Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 47

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                     

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Алтанцэцэгт холбогдох 30.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2017 оны 03-р  сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад,           

                                           

                        Т О Д О Р Х О Й Л О Х нь:

    

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Алтангэрэлийн Алтанцэцэг нь 2014-12-05-ны өдөр манай компанитай 1144413 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан юм. Хэрэглэгч А.Алтанцэцэг нь 1144413 тоот гэрээний 7-р зүйлийн 7.2.1-д заасны дагуу төлбөрөө төлөхгүй, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй ба үндсэн төлбөр болох 20000 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээс зайлсхийж байгаа болно. Иймд А.Алтанцэцэгтэй байгуулсан 1144413 тоот төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 20000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 10000 төгрөг, нийт 30000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р баг Геологийн 13-02 тоотод оршин суух, РД:СЮ71013061, Боржигон овогт Алтангэрэлийн Алтанцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлага 30.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2280 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

 

 Ү Н Д Э С Л Э Х нь:

 

 Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч А.Алтанцэцэгээс 30.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч А.Алтанцэцэг нь 30.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2280 төгрөгийг төлсөн болох нь Жи-Мобайл ХХК-ний 2017-03-23-ны өдрийн 53130875 дугаартай бэлэн мөнгөний тооцооны 3 хуудас нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч А.Алтанцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага 30.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2280 төгрөг төлж биелүүлсэн нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 30.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгний тал хувь 2275 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн данснаас гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123-р дугаар зүйлийн 123.1, 74-р зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон  З А Х И РА М Ж Л А Х нь:

 

            1. Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 30.000 төгрөгийг хариуцагч А.Алтанцэцэг нь төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сангийн нэгдсэн данснаас 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БОЛОРМАА