Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 53

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа би Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжлэлтэй, С.Алтанзулд холбогдох халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 735.727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03-р  сарын 06-ны өдөр хүлээн авч танилцаад,           

 

                                                                                                Т О Д О Р Х О Й Л О Х нь:  

           Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Алтанзул нь халаалт, халуун хүйтэн усны төлбөрөө 2015 оны 9-р сараас огт төлөөгүй. Иймд халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 735.727 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг 52 байрны 06 тоотод оршин суух,  РД:СК73082638, Боржигон овогт Содномдашийн Алтанзул нь шүүхэд гаргасан тайлбартаа: Бор-Өндөр сумын 2-р багийн 52-р байрны оршин суугчдын зүгээс Уулын баяжуулах үйлдвэрт байрны метр, квадрат болон айл өрхийн ам бүлийн тоог буруу тогтоосон тул байрны хэмжилтийг хийлгэх хүсэлт гаргасан. Уулын баяжуулах үйлдвэр хэмжилт хийж шийдвэр гарахаар нь нэхэмжлэлийг эргэн харж тогтооно гэсэн шийдвэрт хүрсэн. Уулын баяжуулах үйлдвэрийн нэхэмжилсэн 735.727 төгрөгнөөс 200.000 төгрөгийг төлсөн. Иймд үлдэгдэл 535.727 төгрөгийг төлж барагдуулна гэв.

 

    Ү Н Д Э С Л Э Х нь:

 Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр хариуцагч С.Алтанзулаас халаалт, халуун, хүйтэн усны төлбөр 735.727 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч С.Алтанзул нь нэхэмжлэлийн шаардлага 735.727 төгрөгнөөс 200.000 төгрөгийг төлсөн болох нь 2017-03-27-ны өдрийн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна.

Хариуцагч С.Алтанзул нь нэхэмжлэлийн шаардлага 735.727 төгрөгнөөс 200.000 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 535.727 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа нь хуульд нийцэж, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага 735.727 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 22.207 төгрөгний тал хувь 11.103 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн нэгдсэн данснаас, хариуцагч С.Алтанзулаас 11.103 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар

зүйлийн 123.1,74-р зүйлийн 74.2, 74.4, 75, заасныг удирдлага

болгон З А Х И РА М Ж Л А Х нь:

 

            1. Нэхэмжлэгч Монголросцветмет ХХК-ийн харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн нэхэмжилсэн 735.727 төгрөгнөөс хариуцагч С.Алтанзул нь 200.000 төгрөгийг төлж барагдуулж, үлдэгдэл 535.727 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар төрийн сангийн нэгдсэн данснаас 11.103 төгрөг 50 мөнгө, хариуцагч С.Алтанзулаас 11.103 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт олгосугай.

3. Захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

            4. Шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.БОЛОРМАА