Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0008

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0002/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж, шүүгч Б.Ихтамир, З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Иргэдийн төлөөлөгч Э.Б,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч А.У,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Х.М-т холбогдох эрүүгийн 2018000000488 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, ............. тоотод оршин суух хаягтай, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б овогт Х.М,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.М нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, .......... тоотод А.У хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нурууны дээд хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн ар хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хий хуралт бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Х.У “...Би тухайн өдөр 9:00 цагийн үед нэг шил архи шараа тайлахаар уусан. Тэгээд хариад гэрт байсан архинаас талыг нь уугаад дахин нэг шил архи аваад *****гийнд очсон юм. Тухайн үед *****ийг орж ирж байхыг санаж байна. Түргэний машин ирж байхыг санаж байгаа. Одоо биеийн байдал гаагүй болсон. Эмнэлэгт 8 хоног хэвтсэн юм. Миний зүгээс шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйл байхгүй. Эмчилгээний зардалд ах нь 100.000 төгрөг төлсөн. Бусад зардлаа өөрөө өгсөн. Нийт 600.000 төгрөг зардал гарсан. Би нэлээд олон жил цуг ажилласан. Гомдол санал байхгүй. Хорих ялаас өөрөөр шийтгэж өгөөч гэж хүсэж байна” гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Б “...У, М бид гурав архи хувааж уусан юм. Би урд өдөр нь уучихсан болохоор амархан согтоод байсан. Ямар ч байсан би гэрийнхээ хойд талын орон дээр хэвтээд *****, ***** хоёр миний урдаас хараад цонхон талын буйдан дээр зэрэгцээд сууж байсан. Би хэсэг унтаж байгаад сэрсэн чинь ***** сууж байсан орныхоо урд газар суусан байдалтай нуруунаас нь цус гарч байсан бөгөөд М гэрт байхгүй байсан. Тэгэхээр нь би У юу болсон талаар асуухад М намайг хутгалчхаад гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би сандраад эмнэлэг дуудсан. Би тухайн үед ямар хутгаар хутгалсныг мэдээгүй, эмнэлэг дуудаад У цусыг арчаад шууд эмнэлэг явсан. Эмнэлгээс цагдаа нартай гэрт ирээд цагдаа нар манай гэрт үзлэг хийхэд У, М хоёрын сууж байсан орны доороос манай гэрийн улаан иштэй хутгыг хураан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-22/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 913 дугаартай “...Ц.У биед цээжний зүүн ар хэсгээр цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн цус хий хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл ба хурц ир, үзүүртэй багажийн 1 удаагийн  хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-22/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухайн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 9/,

 

Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10/, зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Иймд шүүгдэгч Х.М хүний эрүүл мэндэд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Х.М гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Ц.У нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Х.М гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “хүндээр доромжлогдсоны улмаас хохирогчийг хутгалсан” гэж мэдүүлж байх боловч түүний мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байх ба харин хохирогчийн “...би архи ууж согтохоороо агсан тавьчих гээд байдаг, шүүгдэгчийг элдэв үгээр хэлсэн байж магадгүй” гэх мэдүүлгээс гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Х.М эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.М үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирлын хэмжээ, гэм буруугийн хэлбэр, түүний хувийн байдал, хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, хохирогч эдгэрч эрүүл мэндэд учирсан гэм хор арилсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 17 см, өргөн нь 2.5 см улаан хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Х.М-ийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Б овогт Х.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.М-т оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 17 см, өргөн нь 2.5 см улаан хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

                                                ШҮҮГЧ                               Б.ИХТАМИР

 

 

                                                ШҮҮГЧ                               З.ТӨМӨРХҮҮ