Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 87

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: “М” ХХК /РД:51*******/,

Хариуцагч: НДЕГ ХШГМ, улсын ахлах байцаагч Н.Б, Б.З,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, алданги ногдуулах тухай” 31 тоот актын тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх зөрчилтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах, актаар тогтоосон төлбөрийг 16.976.052 төгрөгөөр багасгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Түвшинзаяа, хариуцагч Б.З, хариуцагч Н.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Н.Б*******, Б.******* нар нь М ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийг 2016.01.01-2017.12.31-ний өдрийг дуусталх хугацааг хамруулан шалгасан. 

Улмаар 2018.09.26-ны өдөр “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 31 тоот улсын байцаагчийн акт гарган М ХХК-д 103.406.316 төгрөгийн төлбөр ногдуулсан. М ХХК-ийн тухайд дээрх актын амралтын өдөр ажилласан хугацааны болон илүү цагийн хөдөлмөрийн хөлстэй холбоотой хэсгийг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаангүй боловч тээвэрлэлтийн гэрээний дагуу олгосон хөлстэй холбогдох хэсгийг хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй зарчмын зөрүүтэй асуудал байх тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. 

М ХХК нь 2016, 2017 онуудад хот, орон нутгийн чиглэлд ачаа тээврийн бизнес эрхлэгч нэр бүхий иргэдээр өөрийн Хөшөөтийн уурхайн чиглэлд ачаа бараа тээвэрлүүлсэн бөгөөд ингэхдээ Иргэний хуулийн 380, 386 дугаар зүйлд заагдсан журмаар “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулсан. Тухайн иргэд болон М ХХК-ийн хооронд зөвхөн ачаа тээвэрлүүлэх зорилго бүхий тохиолдлын харилцаа үүссэнээс бус тухайн иргэд нь М ХХК-д харьяалагдан, тухайн компаниас байнгын шинжтэй орлого олдоггүй юм. 

Түүнчлэн М ХХК-ийн тухайд ч уг тээвэрлэгчид нь компанийн ажилтан гэж тооцогдохгүй бөгөөд зөвхөн тээврийн харилцаа үүссэн гэрээний нэг тал юм. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4.2.1-д “...хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” албан журмаар даатгуулах талаар зохицуулсан буюу Иргэний хуулийн 380, 386 дугаар зүйлд заагдсан гэрээний дагуух тээвэрлэгчийг албан журмаар даатгуулагчид хамруулалгүйгээр хуульчилсан тул “...ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан ажилчдад олгосон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож төлөөгүй...” гэж үзсэн 31 тоот улсын байцаагчийн актын хууль зүйн үндэслэл үгүйсгэгдэж байна. М ХХК нь энэ талаар 2018.10.10-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад хандан гомдол гаргасан бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018.11.01-ний өдрийн 1/2486 тоот албан бичгээр хариуг авч, урьдчилан шийдвэрлүүлсэн болно. 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018.09.26-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 31 тоот актын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Бид актын бүх хэсэгт маргахгүй тодорхой хэсэгт нь маргая гэсэн боловч тодорхойлогдох боломжгүй байсан. Ажил гүйцэтгэх гэрээг бусад гэрээнээс ялгаж, тооцох боломж байхгүй. Иймд ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий 31 тоот актад заасан тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх зөрчилтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулж, актаар тогтоосон төлбөрийг 16.976.052 төгрөгөөр багасгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд албан журмаар даатгуулах даатгуулагчдын мэдээллийг тусгасан. Үүнд хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа этгээдүүд албан журмаар даатгуулна, даатгуулахгүй гэсэн ойлголт байхгүй гэсэн агуулгатай, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйл дээр Хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу төлж буй хөлснөөс Нийгмийн даатгалын шимтгэл суутгаж, тайлан өгөх ёстой. Энэ хуулийн хоёр зохицуулалтад Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан Тээвэрлэлтийн гэрээг хууль тогтоогч хуульчлаагүй. Энэ гэрээний төрөлд ямар нэгэн албан журмын, албадлагын арга хэмжээнд орохгүй. Энэ гэрээний дагуух ажил үйлчилгээнд нийгмийн даатгалын шимтгэл төлөх эсэх нь тухайн хүний өөрийн сайн дурын асуудал тул “М” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл суутгаад, тайлагнаж төлөх үүргийг хуульчлаагүй учраас 31 тоот акт нь буруу гарсан байна гэдэг агуулгаар бид нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 

Хариуцагч “албан ёсны тээвэрлэлтийн гэрээ байдаггүй, өөр гэрээг халхавчлах зорилгоор хийсэн” гэж байна. “Ачаа тээвэрлэх” гээд бичсэнийг бид албан ёсны ачаа тээвэрлэлтийн гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1-д зааснаар Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна гэсэн байдаг. Хариуцагчийн хүсээд байгаа шиг хэлцэл хийгээд гарын үсэг зурж, тамга дарахыг шаардахгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлд ямар тохиолдолд гэрээ байгуулагдсанд тооцох тухай заасан. Санал гаргасан талын үнийн дүнг хүлээн зөвшөөрөөд, үүний дагуу ачаагаа өгөөд үйлчлүүлж байгаа тул хуулийн шаардлагыг хангаж байна.

Энэ нь ямар нэгэн байдлаар “М” ХХК-д бараа материал нийлүүлж байгаа биш, бараа материалыг манай компани өөрөө худалдаж аваад тээвэрлүүлж байгаа ажил үйлчилгээ. 

31 тоот актын хэд нь тээвэрлэлтийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээнд хамааралтай нь ялгагдахгүй, тээвэрлэлтийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ бүгдийг нь холиод “ажил гүйцэтгэх гэрээний хөлс 352 сая төгрөг” гээд биччихсэн. Хэрэв 31 тоот актад зөрчлийг тус бүрд нь ялгасан бол бид тусад нь маргаж болно. Нэгэнт энэ актад маргаж байгаа тул актын бичвэрээр нь дагаж “ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэсгийг” гэж тодорхойлсон. Харин 01 дүгээр сарын 18-ны шүүх хуралдааны явцад салгаж, зөв агуулгаар нь “тээврийн хөлс” гэж тодорхойлсон. 

Хууль тогтоомжийн зохицуулалтаа Үндсэн хуулиас эхлээд эрүү, иргэн захиргаа гэж хуваагаад, иргэний хууль нь дотроо ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, тээвэрлэлтийн гэрээ зэрэг төрлүүдийг хуульчилсан байдаг. Жишээ нь орчуулга хийх, бариа засал хийх, иллэг массаж хийх, харуул хийх, зөвлөгөө өгөх энэ бүх ажил үйлчилгээг шинж чанараар нь Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд хамааруулж ойлгодог. Харин тээвэрлэлтийн гэрээ нь Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд хамаарахгүй. Энэ нь ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээтэй эн зэрэгцэхүйц бие даасан гэрээний төрөл учраас хууль тогтоогч Нийгмийн даатгалын тухай хуульд оруулаагүй. Тээвэрлэлтийн гэрээ нь бие даасан Авто тээврийн тухай хуулиар зохицуулагддаг. Үүнд хяналт тавьдаг Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төв зэрэг тусгай байгууллагууд байдаг. Тээвэрлэлтийн гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээнээс ялгагдах маш олон шинж чанартай.  

Шүүгч энэ хэргийг шийдвэрлэхдээ хууль боловсруулах техник шаардлагыг нь анхаарч үзээсэй гэж хүсч байна. Нийгмийн даатгалын тухай хуульд Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйл гээд 380 дугаар зүйлийг бичих боломжтой юу боломжтой. Мөн нэг жишээ хэлэхэд такси бариад гэртээ харихад энэ бол тээвэрлэлтийн гэрээ. Авто тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ачаа гэж юу болохыг, 3.1.4-т тээвэрлэлт, 3.1.6-д тээвэрлэгч гэж хэнийг хэлэхийг тодорхой заасан байгаа. Яагаад Иргэний хуулийн 380 дугаар зүйлийг Нийгмийн даатгалын шимтгэлд хамруулдаггүй вэ гэхээр такси бариад явсан ч, автобусанд суусан ч энэ бүгд тээвэрлэлтийн гэрээ болно. Хэрэв тээвэрлэлтийн гэрээг Нийгмийн даатгалын шимтгэл төлөх энэ харилцаа руу оруулбал бид бүгдээрээ хууль зөрчсөн алхам хийж байна гэсэн үг. Би такси бариад ажилдаа хүргүүлэхдээ нийгмийн даатгалын шимтгэл тооцоод тайлагнах үүрэг хуулиар хүлээх болно. Иймд тээвэрлэлтийн гэрээ нь нийгмийн даатгалын шимтгэлийн харилцаанд багтахгүй юм.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоотой хариу тайлбартаа: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан “Нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг аж ахуйн нэгж, байгуулагад шалгах ажлын удирдамж’’-ийн дагуу Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Н.Б*******, Б.******* бид нар 2018 оны 9 дүгээр сард “М ХХК”-д ажиллаж буй даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийг 2016, 2017 оны байдлаар санхүүгийн тайлан, холбогдох баримтад тулгуурлан хяналт шалгалт хийсэн. 

Шалгалтаар “ М” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд нэр бүхий гадаад ажилчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх заалтын дагуу илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдрүүдээр ажиллуулсан хугацааны нэмэгдүүлсэн хөлсийг тооцож олгоогүй, ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан ажилчдад олгосон 352.083.453 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн зөрчил илэрсэн.

Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтыг үндэслэн “М ХХК”-д Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 31 тоот актыг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэж, 352.083.453 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос 68.937.545 төгрөгийн шимтгэлийг нөхөн төлүүлж, 34.468.772 төгрөгийн алданги тооцож нийт 103.406.316 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулсан болно. 

Тус компани нь улсын байцаагчийн актын төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 12-ний өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хаан банк дахь 5009126484 тоот дансанд 103.406.316 төгрөгийн шилжүүлсэн нь уг актын төлбөрийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлсэн үйлдэл гэж үзэж байна. Мөн түүнчлэн тус байгууллага нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр тээвэртэй холбоотой үйлчилгээний хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх эсэх талаар тодруулга авахыг хүссэний дагуу тус газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газраас “тээвэрлэлтийн гэрээгээр хэлэлцэн тохирсон ажлын хөлсөнд ногдох хэсгээс шимтгэл ногдуулж төлнө” гэсэн хариуг 2018.05.15-ны өдрийн 3/1011 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. 

Түүнчлэн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр улсын байцаагчийн 31 тоот актыг хэсэгчлэн хүчингүй болгох тухай 01/426 тоот албан бичиг ирүүлж, уг актыг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэсэн хариуг 2018.11.01-ний өдрийн 1/2486 албан тоотоор тус компанид хүргүүлсэн байна. 

Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс тус байгууллагад 2016 оны 12 дугаар сард шалгалт хийхэд 2012-2015 онуудад гэрээт ажилчдад болон тээвэрлэлтийн хөлсөнд олгосон 13.4 сая төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгаалын шимтгэл ногдуулаагүй зөрчилд улсын байцаагчийн акт тогтоож 3.6 сая төгрөгийн шимтгэл, алдангийг хүлээн зөвшөөрч төлсөн байдаг. 

“М” ХХК нь актын хавсралтад дурьдсан нэр бүхий иргэдтэй Иргэний хуулийн холбогдох заалтаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулах хууль зүйн үндэслэл байхад “Тээвэрлэлтийн гэрээ” байгуулсан нь нэг талаас хууль зөрчсөн ч ажил олгогчийн үүрэг нь хадгалагдаж байгаа бөгөөд улмаар ажил гүйцэтгүүлсний хөлсөнд цалин, хөдөлмөрийн хөлс олгосон нь баримтаар нотлогдож байх тул нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх үндэслэлгүй юм. Тус байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагад “улсын байцаагчийн 31 тоот актын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн шаардлагын агуулга нь тухайн гэрээг ажил гүйцэтгэх гэрээ байсныг нотолж байгааг анхаарна уу. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг удаа дараа зөрчиж байхад улсын байцаагчийн актын төлбөрийг хэсэгчлэн хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болохыг тайлбарлаж байна.” гэжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улсын байцаагчийн актын 1, 2 дугаар хавсралтад нэр бүхий 13 даатгуулагчаас 7 даатгуулагчийн лавлагаа гарсан байгаа. Энэ 7 лавлагааг шимтгэл төлөлтийн сартай харьцуулаад үзэхээр зөрж таарч байна. Б.Б*******ийн тухайд үндсэндээ тээвэрлэлтийн гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээ. Уул уурхайн компаниуд аливаа чийгшилтийг хангаж ажиллаж байх ёстой, чийгшилтийг хангах нь энэ компанийн үндсэн үйл ажиллагаа атал үндсэн үйл ажиллагааны ажлаа хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил гүйцэтгэх акт, тээвэрлэлтийн гэрээ гэсэн хуульд нийцэхгүй гэрээ байгуулж гүйцэтгүүлсэн. Б.Б******* нь “М” ХХК-д ажиллаж байсан ба 2017 оны 1-9 дүгээр сард ажилласан гээд шимтгэл төлсөн байна. Акт дээр 2017 оны 8-12 дугаар сард шимтгэл төлөх байсан гэж шимтгэл, алданги тооцсон.  8,9 дүгээр сар нь давхцаж байгаа ч нэг компанид давхар ажиллаж байсан гэж үзсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар давхар ажил эрхэлж байгаа бол ажиллаж буй бүх газартаа шимтгэл төлөөд явна. Б.Б*******ийн хувьд энэ компанид өөр албан тушаалд ажилладаг, мөн компанидаа хувийн машинаа түрээслээд өөрөө ажил гүйцэтгэх актаар давхар ажиллаж байсан. Энэ 3 сая төгрөгөөс ногдох 900,000 төгрөг нь ажлын хөлс, бусад нь зардал гэж тооцсон. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2, Иргэний хуулийн 343  болон 359 дүгээр зүйлд заасан гэрээгээр тохирсон хөлс гэж байгаа. Энэ компанийн хувьд ачаа тээвэрлэх зэрэг албан ёсны гэрээ байхгүй гэж үзсэн. Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан Тээвэрлэлтийн гэрээ гэж байгаа боловч 381 дүгээр зүйлд нь хэлэлцэн тохирсон хөлс гэж байгаа. Харин Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д хэлэлцэн тохирсон хөлс төлнө гэж заасан байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийг 380 дугаар зүйлтэй холбож Нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн.

Хүнд даацын машины жолооч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасны дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын 77 дугаар тушаалаар хүнд нөхцлийн жагсаалтад хамрагдсан. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг биелүүлэхдээ аль болох даатгуулагчийн эрхийг хамгаалахыг зорьдог. Энэ хүнд нөхцөлд ажиллаж буй хүмүүстэй “М” ХХК тээвэрлэлтййн гэрээ байгуулсан гэх боловч энэ гэрээг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан гэрээ гэж бид үзэж байна. Цаашдаа ч мөн энэ тээвэрлэлтийн үйл ажиллагаа нь давтагдана гэж үзэж байгаа тул энэ ажлын байр нь байнгын ажлын байр байх ёстой. Мөн эдгээр иргэд нь тээвэрлэлт хийгээд явж байхдаа үйлдвэрлэлийн ослоор нас барвал яах болж байна. Иймд нөгөө талаас даатгуулагч иргэн талаа харж үзээч гэж хүсч байна. Хувь хүний орлогын албан татварыг төлж байгаа шиг нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, аливаа эрсдэл гарахад танай байгууллага биш, шимтгэл төлснөөр Нийгмийн даатгалын байгууллага хариуцах тул даатгуулаач гэж хүсч байна. Энэ тээвэрлэлтийн гэрээг нь шалгаад үзэхэд Иргэний хуулийн 343 болон 359 дүгээр зүйлээс зайлсхийхийн тулд тээвэрлэлтийн гэрээ гэж байгуулж өөр гэрээний дор халхавчилсан байна.

“М” ХХК нь үндсэн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай байгаа бараа материалыг тээвэрлэх ажиллагаа нь өөрөө үндсэн үйл ажиллагаа байна. Үндсэн үйл ажиллагааг гүйцэтгэх үндсэн ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулна гээд Хөдөлмөрийн тухай хуульд заасан байхад энэ нь тээвэрлэлт юм гэж тайлбарлаж, Иргэний хуулийн 380 дугаар зүйлд заасан тээвэрлэлтийн гэрээгээр халхавч хийсэн гэж үзэж байна.” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн гэрээг судлаад үзэхэд “М” ХХК нь аж ахуйн нэгжийн үүднээс хөдөлмөрийн гэрээний адилаар ажлын байр бий болгосон мэт харагдаж байгаа. Мөн ажил гүйцэтгэсэн акт гэж байсан. Үүнд үндсэн ажлын байр шиг ажлыг нь дүгнээд, ажлаас чөлөөлсөн, ажлаас гарсан тэмдэглэл хөтөлсөн байгаагаас харахад үндсэн ажлын байр байх боломжтой.” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “М” ХХК нь “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги ногдуулах тухай” 31 тоот актын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган, улмаар энэ шаардлагаа “нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 31 тоот актын “тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэх зөрчилтэй холбоотой шимтгэл, алданги тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах хэмээн тодруулж, “актаар тогтоосон төлбөрийг 16.976.052 төгрөгөөр багасгах” хэмээн нэмэгдүүлсэн, эдгээр шаардлагын хүрээнд дүгнэж хэргийг шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан нийгмийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг аж ахуйн нэгж, байгуулагад шалгах ажлын нэгдсэн удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын мэргэжилтэн, улсын ахлах байцаагч Н.Б*******, Б.******* нар “М” ХХК-д ажиллаж буй даатгуулагч иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийг 2016 оны 1 дүгээр сарын 01-ээс 2017 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацааг хамруулан шалгаж, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 31 тоот актаар “илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдрүүдээр ажиллуулсан хугацааны нэмэгдүүлсэн хөлсийг тооцож олгоогүй, ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан ажилчдад олгосон 352.083.453 төгрөгийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүйг зөрчил гэж үзэн 68.937.545 төгрөгийн шимтгэл, 34.468.772 төгрөгийн алданги ногдуулж, нийт 103.406.316 төгрөгийн төлбөр тогтоожээ. 

Нэхэмжлэгч “М” ХХК нь “тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй” гэх зөрчилтэй холбоотой хэсгийг буюу тодруулбал, актын 1 дүгээр хавсралтын 1, 2, 3-т заасан иргэн Д.Г*******, Б.Баянжаргал, Ц.Гэрэлбадрах, 2 дугаар хавсралтын 1-6, 9-12, 14-т заасан иргэн П.А*******, Д.Г*******, С.Б*******, С.Д*******, Ц.Б*******, Ч.Б, Э.П, Н.Г, Б.Б*******, М.Б, Ш.Д нарт олгосон тээврийн хөлснөөс  нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйг зөрчил гэж үзэж нийгмийн даатгалын шимтгэл, алданги ногдуулсныг эс зөвшөөрч “тээвэрлэгч албан журмын даатгалд хамаарахгүй” гэх үндэслэлээр маргаж, хариуцагч нар  “үндсэн үйл ажиллагаанд хэрэглэгдэх бараа, материалыг тээвэрлүүлсэн тул байнгын ажлын байр гэж үзнэ,  ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулахгүй халхавчилж тээвэрлэлтийн гэрээ байгуулсан гэж үзээд тээвэрлэлтийн гэрээгээр хэлэлцэн тохирсон ажлын хөлсөнд ногдох хэсгээс шимтгэл ногдуулж, алданги тогтоосон” хэмээн тайлбарлаж байна. 

“М” ХХК нь Ховд аймагт эрхэлж буй уул уурхайн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэрэг бараа материалыг Улаанбаатар хотоос тээвэрлэлтийн гэрээгээр нэр бүхий иргэдээр тэдгээрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлүүлсэн болох нь тэдгээр иргэдийн “өөрийн эзэмшлийн ... тээврийн хэрэгслээр ... хэмжээтэй ачааг ... -аас ... руу хүртэл ... төгрөгөөр тээвэрлэх саналтай байна” гэх агуулга бүхий хүсэлт, ачааны дагалдах бичиг, тэдгээрт олгосон тээврийн хөлс төлсөн баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргээр нотлогдож, энэ нь Иргэний хуулийн 380, 386 дугаар зүйлд заагдсан ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу ачаа тээвэрлүүлсэн гэж үзэхээр байх тул тээвэрлэгчид төлсөн тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэггүй гэж нэхэмжлэгч маргасан нь үндэслэлтэй гэж доорх байдлаар дүгнэлээ. 

Нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй, өөрөөр хэлбэл хуулиар тогтоосон тохиолдолд албан журмаар даатгуулах үүрэгтэй бөгөөд бусад тохиолдолд даатгуулах эсэх нь даатгуулагчийн хүсэл зоригийн асуудал байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-д “ ... хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн нийгмийн даатгалд албан журмаар даатгуулна” гэж албан журмаар даатгуулах нийгмийн даатгалын хамрах хүрээг тодорхойлж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 1-д “даатгуулагч болон ажил олгогч тогтоосон хувь хэмжээгээр сар бүр хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлөх”-өөр, 20 дугаар зүйлийн  1-д “ ... нуусан, бууруулсан орлогод ногдох шимтгэлийг нөхөн төлүүлж, ... алданги ногдуулах”-аар хуульчилжээ.

Ийнхүү хөдөлмөрийн гэрээнээс гадна ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгэсэн ажлын хөлсийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого гэж үзэж нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр хуульчилсан тул тээвэрлэлтийн гэрээгээр гүйцэтгэсэн тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөх, албан журмаар даатгуулах  үүрэггүй байна. Харин тээвэрлэгч иргэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т зааснаар нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах боломжтой байна. 

Иймд актын 1 дүгээр хавсралтын 1, 2, 3-т заасан иргэн Д.Г*******, Б.Баянжаргал, Ц.Гэрэлбадрах, 2 дугаар хавсралтын 1-6, 9-10, 12, 14-т заасан иргэн П.А*******, Д.Г*******, С.Б*******, С.Д*******, Ц.Б*******, Ч.Б, Э.П, Н.Г, М.Б, Ш.Д нарт олгосон тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйг зөрчил гэж үзэж нийгмийн даатгалын шимтгэл, алданги ногдуулсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, нөхөн тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл, түүнд ногдуулсан алданги 15.422.552 төгрөгөөр актаар тогтоосон төлбөрийг багасгаж шийдвэрлэв.

Харин актын 2 дугаар хавсралтын 11-д заасан Б.Б*******өд төлсөн “тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйг зөрчил” гэж үзэж шимтгэл, алданги тогтоосныг үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь “М” ХХК Б.Б******* нарын хооронд байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээ, уурхайн захиргаанаас үйлдсэн ажил гүйцэтгэсэн актаас үзэхэд тэрээр уурхайн болон харуул хамгаалалтын компанийн гал тогоо, тосгоны айл өрх зэрэг газруудад хэрэглээний болон ундны усыг зөөж тээвэрлэх ажлыг өөрийн эзэмшлийн усны зориулалтын тээврийн хэрэгслээр байнгын гүйцэтгэж, үйлчилгээний хөлсийг тогтмол дүнгээр сараар тооцож авдаг, тус компаниас шалгалтын хугацаанд хамаарах 2017 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сар хүртэл түүнийг албан журмын даатгалд хамруулан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэргээс үзэхэд ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэсэн үйлчилгээ гэж, түүнд олгосон хөлсийг хөдөлмөрийн хөлстэй адилтгах орлого гэж дүгнэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас актын 2 дугаар хавсралтын 11-т заасан Б.Б*******өд төлсөн тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцож, алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгуулах, актаар тогтоосон төлбөрийг 1.552.500 төгрөгөөр багасгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.6, 106.3.13-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1, 15 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 31 тоот актын 1 дүгээр хавсралтын 1, 2, 3-т заасан иргэн Д.Г*******, Б.Баянжаргал, Ц.Гэрэлбадрах, 2 дугаар хавсралтын 1-6, 9-10, 12, 14-т заасан иргэн П.А*******, Д.Г*******, С.Б*******, С.Д*******, Ц.Б*******, Ч.Б, Э.П, Н.Г, М.Б, Ш.Д нарт олгосон тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцсон, алданги ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, актаар тогтоосон төлбөрийг 15.422.552 төгрөгөөр багасгаж”, нэхэмжлэлийн шаардлагаас “актын 2 дугаар хавсралтын 11-д заасан Б.Б*******өд төлсөн тээврийн хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцож, алданги тогтоосон хэсгийг хүчингүй болгуулах, актаар тогтоосон төлбөрийг 1.552.500 төгрөгөөр багасгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35.100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХАЛИУНА