Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2022/0774

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК....-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ2022/0012 дугаар шийдвэрийг “М” ХХК....-ийн захирал Б.М.... давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

            Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл,

            Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү,

            Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал,

Хэргийн оролцогчид: 

            Нэхэмжлэгч “М” ХХК....,

            Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, “М” ХХК....-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”   

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ2022/0012 дугаар шийдвэр,

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч “М” ХХК....-ийн захирал Б.М....,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С...,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б....,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У...,

Хэргийн индекс: 114/2022/0010/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ2022/0012 дугаар шийдвэрээр “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дугаар зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК....-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, “М” ХХК....-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон“ шийдвэрлэжээ.  

2. Нэхэмжлэгч “М” ХХК....-ийн захирал Б.М.... анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Нэхэмжлэгчийн зүгээс Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийг хүчингүй болгох эрх хуулиар олгогдсон гэж хэт ерөнхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга, агуулгын алдаатай гэх шинж нь тус захирамжаар Газрын тухай хуульд зааснаар болон хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болсон нөхцөл байдал тогтоогддог. Гэтэл дуусгавар болсон газар эзэмших эрхийг хүчингүй болгох хэрэгцээ шаардлага, хууль зүйн үндэслэл огт байхгүй бөгөөд энэ тохиолдолд дээрх захирамж нь утга агуулгын илэрхий алдаатай буюу илт хууль бус захиргааны актын хуульд заасан дээрх шинжийг бүрэн агуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл” байгаагүй. Энэ тохиолдолд илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр хуульчилсан байна. Энэ заалт бол тухайн илт хууль бус захирамж гарах болсон бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэл байсан эсэхэд хамаарах зохицуулалт юм. Гэтэл анхан шатны шүүх зөвхөн хариуцагч Засаг дарга газар  эзэмших эрхийг хүчингүй болгох эрхтэй эсэх ерөнхий дүгнэлтээр илт хууль бус шинжийг агуулаагүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлийг зохицуулсан байдаг. Засаг дарга хуулиар зөвшөөрөгдсөн үндэслэлээр л газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргах учиртай. Мөн нэхэмжлэгчийн газрын тухайд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрх нь дуусгавар болсон нөхцөл байдалтай байсан. Энэ тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох захирамж гаргахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон газар эзэмших эрхийг хүчингүй болгох  захирамж гаргаж шийдвэрлээд байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна.

Эс үйлдэхүйг тогтоолгож, даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүйгээр үнэлж дүгнэж чадаагүй тухайд:

Манай компанийн зүгээс газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар 30-аас доошгүй хоногийн өмнө өгсөн байдаг. Тус хүсэлтийг хариуцагч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар 15 хоногийн дотор ямар нэг байдлаар шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгч байгууллагын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өгсөн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтэд ямар нэгэн хариуг хуульд заасан хугацаанд огт өгөөгүй байхад анхан шатны шүүх сонсох ажиллагааны мэдэгдэл гэх албан тоотыг тухайн хүсэлтийн хариу өгсөн мэтээр хэрэгт цугларсан нотлох баримтыг ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас дээрх нэхэмжлэлийн шаардлагын тухайд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Иймд давж заалдах шатны шүүх гомдлыг хүлээн авч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ2022/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.   

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн гомдлын хүрээнд хянахад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            1. Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж, нэхэмжлэгч “М” ХХК....-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.

2. Нэхэмжлэгч “М” ХХК.... нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  “...газар эзэмших эрхийн хугацааг дуусгавар болохоос өмнө хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байсан боловч шийдвэрлэхгүй хариу өгөхгүй байсан. Гэтэл Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон байхад хүчингүй болгосон захирамж гаргасан нь агуулгын илэрхий алдаатай буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д зааснаар илт хууль бус акт гэж үзэж маргажээ.

            3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлага болон үндэслэл нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг зөрчсөнтэй холбоотойгоор захиргааны актыг хууль бус гэж хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын төрөлд хамаарч байна гэж дүгнэсэн атлаа тухайн хууль зүйн үндэслэл, түүнтэй холбоотой хэрэгт авагдсан зарим баримтуудыг үнэлж, маргаан бүхий захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй байна.

4. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй, аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй гэж үзэх үндэслэлгүй гэж маргаагүй асуудалд дүгнэлт хийж, 01А/164 дугаар захирамж илт хууль бус болох нь тогтоогдохгүй гэж, мөн нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй тул уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй гэх зэргээр дүгнэж, нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.1. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын төрөлд нь хамааруулж, хэтэрхий явцуу дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон захиргааны хэргийн шүүхийн зорилгод нийцэхээргүй байна.

4.2. Хэдийгээр нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан үндэслэлүүд нь хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын төрөлд хамаарч байвал нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргаж маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын төрлөөр гаргах нөхцөлийг хангаж байгаа тохиолдолд шүүхээс нэхэмжлэлд заасан үйл баримт, үндэслэл нь захиргааны актыг хууль бус эсэхэд дүгнэлт хийж, түүний улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээх эсэхийг шийдвэрлэх нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн гэж үзэхгүй.

4.3. Нэхэмжлэгч “М” ХХК.... нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан хугацаанд шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргажээ.

5. Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар эзэмших эрхийг анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны А/291 дүгээр захирамжаар бусдаас шилжүүлэн авч, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр “Барилгын зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээ” №15/2018, Дархан–Уул аймаг, Дархан сум Х баг, ...-р хороолол, “М” ХХК....-ийн үйлчилгээтэй 9 давхар орон сууцны зориулалттай барилгын талбайн инженер геологийн судалгааны дүгнэлт-2018 он, “М” ХХК....-ийн үйлчилгээтэй 9 давхар орон сууцны барилгын архитектур төлөвлөлтийн зураг, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21/40 дүгээр Архитекур төлөвлөлтийн даалгавар авах зэргээр тухайн газар дээр үйлчилгээтэй орон сууц барихад шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлж байсан, баримтууд хэрэгт авагдсан байна.

6. Мөн нэхэмжлэгч нь Дархан-Уул аймагт өөр барилгын ажлуудыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэн өгөх ажиллагаа явуулж байгаатай холбоотой тэдгээрийн дараа барилгын ажлаа эхлүүлэх хүсэлт гаргаж, холбогдох баримтуудыг хүргүүлж байсан, тухайн хугацаанд ковид цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос барилгын ажлыг эхлүүлэх боломжгүй байсан зэргээс үзвэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэхээргүй байна.

7. Хариуцагч Засаг дарга нь эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, нэхэмжлэгчийг газраа 2 жил дараалан ашиглаагүй нь “хүндэтгэн үзэх шалтгаан”-тай эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоолгүй,  газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40.2-д “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, ... мэдэгдэнэ” гэж  заасныг зөрчсөн, бодит нөхцөл байдалд тохироогүй шийдвэр болжээ.

8. Газар эзэмших хугацаа сунгаагүй эс үйлдэхүйн тухайд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан хүсэлтүүдийг үнэлээгүй, мөн газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаарх захиргааны байгууллагын сонсох ажиллагаа эхэлсэнтэй холбоотой сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжтой байсан эсэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй зөвхөн 2019 онд гаргасан нэхэмжлэгчийн газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтийг үнэлж “... хугацаа дуусахаас 10 сарын өмнө гаргасан хүсэлтийг шийдвэрлэх үндэслэлгүй” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасан “нотлох баримтыг тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцээгүй байна.

9. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл аймгийн аудитын газрын 2019 оны 40/13 дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага ирсэнтэй холбогдуулан захиргааны шийдвэр гаргах ажиллагаа эхлүүлж Сонсох ажиллагааны мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн, нэхэмжлэгч нь газраа зориулалтын дагуу ашиглаагүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны талаарх баримтуудаа хүргүүлэхийн сацуу газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан, хариуцагч уг хүсэлтүүдэд ямар нэгэн хариу өгч байгаагүйгээс үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэгэнт сонсох ажиллагаа явуулж газар эзэмших эрхийг хүчингүй болгох эсэхийг шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг тухай бүр шийдвэрлээгүй байсан байна.

10. Хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хэтэрхий сунжирсны улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших гэрээнд заасан хугацаа дууссан боловч нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос өмнө 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2103092 дугаар албан бичгээр /хэргийн 1 дүгээр хавтас 125 дахь тал/ дахин газар эзэмших хугацаа сунгуулах хүсэлтээ гаргасан, хүсэлтүүдэд тухай бүр шийдвэрлэж хариу өгөөгүй атлаа маргаан бүхий 01А/164 дүгээр захирамжид Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших хугацаа дуусгавар болсон” гэснийг зааж, газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлд хамааралгүй “хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй” гэж дурдсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн “... дуусгавар болсон газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл Газрын тухай хуулийн 40.1-д заагаагүй ...” гэх давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

11. Харин нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд дурдсан энэхүү үндэслэлтэй холбоотойгоор маргаан бүхий захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж гомдлоо гаргасан боловч дээр дурдсан нөхцөл байдлуудаар маргаан бүхий актаар Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо уг хуулийг буруу хэрэгжүүлж, бодит нөхцөл байдалд тохироогүй, хууль бус шийдвэр гаргасан, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдсон.

            12. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Дархан- Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/164 дүгээр захирамжийг хүчингүй болгон, газар эзэмших эрх сунгуулах хүсэлтийг зохих журмаар шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 114/ШШ2022/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дугаар зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2, 40.3-д тус тус заасныг баримтлан  “М” ХХК....-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж,  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01А/164 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг зохих журмаар шийдвэрлэхийг хариуцагч Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ