ж.Тогтох үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэж 36 сартай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж, үйлдвэрлэлийн осол гэж тогтоосон. 2016-05-р сард Цэгцүүлэн Дом өрхийн эмнэлгийн дарга Д.Энхмөнхөд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан тогтоосон акт бусад бичиг баримтын хамт өөрийн биеэр хүлээлгэн өгсөн. Д.Энхмөнх 2017 оны төсөвт суулгасан, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн байгаа. 2017 онд тэтгэмжийг нь олгоно гэж хэлсэн. Миний бие 2016-11-р сард Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаад өргөдөл бичиж хүргүүлсэн юм. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас албан ёсоор хариу ирүүлээгүй. Харин утсаар холбогдоход 2017 оны төсөвт суулгасан. Бид тэтгэмжийг өгөх хүсэлттэй байна гэж хэлсэн. Миний төрсөн ээж Б.Доржпалам нь нас бараад 1 жил болсон байна. Иймд 36 сартай тэмцэх хэмжээний мөнгөн тэтгэмж 18.049.536 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Цэгцүүлэн Дом өрхийн эрүүл мэндийн төв шүүхэд гаргасан тайлбартаа: М.Солонгын ээж болох Б.Доржпалам нь Өндөр Бумбат өрхийн эрүүл мэндийн төвийн 1-р багийн сувилагчаар ажиллаж байсан. 2016-01-25-ны өдөр үүрэг ажлаа гүйцэтгэж яваад нас барсан билээ. Иймд 36 сарын цалинтай тэмцэх 18.049.536 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

 Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч М.Солонго нь хариуцагч Цэгцүүлэн Дом өрхийн эрүүл мэндийн төвөөс 18.049.536 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Цэгцүүлэн Дом өрхийн эрүүл мэндийн төв нь 18.049.536 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаангүй болно. Зохигчийн эвлэрэл нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 18.049.536 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 248.198 төгрөгний тал хувь 124.099 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч Цэгцүүлэн Дом өрхийн эрүүл мэндийн төвөөс 124.099 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Солонгод олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

 зүйлийн 123.1,74 дүгээр зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

            1. Нэхэмжлэгч М.Солонгын нэхэмжилсэн 18.049.536 төгрөгийг хариуцагч Цэгцүүлэн Дом өрхийн эрүүл мэндийн төв төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сангийн нэгдсэн данснаас 124.099 төгрөгийг, хариуцагч Цэгцүүлэн Дом өрхийн эрүүл мэндийн төвөөс 124.099 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Солонгод олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                   

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА