Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/122

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч ...У

Шүүгдэгч ...Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... овогт ...Б холбогдох эрүүгийн ...дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ...оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ... овогт ...Б /РД: .../

 

Шүүгдэгч ...Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 19 дүгээр байранд байрлах “С” гоо сайхны дэлгүүрт иргэн М.Саас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “мал авч өгнө” гэж хуурч 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд бэлнээр 480.000 төгрөг, Хаан банкны ... тоот дансанд 6.280.000 төгрөг, ... тоот дансанд 780.000 төгрөг буюу нийт 7.540.000 /долоон сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ...Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би ...С гайгүй сайн найзын харилцаатай байдаг байсан. С эгч надад хэлэхдээ “эгч нь гайгүй үнэтэй мал байвал худалдан авах бодолтой байна. Халхгол сум руу мал, мах гаргах бодолтой байна” гэсэн. Би хөдөө байдаг эгчтэйгээ холбогдоод бяруу хэдэн төгрөгийн үнэ ханштай байгаа талаар асуухад 300.000 гарантай байгаа гэхээр нь С-т хэлэхэд “эгчдээ мал, мах аваад өгчихөө” гэж хэлээд надад мөнгө өгсөн. Би ийм байдал үүснэ гэж бодоогүй...гэв.

 

Хохирогч С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хувьд 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд танил ...Б гэх эмэгтэйд мал авахуулах гэж 10 тооны борлон ямаа 300.000 төгрөг, 10 төлөг хонь 450.000 төгрөг, 12 тооны бярууг 1 толгойг 350.000 төгрөгөөр бодож 3500.000 төгрөг, мөн 8 тооны бярууг 1 толгойг 360.000 төгрөгөөр бодож 2880.000 төгрөгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 19 дүгээр байрны байранд байрлах гоо сайхны бараа зарж борлуулдаг өөрийн “С” барааны дэлгүүрт байхдаа ... өөрийн хүү ******* ...... тоот данснаас Б-гийн гэх ......... тоот данс руу нийт 6280.000 төгрөгийг, .......... тоот С гэх данс руу 780.000 төгрөгийг, бэлнээр 480.000 төгрөгийг нийт 7540.000 төгрөгийг Б-д өгч мал авахаар тохиролцсон. Харин өнөөдрийг хүртэл хугацаанд мал авахуулахаар өгсөн мөнгөө авч чадахгүй байна... мөн Б-гээс махаа асуухад хүнд мөнгөө өгсөн, махаа ачиж байна, ажилтай байна гэх зэргээр хуурч мэхэлж байсанд гомдолтой байх тул миний хохирлыг барагдуулж өгнө үү. Би 2400.000 төгрөгөө авсан, одоо үлдэгдэл 5140.000 төгрөгөө нэхэмжилж байна ” гэжээ. /хх-ийн 28-30, 31-32 тал/

 

Гэрч А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд  ХААН банкны .......... тоот дансыг эзэмшдэг бөгөөд миний ээж Б нь ерөнхийдөө ашигладаг гэж хэлэхэд болно. Харин миний гар утсанд мобайл банкаар мөнгө орж ирэх нь ирж байсан. Тухайн үед ээжээс асуухад хүнд юм авч өгөх гэж байгаа юм гэдэг байсан. Мөн тухайн мөнгө нь шилжин орж ирэхдээ утган дээр нь малын нэртэй шилжиж ирдэг байсан...” гэжээ. /хх-ийн 41-42 тал/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06 тал/

- Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-16 тал/

- С-ын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 18-24 тал/

- ХААН банкны Депозит дансны хуулга /хх-ийн 59-67 тал/

- ...Б-гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-38, 47-50 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ... овогт ...Б нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, 19 дүгээр байранд байрлах “С” гоо сайхны дэлгүүрт хохирогч С-аас урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “мал авч өгнө” гэж хуурч 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хооронд бэлнээр 480.000 төгрөг, Хаан банкны ......... тоот дансанд 6.280.000 төгрөг, ............ тоот дансанд 780.000 төгрөг буюу нийт 7540.000 /долоон сая таван зуун дөчин мянга/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч С, гэрч А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ХААН банкны Депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

 

Шүүгдэгч ...Б-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ...Б-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг залилж авсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

 

Иймд шүүхээс шүүгдэгч ...Б-г урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ...Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч ...Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ...Б-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С-ын өмчлөх эрхэд 7540.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 2400.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ...Б-гээс гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 7540.000-2400.000=5140.000 /таван сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ...тоотод оршин суух С /.../-т олгох нь зүйтэй байна.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 2400.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Б-гийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ... овогт ...Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч ...Б-д оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч ...Б-д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 2400.000 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч ...Бгийн ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ...Бгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 5140.000 /таван сая нэг зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ... тоотод оршин суух М.С /.../-т олгосугай. 

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ...Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Л.БАТЖАРГАЛ