| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01743/И |
| Дугаар | 00222 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 00222
2017 оны 02 сарын 13 өдөр Дугаар 142/ШШ2017/00222 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч “Монгол хьюндай автомотив” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1980 онд төрсөн, 37 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-18-71 тоотод оршин суух Боржигон овгийн Батцэрэнгийн Ариун-Эрдэнэд /регистрийн дугаар ФБ80062773/ холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 51 645 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, Э.Хулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Монгол Хьюндай Автомотив” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Монгол Хьюндай Автомотив” ХХК нь 2013 оны 09-р сарын 19-ны өдөр иргэн Б.Ариун-Эрдэнэтэй 13/С-73/877 тоот “Автомашин худалдах худалдан авах гэрээ” байгуулсан.Тус гэрээгээр хариуцагч Б.Ариун-Эрдэнэд Солонгос улсад үйлдвэрлэсэн “Хьюндай Санта Фе” маркийн автомашиныг худалдаж холбогдох төлбөрийг төлөхөөр тохиролцсон. Гэвч “Худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх боломжгүй байгаа тухайгаа хэлэн компанийн зүгээс түүнд боломж олгон Б.Ариун-Эрдэнэтэй харилцан тохиролцож талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлж 2015 оны 10-р сарын 16-ны өдөр 009 тоот 81 430 000 төгрөгийн “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулж, тус гэрээний үнийн дүнгээс “Худалдан худалдан авах гэрээ”- ний дагуу урьдчилгаа болгон хариуцагч Б.Ариун-Эрдэнийн 2013 оны 10-р сарын 11-ний өдөр 5 000 000 төгрөг, 2014 оны 12-р сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг нийт 25 000 000 төгрөгийг төлсөн дүнг хасч 56 430 000 төгрөгийг гэрээнд заасан төлбөр төлөх хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулан гэрээний үнэн зөвийг нотариатаар гэрчлүүлсэн байдаг.ТусАвтомашины санхүүгийн түрээсийн гэрээний Хавсралт№1-т заасны дагуу Б.Ариун-Эрдэнэ нь 2015 оны 10-р сарын 13-ны өдрөөс 2016 оны 01-р сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээний дагуу төлөх ёстой 56 430 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан, автомашины өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар тохиролцсон ч хариуцагч нь 2015 оны 12-р сарын 14-ний өдөр 22 000 000 төгрөгийг төлөөд үлдсэн 34 430 000 төгрөгийг төлөхгүй явсаар өнөөдрийг хүрлээ.
Компанийн зүгээс хэдийгээр Түрээслэгч тал гэрээний үүргээ зөрчиж биднийг хохироож байсан боловч удахгүй төлбөрөө өгөх байх, гэрээний үүргээ сайн дурын үндсэн дээр ухамсарлаж биелүүлэхийг нь хүлээсээр өдийг хүрлээ. Мөн Компанийн зүгээс хариуцагч Б.Ариун-Эрдэнэд 2016 оны 03-р сарын 18-ны өдрийн 16/02/126 тоот мэдэгдлийг, 2016 оны 04-р сарын 11-ний өдрийн 16/02/126 тоот мэдэгдлийг тус тус хүргүүлж байсан. Гэвч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа тул хариуцагчаас гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болон хугацаандаа төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлсэн хоногт тооцох алдангийг талуудын хооронд байгуулагдсан “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ"- ний 10.2 дах хэсэг, Иргэний хуулийн 232.6, 232.4 дахь хэсгийг тус тус үндэслэн талуудын тохиролцсон байдлаар тодорхойлон гаргуулахаар шүүхэд хандаж байна. Б.Ариун-Эрдэнээс 2015 оны 10-р сарын 16-ны өдөр 009 тоот “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ”-ний дагуух төлбөр болох 34 430 000 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэний алданги 17 215 000 төгрөг нийт 51 645 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Ариун-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Б.Ариун-Эрдэнэ нь “Монгол Хьюндай Автомотив” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулангийн гаргасан 51 645 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцлаа. Монгол-Хьюндай Автомотив ХХК-аас 2013 оны 09 сарын 19-ны өдөр 13/с- 73/877 тоот автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж “Хьюндай Санта Фе” маркийн автомашиныг авсан. Машиныг авахдаа “2013 оны 10 сарын 11-ны өдөр 5 000 000 төгрөг, 2015 оны 12 сарын 24-ны өдөр 22 000 000 төгрөг, 2014 оны 12 сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг нийт 47 000.000 төгрөгийг машины үнэд төлсөн”. Анх машиныг 62 620 000 төгрөгөөр үнэлж гэрээ хийсэн.Одоо машины үлдэгдэл 15 620 000 төгрөг байгаа. Иймд би уг үлдэгдлийг төлөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжпэлд “2015 оны 10 сарын 16-ны өдрийн санхүүгийн түрээсийн гэрээг хавсаргаж уг гэрээн дээр машины үнийг 81 430 000 төгрөгөөр үнэлж, үлдэгдэл 51 645 000 төгрөг” гэж нэхэмжилжээ. Энэ гэрээг надтай хийхдээ компаний хүмүүс хэл ам гаргаад байна, иймээс хүмүүст үзүүлэх гэрээ хэрэгтэй байна гэж хэлсэн.Тэрнээс биш санхүүгийн түрээсээр ингэж төлнө, машины үнэ 81 430 000 төгрөг гэж тохироогүй. Хэрэв ийм тохиролцоо байсан бол би 62 620 000 төгрөгний үнэлгээтэй машиныг 81 430 000 төгрөг гэж зөвшөөрч гэрээ хийхгүй шүү дээ. Иймд уг автомашины санхүүгийн түрээсийн гэрээ нь дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаар нэхэж буй 51 645 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Уг Санта Фе маркийн автомашин нь 560 км/цаг явсан гүйлттэй машин байсан” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Монгол хьюндай автомотив” ХХК 2015 оны 10 дгаар сарын 16-ны өдрийн автомашины санхүүгийн түрээсийн гэрээг үндэслэн хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 51 645 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 15 620 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “....2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Б.Ариун-Эрдэнэтэй автомашины санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан.Энэ гэрээний үлдэгдэл төлбөр 34 430 000 төгрөг, гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэний алданги 17 215 000 төгрөг нийт 51 645 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...Би Монгол Хьюндай Автомотив ХХК-аас 2013 оны 09 сарын 19-ны өдөр 13/с- 73/877 тоот автомашин худалдах худалдан авах гэрээ байгуулж Хьюндай Санта Фе маркийн автомашиныг 62 620 000 төгрөгөөр худалдан авсан. Машины төлбөрт нийт 47 000 000 төгрөгийг төлсөн. Одоо машины үлдэгдэл 15 620 000 төгрөг байгаа.Санхүүгийн түрээсийн гэрээнд машины үнийг 81 430 000 гэсэн байгаа.Би ийм үнээр машин худалдан аваагүй” гэж тайлбарлаж байгаа.
Нэхэмжлэгч тал зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан автомашины санхүүгийн түрээсийн гэрээг үндэслэн хариуцагчаас 51 645 000 төгрөг нэхэмжилж байгаа, харин хариуцагч 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээг үндэслэн үүрэг гүйцэтгэнэ гэж маргаж байгаа.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр талуудын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгож талууд тохиролцон 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр автомашины санхүүгийн түрээсийн гэрээг байгуулсан.Гэрээний чөлөөт байдлын үндсэн дээр байгуулагдсан түрээсийн гэрээг хариуцагч Б.Ариун-Эрдэнэ хүлээн зөвшөөрсөн, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байх тул түрээсийн гэрээг үндэслэн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байна” гэж тайлбарлаж байгаа боловч шүүх зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн автомашины санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж дүгнэлээ.
Үндэслэл нь Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2-д гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана гэж заасан.
2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн автомашины санхүүгийн түрээсийн гэрээнд гэрээний нийт үнийг 81 430 000 гэж заасан байх ба хариуцагч “...би автомашиныг 62 620 000 төгрөгөөр худалдан авсан” гэсэн тайлбар гаргаж тайлбараа нотлох баримт болгож 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохигчдын хооронд байгуулагдсан автомашин худалдах, худалдан авах гэрээг ирүүлсэн, уг гэрээнд Б.Ариун-Эрдэнийн худалдан авсан “Хьюндай Санта Фе” маркийн автомашины үнийг 62 620 000 төгрөг гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч “Хьюндай Санта Фе” маркийн автомашины үнийг 62 620 000 төгрөг болохыг, хариуцагчийн төлөх ёстой үлдэгдэл дээр алданги нэмээд 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн автомашины санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнийг 81 430 000 төгрөг гэж тодорхойлсон болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
Тиймээс 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан автомашины санхүүгийн түрээсийн гэрээний нийт үнийн дүн зөрүүтэй байгаа нь уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болж байна.
2-рт: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар Худалдах, худалдан авах гэрээний хувьд худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Харин нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ариун-Эрдэнийг “Хьюндай Санта Фе” маркийн автомашины үнийг төлөхөөс өмнө түүнд машиныг шилжүүлж өгсөн, худалдан авагч үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн шинжээс нь талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.
Хэдийгээр 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээг автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж нэрлээгүй ч энэ нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй бөгөөд хариуцагч Б.Ариун-Эрдэнэ нь дээрхи гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээнд Б.Ариун-Эрдэнэ гарын үсэг зураагүй, Б.Ариун-Эрдэнийн эхнэр гарын үсэг зурсан” гэсэн тайлбар гаргасан ч уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргаагүй учраас хариуцагчаас уг гэрээгээр тохирсон алдангийг гаргуулах үндэстэй гэж үзлээ.
Иймд автомашины үнэ 62 620 000 төгрөгнөөс хариуцагчийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 5 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 20 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 22 000 000 төгрөг нийт 47 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 15 620 000 төгрөг дээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 7 810 000 төгрөг, нийт 23 430 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Монгол хьюндай автомотив” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28 215 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 416 175 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 275 100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар 262.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Ариун-Эрдэнээс 23 430 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Монгол хьюндай автомотив” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 28 215 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА