Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/28

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч А.Оргилбаяр

Хохирогч Д.Бийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Хохирогч Д.Б

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш овогт Мын Бд холбогдох 2016000000087 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23-ны цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр чанх хойд талд байрлах, ямар нэгэн хаяггүй нэг давхар нийтийн байранд цуг согтууруулах ундаа хэрэглэсэн зүс таних Ж.Мг “архи авч өг гэж агсам тавьлаа” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь варений шилээр цохиж“ хамрын нуруунд шарх, хамрын нуруу зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Улмаар дээрх үйлдлийг таслан зогсоохоор өөртэй нь маргалдсан П.Хыг “олон юм ярьж, найзыгаа өмөөрлөө” гэж толгойн тус газарт нь цохиж унагаан, хөлөөрөө толгойд нь 2-3 удаа дэвсэж “...хоёр тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины няцрал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Намайг гэртээ халамцуу байхад эдний нөхөр орж ирсэн. Би нэлээн согтуу байсан. Нэг шил “Их Монгол” архитай орж ирсэн. Тэрийг нь хувааж уугаад сууж байхад Ж.М гэдэг банди хаалга цохиод 3, 4 хуруу “Ерөөл” архитай орж ирсэн. Тэрийг нь бид хэд хувааж ууж байгаад тэрнээс болж маргалдаад Ж.Мыг огурцины шилээр цохисон. Х өмөөрөөд байхаар нь би ганц удаа л цохисон. Би Хг 2-3 удаа цохиогүй. Тархи толгой дээр нь дэвссэн зүйл байхгүй. Би өөрөө эрүүлжүүлэхэд хоноод ирсэн. Намайг ирэхэд хохирогч манай гэрт унтаж байсан. Би 103 дуудаж үзүүлэхэд өвчтэй хүн байна, яаралтай гэрийнхэнд нь мэдэгд гэж хэлсэн. Тэгээд гэрийнхэнд нь мэдэгдсэн гэв.

 

Хохирогч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүн элэгний хорт хавдартай хүнд үедээ орсон байсан. Хаана явж байна би байнга дагаад явж байдаг байсан. Тэр өглөө цагдаа хүрээд ир гэсэн. Би очоод таниагүй. Өчнөөн удаа цохиж зодсон байсан. Би очоод энэ манай хүн биш байна гэхэд та шивээсийг нь хар гэсэн. Тэгээд шивээсийг нь харахад мөн байсан. Нүд нүүр нь хүн харахын аргагүй байсан. Сэхээнд байж байгаад ухаан ороогүй. Ухаангүй байж байгаад 11 дэх хоног дээрээ ухаан ороод намайг хэн зодчихов гэсэн. Цагдаа ирж асуусан. Тэрнээс хойш манай хүний биеийн байдал хүндэрсэн. Ууц нурууны цооролттой аймаар болсон. Би маш их гомдолтой байна. Би ганцаараа хэдэн хүүхэдтэй хэцүү байна. 1 сая гаруй төгрөг нэхэмжилсэн. Хүн байна даа ирээд нэг уулзахад яах вэ, эмнэлэгт байхад нь ганц ирж уулзаагүй. Зан үйлийн зардал, буяны жоохон юм авсан. Тэрийгээ л нэхэмжилсэн. Миний гомдлыг барагдуулж өгнө үү. Би гомдолтой байна гэв.

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх- ийн 3-4, 6-8-рт/,

 

Хэргийн газрын үзлэгийн явцад гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх “Ерөөл” архины шил, варений шил олдоогүй талаар бичсэн Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Батмагнайн үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл /1-р хх-ийн 5-рт/,

         

П.Хын өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 19-20-рт/,

 

Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн“...Манай нөхөр П.Хыг зодсонд гомдолтой байна. Зодсон хүнээс нь П.Хт хийсэн дараах эмчилгээний зардлыг гаргуулж авмаар байна. 2020 оны 09 сарын 01, 2020 оны 09 сарын 02, 2020 оны 09 сарын 03-ны өдрүүдэд нимодипин гэх тархины тариаг тус бүр нь 65.000 төгрөгөөр буюу нийт 195.000 төгрөгөөр худалдаж авсан /баримт байгаа/, 2020 оны 09 сарын 09-ний өдөр гепомерц гэх тариаг 45.000 төгрөгөөр авсан, Альбумин гэх уургийг 2 ширхэгийг 386.000 төгрөгөөр, омапоне 1 ширхэг тариаг 60.000 төгрөгөөр худалдаж авсан ба нийт мөнгө 501.000 төгрөг болсон. 2020 оны 10 сарын 02-ны өдөр Альбумин гэх уургийг 198.000 төгрөгөөр авсан, 2020 оны 09 сарын 11-ний өдөр омапоне гэх тариаг 100.000 төгрөгөөр худалдаж авсан /баримт байгааг/, супер альбум гэх уургийг уухаар 8.100 төгрөгөөр худалдаж авсан баримт байгаа, 2020 оны 09 сарын 11-ний өдөр круг 15.000 төгрөг, бинт 1.600 төгрөгөөр нийлээд 16.600 төгрөгөөр баримт байгааг, 2020 оны 08 сарын 31-ний өдөр нимодипин гэх тариаг 65.000 төгрөгөөр /баримт байгаа/, 2020 оны 09 сарын 24-ний өдөр опилакс гэх тариаг 11.500 төгрөгөөр /баримт нь байгаа/, 2020 оны 09 сарын 17-ны өдөр транлок гэх тариаг 8.000 төгрөгөөр баримт нь байгаа тус тус худалдан авч нөхөр П.Хын эмчилгээнд хийсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28, 250-р хуудас/,

 

Гэрч Э.Хн мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 08 дугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим байх би цагийг нь сайн санахгүй байна. М гаднаас 0.5 литрийн Ерөөл нэртэй архи барьчихсан хаалга тогшоод орж ирээд Б ах 100 татах уу? гэж хэлэхэд Б ах босоод гал тогооны шүүгээний нүднээс варений шил аваад М руу чиглүүлээд шидэхэд Мын хоёр нүдний голд оносон. Тухайн үед Мын нүүрнээс цус гарсан. Варений шил хагарсан. Мыг орон дээр дээшээ харуулж хэвтүүлээд даавуугаар цусыг нь дарж тогтоосон. Х баруун талд дээлтэй архи уугаад тасарсан хэвтэж байхад Б Хын толгой дээр 2-3 удаа дэвсэхээр нь салгаад Бг орон дээр суулгасан. М бид хоёр 08 цаг болж байхад босоод гараад явахад Х хурхираад унтаж байсан” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 36-37-рт/,

 

Гэрч Ж.Мын мөрдөн байцаалтад өгсөн “...Бийн гэр очиход Б миний өөдөөс варений шил авч шидээд хоёр нүдний голд оносон ...одоо надад гомдол санал байхгүй, миний бие сайн байгаа ...ХБ надад хэлэхдээ Х согтуу хэвтэж байхад нь Б толгой дээр нь 2 удаа дэвссэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх- ийн 38-39-рт/,

 

 Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтад өгсөн “...М бол Бд шилээр цохиулсан гээд хэвтэж байсан. Х хэнд зодуулсан талаараа надад ямар нэгэн зүйл хэлээгүй, Х надад хэлэхдээ Б ах Х-ыг зодсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50-рт/,

 

М.Б-ийн гэрчээр мөрдөн байцаалтад өгсөн “...ууж байгаад М чамд би архи авч өгсөн одоо чи бид нарт архи авч өг гээд агсамнаад эхэлсэн. Тэрнээс болж хоорондоо маргалдаж байгаад би хоолны шүүгээн дээр байсан алаг салатны хоосон шилийг аваад М руу шидсэн чинь Мын нүүрэн дээр алаг салатны шил оноод хагарсан. Мын хамраас цус гоожоод эхэлсэн. Тэгсэн чинь Хчи манай найзыг цохилоо энэ тэр гээд байхаар нь эхэлж уусан. Хын авч ирсэн архины хоосон шилээр Хын нүүрэн тус газарт нь нэг удаа цохисон газарт унахад нь би нүүрэн дээр нь нэг удаа дэвссэн юм бусад нарийн зүйлсийг би сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-рт/,

 

Гэрч Т.Сын мөрдөн байцаалтад өгсөн “...КТГ-т шинжилгээ /толгой/ тархины хоёр талын зулай дагз хэсгийг хамарсан 0.6 см цусан хураатай, тархины аалзан бүрхүүлийн цус харвалттай, баруун гар удаан даралтын шинжтэй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-42-рт/,

 

Гэрч Р.Дийн мөрдөн байцаалтад өгсөн “...Дуудлагаар очиход П.Х нь согтуу, ухаангүй, хамраас нь цус гарсан, нүүр орчим нь хавдсан байдалтай хэвтэж байсан. Нүүрний баруун талын хэсэг нь хавдсан, дух хэсгээрээ зулгарсан шархтай байсан. Хамраас нь цус гарсан байдалтай байсан. Хүнд согтолттой, зодуулаад тархиндаа гэмтэл авсан байж болзошгүй тул тээвэрлэж аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэсэн. Орон дээр хэвтэж байсан, хамар орчимдоо шархтай байсан үл таних залуу П.Хыг М.Б зодсон гэж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-рт/

 

Гэрч Г.Тийн мөрдөн байцаалтад өгсөн“...Би П.Хыг 2020 оны 09 сарын 03-наас эхэлж эмчилсэн. П.Х нь тархиндаа няцрал, 2 тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины аалзан бүрхүүл доторх цус харвалт гэсэн оноштой байсан. Сэхээний тасгаас Хөнгөвчлөх эмчилгээний тасагт шилжих үед ухаангүй, тархины хуралт, харвалт нь шимэгдэж байсан /компьютер томографикаар харахад/ 2020 оны 09 дүгээр сарын 10-нд П.Х ухаан орсон. Мөн П.Х нь элэгний хатуурлын суурин дээр үүссэн элэгний хавдрын хожуу үедээ байсан. П.Х нь элэгний хатуурлын суурин дээр үүссэн элэгний хавдар хожуу үедээ орсон учраас элэгний үйл ажиллагааны дутагдал болон бөөрний үйл ажиллагааны дутагдлаар 2020 оны 10 сарын 03-ны өдрийн 17 цаг 50 минутад нас барсан. П.Хын тархины няцрал, 2 тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, тархины аалзан бүрхүүл доторх цус харвалт гэсэн онош үхэлд хүргэх аюултай байгаагүй. Уг гэмтлийг эмчилгээ хийгээд цус хуралтууд шимэгдсэн учир үхэлд хүргэхгүй. П.Х нь эмийн эмчилгээгээр цус хуралтууд шимэгдсэн учир хагалгаанд орох шаардлагагүй гэх мэдүүлэг/1-р хх-ийн 34-рт, 2-р хх-ийн 12-13-рт/

 

Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Б.Мөнх- Оргилын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 69-75-рт/,

        

Говь-Алтай аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 293 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-54-55-рт/,

 

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлд: М.Б нь 2.24% согтолттой гэх бүртгэл /1-р хх-ийн 108-рт/,

 

 П.Х нь тархины хүнд гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 7 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай тоот өвчний түүх /1-р хх-ийн 140-160-рт/,

 

П.Х нь тархины хүнд гэмтэл нь эмчлэгдсэн хэдий боловч элэгний хатуурлын суурин дээр үүссэн элэгний хорт хавдар 3-р үедээ орж Нэгдсэн эмнэлгийн Хөнгөвчлөх тасагт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 11 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 3853 тоот өвчний түүх /1 -р хх-ийн 119-138-рт/,

 

Гэрч Л.Гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Талийгаач П.Х 2020 оны 09 сарын 12- ны орчим ухаан орж хөнгөвчлөх эмчилгээнд эмчлүүлж байх явцад давтан тархины компьютер томографик хийж үзэхэд тархины няцрал, хурсан цусан бүлэн бүрэн шимэгдсэн байсан учир тархины гэмтэл нь үхэлд нөлөөлөх үндэслэл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 8-рт/

 

 Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын нэмэлтээр гаргасан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай “...3853 дугаартай өвчний түүхэнд П.Х нь 2020 оны 09 сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 сарын 02-ны өдөр хүртэл 11 хоног Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт “элэгний хатуурлын суурин дээр үүссэн элэгний хорт хавдар 3-р үедээ, 8-р сегментэд байрлалтай, элэгний дутагдал, архисах эмгэг, хэвтрийн цооролт” гэсэн оноштойгоор цефатаксин 8 цагаар 10 хоног, метронидазолин 8 цагаар 7 хоног, элэгний үйл ажиллагаа дэмжих, хордлого тайлах, цус төлжүүлэх, шинж тэмдгийн эсрэг эмчилгээ, цэвэр боолт зэрэг эмчилгээ хийгдсэн ба тархины гэмтэлтэй холбоотой онош тавигдаж эмчилгээг хийгдээгүй” гэх шинжээчийн дүгнэлт/2-р хх-ийн 15-18-рт/,

 

М.Бийн мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг/1-р хх-ийн 83-84-рт/

 

Хохирогч Ж.Мын “...Би архи уух уу гэхэд Б гал тогооны өрөөнөөс варений шил аваад шидэхэд миний нүүрэн дундуур шидээд миний хамар орчмоос цус гараад тогтохгүй байсан ...Би Бд санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32-р хуудас/

 

М.Бийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Мын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тодорхойлсон Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 296 дугаартай “...Ж.Мын биед хамрын нуруунд шарх, хамрын нуруу, зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1-р хх-ийн 59-60-рт/

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 сарын 11-ний өдрийн 2020/ШЗ/116 дугаартай хүсэлт шийдвэрлэсэн тухай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 22-24-рт/

 

П.Хын эмчилгээний зардлын баримт /1-р хх-163, 168-175-рт/,          П.Хын чадамжийн гэрчилгээ /1-р хх-164-рт/, Гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ /1-р хх-166-рт/, Хүүхдийн төрсний гэрчилгээнүүд /1-р хх167-рт/,  гэрч Л.Гийн мэдүүлэг, /2хх-08-рт/, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх15-18-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм: М.Бийн хувьд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогддог. 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр М.Б нь Ж.Мыг архи авч өгсөнгүй гэдэг үндэслэлээр маргалдаж зодолдсон байдаг. Тухайн үйлдлийг таслан зогсоохоор өөртөө нь маргалдсан Хүрэлбаатарыг цохиж унагаан хөлөөрөө толгой руу нь дэвсэж хүнд хохирлыг санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Өнөөдрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа шүүгдэгчийн мэдүүлгээс харахад хальт нэг удаа цохисон гэдэг мэдүүлгийг өгч байна. Энэ мэдүүлгээс харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх дээр эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна. Хэдийгээр талийгаачийн хувьд элэгний хорт хавдрын 3 дугаар шатандаа орсон байсан ч гэсэн тодорхой хугацаагаар амьд явах боломж байсан. Эрүүл мэндийн байдлын хувьд хүнд, хэвтэрт байдаг хүн бол биш. Тодорхой хэмжээгээр ажлаа хийгээд явдаг байсан. Тархиндаа гэмтэл авсны улмаас сэхээний тасагт ухаангүй хэд хоног хэвтсэн байдаг. Ухаангүй байсан нь суурь өвчинд нөлөөлсөн байх магадлал өндөр байгаа. Хүнд зэргийн гэмтэл тархинд нь учруулснаас болж талийгаач хэдийгээр суурь өвчин нь сэдэрч талийгаач нас барсан байх магадлал өндөр байгаа. 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлж талийгаач эмчилгээ хийлгэж эхэлсэн байдаг. Эмчилгээтэй холбоотой хохирлын баримт 1.104.600 төгрөг нэхэмжилсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүгдэгчийн зүгээс хохирол мөнгө төлөөгүй. Мөн тухайн үед хэрэглэж байсан гэх зан үйлийн баримт 2.500.000 төгрөгийн баримт, нийт 3.600.000 орчим төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Хохирогчийн хувьд ямар нэгэн баримт илүү гаргаж өгсөн зүйл байхгүй. Хохирогчийн хувьд тухайн үеийн нөхцөл байдлаас болоод баримтыг бүрэн гаргаж өгч чадаагүй гэдгээ хэлсэн. Хүний амь нас эрсэдсэн, мөн тухайн шарилд экскумаз хийгээгүйгээс болоод ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоох боломжгүй байгаа. Тэгэхээр гэм хорын хохирол зан үйлийн зардал, эмчилгээ, эм тарианы зардлыг нэхэмжлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэхэмжлэх эрх нь байгаа гэж үзэж байна. Энэ хүний хувьд зах дээр дугуй засвар ажиллуулж амьжиргаагаа авч явдаг. Одоо 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Шүүгдэгчийн зүгээс ямар нэгэн байдлаар санал санаачилга гаргаагүй. Эргэж тойрч ирээгүй, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа зүйл байхгүй. Үүнээс харахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа асуудал мөн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй байгаа гэдгийг давхар хэлмээр байна. Эрүүгийн хуулийн зорилго нь хохирол хор уршгийг арилгахад гол зорилго оршиж байгаа. Хохирлыг төлөх тал дээр арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч М.Б нь согтуурсан үедээ 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23-ны цагийн орчимд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр чанх хойд талд байрлах, ямар нэгэн хаяггүй нэг давхар нийтийн байранд цуг согтууруулах ундаа хэрэглэсэн зүс таних Ж.Мыг “архи авч өг гэж агсам тавилаа” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь варений шилээр цохиж“ хамрын нуруунд шарх, хамрын нуруу зүүн хацарт зулгаралт, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, улмаар дээрх үйлдлийг таслан зогсоохоор өөртэй нь маргалдсан П.Хыг “олон юм ярьж, найзыгаа өмөөрлөө” гэж толгойн тус газарт нь цохиж унагаан, хөлөөрөө толгойд нь 2-3 удаа дэвсэж “...хоёр тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины няцрал, тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх  үйл баримтууд тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримтууд нь хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчлэгдэнэ.  

 

 Шүүгдэгч М.Б нь П.Хн биед хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан “Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эрүүгийн цагдаагийн тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Батмагнайн үйлдсэн мөрдөгчийн тэмдэглэл,  П.Хын өмсөж явсан хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.Б, гэрч Э.Х, Ж.М, Б.А, М.Б, Т.С, Р.Д, Г.Т, Л.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Б.Мөнх- Оргилын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 44 дугаартай дүгнэлт, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 293 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэлд: М.Б нь 2.24% согтолттой гэх бүртгэл, П.Х нь тархины хүнд гэмтлийн улмаас Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 7 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай тоот өвчний түүх, П.Х нь тархины хүнд гэмтэл нь эмчлэгдсэн хэдий боловч элэгний хатуурлын суурин дээр үүссэн элэгний хорт хавдар 3-р үедээ орж Нэгдсэн эмнэлгийн Хөнгөвчлөх тасагт 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 11 хоног хэвтэн эмчлүүлсэн тухай 3853 тоот өвчний түүх, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын нэмэлтээр гаргасан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт, М.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

 Мөн шүүгдэгч М.Б нь Ж.Мын биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Ж.Мын мэдүүлэг, гэрч Э.Х, Б.А, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 296 дугаартай дүгнэлт, М.Бийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын тухайд хохирогч Ж.М нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн тул түүнд төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Д.Б нь 3.632.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч үүнээс баримтаар тогтоогдсон талийгаачийн эмчилгээний зардалтай холбоотой 1.103.200 төгрөгийг хангаж, харин оршуулгын зардалтай холбоотой гаргаж өгсөн 2.529.600 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Учир нь хүнд гэмтлийн улмаас буюу шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас  талийгаач П.Х нь нас барсан болох нь тогтоогдохгүй байх тул зан үйлтэй холбоотой гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.  

 

Харин талийгаачийн эмчилгээтэй холбоотой гарсан зардлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Бд олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Бг гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих” ялаар шийтгэх хуулийн заалттай байна.

 

Шүүхээс М.Бд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай хоёр  гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулахдаа харгалзан үзлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д * Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно* гэж заасан байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  3, 4-д зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Б нь “...Ялын тухайд би зөвшөөрөхгүй... группэд байдаг. Байнга унадаг хүндрэлийн өвчтэй...” гэсэн боловч энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь шүүхэд мөн энэ талаархи баримтыг гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ш овогтой Мын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хугацаагаар хорих ял тус  тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  3, 4-д зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 2 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Бг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч Д.Бийн нэхэмжлэлээс 2.529.600 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Баас 1.103.200 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгосугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА