| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00159/И |
| Дугаар | 00227 |
| Огноо | 2017-02-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 00227
2017 оны 02 сарын 15 өдөр Дугаар 142/ШШ2017/00227 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, 39 настай, эмэгтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Булагтын В3 дугаар гудамжны 19 тоотод оршин суух, Аранзан овгийн Феодорын Отгончимэгийн /регистрийн дугаар ФЖ78012106/ хүсэлттэй цагаатгалын нөхөн олговор 1 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зэвгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ф.Отгончимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие өөрийн аавын аав, төрсөн өвөөгийн хилс хэргийн талаар төрөл садангийн холбоо тогтоолгохоор өгсөн хүсэлтийн дагуу зохих асуудал шийдвэрлэгдэж, цагаатгагдсан тухай дээд шүүхийн шийдвэрээр гэрчилгээ ологодож улсын цагаатгалын хуулийн дагуу зууны мэдээ сонинд зарлуулсан. Иймд хянан үзээд цагаатгагдсан этгээдэд олгогдох нөхөн олговор 1 сая төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ф.Отгончимэг нь цагаатгалын нөхөн олговор 1 сая төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.2016 оны 11 сарын 28-ны өдрийн 17127 дугаартай Т.Балжинямын цагаатгалын үнэмлэхд “ Тогооч овогтой Балжиням Онцгой Бүрэн эрхт комиссын 1938 оны 05 сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолоор улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдсон тул түүнийг Монгол Улсын дээд шүүхийн коллегийн 1993 оны 03 сарын 15-ны өдрийн 63 дугаар магадлалаар цагаатгав” гэжээ.
2.2016 оны 10 сарын 06-ны өдрийн 1241 дугаартай Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “Ф.Отгончимэгийг хэлмэгдэж Т.Балжиннямын төрсөн ач охин мөн болохыг тотоосугай” гэжээ.
3.Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 02/2481 дугаартай архивын лавлагаанд “Т.Балжинням нь Төв аймгийн Эрдэнэ сумын 3-р багийн харъяат. Монголд 1918 онд орж ирсэн. Ард, буриад. Ам бүл 4. Эхнэр Должин, хүү Пиодер, дүү Санждамба. Хөрөнгө адуу 3, үхэр 2, гэр хашаа байшин. Бароны цэрэгт явж байсан гэх. Урьд ял шийтгэл хүлээж яваагүй. Баригдахын өмнө сумандаа малын ажилтай байсан. Т.Балжинямыг 1938 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр баривчлан, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Хэргийг хянаанд Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаар магадлалаар цагаатгажээ” гэжээ.
4.Үндэсний төв архивын 2008 оны 03 сарын 06-ны өдрийн 391 дугаар архивын магадлагаанд “Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн 1933 оны хүн амын тооллогын бүртгэлийн 137-р хуудсанд Тогоочийн Балжинням, эрэгтэй, 43 настай. Эхнэр Гаманжавын Должмаа 32 настай гэж бүртгэгдсэн байна” гэжээ.
5.1993 оны 03 сарын 15-ны өдрийн БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн магадлалд “ 1938 он 05 сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Жамсран нарын 33 хүнийг цагаатган, хэрэгсэхгүй болгосугай гээд 14-т Буриад, Тогоочийн Балжинням” гэжээ”
Хүсэлт гаргагч Ф.Отгончимэгийн өвөө Т.Балжинням нь 1938 онд хилс хэрэгт хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлж, 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаар Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны магадлалаар цагаатгагдсан болох нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/2481 тоот Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, №17127 тоот цагаатгалын үнэмлэх, 1993 оны 03 дугаар сарын 15-ний өдрийн 63 дугаар магадлал зэрэг баримтаар тогтоогдсон.
Ф.Отгончимэгийг хэлмэгдэгч Т.Балжиннямын төрсөн ач охин мөн болохыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01241 дүгээр шийдвэрээр тогтоож, энэ талаар Зууны мэдээ сонины 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн №239 /15425/ дугаарт зарлуулсан байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно гэж заасан.
Хэлмэгдэгч Т.Балжинням нас барсан нь, хэлмэгдэгч Т.Балжиннямд олгох нөхөх олговорыг аваагүй болох нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/2481 тоот Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, Орхон аймгийн цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссын 2017 оны 02 сарын 15-ны өдрийн 99 тоот “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Тогоочийн Балжиннямын нөхөн олговорыг урьд өмнө нь өөр хүний нэрээр олгож байгаагүйг тодорхойлов” гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан хэлмэгдэгч Т.Балжиннямын төрсөн ач охин Ф.Отгончимэгт 1 сая төгрөгийн нөхөх олговор олгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Ф.Отгончимэгт 1 сая төгрөгийн нөхөх олговор олгосугай.
2.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА