| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2021/0030/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/39 |
| Огноо | 2021-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0030/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,
Улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
Хохирогч Т.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Б.Га нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Гад холбогдох эрүүгийн 2118000000020 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б.Га /РД: /, 1975 оны 01 дүгээр сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Гыг 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод суух О.Лгийн гэрээс цүнхтэй Асер загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 478.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Гын өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Лгийн гэрт хоносон. Л ах бид хоёроос өөр хүн байгаагүй. Маргааш өглөө нь Л ах өглөө эрт ажил явдалтай гээд 6 цагт гарсан. Би ганцаараа гэрт нь үлдсэн. Би үлдсэн архиа уугаад согтсон байсан. Хаанаас зөөврийн компьютерыг авснаа санахгүй байна. Нэг цүнх үүрчихсэн явж байснаа санаж байгаа. Хохирол төлбөрт 25.000 төгрөг өгсөн. Үлдсэн хохирлыг төлнө... гэх мэдүүлэг,
Хохирогч Т.Бгийн өгсөн: 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүүхэд хотоос ирээд би 07-ны өдрийн 10 цагт гэртээ ирэхэд хувцасны шүүгээнд байсан компьютер алга болсон байсан. Тэгээд нөхрөөсөө асуухад “би Гыг гэртээ авчирч хонуулсан” гэж хэлсэн. Өмнө нь манай нөхөр охин хоёр Гын гэрт нь очиж уулзахад Га согтуу байсан гэсэн. Тэгээд “чи хүүхдийн компьютер өгөөч” гэхэд “маргааш олж өгье” гэж хэлээд явуулсан байсан. 475.000 төгрөгийн хохирлын үнэлгээ гарсан. Энэ мөнгөө төлүүлнэ. Хамгийн гол нь тэр компьютер дээр манай охины дипломын ажил, 5 жил Турк улсад сурсан хичээл нь байсан. Энэ хүн хаана өгснөө мэдэхгүй байгаа. Цагдаад өгсний дараа Га 25.000 төгрөг өгөөд маргааш 250.000 төгрөг өгнө гээд алга болсон. Одоо үлдэгдэл 453.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч О.Лгийн өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Гатай тааралдахад “эхнэртэйгээ муудалцсан, хонох газаргүй, танайд нэг хоноё” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд манайд хоол унд хийгээд 0.75 литрийн 1 шил архи бид 2 хувааж уугаад хоносон. Маргааш өглөө нь би Гыг гэртээ үлдээгээд өөрөө түрүүлээд гарсан. Тэгтэл манай эхнэр тэр өдөр “охины компьютер алга болсон байна, яачихсан юм бэ?” гэж асуухаар нь Га манайд хоносон талаар хэлсэн. Охинтойгоо Гын гэрт очиход Га нь халамцуу байдалтай “би компьютерыг чинь хаана барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалснаа санахгүй байна. Ямар ч байсан олоод өгнө, Л ахаа дүү нь согтуудаа гэрээс чинь авч гараад хаана тавьснаа санахгүй байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17, 26/,
Гэрч Л.Хгийн өгсөн: ...2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотоос Дарханд аавындаа ирж хоноод маргааш өглөө нь хувцасны шүүгээнд байсан хар цүнхтэй Асер загварын зөөврийн компьютер алга болсон байхаар нь аав, ээжээс асуухад мэдэхгүй байсан. Манай аав Л ганцаараа байхдаа Га гэх хүнийг хонуулсан байсан. Өөр гаднын хүн авчраагүй гэж байсан... гэх мэдүүлэг /18, 20/,
Гэрч Л.Оийн өгсөн: ...манай нөхөр “миний буруу, архи уугаад хэрэг үйлдсэн учир хохирлоо төлнө” гэж байгаа. Дээрээс нь манай гэрт зөөврийн компьютероо авъя гэж аав, охин хоёр хамт ирж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “2020 оны 11 дүгээр сарын 05-ны болон 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Асер загварын зөөврийн компьютер, цүнх, хулгана, цэнэглэгч зэрэг нь 478.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-31/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Га нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод суух О.Лгийн гэрээс цүнхтэй Асер загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 478.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Хохирогч нь хэзээ зөөврийн компьютероо алдсанаа мэдэхгүй байгаа. Гэрч О.Л нь мэдүүлэгтээ “...11 дүгээр сарын 05-ны орой гэртээ байж байтал манай эхнэр утасдаад компьютер байхгүй байна...” гэдэг. Гэтэл хохирогчоор оролцож байгаа Т.Б нь 07-ны өдөр компьютер байхгүйг мэдсэн гэдэг. Тэгээд гэрч О.Л нь Б.Гатай уулзаад “компьютер авсан уу” гэхэд “...би мэдэхгүй байна...” гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр мэдүүлгүүд зөрүүтэй байна. Иймд шүүгдэгч Б.Га нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа тул түүнийг цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Гэвч хэрэгт авагдсан гэрч О.Л, Л.Х, Л.О, хохирогч Т.Б нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Га нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гэрч О.Лгийн гэрт очиж хоноод маргааш нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэрт нь ганцаараа үлдсэн ба гэрээс гарахдаа хувцасны шүүгээнд байсан Асер загварын зөөврийн компьютерыг дагалдах хэрэгсэл болох хулгана, цэнэглэгч бүхий цүнхтэй нь авч гарсан гэх үйл баримт тогтоогдсон. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэгт дээрх үйл баримтыг үгүйсгэсэн ноцтой зөрүү тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн Б.Гад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Гын 2020 оны 11 дүгээр сарын 05-нд иргэн О.Лгийн гэрээс Асер загварын зөөврийн компьютерыг дагалдах хэрэгсэл болох цүнх, хулгана, цэнэглэгч зэргийн хамт авч 478.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь хүч хэрэглэхгүйгээр, мэдэгдэхгүй нууцаар, зөвшөөрөлгүй авсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Мөн Б.Га нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ амар хялбар аргаар архи уух мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр дээрх үйлдлийг хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Ийм Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бд 478.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 25.000 төгрөгийг нөхөн төлсөн, хохирогч нь үлдэгдэл 453.000 төгрөгийг нэхэмжилж байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа ...учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Га нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй юм.
Иймд шүүгдэгч Б.Гаас 453.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Бд олгох нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Га нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэр бүлдээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг. Иймд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч Б.Га нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 5, өрхийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43/, Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар багийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ** дугаартай албан бичиг /хх-ийн 52/, О.Гд, О.Гт, О.Я нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 47-49/, Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021 оны ** дүгээр сарын **-ний ** дугаартай албан бичиг, тодорхойлолт /хх-ийн 50-51/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Гыг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Гад оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Б.Гаас 453.000 /дөрвөн зуун тавин гурван мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дүгээр багийн ** дүгээр байрны ** тоотод оршин суух Б овогт Т.Б /РД:, утас: /-д олгосугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТ