| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2021/0051/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/55 |
| Огноо | 2021-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2021/ШЦТ/55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0051/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц вогт А.Ст холбогдох эрүүгийн 2118000000050 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц вогт А.С /РД: /, 1985 оны 11 дүгээр сарын 07-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.С нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Булаг ** дугаар гудамжны ** тоотод Э.Эын толгойн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцралт, цохонд /духны хоёр хажуугийн ба магнайн дээхэн хэсгийн төвгөр газар/ зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...найз Чукагийн гэрт архи уугаад сууж байхад намхан шар залуу намайг “гараад ир” гэхээр нь би гараагүй. Тэгтэл тэр залуу эргэж орж ирснээ үүд орчимд байсан жижиг модон сандлыг аваад миний толгой руу нэг удаа цохисон. Дараа нь хамар орчимд цохих шиг болсон. С надад эмчилгээний зардал гэж 150.000 төгрөг өгсөн. Миний бие одоо эрүүл байгаа учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх хохирогч Э.Эын мэдүүлэг /хх-ийн 12, 14/,
- ...тамхи татчихаад ороод ирэхэд Маагий, Э нар хоорондоо зууралдаад хамт байсан хүмүүс нь салгах гээд оролдсон байдалтай байсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Тэр хоёр зодолдсон шинжтэй Э гэх залуугийн толгойноос цус гарсан байсан гэх гэрч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 16/,
- ...нэг шар залуу манай нөхөртэй ам мурийх гээд “гараад ир” гэхэд манай нөхөр гараагүй. Тэгтэл нөгөө залуу гаднаас буцаж орж ирээд зуухны хажууд байсан 4 хөлтэй жижиг модон сандлыг аваад манай нөхрийн толгой руу цохисон... гэх гэрч П.Сийн мэдүүлэг /хх-ийн 18/,
- ...С, Э хоёр маргалдаад хоорондоо зодолдсон. Эын толгойноос цус гарч байсан... гэх гэрч Ж.Зын мэдүүлэг /хх-ийн 20/,
- ...би Этай маргалдаад зодолдсон. Би сандал аваад Эын толгой руу цохиход Мөнхчулуун болон Э нарын эхнэрүүд бид хоёрыг салгахад Эын толгойноос цус гарч байсан... гэх шүүгдэгч А.Сын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37/,
- ...Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Булаг ** дугаар гудамжны ** тоотод үзлэг хийхэд цагаан өнгийн тавцантай, шар өнгийн хөлтэй модон сандал байх ба уг сандлын нэг хөл дээр цус мэт улаан өнгийн хоёр цэг, мөн цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв... гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8/,
- Э.Эын зүүн чамархай хэсэгт 10 сантиметр орчим язарсан, дух хэсэгт 1 сантиметр шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27/,
- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаартай “Э.Эын биед толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цохонд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/,
- Шүүгдэгч А.Сын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр эрүүлжүүлэгдсэн тухай бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 47/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Эын эрүүл мэндэд толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цохонд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Э.Эын “...С надад эмчилгээний зардал гэж 150.000 төгрөг өгсөн. Миний бие одоо эрүүл байгаа учраас надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/, “...цаашид надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 60/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч А.Сын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Булаг ** дугаар гудамжны ** тоотод Э.Эын толгойн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, зөөлөн эдийн няцралт, цохонд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Улсын яллагчаас шүүгдэгч А.Ст 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч А.С нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх бөгөөд түүний орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц вогт А.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Ст оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд сар бүр 90.000 /ерэн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР