| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0367/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/43 |
| Огноо | 2021-02-25 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | 166/2020/0367/Э |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0367/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ихтамир даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Адъяа,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Г.Д,
Шүүгдэгч Г.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т овогт Г.Лэд холбогдох эрүүгийн 2018000000403 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т овогт Г.Л /РД: /, 1960 оны 12 дугаар сарын 22-нд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Лийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 8 дугаар орцны 00 тоотод иргэн Г.Дг зодож эрүүл мэндэд нь сээрний 11 дүгээр нугалмын хугарал, тархи доргилт, зүүн сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр үеийн мултрал, няцарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн дал, хоёр бугалга, шуу, цээжинд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт хэрэгт гэмт буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Лийн өгсөн: ...Манайд М ирээд бид хамт 1 шил архи уусан. Тэгээд М, Д хоёр өр шир ярьж маргалдаад М Дг цохиод авсан. Би тэднийг салгахаар дундуур нь ороод Дг ор руу түлхсэн. Би Дг цохиогүй. Харин М Дг зодсон... гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Дгийн өгсөн: Тухайн өдөр юу болсон талаар санахгүй байна. Би 2 сар эмнэлэгт хэвтсэн. Эрхий хурууны шөрмөс тасраад, нуруу бас гэмтэлтэй байгаа. Цаашид Улаанбаатар явж эмчилгээ хийлгээрэй гэсэн. Цаашид ажил хийх боломжгүй болсон. Эмчилгээний зардал 2.200.000 гаруй төгрөг болсон. Энэ хохирлоо Лээс нэхэмжлэхгүй. М намайг зодож гэмтэл учруулсан гэж үзэж байгаа тул Моос нэхэмжилнэ... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч Н.Мын өгсөн: ...Би ажлаа тараад хуурай дүү Лийн амьдарч байгаа Хээтэй хорооллын 4.1 дүгээр байранд очсон. Би 0.5 литрийн “Хараа” архитай очсон. Ингээд архи уугаад дуусаж байхад Д, Л хоёр юунаас болсныг мэдэхгүй хэрэлдээд маргалдаад эхэлсэн. Ингэж хэрэлдэж байхад Д нь Лийг “хөгшин авгайн ал долоодог” энэ тэр гэж хэлээд байхаар нь би “нас намбадаа бай, та хоёр битгий хэрэлдээд бай” гэж хэлсэн чинь Д нь “чамд ямар хамаатай юм” гээд над руу дайрч давшлаад гараараа миний толгой руу цохисон. Тэгтэл Л дундуур ороод Дг хориглож түлхэх үед Д орон дээрээ унаж байсан. Тэгээд би гарч яваад Лийн машин дотор хэвтэж байхад Л, Д хоёр гарч ирээд хэрэлдэж маргалдаж байгаад Л машиндаа суугаад машинаа асаагаад явсан. Би Л Дг зодсоныг бол хараагүй. Д агсам согтуу тавиад дайрч давшлаад цохих гэхэд нь гэрт ч тэр, гадаа ч тэр гарыг нь бариад нааш цааш түлхсэн асуудал бол байсан... Д, Л нарыг хамт амьдарч байгаа талаар 2020 оны 8 дугаар сард мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Иргэн Г.Д нь хамт архи ууж байсан хүмүүстээ зодуулсан байж болзошгүй гэх газар нь Дархан сумын 9 дүгээр багийн 4.1 дүгээр байрны 8 дугаар орцны 00 тоотод байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-8/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 705 дугаартай “Г.Дгийн биед 11 дүгээр нугалмын хугарал, тархи доргилт, зүүн сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр үеийн мултрал, няцарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн дал, хоёр бугалга, шуу, цээжинд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19/,
Г.Дгийн зүүн мөрний ард хөхөрсөн, баруун шуу хэсэгт хөхөрсөн гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 20-21/,
Хохирогч Г.Дгийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай өвчний түүх /хх-ийн 60-68/,
Хохирогч Г.Дгийн амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 69-70/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Л нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 1 дүгээр байрны 8 дугаар орцны 00 тоотод иргэн Г.Дг зодож эрүүл мэндэд нь сээрний 11 дүгээр нугалмын хугарал, тархи доргилт, зүүн сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр үеийн мултрал, няцарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн дал, хоёр бугалга, шуу, цээжинд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримт болох шүүгдэгч Г.Л, хохирогч Г.Д, гэрч Н.М нар хамт архи ууж байхдаа гэрч Н.М нь шүүгдэгч Г.Л, хохирогч Г.Д нарын маргааныг зогсоох гэж “та хоёр болиоч ээ” гэхэд нь Г.Д нь “чамд ямар хамаатай юм бэ?” гээд Н.М луу дайрч түүний толгойн тус газар нь цохих үед Г.Л тэднийг салгаж Г.Дг түлхэхэд Г.Д орон дээр унасан, дараа нь Г.Л гадаа гарч машиндаа суух гэхэд нь Г.Д машины хаалганы шилнээс зууралдахад гараас нь татаж машинаас холдуулсан гэх үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Г.Лийн хохирогч Г.Дг түлхэх, гараас татах зэрэг идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Г.Дгийн эрүүл мэндэд сээрний 11 дүгээр нугалмын хугарал, тархи доргилт, зүүн сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр үеийн мултрал, няцарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн дал, хоёр бугалга, шуу, цээжинд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Дгийн эрүүл мэндэд нь сээрний 11 дүгээр нугалмын хугарал, тархи доргилт, зүүн сарвууны 1 дүгээр хурууны 1 дүгээр үеийн мултрал, няцарсан шарх, хүзүүнд зулгаралт, зүүн дал, хоёр бугалга, шуу, цээжинд цус хуралт, баруун шуу, хоёр өвдөгт зулгаралт, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирчээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын ...эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гаргуулах үндэслэлтэй байна.
Гэвч хохирогч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Лээс эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, Н.Моос хохирлоо нэхэмжилнэ гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Л нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Харин хохирогч Г.Дгийн Н.Мт холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлийг шүүх эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Л нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх санал гаргаж байна.
Шүүгдэгч Г.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/-аар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин уг гэмт хэрэг нь архи согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, хохирогч Г.Дгийн ёс бус үгээр шүүгдэгчийг дайрч доромжилсон үйлдлээс үүдэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Лийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй тул түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 45.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Лийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Лэд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 45.000 /дөчин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хохирогч Г.Дгийн Н.Мт холбогдуулан гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар иргэний нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Лэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Лэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР