Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/508

 

 

 

 

 

 

  2021         04          12                                      2021/ШЦТ/508

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Иргэдийн төлөөлөгч Ц.Самданлхүндэв,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч У.Хүрэлсүх /ҮД:4674/,

Шүүгдэгч Л.М, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа /ҮД:3164/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Мад холбогдох 2106 00000 0094 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1966 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Моносын 2 дугаар гудамжны 36б тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан шагналгүй, Луугар овогт Лийн М /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Л.М нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2 дугаар гудамжны 366 тоот дахь нийтийн байрны 7 тоотод А.Чимэдцогзол /эрэгтэй, 41 настай/-той үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар түүний хэвлийн зүүн хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Мын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Мын өгсөн: “... Би гомдолгүй гэж хэлж чадахгүй. Хэргийн талаар хууль шүүхээс шударга шүүнt гэдэгт итгэлтэй байна. Миний зүгээс гомдол санал гээд байх зүйл байхгүй... Оршуулгын зардлыг авснаар хохирол барагдсан гэж үзэхгүй тул шударгаар шүүж өгнө үү” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаар утсаар гаргасан “... согтуу 2 хүн нэгнийгээ хутгалчихлаа...” гэх гомдол /хх.2/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.4-8,9-13/,

Хэрэг, зөрчлийн талаарх цагдаагийн байгууллагын лавлагаа /хх.17-19/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх.25/,

Эд зүйл /камерын бичлэг бүхий DVD/-д үзлэг хийсэн: “... 17:26:46 цагт 02 тоотоос яллагдагч Л.М, түүний араас гэрч Б.Лхагваа нар гарч ирж байх ба Л.Мын баруун талын гутлын түрийнээс Б.Лхагваа хутга мэт зүйл авахад Л.М буцаагаад авч зүүн талын энгэрийн дотор хэсэг орчимд хийж 07 тоот руу 17:2:14 цагт орж хаалга онгорхой орхиж байв...17:29:34 цагт Б.Лхагваа 01 тоот хаалгыг тогшоод гэрч Л.Нарантуяатай уулзаж байх ба гаднаас нэг эмэгтэй угаадас асгаад орж ирж байв цагт 2 хүн 02 тоот руу орж байх ба хаалганд тээглээд тодорхой харагдахгүй байв...гэрч Ш.Нямсүрэн 01 тоотын гадна Л.Мыг түлхэж зууралдсаар байгаар гэр рүү нь оруулан хаалгыг гаднаас нь дарж байв... 17:37:39 цагт Л.М хаалгыг түлхэж Ш.Нямсүрэнтэй зууралдаж байгаад 17:39:33 цагт Л.М 07 тоот руу шагайж 17:40:02 цагт коридорын хойд хэсэгт Ш.Нямсүрэнтэй хамт зогсож байв...17.53.36 цагт амь хохирогчийг носилка дээр тавиад гарч буй бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх.26-27/,

Эд зүйл /Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсэн дуудлага бүхий CD/-нд үзлэг хийсэн: “...ах нь хүн хутгалчихлаа, яаралтай ирээд ахыгаа аваадах... цагдаа дуудъя, эмнэлэг дуудъя, хоёулыг нь дуудчих... лам гээд намайг загнаад архи ууж байгаад агсам тавиад байхаар нь би хутгалчихлаа...” гэх тэмдэглэл /хх.31-33/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.36-39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхагваагийн /шүүгдэгчийн хамтран амьдрагч/ өгсөн: “... Би Л.М гэх хүнтэй 2018 онд анх барилгын ажил хийж байхдаа танилцаж байсан бөгөөд бид хоёр уулзаж байгаад 2019 оны 10 сараас хойш хамтран амьдрах болсон, гэхдээ албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Манайх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2-36Б тоотод байрлах нийтийн байрны 2 тоотод 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс хойш амьдарч байгаа бөгөөд би гэртээ нөхөр Л.М, манай охин н.Нарантунгалаг/12 нас/, н.Наранбайгаль /12 нас/ гээд 2 ихэр охиныхоо хамтаар дөрвүүлээ амьдардаг. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн орчимд байх манай нийтийн байрны галч залуу Ш.Нямсүрэн /Нямаа гэж дууддаг гэх/ хог ачуулсан бөгөөд манай нөхөр Л.Мыг хамт хог ачилцаад өгөөч гэж гуйсан. Тэгээд 16 цагийн орчимд хог ачиж дуусаад манай нөхөр гэр лүүгээ орж ирээд хувцсаа солиод гар нүүрээ угаачхаад гэртээ сууж байтал Ш.Нямсүрэн гаднаас орж ирээд манай нөхрөөс “та дансаа өгчих, данс руу чинь хог ачилцсан мөнгө хийе” гэж хэлээд манай нөхрийн данс руу мөнгө хийсэн. Тэгээд Ш.Нямсүрэн манай нөхөр хоёр “Хараа” архи хувааж уугаад Ш.Нямсүрэн нь “би архи авъя” гээд надад виза картаа өгөөд “та энэ картаас Хараа архи, 3 ширхэг зайрмаг аваарай” гэхээр нь би дэлгүүр яваад архи болон зайрмаг авчирсан. Тэр хоёрыг архиа уугаад дуусаж байхаар нь би дэлгүүр яваад өөрийнхөө картаар сүү, талх аваад 5-10 орчим минут болоод гэртээ ирэхэд манай гэрт манай нөхөр болон Ш.Нямсүрэн, мөн манай хажуу талын айлын өөдөөс харсан айлд байдаг /тоотыг нь мэдэхгүй лам /нэрийг нь мэдэхгүй гэх/ нар 0.33 литрийн 1 шилтэй “Хараа” архийг хуваагаад ууж байсан. Намайг гэрт ороход тэр хэдийн ууж байсан архи нь талдаа орж байсан бөгөөд би гэрт ороод зурагт үзээд сууж байхад лам намайг татаж хажуудаа суулгахаар нь би холдсон, тэгэхэд Ш.Нямсүрэн “хадам ээж ирсэн гэнэ” гээд гараад явсан. Тэгээд тэр лам шарын шашин ярихад манай нөхөр өөдөөс нь харын шашин шүтдэг, би бөө шүтдэг гээд ам зөрөөд хоёр биеийнхээ үгийг таслаад байж байтал Ш.Нямсүрэн эргэж орж ирээд архинаас нэг татаад буцаад гарсан, тэгэхэд лам ууж байсан архиа авч гараад гэр лүүгээ орж архиа тавьчхаад буцаж гарч ирээд жижүүр Л.Нарантуяагийн хаалгыг цохиход Нарантуяа хаалгаа онгойлгоогүй. Тэгээд би коридорт гарахад лам ханцуйндаа хутгатай байхаар нь би айгаад гэр лүүгээ ороод хаалгаа түгжчихсэн. Тэгээд би “нөгөө лам чинь хутгатай явж байна” гэж хэлэхэд манай нөхөр “энэ муу яасан овоо муу гар вэ” гээд махны модон дээр байсан цайвар өнгийн иштэй, бариул хэсэг нь хагарсан, манай гэрт байдаг хутгыг авч гутлынхаа түрийнд хийгээд гарахаар нь нөхрийнхөө араас гараад түрийнээс нь хутгыг авсан, тэгэхэд Л.М “би ламыг ална” гээд надаас хутгыг булааж аваад тэдний гэр лүү орсон. Би айгаад араас нь орж чадахгүй, хаалганы завсраар хараад байж байхад тэр хэд ламын хаалгыг хаасан, тэгээд би дахин хараад байж байхад тэдний хаалга онгойгоод манай нөхөр болон лам хоёр зодолдоход Ш.Нямсүрэн тэр хоёрыг салгах гээд манай нөхөртэй хамт тэр чигээрээ зууралдаад гарч ирээд буцаад орчихсон. Би тэгэхээр нь 1 тоотод байдаг жижүүр Л.Нарантуяагийн хаалгыг тогшоод “манай нөхөр болон лам зодолдоод байна, Салгахгүй бол болохоо болилоо” гэж хэлээд ламын гэр лүү орох гэхэд хаалга нь онгойхгүй, дотроо түжигнэлдэх чимээ гарсан. Тэгэхэд манай байрны 4 тоотод байдаг О.Октябрь угаадас асгаад орж ирж байсан бөгөөд ламын хаалгыг цохиход Ш.Нямсүрэн манай нөхрийг хориглож түлхсэн байдалтай боль гээд манай нөхрөөс зуураад гарч ирсэн. Манай нөхөр надад хэлэхдээ “би хүн алчихлаа” гэж хэлээд гартаа гэрээс авч гарсан хутгаа барьчихсан байсан. Тэгээд Ш.Нямсүрэн манай нөхрийг гэр лүү оруулахад манай нөхөр буцаад гарна гээд байсан. Тэгэхэд Ш.Нямсүрэн манай нөхрийг гаргахгүй гээд гэрийн хаалгыг гаднаас нь дараад байж байсан бөгөөд манай 2 охин “аав боль” гэхэд манай нөхөр арай уужраад сандал дээр суусан. Тэгснээ манай нөхөр өөрийнхөө утаснаас дуудлага өгнө гээд 103-руу ярьж байсан, би балмагдсан учир яг юу гэж ярьж байсныг нь сонсоогүй. Гэрт орж ирсний дараа манай нөхөр барьж байсан хутгаа надад өгөхөөр нь би сандраад шүүгээний араар хийсэн бөгөөд цагдааг ирсний дараа би хутгыг гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх.44-45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Нарантуяагийн /нийтийн байрны жижүүр/ өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монос 2-36Б тоотод байрлах нийтийн байранд жижүүр ажилтай бөгөөд жижүүрээр 2019 оны 08 дугаар сараас хойш ажиллаж байгаа. Би цэвэрлэгээ үйлчилгээ хийж мөн камераа хариуцдаг юм... Тэгээд 17 цагийн орчимд байх би гэртээ нийтийн байрныхаа коридорын камер хараад байж байхад А.Чимэдцогзол манай үүдийг татахаар нь хүүхэд гэрт бие засаж байсан учир би хаалгаа онгойлгоогүй бөгөөд А.Чимэдцогзол гэр лүүгээ орсон. Тэгтэл араас нь Ш.Нямсүрэн А.Чимэдцогзолын гэр лүү ороход Л.М бас араас нь А.Чимэдцогзолын гэр лүү орж байгаа нь камерт харагдаж байсан. Би тухайн үед юм хийж байсан болохоор камер руугаа үе үе хараад байж байсан юм. Тэгээд чанга чанга дуугарцгаагаад байсан бөгөөд би тэр хэдийг архи уугаад чанга чанга ярьж байна гэж ойлгосон, тэр гурав ороод удаагүй 2 минут орчмын дараа байх Л.Мын эхнэр Б.Лхагваа манай хаалгыг тогшоод “эд нар архи уугаад байна, та болиулаач” гэхээр нь “нэгэнт уучихсан юм бол би яаж болиулах вэ дээ, нөхрөө аваад орооч” гэж хэлж байтал манай байрны 4 тоотод байдаг О.Октябрь А.Чимэдцогзолын хаалгыг тогшсон. Тэгтэл өөдөөс нь Ш.Нямсүрэн, Л.М хоёр зууралдаад гарч ирсэн бөгөөд Ш.Нямсүрэн хэлэхдээ “болохоо болилоо, цагдаа дуудаарай, эмнэлэг дуудаарай” гэж хэлээд Л.Мыг түлхээд гэр лүү нь оруулаад хаалгыг нь гаднаас нь дарсан. Ш.Нямсүрэн, Л.М хоёрыг зууралдаад цааш явах үед А.Чимэдцогзолын хаалга онгорхой байсан учир харахад А.Чимэдцогзол орныхоо өмнө өвдөглөөд суучихсан, футболк нь цус болсон байсан бөгөөд А.Чимэдцогзол юм дугараагүй...” гэх мэдүүлэг /хх.46-47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Октябрийн /нийтийн байрны оршин суугч/ өгсөн: “... Нийтийн байрны 4 тоот өрөөнөөсөө угаадсаа асгах гээд гарсан. Тэгээд бие засчхаад буцаад орж ирж байх үед манай нийтийн байранд амьдардаг лам залуугийн өрөөнд хүмүүс зодолдоод шуугилдаад байсан. “Алчихлаа шүү дээ” гээд эрэгтэй хүний орилох чимээ сонсогдсон. Тэр орилж байгаа хүний хоолой нь манай байрны галч Нямаа гэх залуугийн дуу байсан... Нямаа хаалга онгойлгоод “түргэн, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Гэтэл Нямаа гарч иртэл тэрний араас “яадаг юм, би хүн алчихсан” гээд манай нийтийн байрны 2 тоотод амьдардаг нэг эрэгтэй ах баруун гартаа хутга барьчихсан, над руу чиглүүлээд миний хажуугаар тэр лам залуугийн өрөөнөөс гарснаа өөрийнхөө 2 тоот өрөө рүү яваад орчихсон...” гэх мэдүүлэг /хх.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Нямсүрэнгийн /нийтийн байрны галч/ өгсөн: “... Манайх Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монос 2-366 тоотод байрлах нийтийн байрны 26 тоотод байдаг бөгөөд уг нийтийн байр нь манай хуурай ахынх байгаа юм. Би тухайн нийтийн байрны галч ажлыг хийдэг. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 16 цагийн орчимд байх хогны машин ирэхээр нь би тухайн үед ганцаараа байсан учир нийтийн байрны 2 тоотод байдаг Л.М гэх ахыг /нэрийг нь сүүлд мэддэг болсон гэх/ хог ачилцаад өгчих гээд гуйсан. Тэгээд хог аччихаад хогны машин явахаар нь би Л.М ах руу очоод “та надад дансаа өгчих, би танд хог ачилцсаны мөнгө өгье” гээд 15 мянган төгрөг шилжүүлсэн. Тэгээд би гараад галаа түлээд байж байхад Л.М гэх ах намайг ороод ир гэхээр нь гэрт нь ороход 200 граммын Хараа архи ууж байсан бөгөөд тухайн архи нь талдаа орчихсон байсан. Тэгээд тэр архинаасаа надад хийж өгөхөөр нь би уугаад Л.М ахад “би танд архи авч өгье” гээд Л.М гэх хүний эхнэрт виза картаа өгөөд 200 граммын “Хараа” архи, хүүхдүүддээ зайрмаг авч өгөөрэй” гэж хэлэхэд эхнэр нь дэлгүүрээс архи болон зайрмаг авчирсан. Тэгээд тэр архийг задлаад ууж эхэлж байтал манай эхнэр Б.Энхболор хаалга тогшиж дуудаад “эмээ бид хоёр гэрт ирчихлээ” гэхээр нь би гэртээ ороод байж байгаад буцаж гараад галаа нэмсэн. Байр нэг л сэрүүхэн байхаар нь би паарнаас хий авах гээд 1 тоотын өөдөөс харсан А.Чимэдцогзол гэх ламын гэрийн хаалгыг тогшиход хүнгүй байсан, тэгтэл 2 номерын гэрээс А.Чимэдцогзолын дуу гарахаар нь шагайхад Л.М ах А.Чимэдцогзол хоёр архи уугаад сууж байсан. Тэгэхээр нь би А.Чимэдцогзолд “хий авъя” гэж хэлэхэд тэр хоёр намайг ороод ир гэхээр нь би ороход надад нэг хундага хийж өгөхөөр нь тэрнээс уусан. Тэгээд би А.Чимэдцогзолтой хамт гараад гэр лүү нь ороод мухрын паарыг нь үзээд байж байтал гэнэт А.Чимэдцогзол ламын гэрийн үүдний орчимд зодолдох чимээ гарахаар нь эргээд харахад Л.М, А.Чимэдцогзол хоёр зууралдаад газар хэвтэж байсан бөгөөд Л.М дээр нь байсан, тэгэхээр нь би татаж босгоод тэдний гэрээс гаргах гэхэд А.Чимэдцогзол зуураад тавихгүй, тэр хоёр зууралдаад нааш цааш түлхэлцээд байхаар нь би Л.М ахыг “ах аа болохгүй” гэж хэлээд түлхсээр байгаад Л.М ахыг гэр лүү нь оруулсан. Тэгэхэд Л.М ах эргээд гарна гээд хаалгаа түлхээд байхаар нь би хаалгыг нь гаднаас нь дараад цагдаа дуудаарай гэхэд байрны жижүүр Л.Нарантуяа эгч “яана аа гэдэснээс нь цус гараад байна, эмнэлэг дуудаач” гэж хэлж байсан. Намайг хаалгыг нь дараад байж байхад Л.М ахын охид Л.М ахыг цаанаас нь татаад уйлаад байсан, тэгэхэд харин нөгөө Л.М ах арай тайвшраад хаалга түлхэхээ больчихоор нь би хаалгыг нь дарахаа болиод зуух руугаа явсан. Намайг хаалгыг нь дараад байж байхад Л.Нарантуяа эгч “яана аа гэдэснээс нь цус гараад байна, түргэн дуудаарай” гэж хэлж байсан. Удалгүй цагдаа ирсний дараа А.Чимэдцогзолыг хутгалуулсан гэдгийг мэдсэн бөгөөд тэрний өмнө би мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.48-49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Л.Мын хувийн байдлын талаар гэрч М.Солонготуяагийн өгсөн мэдүүлэг /хх.54-56/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Үүрцолмонгийн өгсөн: “... Би Л овогтой М гэх хүнийг танина. Миний төрсөн аав байгаа юм... манай аав надтай 2021 оны 01 дүгээр сарын 15-ны 18 цаг 04 минутад өөрийн 80685051 дугаараас миний 88600883 дугаарын утас руу залгаж ярьсан. Би утсыг нь аваад ярьсан чинь манай аав надад “би хүн алчихлаа, аав нь эмнэлэг, цагдаа дуудсан” гэж хэлээд “чи хүрээд ир, ирж чадахгүй бол боль” гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх.59-60/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ундармаагийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 756 дугаартай дүгнэлт /хх.62-63/, 

Шинжилгээ хийх шинжээч томилох тухай мөрдөгчийн тогтоол /хх.124-125/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 167 дугаартай:

1. Талийгаачид хэвлийн зүүн хэсгээр нэвтэрч өлөн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Энэ шархны улмаас хэвлий хөндийд цус алдаж нас баржээ.

2. Дээрх шархыг 10 см-ээс доошгүй урттай, 4 см орчим өргөнтэй хатгах зүсэх зэвсгийн нэг удаагийн үйлдлээр үүсгэсэн байна.

3. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна.

4. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

5. Цус нь 2-р бүлэг байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.67-70/, 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээч О.Баттулгын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 313 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.153-156,157-161/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны 667 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн холбогдогч Л.Мын өмсөж явсан гэх хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн хос гутал дээр цус илэрсэн, бусад хувцсанд цус илрээгүй. Цуснаас бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

2. Уг илэрсэн цус нь А(II) бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэх дүгнэлт /хх.165-167/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Мын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх.174-176/,

Хувийн байдлын талаарх баримтууд /хх.206-210/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Л.М нь согтуурсан үедээ 2021 оны 01 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Моносын 2 дугаар гудамжны 366 тоот дахь нийтийн байрны 7 тоотод иргэн А.Чимэдцогзол /эрэгтэй, 41 настай/-той үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг хэвлийн зүүн хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаар утсаар гаргасан “... согтуу 2 хүн нэгнийгээ хутгалчихлаа...” гэх гомдол /хх.2/,

Эд зүйл /камерын бичлэг бүхий DVD/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх.26-27/,

Эд зүйл /Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирсэн дуудлага бүхий CD/-нд үзлэг хийсэн: “... ах нь хүн хутгалчихлаа, яаралтай ирээд ахыгаа аваадах... цагдаа дуудъя, эмнэлэг дуудъя, хоёулыг нь дуудчих... лам гээд намайг загнаад архи ууж байгаад агсам тавиад байхаар нь би хутгалчихлаа” гэх тэмдэглэл /хх.31-33/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.36-39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Лхагваагийн /шүүгдэгчийн хамтран амьдрагч/ өгсөн: “... Л.М “би ламыг ална” гээд надаас хутгыг булааж аваад тэдний гэр лүү орсон... манай нөхөр болон лам хоёр зодолдоход Ш.Нямсүрэн тэр хоёрыг салгах гээд манай нөхөртэй хамт тэр чигээрээ зууралдаад гарч ирээд буцаад орчихсон... Ш.Нямсүрэн манай нөхрийг хориглож түлхсэн байдалтай боль гээд манай нөхрөөс зуураад гарч ирсэн. Манай нөхөр надад хэлэхдээ “би хүн алчихлаа” гэж хэлээд гартаа гэрээс авч гарсан хутгаа барьчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх.44-45/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Нарантуяагийн /нийтийн байрны жижүүр/ өгсөн: “... Ш.Нямсүрэн, Л.М хоёр зууралдаад гарч ирсэн бөгөөд Ш.Нямсүрэн хэлэхдээ “болохоо болилоо, цагдаа дуудаарай, эмнэлэг дуудаарай” гэж хэлээд Л.Мыг түлхээд гэр лүү нь оруулаад хаалгыг нь гаднаас нь дарсан. Ш.Нямсүрэн, Л.М хоёрыг зууралдаад цааш явах үед А.Чимэдцогзолын хаалга онгорхой байсан учир харахад А.Чимэдцогзол орныхоо өмнө өвдөглөөд суучихсан, футболк нь цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх.46-47/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Октябрийн /нийтийн байрны оршин суугч/ өгсөн: “... лам залуугийн өрөөнд хүмүүс зодолдоод шуугилдаад байсан. “Алчихлаа шүү дээ” гээд эрэгтэй хүний орилох чимээ сонсогдсон. Тэр орилж байгаа хүний хоолой нь манай байрны галч Нямаа гэх залуугийн дуу байсан... Нямаа хаалга онгойлгоод “түргэн, цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Гэтэл Нямаа гарч иртэл тэрний араас “яадаг юм, би хүн алчихсан” гээд манай нийтийн байрны 2 тоотод амьдардаг нэг эрэгтэй ах баруун гартаа хутга барьчихсан над руу чиглүүлээд миний хажуугаар тэр лам залуугийн өрөөнөөс гарснаа өөрийнхөө 2 тоот өрөө рүү яваад орчихсон...” гэх мэдүүлэг /хх.53-54/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Нямсүрэнгийн /нийтийн байрны галч/ өгсөн: “... Тэгээд би А.Чимэдцогзолтой хамт гараад гэр рүү нь ороод мухрын паарыг нь үзээд байж байтал гэнэт А.Чимэдцогзол ламын гэрийн үүдний орчимд зодолдох чимээ гарахаар нь эргээд харахад Л.М, А.Чимэдцогзол хоёр зууралдаад газар хэвтэж байсан бөгөөд Л.М дээр нь байсан, тэгэхээр нь би татаж босгоод тэдний гэрээс гаргах гэхэд А.Чимэдцогзол зуураад тавихгүй, тэр хоёр зууралдаад нааш цааш түлхэлцээд байхаар нь би Л.М ахыг “ах аа болохгүй” гэж хэлээд түлхсээр байгаад Л.М ахыг гэр лүү нь оруулсан. Тэгэхэд Л.М ах эргээд гарна гээд хаалгаа түлхээд байхаар нь би хаалгыг нь гаднаас нь дараад цагдаа дуудаарай гэхэд байрны жижүүр Л.Нарантуяа эгч “яана аа гэдэснээс нь цус гараад байна, эмнэлэг дуудаач” гэж хэлж байсан... Удалгүй цагдаа ирсний дараа А.Чимэдцогзолыг хутгалуулсан гэдгийг мэдсэн бөгөөд тэрний өмнө би мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.48-49/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Үүрцолмонгийн өгсөн: “... манай аав надад “би хүн алчихлаа аав нь эмнэлэг, цагдаа дуудсан” гэж хэлээд “чи хүрээд ир, ирж чадахгүй бол боль” гэж хэлээд утсаа салгасан...” гэх мэдүүлэг /хх.59-60/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 167 дугаартай:

1. Талийгаачид хэвлийн зүүн хэсгээр нэвтэрч өлөн гэдэс, чацархай гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх тогтоогдлоо. Энэ шархны улмаас хэвлий хөндийд цус алдаж нас баржээ.

2. Дээрх шархыг 10 см-ээс доошгүй урттай, 4 см орчим өргөнтэй хатгах зүсэх зэвсгийн нэг удаагийн үйлдлээр үүсгэсэн байна.

3. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг үгүй байна.

4. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

5. Цус нь 2-р бүлэг байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.67-70/, 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээч Б.Дэлгэрмаагийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 667 дугаартай:

1. Шинжилгээнд ирүүлсэн холбогдогч Л.Мын өмсөж явсан гэх хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн хос гутал дээр цус илэрсэн, бусад хувцсанд цус илрээгүй. Цуснаас бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй.

2. Уг илэрсэн цус нь А(II) бүлгийн харьяалалтай хүний цус байна...” гэх дүгнэлт /хх.165-167/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Мын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.

Л.Мын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгч нь “шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Мыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Хүнийг санаатай алах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр талийгаач А.Чимэдцогзолыг нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан гэж дүгнэсэн байх боловч хэрэг үйлдэгдэх үеийн амь хохирогчийн үг яриа, үйл хөдлөл зэргийн талаарх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн үед талийгаач биеэ авч явах чадвартай байсан нь тогтоогдсон учир шүүгдэгч хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Маас баримтаар нэхэмжилсэн талийгаачийн оршуулгын зардал 7.368.726 төгрөгийг шүүгдэгч Л.М нөхөн төлсөн боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Иймд Л.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.          

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Л.Мын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа бүрэн дүүрэн, сайн дураар хүлээн зөвшөөрч буй ахмад настай шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон хохирогчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Л.Мад эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирлоо сайн дураар нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Мын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч хүсэж байх боловч тухайн хүний амь нас хохирсон гэмт хэргийн хор уршиг арилах боломжгүй учир дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй юм.

Л.Мыг 2021 оны 01 дүгээр сарын 16-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 2 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, 2 ширхэг хутгыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устахаар тус шүүхийн Тамгыг газарт шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Луугар овогт Лийн Мыг “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Мад 9 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Л.Мад оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Мыг урьд нь цагдан хорьсон 86 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Л.М нь оршуулгын зардлын 7.368.726 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн хутга 2 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Хохирогч хууль ёсны төлөөлөгч А.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Маас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Мад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

          ШҮҮГЧ                             С.ӨСӨХБАЯР

                             ШҮҮГЧИД                            Т.ШИНЭБАЯР

                                                                               Ц.МӨНХТУЛГА