Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 459

 

                                                                     

 

 

 

 

 

 

                                                        Г.Мд холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

 

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлоор Г.Мд холбогдох эрүүгийн 1801006370121 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овогт Ганбаатарын М, 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Хатан туул” цэвэр усны үйлдвэрт борлуулагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн  тоотод оршин суух,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 261 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 48 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 4 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан, ,

 

Г.М 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 14-299 тоотод оршин суух хохирогч Г.Цын монгол гэрийн үүдний амбаарыг эвдэн нэвтэрч “Samsung” маркийн 32 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Г.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Ганбаатарын Мөнх-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлсан гэм буруутайд тооцож, Г.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Мд оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г.Мөнх-Эрдэнийн цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Г.Ц, иргэний нэхэмжлэгч А.Баттамир нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт Г.Мөнх-Эрдэнийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагас түрийтэй, бор саарал өнгөтэй, урд хэсэгтээ хар ногоон өнгийн оруулгатай, үдээсгүй 1 хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц Г.Мд буцаан олгож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Г.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн, түүний эдлэх ялыг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн тоолож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Гантулга гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолд дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 2 жилийн ял оногдуулсан.  Шүүхийн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлагын талаарх хэсэгт “...шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Мд дээрх зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөр байхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 279 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгч Г.Мд шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна...” гэв.

 

Шүүгдэгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.М 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 14-299 тоотод оршин суух хохирогч Г.Цын монгол гэрийн үүдний амбаарыг эвдэн нэвтэрч “Samsung” маркийн 32 инчийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.М /хх-ийн 87-88/, хохирогч Г.Ц /хх-ийн 25-26/, гэрч Б.Сосорбарам ”/хх-ийн 27/, гэрч Л.Ариунсанаа /хх-ийн 28/, гэрч О.Жигмэдрэгзэн /хх-ийн 29-30/, гэрч О.Болорчимэг /хх-ийн 36-37/ нарын мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн “...Шинжилгээний шаардлага хангах 5 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн МN003320004625 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Ганбаатар овогтой Мөнх-Эрдэнийн баруун гарын эрхий хурууны хээтэй тохирч байна.” гэсэн шинжээчийн 1238 тоот дүгнэлт /хх-ийн 51-52/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн “...Хэргийн газраас бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтийн зураг 8-д харуулсан гутлын мөр харьцуулах загварт ирүүлсэн 3 гэж дугаарласан шар гялгар ууттай гутлын мөртэй хээний ерөнхий шинж тэмдгээр ижил...” гэсэн шинжээчийн 1247 тоот дүгнэлт /хх-ийн 61-65/ зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

 

Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хэмээн дүгнэсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

       

Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Гантулгын “...бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөр байхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл байна...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

 Учир нь, Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг. Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйл юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заажээ.

 

Энэхүү заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш бөгөөд шүүгдэгчийн хувьд  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанараас гадна хувийн байдлыг харгалзан шүүх тухайн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, эсхүл түүнээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор зохицуулан хуульчилжээ.

 

Шүүгдэгч Г.М нь бусдад төлөх төлбөргүй хэдий ч тэрээр урьд нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлсэн атлаа түүндээ дүгнэлт хийлгүй дахин өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудаар нотлогдон тогтоогдож байна. /хх-ийн 100, 105-107, 109-121, 125-129/ 

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээнд буюу 2 жилийн хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдалд тохирсон байна.

 

  Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: