| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2021/0033/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/38 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0033/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Ундрам,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч О.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт О.Ут холбогдох эрүүгийн 2118000000027 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт О.У /РД: /, 1988 оны 01 дүгээр сарын 15-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 2 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч О.У нь 2021 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** байрны урд авто зогсоол дээр байрлуулсан “Неткапитал финанс корпораци” ББСБ-ын өмчлөлийн иргэн Д.Аын жолоодож явсан **-** ДАР улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины урд, хойд салхины шил, зүүн хойд гурвалжин шил зэргийг чулуугаар цохиж хагалсан, автомашины 4 хаалганы шилийг чулуугаар цохиж гэмтээсний улмаас 625.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...найз А залгаад “чиний машины салхины шилийг хагалаад хаячихсан байна” гэхээр нь очоод хартал урд, хойд салхины шил, жолоочийн эсрэг талын арын гурвалжин шилийг хагалж, жолооч болон жолоочийн эсрэг талын хаалганы дөрвөн шилийг хагалах гэж цохисон мөр байсан. Би Уаас хохирлын мөнгө гэж 665.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хохирогч Д.Аын мэдүүлэг /хх-ийн 19, 22/,
- ...би дүүтэйгээ Аын машин дээр нь ирэхэд урд салхины шил, хойд багаажны шил, зүүн талын багаажны жижиг шилийг нь хагалчихсан, байхаар нь Аыг авч явсан цагдаагийн утас руу залгаж хэлсэн... гэх гэрч Б.Аийн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
- ...А-г “манай найзын машины цонхыг хагалсан байна” гэж ярьсных нь дараа би Уаас асуусан чинь “А-ийн найзын машины цонхыг хагалчихсан юм” гэж надад хэлсэн гэх гэрч А.Мын мэдүүлэг /хх-ийн 32/,
- ...зам дээр гарын атгын хэмжээтэй чулуу байхаар нь “миний хоёр хүүхдийг өнчрүүлсэн юм чинь” гээд Аын машины урд талын цонхыг эхлээд хагалаад дараа нь ард талын шилийг хагалаад сүлд нь гурвалжин шилийг хагалсан... гэх шүүгдэгч О.Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44/,
- ...Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** байрны урд талын авто зогсоол дээр байрлуулсан **-** ДАР улсын дугаартай авто машины урд салхины шилний баруун талын дунд хэсэгт гол хэсгээс гадагш чиглэлд цацарч цуурч хагарсан байдалтай, арын багажны шил гол хэсэгтээ цөмөрч хагарсан, зүүн талын багажны жижиг гурвалжин шил гол хэсгээрээ цөмөрч хагарсан, зүүн хаалганы шилний гол хэсэгт зүүн хойд хаалганы шилний гол хэсэгт, баруун урд хаалганы шилний гол хэсэгт, баруун хойд хаалганы шилний гол хэсэгт цохилтын улмаас үүссэн мөр байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/,
- ...царай нь бүдэг харагдах нэг эрэгтэй хүн уг камерын ертөнцийн зүгээр баруун урд талаас хохирогчийн автомашиныг чиглэн алхаж очоод 01 цаг 16 минутад тухайн авто машиныг 1 удаа бүтэн тойрч шилийг хагалж байгаа дүрс бичлэг байв... гэх ** байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг “.............” үсчин, гоо сайхны газрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг бичлэг бүхий сидийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10, 12/,
- “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1180 дугаартай “**-** ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ 625.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Ад 625.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Аын “...Би Уаас хохирлын мөнгө гэж 665.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22/, “...хохирол мөнгөө барагдуулж авсан тул уг хэргийг хурдан хурдан хугацаанд шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 106/, шүүгдэгч О.Уаас хохирогч Д.Ад 625.000 төгрөг шилжүүлсэн тухай Худалдаа хөгжлийн банкны дотоод шилжүүлгийн маягт /хх-ийн 15/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч О.Уын 2021 оны 01 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн ** байрны урд авто зогсоол дээр байрлуулсан “Неткапитал финанс корпораци” ББСБ-ын өмчлөлийн иргэн Д.Аын жолоодож явсан **-** ДАР улсын дугаартай Тоёота приус маркийн автомашины урд, хойд салхины шил, зүүн хойд гурвалжин шил зэргийг чулуугаар цохиж хагалсан, автомашины 4 хаалганы шилийг чулуугаар цохиж гэмтээсний улмаас 625.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Улсын яллагчаас шүүгдэгч О.Ут 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.У нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт О.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Уыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Ут оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР