Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 181/2018/01556/И |
Дугаар | 001/ХТ2018/01446 |
Огноо | 2018-10-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2018/01446
Г.Ц-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00933 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1111 дүгээр магадлалтай,
Г.Ц-ийн нэхэмжлэлтэй,
“С” ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний дагуу төлсөн 25.386.823 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа, өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн өмгөөлөлөгч Э.Уянгасайхан, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Г.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 12/08/07 тоот гэрээгээр Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Рeace tower оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын 521 тоот нийт 19.66 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ талбайг тодорхой нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, худалдан авахаар болсон. Уг гэрээний 2.2-т зааснаар 1 м.кв талбайг 5.419.000 төгрөгөөр тооцож, 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 49.880.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 20.434.776 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 34.411.626 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл 2013 оны 08 дугаар сарын дундуур тус худалдааны төв ашиглалтад орж, худалдан авсан 19.66 м.кв талбайдаа худалдаа үйлчилгээгээ явуулах зорилгоор тавилгаа авчирч тавихад талбай нь маш бага байсан. Ингээд 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Гандирс-Од ХХК-аар хэмжилт хийлгэхэд нийтийн эзэмшлийн талбайн 5.72 м.кв байсан.
Миний худалдан авсан өмчлөх эрх бүхий талбай нь 13.31 м.кв буюу 72.126.890 төгрөг, НӨАТ 7.212.689 төгрөг, нийт 79.339.579 төгрөгөөр С ХХК нь надад худалдах ёстой байсан атал надаас 25.386.823 төгрөг илүү авсан нь талбайн хэмжилтийн зургаас илт харагдаж байна. Иймд "С" ХХК-аас талбай худалдан авахад илүү төлсөн 25.386.823 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “С” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 онд уг талбайд хэмжилт хийлгэж, энэ тухай манай байгууллагад хандаагүй. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд худалдан авч байгаа талбайг гэрээнд тодорхой тохирсон. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00933 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч С ХХК-аас 25.386.823 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Цэвээсүрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284.884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1111 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00933 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 284.884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн зүгээс зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Зохигчид анх гэрээ байгуулах үед барилгын талбай хуваагдаагүй байсан буюу нэхэмжлэгчийн авч буй барилгын талбай бий болоогүй байсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох үүднээс талуудын хоорондын гэрээ нь Худалдах худалдан авах гэрээ болохыг буюу гэрээ байгуулах үед талбай хуваагдсан байсныг нотлоогүй, энэ тухай баримт гаргаж өгөөгүй. Иймд шүүхүүд Иргэний хуулийн 352.2.3 дахь заалтыг хэрэглэх үндэслэлтэй. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгчид нийтийн эзэмшлийн талбайг шилжүүлж байгаа нь Иргэний хуулийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Учир нь, Иргэний хуулийн 148.1.2 дахь заалтын дагуу барилгын дундын өмчлөлийн талбайг бүхий л сууц өмчлөгчид ашиглах эрхтэй тул хэн нэгний хувийн өмчлөлд шилжүүлэх нь хууль бус юм.
Иймд нэхэмжлэгчид нийтийн эзэмшлийн талбай шилжүүлэх тухай гэрээний холбогдох хэсэг нь хүчин төгөлдөр бус юм. Гэтэл хариуцагчийн шилжүүлсэн гэх нийтийн эзэмшлийн талбайг тийнхүү ашиглах, захиран зарцуулах боломжгүй тул энэ нь эрхийн доголдолтой байна. Иймд нийтийн эзэмшлийн талбайн хэмжээг доголдолгүй ажлын үр дүнд тооцох үндэслэлгүй юм. Давж заалдах шатны шүүхийн зүгээс зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг худалдах худалдан авах гэрээ гэж үзсэн үндэслэлээ тайлбарлаагүй байна. Мөн тус гэрээ нь Ажил гүйцэтгэх гэрээ болох тухай бидний гомдолд няцаалт тайлбар хийгээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 353.2.3-т заасны дагуу хариуцагч байгууллагаас 25,386,823 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Г.Ц- нь хариуцагч “С” ХХК-с 25.386.823 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа дутуу талбайн үнэ гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...талбайн хэмжээ гэрээнд заасантай тохирсон, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.
Зохигчийн хооронд 2012 оны 8 дугаар сарын 7-ний өдөр Худалдаа үйлчилгээний барилгын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах PEACE TOWER оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 5 дугаар давхрын 521 тоот 19.66 м.кв /нийтийн эзэмшлийн талбайн хамт/ талбайг 2012 оны 3 дугаар улиралд багтаан хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч 117.191.294 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.
“С” ХХК нь 5 давхар барилгыг гэрээнд заасан хугацаанд барьж гүйцэтгэх боломжгүй тул зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх ба талууд худалдах-худалдан авах гэрээ байгуулсан талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т нийцжээ.
Гэрээ хүчин төгөлдөр тул талууд гэрээнд заасан үүргээ биелүүлэх үүрэгтэй, нэхэмжлэгч талбайг хүлээн авч үнийг бүрэн төлсөн, энэ талаар маргаагүй байна.
Харин худалдсан талбай дутуу байсан эсэх, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх нь маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэгчийн эзэмшилдээ шилжүүлэн авсан талбайг “Гандирс-од” ХХК нь павильон 13.31 м.кв, нийтийн эзэмшлийн талбай 5.72 м.кв, нийт 19.03 м.кв гэж тогтоосон, уг дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч нийтийн эзэмшлийн талбайн үнэд төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаарджээ.
Гэрээний 1.2-т зааснаар өрөөний зохион байгуулалтын зураг нь гэрээний салшгүй бүрэлдэхүүн бөгөөд хавсралт болох схем зурагт №521 цэвэр талбай 14.4 м.кв, ҮЗХН талбай 5.26 м.кв нийт 19.66 м.кв гэжээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй ба зохигчид худалдаа үйлчилгээний талбайг нийтийн эзэмшлийн хамт худалдах-худалдан авахаар тохиролцсон байна.
Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаар худалдан авагч илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан.
Нэхэмжлэгч гэрээний зүйл болох талбайг хүлээн авч, 2013 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ашиглаж байсан тул эд хөрөнгийг хүлээн авах үедээ талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ.
Талбайн хэмжээг гэрээний гол нөхцлийн нэг байхаар талууд тохирсон, энэ тохиолдолд нэхэмжлэгч эд хөрөнгийг хүлээн авахдаа уг нөхцөл байдлыг тодруулах буюу мэдэх боломжтой.
Нөгөө талаар талбайн хэмжээний зөрүү нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан үйлчилгээний талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт хийж, шийдвэр, магадлалд тодорхой дурдсан байх ба хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/00933 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1111 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 284.884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ