Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 112/2022/0023/З |
Дугаар | 221/МА2022/0776 |
Огноо | 2022-12-08 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2022/0776
А.П-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч А.П
Нэхэмжлэгч: А.П
Хариуцагч: ГАА-ийн ГХБХБГ-ын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “2022 оны 01 сарын 03-наас 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажиллаж байсан, ажилгүй байсан ажлын хоногуудын цалин болох 4.284,374 (дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун далан дөрвөн) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч А.П,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А-Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баасанцэрэн
Хэргийн индекс: 112/2022/0023/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.П-ээс ГАА-ийн ГХБХБГ-ын даргад холбогдуулан “...2022 оны 01 сарын 03-наас 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажиллаж байсан, ажилгүй байсан ажлын хоногуудын цалин болох 4.284,374 (дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун далан дөрвөн) төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч А.П-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгч А.П давж заалдах гомдолдоо:
3.1. Говь-Алтай аймгийн ГХБХБГ-ын ахлах мэргэжилтэн А.П миний бие нь 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүүхэд төрүүлсэн бөгөөд 2020 оны 11-р сарын 30-ны өдрийн Б/54 дугаартай тушаалаар жирэмсний амралт авсан. Ийнхүү амрах үедээ ГХБХБГ-т хэлтсийн даргаар ажиллаж байсан. Миний бие нь 2007 оноос хойш тасралгүйгээр ГХБХБГ-т ажиллаж байгаа болно.
3.2. Ингээд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс ажилдаа оръё гэсэн өргөдөл өгч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажилдаа орсон. Гэтэл 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай албан бичгээр ажлын байраар хангах боломжгүй гэсэн утга агуулга бүхий албан бичгийг өгсөн. Энэхүү бичигтэй холбоотой миний бие Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад намайг хэлтсийн даргын ажилд тогтоохыг даалгасан хариу ирж миний бие 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар ажилдаа орсон.
3.3. Гэтэл миний 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдаж иргэн миний эрх, ашиг зөрчигдсөн бөгөөд энэхүү асуудал төрийн албан хаагч миний буруутай үйлдлээс болоогүй, ажил олгогчийн буруутай эс үйлдэхүй, хууль эрх зүйн мэдлэг чадварын дутмаг асуудлаас үүссэн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүхээс “хүүхэд асрах чөлөөтэй байсан хүнийг ажлын байранд нь томилоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг шүүх харгалзан үзэхээр байна” гэж иргэн миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3.4. Учир нь миний бие нь ГХБХБГ-т 2007 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 139-р зүйлийн 139.1 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон хүүхэд асрах чөлөө авах эрхтэй. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт зааснаар ажлын байр хэвээр хадгалагдах юм. Түүнчлэн 139 дүгээр зүйлийн 139.2 дахь хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулахаар хуульчилсан. ГХБХБГ-ын хэлтсийн даргын ажлын байр хасагдаагүй, орон тоо цөөрөөгүй байхад 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл цалингүй ажиллуулсан. Тушаал шийдвэр гаргалгүйгээр намайг ажиллуулсан нь хууль бус бөгөөд албан бичгээр ажлын байраар хангах боломжгүй байна гэсэн хариу өгч байгаа нь хууль зөрчсөн эс үйлдэл байсан.
3.5. Түүнчлэн өнөөдрийг хүртэл хэлтсийн даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаагүй атлаа миний ажлын байрыг өөрчилж, ахлах мэргэжилтэн болгосон нь Төрийн албаны зөвлөлийн бичгийг биелүүлэх асуудал нь худал, дүр эсгэсэн асуудал болох нь харагдаж байхад энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс хүндрэл үүссэн гэж үзэж иргэн миний эрх ашиг хөндсөн, хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учир гомдол гаргаж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, А.П миний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
“...2022 оны 01 сарын 03-наас 04 сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны ажиллаж байсан, ажилгүй байсан ажлын хоногуудын цалин болох 4.284,374 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” гэж,
Нэхэмжлэлийн үндэслэлээ “... 2020 оны 11-р сарын 30-ны өдрийн ... тушаалаар жирэмсний амралт авсан. .. 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ...ажилдаа оръё гэсэн өргөдөл өгч 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс ажилдаа орсон. ..2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ажлын байраар хангах боломжгүй гэсэн албан бичгийг өгсөн. Энэхүү бичигтэй холбоотой... Төрийн албаны зөвлөлд гомдол гаргахад намайг хэлтсийн даргын ажилд тогтоохыг даалгасан хариу ирж, ... 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар ажилдаа орсон. ..ажилд орсон 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан... ажил олгогчийн буруутай эс үйлдэхүй, хууль эрх зүйн мэдлэг чадварын дутмаг асуудлаас үүссэн” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч ГАА-ын ГХБХБГ-ын дарга “...Төрийн албаны зөвлөлийн 393 дугаар тогтоолын ... хэрэгжилтийг хангаж нэр бүхий албан тушаалтнуудыг ажлаас түр чөлөөлсөн. ... А.П-ийг ажиллуулах тушаал гаргаагүй, холбогдох тушаал шийдвэргүй байхад цалинг бодох боломжгүй” гэсэн тайлбар гарган маргажээ.
4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, ГАА-ын ГХБХБГ-ын даргын 2020 оны оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар А.П-ийг Газрын удирдлагын хэлтсийн даргаар 07 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн томилсон /хх-65 тал/, байх бөгөөд түүнийг жирэмсний амралтаа авах болсонтой холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/54 дүгээр тушаалаар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Газрын удирдлагын хэлтсийн дарга”-ын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хх-5 тал/
5. Үүний дараа нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “...2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс үүрэгт ажилдаа орж ажиллах...” хүсэлт /хх-ийн 14 дэх талд/ гаргаж, ажил үүргээ гүйцэтгэж байх явцад хариуцагч ГАА-ын ГХБХБГ-ын даргын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай мэдэгдлээр ажилд орох өргөдлийг хүлээн авах боломжгүй талаар мэдэгдсэн байна.
6. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Хяналт шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 393 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Төрийн албаны тухай хууль тогтоомж зөрчиж томилогдсон ГХБХБГ-ын албан хаагчдын нэрс, албан тушаал, шийдвэрийн жагсаалтад А.П багтжээ. /хх-ийн 53-55 дахь талд/
7. Нэхэмжлэгчээс дээрх Төрийн албаны зөвлөлийн тогтоол болон ажил, үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйтэй холбогдуулан гомдол бичгээр гаргасныг Төрийн албаны зөвлөл 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01/757 дугаар албан бичгээр “...үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргасан байх тул Газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд томилж, дараа нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 393 дугаар тогтоолын холбогдох хэсгийг биелүүлэх ... талаар мэдэгдсэн болно” гэсэн хариу өгсөн байна.
8. Энэхүү Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01/757 дугаар албан бичгийг үндэслэн хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар нэхэмжлэгч А.П-ийг тус газрын удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн түр томилж, мөн оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/40 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрийн Б/41 дүгээр тушаалаар Газар зохион байгуулалт, төлөвлөлт, өмчлөлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалд томилсон байна. /хх-ийн 23-25 дахь талд/
9. Эдгээр үйл баримт болон дээрх тушаалтай нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь маргаагүй болно.
10. Төрийн албаны тухай хууль /2017 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна” гэж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хууль /2021оны/-ийн 60 дугаар зүйл. “Ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах.”, 60.1-д “Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална:”, 60.1.3-д “жирэмсний болон амаржсаны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй;” мөн хуулийн 139 дүгээр зүйлийн 139.2-т “Хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсхүл дуусаагүй боловч ажилтан хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна” гэж заажээ.
11. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгч А.П нь жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө дуусаагүй хэдий ч ажилдаа орох хүсэлтээ бичгээр гаргаснаар түүнийг сүүлд жирэмсний чөлөө авахад гүйцэтгэж байсан Газрын удирдлагын хэлтсийн даргын ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг Хөдөлмөрийн тухай хуулиар хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга хүлээсэн байна.
12. Гэтэл хариуцагчаас ямар ч тушаал шийдвэр гаргалгүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл ажилтныг ажил үүргийг гүйцэтгүүлсэн, 5 дугаар сарын 02-ны өдөр Б/35 дугаартай тушаал гаргах хүртэл хугацаанд цалин хөлс олгоогүй нь хууль бус байх бөгөөд уг үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн дээрх хугацааны цалин хөлсийг авах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдах зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байна.
13. Иймээс энэ талаарх нэхэмжлэгчийн “...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацааны цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдаж, иргэн миний эрх, ашиг зөрчигдсөн ... Анхан шатны шүүхээс “хүүхэд асрах чөлөөтэй байсан хүнийг ажлын байранд нь томилоход хүндрэлтэй нөхцөл байдал үүссэнийг шүүх харгалзан үзэхээр байна” гэж иргэн миний эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэх гомдол үндэслэлтэй.
14. Дээрхээс үзвэл, хариуцагч ГАА-ын ГХБХБГ-ын дарга нь Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгчтэй холбогдуулан тушаал, шийдвэр гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдсон тул хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасны дагуу цалин хөлсний олговрыг тооцон гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
15. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох” журамд заасны дагуу нэхэмжлэгч А.П-ийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны цалин 4.284,374 (дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун далан дөрөв) төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас нэхэмжилсэн тооцоолол нь үндэслэлтэй байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
16. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 112/ШШ2022/0030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 60 дугаар зүйлийн 60.1, 60.1.3, 127 дугаар зүйлийн 127.1, 139 дүгээр зүйлийн 139.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.П-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ГАА-ын ГХБХБГ-ын даргын тушаал гаргаагүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, хариуцагчаас 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан болон ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.284,374 (дөрвөн сая хоёр зуун наян дөрвөн мянга гурван зуун далан дөрөв) төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.П-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА